Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 615

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Д.Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн Д.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Н******* /РД:УЮ*******/ би Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаар захирамжаар Б******* дүүргийн 1 дүгээр хороо Б******* амины орон сууцны хороололд ахуйн хэрэгцээний зориулалтаар 300 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Энэхүү захирамжийг үндэслэн дүүргийн Газрын албанаас надад 0211108 дугаар бүхий эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Газар эзэмших эрхтэй болсноосоо хойш 3 хоноод буюу 2008 оны 11 дүгээр сард хашаагаа барьж эхлээд 7 хоногт барьж дуусгасан. Үүнээс хойш хэдэн сарын дараа 2009 оны хавар байшингаа барьсан. Мөн цэвэр бохир ус, дулааны шугам татуулсан. Өөрийн эзэмшлийн энэхүү газар дээр нийт 90 орчим сая төгрөгийн өртгөөр дурдсан зүйлүүдийг барьж босгосон.

Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн орчим хашаа байшиндаа хаягжуулалт хийлгэх зорилгоор Б******* дүүргийн Газрын албаны дарга Ш.Отгонбаяртай уулзахад “Танай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна” хэмээн Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамжийг хуулбарлаж өгсөн.

Уг захирамжаар “... Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг маань хүчингүй болгосон байсан. Гэтэл би газраа эзэмших эрхтэй болмогцоо л 1 сарын дотор хашаагаа бариад, дараа нь байшингаа барьсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заагдсан болоод л эзэмшүүлэх шийдвэр /Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаар захирамж/ гарсан гэж бодож байна. 

Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай Засаг даргын энэхүү захирамжийг надад танилцуулаагүй, энэ талаар Засаг дарга болон Газрын алба өдийг хүртэл надад нэг ч удаа мэдэгдээгүй.

Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай газар эзэмших эрх хүчингүй болгох тухай захирамж нь намайг байшингийн сууриа тавихаас өмнө гарсан юм байна. Хэрэв надад уг захирамжийг цаг тухайд нь танилцуулсан бол би ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тэр үед нь шүүхэд гомдол гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх байсан. Засаг дарга, Газрын алба ч өнөөдрийг хүртэл намайг байшин барьж, ус дулааны шугам татаж бөөн ажил болж, хөрөнгө зарж байгааг харсаар, мэдсээр байж газар эзэмших эрхийг маань хүчингүй болгосон талаар мэдэгдэхгүй байсан нь ямар учир шалтгаантай юм бэ.

Дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг минь үндэслэлгүйгээр, хууль бусаар хүчингүй болгож, миний барьж босгосон хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг минь зөрчиж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн Д.Н******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Энэхүү захирамжийн тухай иргэн Д.Н******* би Б******* дүүргийн Газрын албаны дарга Ш.Отгонбаяраас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анх удаа сонсож мэдсэн. Ингээд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” дүүргийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэл хүргүүлсэн байна гэсэн утга бүхий хариу ирүүлсэн тул үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Н*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц*******гоос 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч Д.Н******* нь Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримттай танилцахад Иргэн Д.Н******* газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байх тул Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 

Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******гээс шүүхэд бичгээр гаргасан хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б******* дүүргийн иргэн Д. Н*******д тус дүүргийн 1 дүгээр хороо Б******* амины орон сууцны хороололд /ЦТП-ын баруун талд / амины орон сууц барих зориулалтаар 300 мкв газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаартай захирамж гарсан байна. 

Гэтэл тухайн иргэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчсөн байсан учир дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаар захирамжаар тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/154 албан бичгээр 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Д.Н*******д хүргүүлэхэд 13 цаг 55 минутад хүлээн аваад гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Иргэн Д.Н*******гийн нэхэмжлэлд дурдсанаар газар эзэмших эрх хүчингүй болгосон талаар танилцуулаагүй, нэг ч удаа мэдэгдээгүй, газар эзэмших эрх хүчингүй болгосон захирамж нь байшингийн суурь цутгахаас өмнө гарсан байна зэрэг тайлбар нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан бүртгэлээр няцаагдаж байна. 

Иймд “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” дүүргийн Засаг даргын захирамж үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******гөөс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус гэж тооцуулах хүсэлт гаргасан байна. 

Энэхүү хүсэлттэй холбогдуулан Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянан үзвэл газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу дээд шатны байгууллага албан тушаалтан, эсхүл шүүх хүчингүй болгохоор заасан байна.

Гэтэл Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 33.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн хууль бус шийдвэр байна. 

Мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан нь хууль бус шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан учир иргэн Д.Н******* газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна. 

Иймд иргэн Д.Н******* газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчөөгүй, Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болох тухай” захирамжийн иргэн Д.Н*******д холбогдох хэсэг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Н******* “...газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад хууль бусаар хүчингүй болгож, тухайн газар болон  түүн дээр барьсан үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглах, өмчлөх эрхийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 85 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ. 

Хариуцагч  Б******* дүүргийн Засаг даргаас “...тус дүүргийн 1 дүгээр хороо, Б******* амины орон сууцны хороололд /ЦТП-ын баруун талд/ амины орон сууц барих зориулалтаар 300 м.кв газрыг Д.Н*******д эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаар захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчиж гарсан тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны үндэслэн хүчингүй болгосон” гэх бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэхэд шаардлагатай нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэн, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

1. Б******* дүүргийн Засаг даргын /Ц.С*******/  2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 85 дугаар захирамжаар “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй”, “хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зөрчсөн” гэсэн гурван үндэслэлээр нийт 19 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Д.Н******* Б******* дүүргийн 1 дүгээр хороо, Б******* амины орон сууцны хороололд байрлах  300 м.кв газрын эзэмших эрх хамаарч байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б******* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын  26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “2008 оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 6 дугаар хавсралтын 1-д “Б******* дүүрэг, 1 дүгээр хороо, Б******* хороололд 1.56 га газрыг 26 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр тусгасан байна. Харин уг төлөвлөгөөнд Б******* хороолол дундах хэсэг газар болох “ЦТП”-ын ойролцоох газрыг иргэдэд эзэмшүүлж, өмчлүүлэхгүй байхаар тусгайлан заагаагүй, харин “нийт 1.56 га газар” гэж төлөвлөсний зэрэгцээ тухайн үед иргэдэд өмчлүүлэх газрын хил заагийг тодорхойлсон зураглал үйлдэгдээгүй байна.

Харин нэхэмжлэгчийн эзэмшиж буй 300 м.кв газар “Б******* хороолол”-ын  дунд байрлах “ЦТП”-ээс 23 метр зайтай, 2 гудамжны дунд байрладаг болох нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч “Д.Н******* газар гудамжны голд байрладаг, ЦТП-ын ойролцоо олгогдсон бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэсэгт хамаарахгүй” гэж маргасан.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу гаргасан иргэний газар эзэмших хүсэлтийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор заасан газрыг эзэмшүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Д.Н******* эзэмшихээр хүсэлт гаргасан газар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байршилд хамаарах эсэх, газар эзэмшүүлэх нөхцөл болзол, шаардлагыг хангасан эсэхийг захиргааны байгууллага нягтлан шалгаж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. 

Хэрэгт авагдсан баримтаар Д.Н*******д эзэмшүүлсэн 300 м.кв газар тус дүүргийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхээр тусгагдсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн “бусдад эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй байршилд газар олгосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д.Н*******д газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 т заасныг зөрчсөн тул хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байх боловч Б******* дүүргийн 1 дүгээр хороо, Б******* амины орон сууцны хороололд Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй болох нь тогтоогдсон болно.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Тухайн тохиолдолд,  Б******* дүүргийн Засаг даргын урьд гаргасан иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэр нь газрын тухай хууль зөрчсөнөөс гадна бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг хариуцагч буруу хэрэгжүүлсэн гэж шүүх үзлээ. 

Дээр дурдсанчлан Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 85 дугаар захирамжаар 19 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос нэхэмжлэгч Д.Н******* 300 м.кв газрын эзэмших эрхийг “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 т заасныг зөрчсөн тул хүчингүй болгосон” гэж хариуцагч тайлбарласан тул энэ хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Мөн Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо Б******* амины орон сууцны хороололд /ЦТП-ны баруун талд/ амины орон сууц барих зориулалтаар 300 м.кв газрыг Д.Н*******д эзэмшүүлснээс хойш 5 сарын дараа буюу 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Засаг даргын 85 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

Түүнчлэн “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/154 албан бичгийг нэхэмжлэгч 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авахаас татгалзсан” гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б******* дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2009 оны архивын баримтад үзлэг хийхэд “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн гэх 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/154 албан бичгийн эх хувь байгаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Н******* нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай дүүргийн Засаг даргын 2009 оны 85 дугаар захирамж гарах үед барилгын ажлаа эхлээгүй байсан, уг захирамжийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн газрын албаны дарга Ш.Отгонбаяраас мэдсэн болох нь гэрч Т.Баярмаа, гэрч Ш.Отгонбаяр нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Дээрхээс дүгнэн үзвэл Д.Н******* маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байгаагүй байхад хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болох тухай” 85 дугаар захирамжаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй газрыг Д.Н*******д эзэмшүүлсэн” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул шүүхээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1,  61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус үндэслэн Д.Н******* нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 85 дугаар захирамжийн Д.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА