Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2026/0124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч О.Л*******г оролцуулан тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э******* /РД:/,

Хариуцагч: Боловсролын сайд,

Хариуцагч: Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг

Маргааны төрөл: Боловсролын зээлийн сангаас зээл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хууль журмын дагуу нэхэмжлэгчид боловсролын зээлийн сангаас зээл олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*******, хариуцагч Боловсролын зээлийн сангийн Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Иргэн Ц.Э******* нь өөрийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*******аар дамжуулан Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын дагуу Ц.Э*******т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Ц.Э******* нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн хот ба бүс нутгийн төлөвлөлт мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр урилга хүлээн авсан.

2.2. Улмаар нэхэмжлэгч Ц.Э******* нь тус сургуульд Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад [email protected] цахим хаягаар бүртгүүлж, тус сонгон шалгаруулалтад оролцсон.

2.3. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр хооронд зохион байгуулсан.

2.4. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаагийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын тайлан болон тус сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдийн нэрсийг хавсралтаар Боловсролын сайдад хүргүүлсэн.

2.5. Тус албан бичгийн хавсралтаар Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт-ын 156-д нэхэмжлэгч Ц.Э*******ыг журмын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан.

2.6. Тодруулбал, Засгийн газрын Журам шинэчлэн батлах тухай 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, 3 дугаар зүйлийн 3.2.9-д Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх гэж заасныг тус тус хангаагүй гэж ажлын хэсгээс дүгнэсэн.

2.7. Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/356 дугаартай тушаалаар Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай тушаалаар гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс зээлээр суралцах суралцагчдын нэрсийг хавсралтаар баталж, хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч Ц.Э******* багтаагүй байна.

2.8. Улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*******аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ...нөхцөлгүй урилга хүлээн авсан, журмын шаардлага хангасан, боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан... гэх агуулгаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргад, 07 дугаар сарын 07-ны өдөр, 08-ны өдөр, 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус Боловсролын сайдад гомдол гаргасан.

2.9. Дээрх гомдлын дагуу Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргаас 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8/3216 дугаартай, 07 дугаар сарын 31-ний өдрийн 8/3391 дугаартай албан бичгээр тус тус ..иргэн П.Ц*******аас Боловсролын сайдын нэр дээр ирүүлсэн гомдлыг ... журмын хүрээнд судлан, холбогдох хариу дүгнэлтийг бидэнд ирүүлэхийг хүсье гэж Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн.

2.10. Улмаар Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс 2025 оны 08 дугаарын 01-ний өдөр ...Орон тооны бус зөвлөлөөс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд шалгалт хийх зохицуулалт байхгүй... гэх хариуг нэхэмжлэгчид цахим хаягаар өгсөн.

2.11. Улмаар Боловсролын сайдаас 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12/3897 дугаартай албан бичгээр Орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, шийдвэртэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг дахин нягтлан үзэж, холбогдох мэдээллийг танилцуулах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.

2.12. Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/883 дугаартай албан бичгээр ...орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, шийдвэртэй холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг дахин нягтлан үзэж, холбогдох тайлан, танилцуулгыг бэлтгэн... хавсралтаар хүргүүлж, ажлын хэсгийн дүгнэлт, орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээх санал дүгнэлт гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ц.Э*******ын хууль ёсны төлөөлөгч П.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Миний хүү Ц овогтой Э******* /*******1/ нь дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулиас үндсэн ангийн буюу Монгол улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтсан Хот ба бүс нутгийн төлөвлөлт (Bachelor of Regional and Town Planning) мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр нөхцөлгүй урилгаа хүлээн авсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлөх журмын болзол, шалгуураа бүрэн хангасан хүүхдэд журмын шаардлага хангаагүй гэсэн Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтын дүн гарсан билээ. https://scholarship.elf.gov.mn/rlist цахим хаягаар шалгахад 2 дугаартай миний хүү Монгол улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан журмын 2.2.5, 3.2.9 заалтыг биелүүлээгүй гэжээ.

Энэ нь ямар ч үндэслэлгүйгээр гаргасан тайлбар байна. Учир нь Ц.Э******* нь:

1. Дэлхийн топ 100 сургуульд багтдаг Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангид элсэн орсон

2. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтсан Хот ба бүс нутгийн төлөвлөлт (Bachelor of Regional and Town Planning) мэргэжлийг сонгосон

3. Queensland их сургуулийн нөхцөлгүй урилга хүлээн авсан.

Энэ хариуг бид хүлээн зөвшөөрөөгүй тул Боловсролын сайдад 3 удаа, Боловсролын зээлийн санд 1 удаа тус тус өргөдөл гаргасан. Мөн 11-11 төвд болон Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан.

1. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Боловсролын зээлийн санд: Бид 2025 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө www.scholarship.elf.gov.mn сайт руу өөрийн эрхээр нэвтэрч үзэхэд төлөв нь баталсан гэсэн төлөвтэй байсан бөгөөд 07 дугаар сарын 01-ний өдөр нэвтэрч үзэхэд журмын шаардлага хангаагүй гэсэн төлөвтэй болсон тул тайлбар авъя гэсэн утгатай өргөдөл өгсөн боловч бидэнд хариу өгөөгүй.

2. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын сайдад: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа нь илт хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар өргөдөлдөө тусгаж анхаарал хандуулахыг хүссэн. Одоог хүртэл хариу аваагүй болно.

3. 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Боловсролын сайдад: Боловсролын зээлийн сан нь илт хууль зөрчсөн, сонгон шалгаруулалтад хайнга, ашиг сонирхлын зөрчилтэй хандаж үр хүүхдийн минь сурч боловсрох эрхийг нь ноцтой зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож Боловсролын зээлийн сангийн гаргасан шийдвэрийг дахин эргэж харахыг хичээнгүйлэн хүсэж Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлөх журмын 2.2.5, 3.2,9 дэх заалтыг бүрэн биелүүлснээ баталж урилга болон бусад материалуудаа хавсралтаар илгээсэн.

4. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр БЗС-ийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлөөс цахим шуудан хүлээн авсан.

5. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Боловсролын сайдад: Өмнөх өргөдлүүдийнхээ хариуг шаардаж мөн Боловсролын зээлийн сангийн дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс өгсөн цахим шуудангаар ирүүлсэн утга агуулгалгүй мөн миний өргөдлийн шаардлагыг бүрэн хангасан хариу өгөөгүй талаар дурдаж 3 шаардлага хүргүүлсэн.

6. 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний 11-11 төвд гаргасан гомдлыг Боловсролын зээлийн сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн тухай 8\3391 тоот албан бичгийн хувийг хүлээн авсан.

Миний бие нь хүү Ц.Э*******ын олон жилийн хичээл зүтгэл нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлэхийг хүсэхгүй байгаа учир хууль бус алдаатай шийдвэр гаргаад байгаа талаар нь холбогдох байгууллага, яам, сайдад нь уламжлаад тусыг эс олсон тул энэхүү нэхэмжлэхийг гаргаж байгаа тул миний нэхэмжлэхийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Миний хүү Цын Э******* нь 2025 оны Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлөх журмыг бүрэн биелүүлж журмын шаардлага хангаж сонгон шалгаруулалтад оролцсон боловч сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хууль бус шийдвэрээр хасагдсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч хангаж өгнө үү... гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч Ц.Э*******ын хууль ёсны төлөөлөгч П.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.Э*******ын хууль ёсны төлөөлөгч эх П.Ц******* миний бие хүүгийнхээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг хангуулахаар нэхэмжлэх гаргасан. Миний хүү Ц.Э******* нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журмын болзол, шалгуурыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл сонгон шалгаруулалтын ажлын хэсэг журмын шаардлага хангаагүй буюу тус журмын 2.2.5, 3.2.9 дэх заалтыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар сонгон шалгаруулалтаас миний хүү Ц.Э*******ыг хассан. 1 дүгээр хавтаст хэргийн 13-23 дугаар хуудсанд дэлхийн топ 100 сургуулийн 77-д эрэмбэлэгддэг Австрали улсын Күинсланд Их сургуулиас миний хүү Ц.Э*******т ирүүлсэн үндсэн ангийн нэмэлт нөхцөлгүй бакалаврын түвшинд суралцах урилга болон түүний баталгаат орчуулга авагдсан. Харин 2 дугаар хавтаст хэргийн 19-25 дугаар талд дэлхийн топ 100 сургуулийн 77-д эрэмбэлэгддэг Австрали улсын Күинсланд Их сургуулиас н.Мэд ирүүлсэн үндсэн ангийн нэмэлт нөхцөлгүй магистрын түвшинд суралцах урилга болон түүний баталгаат орчуулга, Боловсролын зээлийн сангаас миний хүсэлтийн дагуу нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн нь авагдсан байгаа. Энэ 2 хүүхэд нэг сургуулийн ижилхэн урилга хүлээн авч байхад миний хүүг журмын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Тийм байж ижил урилгатай хүүхдийг тэнцүүлж байгаа ажлын хэсгийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна, 14.2-т заасан хүний үндэс, угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэснийг санаатайгаар зөрчиж, миний хүүгийн сурч боловсрох эрхийг хаасан нь хууль бус гэж үзэж байна. Тус сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь хуульд захирагдах, тэгш хандах, шударга байх зарчмыг хангаж ажиллаагүй нь илт байгаа бөгөөд Ажлын хэсгийн дарга нь хууль журмаас давсан эрх мэдлийг өөртөө бий болгож Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчиж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр журмын 13-д заасан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцагчдыг шалгаруулах ажлын зааварчилгаа, дэгийг баталсан байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 63, 64 дүгээр талд нотлох баримтаар байгаа. Мөн уг зааварчилгаа дэгд журамд заагаагүй нэмэлт баримтуудыг оролцогчдоос шаардсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар талд журмын 2.2.5-ыг тайлбарлахад оруулсан байгаа. Мөн 64 дүгээр талд ажлын хэсгийн дарга эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдлийг өөртөө бий болгосон. Мөн удирдамжийн дагуу оролцогчдын 10-30 хувьд аудит хийж баталгаажуулна гэсэн бөгөөд Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжид нэг ч аудит хийх тухай бичигдээгүй байгаа. Тус сайдын удирдамж нь 1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дугаар талд байгаа. Би хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, хүүгээ амжилттай сургаж, дэлхийн боловсрол эзэмшүүлэхийг зорьсон. Хүүгээ зөв хүн болгож өсгөж, эрдэм мэдлэгтэй, нийгэмд хэрэгтэй хүн болгосных нь төлөө өнөөдөр бид 2 эх орондоо ялгаварлан гадуурхлыг үзэж, бүтэн 7 сарын турш хууль бусын хонгилоор алхаж байна. Эрхэм шүүгчид, өмнө нь Анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгсөнд эх хүний хувьд би баярлаж байгаа. Энэ удаа ч гэсэн биднийг ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

3.3. Хариуцагч Боловсролын сайдаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ын 3.14-д Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно, 3.15-д Орон тооны бус зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, дүгнэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг ажлын 3 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно, 3.16-д Ажлын хэсэг Орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг харгалзан энэ журмын 3.15-д зааснаас гадна холбогдох хуулийн хүрээнд гомдлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул Боловсролын сайд нь Ор3.он тооны бус зөвлөл болон ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэхгүйгээр шийдвэр гаргах эрхгүй болохыг уламжилж байна гэжээ.

 

3.4. Хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сайдын зүгээс ажлын хэсгээс өөр байр суурьтай байгаа. Сонгон шалгаруулалтын дараа нэр бүхий 30 иргэнээс Боловсролын сайдад өргөдөл гаргасан. Эдгээр өргөдөл гомдлыг хүлээн аваад сайдаас Боловсролын зээлийн сан буюу тухайн үед ажлын хэсэгт ажилласан ажлын хэсгийн ахлагчид чиглэл хүргүүлсэн. Тухайн ажлын хэсгийн ахлагч нь яамнаас ажлын хэсэгт ажилласан хүмүүсийг өргөдөл гомдол дээр ажиллуулъя гэх саналыг тавиад, 2 талын саналын үндсэн дээр Боловсролын яамны 3 ажилтан иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч сонсож, зарим тохиолдолд цахим сайтад орж тулгалт хийсэн. Энэхүү ажлын хэсгийн гишүүнээр миний бие ажилласан байдаг. Бид бүхэн холбогдох материалуудыг тулгаж үзээд ажлын хэсгээс гаргасан 2.2.5, 3.2.9 дэх шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажлын хэсэг ахиж ажиллаач гэх саналыг Боловсролын яамны зүгээс ажлын хэсэгт хүргүүлсэн. Харамсалтай нь ажлын хэсэг эргэж харах боломжгүй. Ц.Э*******ын хувьд шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй гэх тайлбарыг ирүүлсэн байсан. Сайдын хувьд ажлын хэсгийн дүгнэлт гараагүй тохиолдолд ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Энэ нь 215 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.12-3.16-д зааснаар Сайд зөвхөн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тушаал гаргахыг үүрэг болгосон. Харин сайд өөрөө дур мэдэн ажлын хэсгийн шийдвэрийг өөрчлөх, эсвэл хэн нэгнийг тэнцүүлэх, тэнцүүлэхгүй байх эрх хэмжээ олгогдоогүй гэв.

 

3.5. Хариуцагч Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ц.Э******* нь 2025 оны Засгийн газрын 215 дугаар тогтоолоор батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлөх журам-ын дагуу дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын хөтөлбөрөөр зээлд хамруулах шийдвэрийг Боловсролын сайдаар гаргуулахыг шүүхээр даалгахыг хүсжээ.

Боловсролын сайдын 2025 оны А/272 тоот тушаалаар Гадаадын сургалтын байгууллагад бакалаврын эндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг нь Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан журам, Боловсролын сайдын 2026 оны 06 сарын 12-ны өдөр баталсан. Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг баримтлан ажилласан. Ажлын хэсгийн гишүүдэд санамсаргүй байдлаар хавиаргагдсан материалд Хяналт 1, Хяналт 2 хийж, аудит болон эцсийн дүнг баталгаажуулсан.

Ажлын хэсэг Ц.Э******* нь Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, 3 дугаар зүйлийн 3.2.9-д Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид Нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх гэж заасныг тус тус хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Элсэлт баталгаажаагүй баталгаажуулах хугацаа 2025 оны 12 дугаар сарын 14-нд гэж үзсэн нь Queensland их сургууль СоЕ буюу Confirmation of Enrolment олгоогүй байсан. Ирүүлсэн саналд acceptance хийх хугацаа, урьдчилгаа төлбөр, OSHC, мөн we may not be able to issue a СоЕ... гэсэн заалтууд байсан тул элсэлтийн процесс үргэлжилж байсан. Журмын 2.2.5, 3.2.9-д заасан нэмэлт нөхцөлгүйгээр үндсэн ангид суралцах эрх нь СоЕ-ээр баталгааждаг. Иймд ажлын хэсэг элсэлт бүрэн баталгаажаагүй гэж дүгнэсэн тул ажлын хэсгийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна... гэжээ.

 

3.6. Хариуцагч Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ажлын хэсэг нь Боловсролын сайдын 2025 оны А/272 тоот тушаалаар томилогдож ажилласан. Ажлын хэсэг ажиллахаас өмнө удирдамж ажлын хэсгээр хэлэлцэгдэж, Боловсролын сайдад танилцуулагдсан. Ажиллаж байх явцад журмын хүрээнд тухайн зохион байгуулалттай холбоотой зохион байгуулалтын зааварчилгааг ажлын хэсгийн даргаас өгч байсан. Ажлын хэсгийн гишүүдэд хүүхдүүдийн материал санамсаргүйгээр хуваарилагдаж, 3-4 шатны хяналт нэмэгдэж орж ирсэн. Системийн тохиргоонд нийт сонгон шалгаруулалтад орсон материалын 30 хувьд аудит хийнэ гэх танилцуулгыг ажлын хэсэгт танилцуулсан. Аудит орж байгаа бол 4 шатны хяналттай, аудит ороогүй тохиолдолд 3 шатны хяналттай батлагдана гэсэн. Энэ бол нэг хүний шийдвэр байгаагүй. Ажлын хэсэг тухайн дүрэм журамд тавигдсан шалгуур шаардлагын хүрээнд үнэлгээгээ хийгээд баталгаажуулсан. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтүүдээс харахад 2.2.5 болон 3.2.9-д заасан шалгуурыг хангаагүй байна гэж үзсэн байсан. Журамд үндсэн ангид суралцах ямар нэгэн нөхцөлгүй урилга авсан байх гэдэг зохицуулалт байгаа. Ц.Э*******ын урилга нь 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө элсэлтээ баталгаажуулаарай гэсэн хугацаатай боловч уг хугацааны баталгаажуулалтыг хийгээгүй. Өөрөөр хэлбэл, элсэх процесс явж байна, албан ёсны урилга баталгаажаагүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан. 2 дахь нөхцөл нь дефозит төлбөрөө төлөх ёстой гэх нөхцөл урилга дээрээс харагдаж байна гэж ажлын хэсгийн дүгнэлтээс харагдаж байгаа. Мөн пэймент инстракшн /payment instruction/ гэх зүйлийг оруулж ирсэн. Төлбөр төлөх зааварчилгаа пэймент инстракшн /payment instruction/ дээр байгаа болохоос биш инвойс /invoice/ буюу ямар хөтөлбөрт, ямар мэргэжлээр, хэдэн онд суралцаад, хэдэн төгрөгийн төлбөр төлбөр гарах талаарх мэдээлэл тодорхой дэлгэрэнгүй байхгүй байсан. Ажлын хэсэг ажиллаж байх үед инвойс /invoice/ эсвэл стэйтмент /statement/ гэсэн 2 томьёололтой байна. Пэймент инстракшн /payment instruction/ нэхэмжлэл биш зааварчилгаа гэдэг чиглэлийг өгсөн. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалж татгалзсан дүгнэлт гаргасан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ц.Э******* нь өөрийн хууль ёсны төлөөлөгч П.Ц*******аар дамжуулан Боловсролын сайд, Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэгт холбогдуулан Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын дагуу Ц.Э*******т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Журмын 3.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, тус журамд бүрэн нийцүүлэн оролцсон байхад ажлын хэсгээс журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Австралийн Queensland сургуулиас ирүүлсэн урилга нь нөхцөлгүй, үндсэн ангийн оюутны урилга байхад зээл олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь нэг сургуулийн ижил урилгатай хүүхдүүдэд ялгамжтай хандсан нь хуульд захирагдах, тэгш хандах, шударга байх зарчмыг хангаж ажиллаагүй, ажлын хэсгийн дарга нь хууль журмаас давсан эрх мэдлийг өөртөө бий болгож ажлын зааварчилгаа, дэгийг баталж, түүндээ нийцүүлэн материалыг дүгнэсэн... гэж,

Хариуцагч Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Журамд үндсэн ангид суралцах ямар нэгэн нөхцөлгүй урилга авсан байх гэдэг зохицуулалт байгаа, Ц.Э*******ын урилга нь 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө элсэлтээ баталгаажуулаарай гэсэн хугацаатай боловч уг хугацааны баталгаажуулалтыг хийгээгүй байсан учир албан ёсны урилга баталгаажаагүй байсан, сонгон шалгаруулалтад нөхцөлгүй, элсэлт нь баталгаажсан тохиолдолд тухайн сургуульд суралцах нь тодорхой болсон гэж үзнэ, бүрдүүлэх материал дээр суралцагчаас сургалтын төлбөрийн нэхэмжлэлийн хуулбар ирүүлэх ёстой байтал Ц.Э*******ын нэр дээр нэхэмжлэл ирүүлээгүй байсан... гэж,

Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Боловсролын яамны зүгээс ажлын хэсгээс гаргасан Ц.Э*******ыг журмын 2.2.5, 3.2.9 дэх шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна, ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай гэх саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн боловч ажлын хэсгээс Ц.Э*******ын хувьд шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материал шаардлага хангаагүй учраас дахин хянах шаардлагагүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байсан, Сайдын хувьд ажлын хэсгийн дүгнэлт гараагүй тохиолдолд өөрөө дур мэдэн ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй... гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан, харин нэхэмжлэгч Ц.Э*******ыг дэлхийн топ 100 сургуульд багтах Австрали улсын Queensland их сургуулийн үндсэн ангийн Хот ба бүс нутгийн төлөвлөлт буюу тэргүүлэх мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшихээр элсэлтийн санал авсан талаар хэргийн оролцогч хэн аль нь маргаагүй.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/272 дугаар тушаалаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг 06 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдөр зохион байгуулсан байх бөгөөд Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаагийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын тайлан болон тус сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдийн нэрсийг хавсралтаар Боловсролын сайдад хүргүүлжээ.

 

4. Тус албан бичгийн хавсралтаар Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт-ын 156-д нэхэмжлэгч Ц.Э*******ыг журмын 2 дугаар зүйлийн 2.2.5, 3 дугаар зүйлийн 3.2.9-д заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан байна.

 

5. Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар /цаашид Засгийн газар гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 24.1.1-д энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох, 24.1.11-д энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах гэж, 11 дүгээр зүйлд суралцагчийн нийгмийн баталгааг хангах талаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно гэж тус тус заажээ.

 

6. Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам-ыг шинэчлэн баталсан байх ба тус журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д Суралцагчид тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлт олгох, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтална гэж, 2 дугаар зүйлийн 2.2.5-д Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх, 3 дугаар зүйлийн 3.2.9-д Гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх гэж тус тус заажээ.

 

7. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуульд заасан зарчмыг баримтлахаар зааснаас гадна, тус журмын 2 дугаар зүйлийн 2.2.5 дахь хэсгээр гадаад сургалтын байгууллагад элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх гэсэн нийтлэг шаардлагыг тодорхойлж, 3.2.9 дэх хэсгээр зээлээр суралцах хүсэлт гаргагч нь гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан болохыг нотлох баримт бичгийг бүрдүүлэхээр тус тус зохицуулсан байх боловч энэхүү нэмэлт нөхцөл гэдэгт ямар нөхцөл байдал хамаарах, түүнийг хэрхэн яаж ойлгож, тодорхойлох талаар тухайн журамдаа нарийвчлан зохицуулаагүй, тодорхойлоогүй атлаа Австрали улсын Queensland их сургуулиас нэхэмжлэгч Ц.Э*******т ирүүлсэн элсэлтийн саналыг шууд нэмэлт нөхцөлтэй гэж тодорхойлон, түүнийг журмын холбогдох шаардлагуудыг хангаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх тусгай зарчим, Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан боловсролын үйл ажиллагаанд баримтлах тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

 

8. Тодруулбал, Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр баталсан Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай 02 тоот удирдамжаар тус сонгон шалгаруулалтын зорилго, үе шат, хугацаа, оноог үнэлэх аргачлал, оноогоор эрэмбэлэх, ажлын хэсгийн хурлын дэг зэргийг зохицуулсан, харин Боловсролын зээлийн сангаас Боловсролын сайдад хүргүүлсэн ажлын тайланд ...сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн 186 оролцогчийн баримт бичигт удирдамжийн дагуу сонгон шалгаруулалт хийсэн талаар тусгасан байх боловч ажлын хэсгийн ахлагч нь ...ажлын зааварчилгаа, дэг гэх баримт бичгийг баталж, журам, удирдамжаас давсан зохицуулалт агуулсан буюу нэмэлт нөхцөлтэй урилга гэдэгт юу хамаарахыг тодорхойлсон төдийгүй уг шалгуураа үндэслэн нэхэмжлэгчид ирүүлсэн Австрали улсын Queensland их сургуулийн элсэлтийн саналыг нөхцөлтэй урилга гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

9. Хариуцагч ажлын хэсэг журмын 3.2.9-д заасан гадаадын сургалтын байгууллагын үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх гэсэн баримт бичгийн бүрдүүлбэрийг мөн журмын 2.2.5-д заасан элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан байх гэсэн нийтлэг шаардлагад уялдуулан, үүнийгээ нөхцөлгүй урилга авсан байх шаардлагыг хангах учиртай гэх байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

10. Австрали улсын Queensland их сургуулиас виз зуучлалын Эду Яан Монголиа ХХК-ийн зөвлөх Т.Тунгалагчимэгийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* цахим хаягаас ******* хаягт ирүүлсэн цахим шууданд ...49959581 дугаартай Э******* Ц нь ...нөхцөлгүй элсэлтийн санал хүлээн авсан бөгөөд энэ нь тухайн хөтөлбөрт суралцахад шаардагдах академик, англи хэлний болон бусад урьдчилсан бүх шаардлагыг бүрэн хангасан, мөн түүний элсэлтийн саналд биелүүлэх үлдэгдэл нөхцөл байхгүй гэсэн утгатай болно гэсэн тайлбарыг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд тус Элсэлтийн саналыг тухайн их сургуулиас суралцагчид олгож буй урилга гэж үзэхээр байна.

 

11. Мөн анх ажлын хэсгээс нэхэмжлэгч Ц.Э*******ыг журмын 2 дугаар зүйлийн 2.2.5, 3 дугаар зүйлийн 3.2.9-д заасан шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн хэр нь иргэдийн өргөдөл, гомдлыг хянасан талаарх Боловсролын зээлийн сангийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/883 дугаартай албан бичиг, түүний хавсралтад ...Ц.Э******* журмын 3.2.7-д заасан сургалтын төлбөрийн нэхэмжлэхийн хуулбарыг хавсаргаагүй гэсэн үндэслэлийг нэмж дүгнэсэн нь ажлын хэсэг нэхэмжлэгчийн материалыг хөтөлбөргүйгээр хянасан эсэх нь эргэлзээтэйгээс гадна Австрали улсын Queensland их сургуулиас ахисан буюу магистрын түвшний суралцагч Т.М болон бакалаврын түвшний суралцагч болох нэхэмжлэгч Ц.Э******* нарт ирүүлсэн элсэлтийн санал нь яг ижил Offer гэсэн байхад нэхэмжлэгчийг нөхцөлтэй урилгатай гэж дүгнэсэн нь Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан боловсролын үйл ажиллагаанд баримтлах тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцэхгүй байна.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 

13. Тодорхой шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсвэл татгалзсан шийдвэр байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон, мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл бүрдсэн байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах, шүүх эдгээр үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэ нэхэмжлэлийг хангаж, хариуцагчид тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргадаг.

 

14. Харин нэхэмжлэгчийн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журмын дагуу Ц.Э*******т Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах тухай Боловсролын сайдын шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн суралцах нийт хугацааны сургалтын төлбөрийг зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулах агуулгаар шийдвэр гаргахыг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн тус шаардлагыг шүүхээс шууд хангах боломжгүй юм.

 

15. Гэхдээ хариуцагч ажлын хэсгийн Ц.Э*******ыг журмын 2 дугаар зүйлийн 2.2.5, 3 дугаар зүйлийн 3.2.9-д заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлт гаргасан тухайн жилээр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Боловсролын сайдад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16. Шүүх иргэдийн төлөөлөгч О.Л*******гийн ...зээлээр сурах үед урьдчилгааг аль тал хариуцах хуулийн зохицуулалт байхгүй юм байна. Татгалзсан заалт дээр урьдчилгаа төлөх тухай байхгүй, болоогүй зүйлийн өмнөөс энэ нэхэмжлэгч дээр ажлын хэсэг ижилхэн хоёр хүүхдэд өөр хандсан байна. Татгалзахдаа үндэслэсэн журмыг эргэж харах ёстой юм байна. Ажлын хэсэг уг хэрэгт хариуцлагагүй хандсан байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.1, 24.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгийн хавсралтын Ц.Э*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцах хүсэлт гаргасан тухайн жилээр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Боловсролын сайдад даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгөөс илүү төлсөн 70.200 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас буюу Боловсролын яамны санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ