Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
Хэргийн индекс | 140/2020/00544/И |
Дугаар | 205/МА2020/00034 |
Огноо | 2020-12-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 205/МА2020/00034
******* ХХК дахь Банкны эрх хүлээн
авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч
/Улаанбаатар хотоос онлайнаар/: Д.*******аа
Л.*******
С.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******
*******ийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дугаартай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.*******, Ш.******* нар нь *******тай 2015 оны 03 сарын 20-ны өдөр ******* дугаартай төслийн зээлийг хашаа байшин барьж дуусгах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг сарын 2.0 хувь, жилийн 24.0 хувийн хүүтэйгээр 2015 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай зээл авсан. ******* 2015 оны 03 сарын 20-ны өдөр Ч.*******гийн харилцах данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Ч.*******, Ш.******* нар нь *******тай 2015 оны 03 сарын 20-ны өдөр ******* дугаартай барьцааны гэрээг байгуулж Ч.*******гийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын баг 1-4 120 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн Ч.*******гийн нэр дээрх эзэмших эрхтэй дугаартай 15 жилийн хугацаатай Завхан аймгийн Улиастай сумын багийн 1-4 нэгж талбарын дугаартай 74 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барьцаалбар үйлдэгдсэн. Ч.******* зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2.662.755.11 төгрөг, зээлийн хүүнд 12.486.563.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 466.891.67 төгрөг нийт 15.616.210.37 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь заалтуудыг үндэслэн ******* банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа өгч зээл төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Зохих ёсоор биелүүлээгүй төлбөрийг барагдуулахын тулд дараах шаардлагыг гаргаж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монгол банкнаас батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон. Үүнд зээлийн ******* дугаартай гэрээний үүрэгт 2020 оны 07 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.337.244.89 төгрөг, зээлийн хүүнд 3.870.619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 638.689.26 төгрөг, нотариатын хөлс 14.500 төгрөг нийт 16.861.053.90 төгрөгийг гаргуулах, мөн барьцааны ******* дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Ч.*******гийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын баг 1-4 120 метр квадрат талбайтай хувийн сууц, мөн Ч.*******гийн нэр дээрх эзэмших эрхтэй дугаартай 15 жилийн хугацаатай Завхан аймгийн Улиастай сумын багийн 1-4 нэгж талбарын дугаартай 74 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******наас 2015 оны 03 сард 5 жилийн хугацаатай зээл авсан. Уг зээлийг Ш.******* болон Ч.******* гээд 2 хүн зээл авсан. Үүний талаар нэхэмжлэлийн шаардлага дээрээ тодорхой бичсэн байсан. Зээл авснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 2.662.755 төгрөг, зээлийн хүүнд 12.466.563 төгрөг төлсөн, зээлийн нэмэгдүүлсэн хүү 466.891 төгрөг төлсөн нийт 15.616.210 төлсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс зээлийн үлдэгдэл нь 12.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.870.000 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 689.630 төгрөг төлсөн гэж байна. Үүнийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний хавсралт хэсэг болсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиар дээр юу гэж заасан бэ гэхээр 2015 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийн график гаргасан. Уг графикаар зээлийн хүүнд 10.829.292 төгрөг төлнө гэсэн байна. Гэтэл хариуцагч нь 12.486.000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл зээлийн хүү дээр 3.870.000 төгрөг нэмэгдүүлж орж ирж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг хаанаас юуг үндэслэж гаргаж ирсэн нь тодорхойгүй байна. Хэрвээ зээлийн эргэн төлөх хугацаа хэтрэхэд нэмэгдүүлсэн хүү бодсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүү бодоогүй тохиолдолд нэмэгдүүлж болно. Гэтэл зээлийн нэмэгдүүлсэн хүүнд өмнө 466.891 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага дээрээ зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж 638.689 төгрөгийг тооцож оруулж ирсэн байна. Нэмэгдүүлсэн хүү бол зээлийн хугацаа хэтрэлтээс шалтгаалдаг. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлийн хүүгээ төлөөд хүүгээсээ илүү гарсан байгаа учраас зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр болох 12.337.000 төгрөгөөс зээлийн хүүнд илүү төлсөн мөнгийг шилжүүлээд хасах боломжтой гэж харж байна. Мөн хоёр зээлдэгч зээл авсан байхад нэг зээлдэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргасан байсан. Ямар шалтгаанаар нэг зээлдэгчид холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа талаар нотлох баримт байхгүй байна. Мөн *******ны эрх залгамжлагчаас 2020 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 06 сарын 11-ий өдрийн 1476 захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл шалтгаан нь гэвэл нэхэмжлэлийн төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон учраас дээрх хугацаанд хүү төлөх ёсгүй. Яагаад гэвэл уг хэрэг маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэж байсан. Энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар хариуцагч овгийн ын ******* /РД:/-гээс зээлийн үлдэгдэл 12.337.244,89 төгрөг, зээлийн хүү 3.870.619,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689,26 төгрөг нийт 16.846.553,9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож,
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар хариуцагч Ч.*******гээс нотариатын зардал 14.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож,
3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Ч.******* нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Барьцааны №******* дугаартай гэрээний барьцааны үл хөдлөх хөрөнгө болох:
- Ч.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, 1 дүгээр 4 од байрлалтай 120мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай хувийн сууц
- Ч.*******гийн эзэмшлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, 1 дүгээр 4 , эзэмших эрхтэй, нэгж талбарын дугаартай, 74мкв талбайтай, 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Миний бие *******ны эрх залгамжлагчийн нэхэмжлэлтэй 16.861.053 төгрөг 90 мөнгө гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан ба Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
*******ны нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлээс буюу 15 сая төгрөгөөс 12.486.563 төгрөгийг төлсөн байхад үлдэгдэл нь 12.337.244 төгрөг, болон зээлийн хүү 3.810.619 төгрөг нэмэгдүүлсэн хүү 638.689 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба анх 15.499.711 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд шүүх хуралдаанд итгэмжлэл нь дууссан хүн оруулсан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгоход миний буруу байхгүй байхад дахин нэхэмжлэл гаргахдаа 1,361,343 нэмж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 15.499.711 төгрөгөөс тооцохын бол 50 хувиар багасгах ёстой би ганцаараа аваагүй учраас 7.749.856 төгрөгийг хасаж тооцох ёстой. Би 15 саяын зээлийг аваад 12 сая гаран төгрөг төлсөн.
Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 7.749.856 төгрөг болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Зээлийн гэрээний хавсралт хэсэг буюу эргэн төлөлт дээр хүүгийн хэмжээ нь тодорхой байгаа. 10,0 сая төгрөгийн хүү бол 2020 он хүртэл төлж дуусахаар байсан байдаг. Гэтэл одоо 2020 он дөнгөж гарангуут 12,0 сая төгрөг төлсөн байдаг. Нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлээд байгааг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ямар аргачлалаар бодсон хэзээ, хэзээнээс зээл хэтэрсэн, хэзээний нэмэгдүүлсэн хүү гэдэг нь тодорхойгүй байгаа. 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэхдээ 15,0 сая төгрөг болсон. 06 дугаар сард шүүх хурал болоход нэхэмжлэгчийн итгэмжлэлийн хугацаа нь дууссан байсан тул шүүгчийн захирамж гарч нэхэмжлэл буцаасан. Гэтэл 07 дугаар сард буцаж нэхэмжлэхдээ шүүхийн ажиллагааны явцад байсан хугацааг тооцож нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэлдээ нэмээд байгаа дээр маргаж байгаа. Энд хариуцагчаас ямар нэгэн хамааралтай буруу байхгүй юм. Гэтэл шүүхийн ажиллагааны явцын хугацааг тооцож, зээлийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. 12,0 сая төгрөгийг төлсөн байгаа. Үүнийг бүгдийг нь зээлийн эргэн төлөлт гэж хийсэн байгаа. Гэтэл үндсэн төлбөрөөс 2,0 сая төгрөг хасагдсан байдаг. Хариуцагч нь 5 жилийн хугацаанд 15,0 сая төгрөгийг төлсөн байдаг. Хэрэв зээлийн эргэн төлөлтийн хуваариар 15,0 сая төгрөгийг төлөөд 2020 он гэхэд бүх зээлийн төлбөрийг барагдуулсан байх ёстой байхад үндсэн зээлээс 2,0 сая төгрөг хасагдсаныг үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Иймд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /Улаанбаатар хотоос онлайнаар/ Д.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай зүгээс хавсралт материалд тооцоог хэрхэн бодсон талаар явуулсан байгаа. Зээлийн гэрээ нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусах хуваарьтай байсан. Энэ гэрээн дотроо ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа гэж байгаа. Хэсэгчилсэн хугацаа гэдэг нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлд заасан байдаг. Хавсралт 1 дээр заасны дагуу талууд хоорондоо харилцан тохиролцоод зээлийн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж тохирсон байдаг. Зээлийн гэрээний 3.5 дээр хуримтлагдсан хүүг яаж зохицуулах талаар тодорхой зааж өгсөн байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар зээл хэзээ төлөгдөж дуусна тэр хүртэл хүү, гэрээнд заасан бол үндсэн хүүгийн 20 хувийг авна гэсэн байдаг гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /Улаанбаатар хотоос онлайнаар/ Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжилсэн нийт дүнгээрээ, төлөх хугацааг харилцан тохироод эвлэрэх боломжтой гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /Улаанбаатар хотоос онлайнаар/ С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн хүүг бодохдоо зээлийн үлдэгдлээс нь эхэлж хүүг боддог. Зээлийн үлдэгдлийг 1 жилийн хүүгээр үржиж, 1 жилийн хоногтоо хувааж 1 өдрийн хүүг гаргаж ирдэг. 1 өдрийн хүүг алдсан хоногоороо үржээд нийт төлөх зээлийн үлдэгдэл хүү гарч ирдэг байгаа. Нэмэгдүүлсэн хүү гэдэг нь зээлийн хугацаа хэтэрсэн хүүгээс бодож гарч ирдэг байгаа. Нэмэгдүүлсэн хүү гэдэг нь зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлээс бүрэн гүйцэт төлөөгүй учраас бодогдсон байгаа. Зөрчлийн дүн нь төлбөрийн хуваарийн дагуу сар бүрийн 15-нд зээлээ төлнө гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл уг зээлдэгч нь 2015 оны 07 дугаар сарын 15-наас эхлээд зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн байгаа. Зээлдэгчийн нийт төлсөн зээлийн дүнгээс ашигласан хоног нь 1933 хоног байдаг. Ер нь бол зээлдэгч нь сар, сардаа зээлээ төлсөн ч гэсэн дандаа дутуу төлөлт хийгээд байсан учраас хариуцагчийн зээлийн төлбөр дээр нэмэгдүүлсэн хүү тооцогдсон байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна .
Нэхэмжлэгч ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.*******гээс зээлийн үлдэгдэл төлбөр 12.337.244.89 төгрөг, зээлийн хүү 3.870.619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689.26 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 16.861.053.90 төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, Ч.*******, Ш.******* нарт 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 5-н жилийн хугацаатай, зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болх 15.000.000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч зээлийн барьцаанд
Ч.*******гийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг , 4 од байрлалтай 120 мкв талбайтай, улсын бүртгэлийн Y******* дугаартай хувийн сууц,
Мөн Ч.*******гийн эзэмшлийн Завхан аймгийн Улиастай сумын 6 дугаар баг, 1 дүгээр 4 , эзэмших эрхтэй, нэгж талбарын дугаартай, 74 мкв талбайтай, 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, 205200056 дугаартай барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Зээлдэгч Ч.******* нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж байсан боловч 2019 оны 3 дугаар сараас хойш эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12.337.244.89 төгрөг, зээлийн хүү 3.870.619.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 638.689.26 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, учирсан хохирол, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 175, 227, 219, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ч.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 160750 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЖ.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР