Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00021

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

   Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

   Хохирогч Б.Б , түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил

   Шүүгдэгч Д.Б , Б.Б нар, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Б.Б нарт холбогдох 201606000196 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, , урьд ял шийтгэлгүй, Д овгийн Д. Б  

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч ажилтай, ам бүл 4, , урьд ял шийтгэлгүй, Д овгийн Б. Б

   Д.Б , Б.Б нар бүлэглэн /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Б.Б ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 23 цаг өнгөрч байхад Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж дуусаад орлогч даргын өрөөнд юм яриад сууцгааж байхад Б.Б  орж ирсэн. Тэгээд миний хажуу талын ширээнд сууж байсан. Тэгээд сууж байхдаа хэрүүл маргаан гаргасан. Тэрнээс өөр надад Б.Б д өш хонзон санасан зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын  19-нөөс 20-нд шилжих шөнө би Улаанбаатар хотоос ээлжийнхээ амралтаа аваад ирсэн. Гэрт аав, ээж 2 байхгүй байсан. Ээжтэй утсаар яриахад “ээж нь Орхон сум явлаа, аав чинь ажил дээрээ хуралтай байгаа гэж” хэлсэн. Тэгээд би гэртээ байж байгаад аавыг ирэхгүй болохоор шөнийн 12 цаг өнгөрч байхад ажлаас нь авах гээд очиход Баттулга ах өрөөний нь гадаа байсан. Бид 2 өрөө рүү нь яваад ороход аав өрөөндөө духаа арччихсан зогсож байсан. Ширээн дээр нь цустай сальфетка байсан. Би аавтайгаа жил гаран уулзаагүй болохоор тийм байдалтай байхыг нь хараад үнэхээр их цочирдсон. Надад Б  ахын хөл, гарыг дэвсэж, сандалаар цохиж, аавтайгаа бүлэглэж зодсон санаатай үйлдэл байгаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан. Тэр хурал дээр би өглөөнөөс орой болтол суусан. Д.Б  тэр хуралд суугаагүй. Дээш, доошоо гүйж архи уугаад л явсан. Би тэр хурлаас гараад үсээ засуулчихаад харьсан. Аймгийн орлогч дарга Чимгээ, Ганболд 2 надруу утасдаад “хаана байна хүрээд ир” гэхээр нь би асуусан “наана чинь хэн хэн байна” вэ гэхэд Д.Б г байна гэж надад хэлээгүй.  Намайг яваад ороход Д.Б  байсан. Энэ 3 архи уугаад сууж байсан. Д.Б ыг, Эрдэнэбатын өрөөнд агсам тавьж орж ирлээ гэж хэлж байсан. Би та нар архи уух байсан юм бол намайг яах гэж дуудсан юм бэ гэж хэлсэн. Би Д.Б ыг архи уухаараа агсам, галзуу хүн шиг байдгийг мэднэ. Б ы гэр бүлийн хүн Б ыг авах гэж 2 удаа орж ирээд дийлээгүй орхиод гарсан. Б  надтай маргалдах гээд босч ирсэн. Би сууж бай гээд түлхэсэн. Тэгээд Б  гараад явсан. Тэгэхээр нь одоо буцаж орж ирээд агсам тавина гээд Ганболдоор хаалгаа түгжүүлсэн. Тэгээд удаа ч үгүй хаалга нүдсэн. Хаалга онгойлгоход Б  орж ирж байсан. Энэ хүүхдийг орж ирснийг би хараагүй. “Миний аавыг зоддог хэн бэ чи гээд сандал бариад намайг” цохисон. Б  намайг боогоод унагасан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй би ухаан алдсан байсан. Манай жолооч орж ирж намайг салгаж авсан. Би өөрөө түргэн, цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхэд эд нар бүгд зугтаад явсан байсан. Цагдаа 00 цаг 30 минут болж байхад ирсэн. Б нүдний шилийг цагдаа авсан. Б аас цус гарсан бол цус нь энэ тэнд байх ёстой. Б ы цус хаана ч байхгүй. Б ы нүдний шил дээр миний цус байдаг. Цагдаа шөнөжингөө яваад Б , Батцэнгэл, Чимгээ, Ганболд нарыг олоогүй. Манай эхнэр намайг зодуулчихлаа гэхэд шөнө ирсэн. Тэгээд эхнэр Б ыд яваад очиход 2 цагдаа гадаа нь хүлээгээд сууж байсан гэсэн. Манай эхнэр гэрт орж Б ыг чирж гаргаж ирээд цагдаад дээр аваачиж үлээлгэсэн. Би эмнэлэгээр явж эмчилгээ хийлгэсэн. Би эмч найз нарыгаа бараадаад эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Та нар өөрсдөө тэр эмчилгээний зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин өөр эмнэлэгт шинжилгээ өгч эмчилгээний зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн ш дээ. Би та нараас тухай үед өөрийгөө эмчлүүлэх зардлыг л нэхсэн. Танай гэр бүлийн хүн над дээр орж ирсэн. Бид 2 олон жил хамтарч ажилласан. Би Оюунд хэлсэн Б ыг л явуул гэж. Над дээр ирээд эр улсууд шиг ярьсан бол болох л байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр би хэргээ татсан. За ойлгоод ирэх байх гэж бодсон. Чи ирээгүй. Б ы хүүхэд өөрөө эмч хүн байж хүнийг хаяаад явсан. Бүүр байг гэж бодоход яагаад түргэн дуудаагүй юм эмч хүн л юм бол. Би үүн дээр гомдолтой байгаа. Би Б ыг бараг танихгүй мэндийн зөрүүтэй л явдаг. Агсам тавьдагаараа алдартай хүн. Би энэ хүнээс холуур явахыг хичээдэг. Би танай хүүхдийг тэр өдөр харж ч амжаагүй ш дээ. Дараа нь Сонгдо эмнэлэг дээр л харсан. Би төрийн өмчийн хороон дээр сууж байгаад ухаан алдаж унасан. 3 хоног ухаангүй хэвтсэн. Та нар ирээгүй. Та нар хэргээс чөлөөлөгдсөн. Хүү нь 1 жилийн тэнсэн авсан гээд шүүхийн шийдвэр гараагүй байхад энэ талаар яриад явж байсан. Шүүхийн шийдвэр яг тэгж л гарсан. Одоо Япон улсад шинжилгээ өгөхөөр 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр явна. Мөн Энэтхэг явж хагалгаа хийлгэнэ. Чи гадуур Б д 200.000.000 төгрөг өгчихсөн гээд яриад явж байна лээ. Шал худлаа юм гадуур яриад явдаг. Би эрүүл байсан. Чи шал согтуу байсан. Би чамайг дуугүй суу гээд л түлхсэн. Чамайг яагаад намайг ингэж хүүхэдтэйгээ нийлж зодсонг ойлгохгүй байна. Намайг санаатай зодсон гэж ойлгож байгаа. Үнэхээр их харамсаж байна. Маш их гомдолтой байгаа. Хуулийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Цаашид эмчилгээнд гарах бүх зардлыг нэхэмжилж байна гэв.

201606000196 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

   Гэрч Б.Ч өгсөн: ...орлогч даргын өрөө рүү ороход Б.Б  захирлын хоолойг нь иргэдийн хурлын дарга Д.Б  гараараа хүзүүдэж буйдан сандал дээр дарсан байдалтай харин хүү нь гэх залуу нь дээр нь гарчихсан гараагаа толгойн тус газар нь цохиж байсан юм. Тэгээд би Д.Б ы хүүг хойноос биенээс татаж хажуу талын буйдан рүү түлхэж холдуулсан. Тэгээд Д.Б ыг захирлаас салгах гэхэд чи хэн бэ гэж асуухад нь Б.Б ы жолооч нь байна гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд Б.Б ы даргын хоолойг боосон гараа суллахад нь би Д.Б ыг гарнаас нь татаж Б.Б аас салгасан юм. Тэр үед захирал буйдангийн түшлэг дээр нүүр хэсгээрээ доошоо хараад хэвтэж байхаар нь эргүүлж харахад нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон хоолой нь хэржигнэж дуугарч байгаад нэг амьсгаа аваад зүгээр болсон юм. Тэр үед би Д.Б  болон түүний хүүд хандаж “та нар хүн аллаа ш дээ” ямар аймар болгочихсон юм бэ гэж хэлээд цагдаа эмнэлэг дуудъя гэж хэлээд хуулийн зөвлөх Пүрэвдэмбэрэл рүү утсаар яриад болсон явдлын талаар цагдаа эмнэлэг рүү дуудлага өгөөдөх гэж хэлэхэд Д.Б  болон түүний хүү, жолооч гурав гараад явсан. Манай захирал согтууруулах ундаа зүйл хэрэглэдэггүй юм. Б.Б ы нүүр цус болсон, зүүн нүд нь овойж хавдсан, зүүн нүд, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Харин Д.Б ы өмсч явсан хувцасны ханцуй цус болчихсон байсан. Биед нь ил харагдах ямар нэг гэмтэл шарх харагдаагүй. Намайг харж байхад Д.Б ы хүү нь Б.Б ыг гараараа цохисон, ямар нэг эд зүйлээр цохиогүй гэсэн мэдүүлэг /1хх 47 хуудас/,  

        Гэрч А.Г өгсөн: ... 2 Б  хоорондоо үг сөргөлцөөд байсан. Тухайн үед би өрөөнөөс орж гарч байсан учир юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэгээд 2 Б ы дуу нь өндөрсөж чангарахаар нь ойртоод очиход Д.Б ы энгэр нь норчихсон, нүдний шил нь хэмхэрч тахийсан байдалтай газар байхаар нь би газраас нүдний шилийг нь аваад ширээн дээр тавьсан юм. Тэр үед Д.Б  өрөөнөөс гараад явсан юм. Удалгүй Б.Б  өөрийн хүүгийн хамт орж ирсэн. Д.Б ы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орилж орж ирэхэд Д.Б , Б.Б  руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Б ы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан. Тэр үед нь би Д.Б ы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан юм. Тэр үед 2 Б  буйдан сандал дээр ноцолдоод байсан. Д.Б ы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Б ыг зодсон зүйл байхгүй, тэр 3 л барьцалдаж аваад ноцолдсон гэсэн мэдүүлэг /1хх 48 хуудас/,

        Гэрч Б.Б өгсөн: ...орлогч даргын өрөө рүү ороход Д.Б  дарга дээд талын цагаан буйдан сандал дээр суучихсан, дух хэсгээс нь цус гарчихсан түүнийгээ арчаад сууж байсан. Харин А.Ганболд дарга Б.Б ыг хориглочихсон нөгөө талын сандал дээр сууж байсан юм. ...Б  хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдсон юм. Гүйгээд ороход хойноос АЗЗА компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн. Орлогч даргын өрөөнд ороход Ганболд дарга Батцэнгэлийг хориглочихсон /урдуур нь хаасан байдалтай/, Д.Б  дарга Б.Б  даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Б ыг татаж аваад өрөөнөөс гарсан юм гэсэн мэдүүлэг /1хх 52 хуудас/,

       Гэрч Д.Чөгсөн: ...хурал тараад А.Ганболд, Д.Б  нар бүлгийнхэнтэйгээ уулзах гээд манай өрөөнд орж ирсэн. Засаг дарга Эрдэнэбатын өрөөнд манай намын бүлгийнхэн уулзаж байсан. Гэрт зээ маань халуураад, ээжтэйгээ үлдээсэн байсан болохоор гэрлүүгээ санаа зовоод, гэрээс байн байн дуудлага ирээд ирэх болж байна уу гээд залгаад байсан. Гэтэл Б.Б  залгаад өрөөнүүд гэрэлтэй байна та нар наанаа юу хийж байгаа юм бэ гэхэд бүлгийнхэн уулзаж байна гэх мэтээр яриад салгахад гэрээс мөн л дуудлага ирэхээр нь өрөө рүүгээ ороод гэрлүүгээ ярьчихаад өдөр Б.Б  манай өрөөнд дурсгалын зүйл тавьсан байснаа авах гэж байгаа юм болов уу гэж бодоод эргээд залгаад юмаа авах уу? гэхэд танай өрөөнд хэн байгаа юм бэ гэхээр нь ерөнхийдөө тарж байна гээд А.Ганболд, Д.Б  нар байна гэж хэлээд хуушуур идээд сууж байхад Б.Б  орж ирээд хурлын талаар яриад голдоо ширээтэй 2 талын буйдан дээр 2 Б , А.Ганболд бид 2 хурлын ширээний сандлыг татаад сууж байсан, мөн л гэрээс дуудлага ирээд ээжтэйгээ зээгийн халуурсныг, мөн маргааш ажпаа өгч магадгүй гэх мэтээр яриад эргэтэл миний хөлний хажууд нүдний шил унах шиг болохоор нь утсаар ярьж байснаа таслаад шилийг нь аваад юу яав гээд хартал “хурлын” Б ы шил байсан. Б  босоод юм дугарахгүй гараад явсан. Утсаар ярьж байхад маргалдаад байх шиг дуу нь өндөрсөөд байсан юм. Ганболд энд тэнд унасан шилний хагархайг хамаж байсан. Би юу болов гэхэд тэр 2 нэг их юм яриагүй дахиад миний утас дугараад гэрээс дуудаад болдоггүй ээ гээд удаагүй байхад гаднаас Хурлын Б  хүүтэйгээ, жолоочтойгоо орж ирж харагдсан. Хүү нь гэнэт миний аавыг ингэдэг хэн бэ гээд Б  руу хурдтай очихоор нь би “хүүе чи залуу хүн байж юу болж байна” гээд араас нь татсан. Тэгээд утас дуугарч, дуу чимээ ихтэй байсан тул арын өрөө рүү орж ярьчихаад гараад ирэхэд бүгд дээр дээрээсээ бие биенийгээ салгаад байгаа юм шиг байдалтай байсан. Тэгээд харахад цагаан буйдан цус болсон, Б ы нүүр цус болсон харагдсан. Хурлын Б ы духны гол хэсэгт цус гарсан байсан, цус доош их урсаагүй, хөмсөг рүүгээ гоожиж байсан. Б.Б ыг харахад нүүр нь нэлэнхүйдээ цус болсон байсан гэсэн мэдүүлэг /1хх 61 хуудас/,

         Шинжээч эмч Б.У өгсөн: ...С.Чулуунсүх нь манай шүүх эмнэлгийн рентген зураг уншдаг шинжээч эмч байгаа юм. Хувийн эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслээгүй өөрийн шинжээч эмч С.Чулуунсүхийн эмчийн хариуг үндэслэсэн. Мөн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн баруун өвдөгний үений MRI зургийг уншихад баруун шаант ясны дээд буланд ташуу зөрөөгүй хугаралтай гэснийг бас үндэслэсэн. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуучин гэмтэл биш гэсэн мэдүүлэг /2хх 24-25 хуудас/,

         Шинжээч эмч С.Чөгсөн: ...Бүрэлдэхүүнтэй эмч нарын гаргасан 1313 тоот дүгнэлтийн хавтаст хэргийн материалд авагдсан рентгэн КТГ, MRI зургуудийг уншиж хариуг бичиж өгсөн. Дээрхи зургууд дээр баруун шаант ясны дээд булуунд ташуу зөрөөгүй хугаралтай давтан авсан зурагт дээрхи хугарал бороолт эдгэсэн архаг өөрчлөлтөнд орсон байсан. Рентген зургаар дээрхи өөрчлөлтүүд нарийн тодорхойлогдоогүй байж болно. MRI зурагт тод харагдаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны Люкс мед эмнэлгийн MRI зурагны хариуд шаант ясны булуунд субхандрал уйланхайд өөрчлөлттэй гадаргуу мөгөөрс эвдрэл үүссэн гэсэн нь дээрхи өөрчлөлтийг илрүүлэн баталсан байна. Уг хариуг яаж үнэлэх эсэх нь эмчийн туршлага мэдлэгээс хамаарна миний зүгээс дээрхи өөрчлөлтийг гэмтлийн гаралтай үүссэн хугарлын өөрчлөлт гэж үнэлсэн. Тэрнээс уг хариуг хугаралгүй гэж бичээгүй бороололт үүссэн хугарлын өөрчлөлтүүдийг тусгаж бичсэн байсан гэсэн мэдүүлэг /2хх 26-27 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10834 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Б ы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн хананы далд хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 81 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1313 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. ШШҮХ-ийн ШЭШХ-н шинжээч эмч Г.Ханхүүгийн 2016.08.09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10834 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Б ын биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананын хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Б.Б ы биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Зүүн нүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /1хх 84-86 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5042 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан майканд ханзарсан уранхай, уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна гэсэн дүгнэлт / 1хх 136 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7212 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Хохирогч Б.Б ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цэнхар өнгийн богино ханцуйтай босоо захтай футболк, саарал өнгийн даавуун өмдөн дээр цус илрээгүй. 2. Д.Б ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн срочикон цамцан дээр илэрсэн. 3. Дээрх хувцаснууд дээр үрийн шингэн, шүлс зэрэг биологийн гаралтай ул мөр илрээгүй. 4. Д.Б ы хэрэг болох үед өмсөж байсан гэх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн срочкон цамцан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. 5. Уг илэрсэн цус нь Б.Б  гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 146-147 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7215 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн төмөр хүрээтэй хар өнгийн түшлэгтэй сандал дээр цус илрээгүй. 2. Цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн 3 ширхэг сальфетка, 1 ширхэг цагаан өнгийн марль дээр илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтооцоороо нэг эрэгтэй хүний цус байна.  3. Уг илэрсэн цус нь Б.Б ы гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 151-152 хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Б ы хэрэг болох үед зүүж байсан гэх хар өнгийн төмөр хүрээтэй, хуванцар гартай нүдний шилэн дээр илэрсэн. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.  2. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 3. Уг илэрсэн цус нь Б.Б ы гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /хх 166-167 хуудас/,

    Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18, 67-72, 75-76 хуудас, 87, 130-132, 137-138, 142 хуудас/, хохирогч Б.Б ы өвчний түүх /1хх 89-98, 105-113, 119-126 хуудас/, согтуурлын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /1хх 20-22 хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /1хх 39 хуудас/, хохирлын баримт /1хх 217-219, 222-223 хуудас/, хохирол төлсөн баримт /2хх 68 хуудас/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 192, 194 хуудас/, Б.Б сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 175-181 хуудас/, Д.Б ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 182-184, 189-191 хуудас/ зэрэг болно.

    Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

    Шүүгдэгч Д.Б ыг Б.Б бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд Б.Б ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б ы үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байна гэж дүгнэлээ.

         Учир нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч Б.Б  “...Д.Б  агсам тавиад босч ирэхэд нь түлэхээд суулгасан. Тэгээд Д.Б  гараад явсан. Тэгтэл удаагүй. Эргээд хүүхэдтэйгээ орж ирээд намайг зодсон. Д.Б  намайг боож унагаасан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй би ухаан алдсан байсан. ...тэр үед Б ы хүү гэх залуу нь нанад хандаж “чи муу миний аавтай маргалддаг хэн бэ ална чамайг гээд” ширээ дагуу байрлаж байсан хан өнгийн сандал аваад миний толгойн тус газар цохих шед нь би гараараа хаагаад буйдан сандал дээр хойшоо унасан. Тэр үед Д.Б  надруу дайраад гараараа хүзүүдэж дараад хоолой боосон. ...Д.Б  орж ирээд миний өмнө зогсохоор нь за агсам тавих нь дээ гэж байтал энэ залуу цаана байсан сандал аваад цохьчихсон” гэж мэдүүлж байх боловч дээрхи мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Г “...2 Б ы дуу нь өндөрсөж чангарахаар нь ойртоод очиход Д.Б ы энгэр нь норчихсон, нүдний шил нь хэмхэрч тахийсан байдалтай газар байхаар нь би газраас нүдний шилийг нь аваад ширээн дээр тавьсан юм. Тэр үед Д.Б  өрөөнөөс гараад явсан юм. Удалгүй Б.Б  өөрийн хүүгийн хамт орж ирсэн. Д.Б ы хүү нь “миний аавыг юу болгочиховоо, яачихаваа” гээд орилж орж ирэхэд Д.Б , Б.Б  руу очиж барьцалдаж авах үед хажуу талаас нь Д.Б ы хүү очоод зууралдаж ноцолдоод байсан. Тэр үед нь би Д.Б ы хүүг барьж аваад буйдан дээр тэвэрч аваад суусан юм. Тэр үед 2 Б  буйдан сандал дээр ноцолдоод байсан. Д.Б ы хүү ямар нэгэн эд зүйл барьж Б.Б ыг зодсон зүйл байхгүй” гэсэн /1хх 48 хуудас/, гэрч Б.Баттулгын “...Б  хүүгийнхээ хамт өрөөнөөс гараад явахад доошоо буугаад явж байна гэж бодоод хаалгаа түгжээд гарахад орлогч даргын өрөөнд бөөн дуу сонсогдсон юм. Гүйгээд ороход хойноос АЗЗА компанийн даргын жолооч болон тамгын газрын жижүүр орж ирсэн. Орлогч даргын өрөөнд ороход Ганболд дарга Батцэнгэлийг хориглочихсон /урдуур нь хаасан байдалтай/, Д.Б  дарга Б.Б  даргыг хүзүүдэж дээрээс нь буйдан дээр дарсан байдалтай байхаар нь би очоод Д.Б ыг татаж аваад өрөөнөөс гарсан юм” гэсэн /1хх 52 хуудас/, гэрч Д.Чимгээгийн “...миний хөлний хажууд нүдний шил унах шиг болохоор нь утсаар ярьж байснаа таслаад шилийг нь аваад юу яав гээд хартал “хурлын” Б ы шил байсан. Б  босоод юм дуугарахгүй гараад явсан. Утсаар ярьж байхад маргалдаад байх шиг дуу нь өндөрсөөд байсан юм. Ганболд энд тэнд унасан шилний хагархайг хамаж байсан. Би юу болов гэхэд тэр 2 нэг их юм яриагүй дахиад миний утас дуугараад гэрээс дуудаад болдоггүй ээ гээд удаагүй байхад гаднаас Хурлын Б  хүүтэйгээ, жолоочтойгоо орж ирж харагдсан. Хүү нь гэнэт миний аавыг ингэдэг хэн бэ гээд Б  руу хурдтай очихоор нь би “хүүе чи залуу хүн байж юу болж байна” гээд араас нь татсан. Тэгээд утас дуугарч, дуу чимээ ихтэй байсан тул арын өрөө рүү орж ярьчихаад гараад ирэхэд бүгд дээр дээрээсээ бие биенийгээ салгаад байгаа юм шиг байдалтай байсан” гэсэн /1хх 61 хуудас/ мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

        Харин шүүгдэгч Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Булган аймгийн Засаг Даргын Тамгын газрын байрны 210 тоот өрөөнд Б.Б ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Батцэнгэлийн “...өрөөндөө жолоочийн хамт цусаа арчаад сууж байсан. Тэгээд би тэр хүнтэй чинь уулзъя гээд гарсан. Аав араас гарсан. Доошоо буугаад өрөө рүү аав эхэлж орсон. Би араас нь ороод аавыг хэн ингэсэн бэ гэхэд Б.Б  ах би тэгсэн гэсэн. Уг нь аав нүдний шилээ авах гэж орсон. Нүдний шилээ асуухад авахгүй юу гээд босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь цохисон” гэсэн, хохирогчийн “...Б орж ирээд алаад өгнө өө л гээд цохисон. Би энэ залууг зодоон болоход харж амжаагүй. Харж амжилгүй зодуулсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Ганболд /1хх 48 хуудас/, гэрч Д.Чимгээ /1хх 61 хуудас/, шинжээч эмч Б.Ундармаа /2хх 24-25 хуудас/, С.Чулуунсүх /2хх 26-27 хуудас/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананын хугарал, зүүн нүдний алимны суулт, зүүн нүдний нулимсны суваг, нулимсны замын бөглөрөл, зүүн дээд зовхинд цус хуралт, шарх, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 10834, 1313 тоот дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-18, 67-72, 75-76 хуудас, 87, 130-132, 137-138, 142 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ...Надад Б  ахын хөл, гарыг дэвсэж, сандалаар цохиж зодсон санаатай үйлдэл байгаагүй гэж мэдүүлж хэдий ч шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм.

   Хохирогчид учирсан баруун шаант ясны гадна булууны өвдөгний үе дайрсан далд хугарал гэмтэл нь шүүгдэгч Б.Батцэнгэлийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Б ыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, түүнд ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 

    Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

   Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 2 дах хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ гэсэн байх тул шүүгдэгч Б.Б холбогдох бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

   Иймээс түүнийг эрүүгийн харуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд 10.241.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар Медипас эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, Люксмед эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 802.750 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 470.000 төгрөг, Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, Медипас эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, Люксмед эмнэлэг рентген 300.000 төгрөг, Сонгдо эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс 1.672.000 төгрөг, нийт 7.930.656 төгрөгний баримтуудыг ирүүлсэн байна.

  Дээрх нотлох баримтуудаас үзвэл Медипас эмнэлэг толгойн СТ 192.000 төгрөг, Улсын 3-р эмнэлэг нүдний 48.272 төгрөг, Люксмед эмнэлэг рентген оношлогоо 50.000 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 802.750 төгрөг, Сонгдо эмнэлэг MRI 470.000 төгрөг, Медипас эмнэлэг толгойн СТ, шинжилгээ 192.000 төгрөг, Люксмед эмнэлэг рентген 300.000 төгрөг, Сонгдо эмнэлэг үзлэг эмчилгээ, ор хоног, шинжилгээ 1.212.634 төгрөг, шатахууны зардалд /мөнгө тушаасан тасалбараар/ нийт 1.803.400 төгрөг, Бээжин цэргийн ерөнхий эмнэлгийн үзлэг, унааны зардал, буудлын хөлс нийт 1.672.000 төгрөг, нийт 6.743.056 төгрөгний баримт нь шаардлага хангасан нотлох баримт гэж үндэслэлтэй байна.

   Харин юуны төлбөр болох нь тодорхойгүй Төрийн банк худалдан авалт 199.200 төгрөг, ХХ банк 170.000 төгрөг, 50.000 төгрөгний баримтуудыг, мөн хавтаст хэргийн 232-234 дугаар талд авагдсан Шунхлай 10.000 төгрөг гэсэн баримтуудыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

   Гэвч шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн 10.241.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан байх тул энэ удаад хохирогчид учирсан гэм хорын хохирлыг арилгасан байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  нь эмчилгээний зардал 1.950.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг нийт 3.950.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт 3.950.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлнө гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   Эд мөрийн баримтын хувьд хэрэгт цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Б д олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль /1хх 39 хуудас/ зэргийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч 2016 оны 10 сарын 27-ны өдөр хэрэгт хавсаргах тогтоол үйлдсэн байна.

    Мөрдөн байцаагч дээрхи эд мөрийн баримтыг хохирогч талаас хурааж авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд прокурор яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралд өөрийн биеэр авч очихоо илэрхийлсэн байсан боловч шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчид өгч явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

   Өөрөөр хэлбэл хохирогч болон гэрч нь эд мөрийн баримтыг хэргийн газраас хурааж авах субъект биш бөгөөд эд мөрийн баримтыг хураах, бэхжүүлэх, хадгалах, шилжүүлэх журмыг зөрчсөн байх тул дээрхи эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Б д олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:      

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 98.1 болгон хөнгөрүүлж, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Д овогт Б ы Б бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ялаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 3.950.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн богино ханцуйтай цамц, саарал өнгийн давуун өмдийг хохирогч Б.Б д олгож, цагаан өнгийн футболк, нүдний шил, хар өнгийн сандал, 3 ширхэг сальфетка, марль зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 10.241.000 төгрөг төлсөн, болохыг тус тус  дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН