| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01104/И |
| Дугаар | 317/ШШ2025/01210 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/01210
2025 08 21 317/ШШ2025/01210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.А ы нэхэмжлэлтэй,
Хүсэлтийн шаардлага: Иргэн С.И г нас барсан гэж зарлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.А , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.А нь иргэн С.И г нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч С.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний ээж Б. И нь 2022 оны 06 сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Сүүж уул гэх нэртэй газраас халиар түүнэ гэж гэрээс гараад эргэн ирээгүй. 2022 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, мөн сумын онцгой комисс, ар гэрийнхэн болон сумын ард иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 6 хоногийн турш хайсан боловч олдоогүй. Ээжийн минь халиар түүхээр явсан Сүүж уул битүү ой модоор хүрээлэгдсэн, зэрлэг ан амьтан ихтэй, хүний амь насанл аюултай газар байсан. Тухайн үед ээж 79 настай байсан, одоо байсан бол 83 настай байх байсан. Ийм өндөр настай хүн 3 жилийн хугацаанд амьд байх боломжгүй гэж үр хүүхэд бид нар үзэж байгаа тул миний ээж Б.И г нас барсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
3. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
3.1. Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, С.А ы иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн тодорхойлолт, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 16-ны өдрийн 05/72 дугаартай албан бичиг, Б.И гийн алга болсон тухай бүртгэлийн хуудас, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 27/698 дугаартай албан бичиг, хавсралт зэргийг нотлох баримтын шаардлага ханган нотлох баримтаар гаргаж өгсөн.
3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Түмэн-Өлзий, С.Батсайхан нарыг гэрчээр асууж тэмдэглэлийг бэхжүүлж, Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 47/021-4903 тоот албан бичиг, хавсралт, Төв аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн 430 дугаартай тодорхойлолт, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 27/817 дугаартай албан бичгийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Базарын И нь 1942 оны оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн нь бөгөөд Төв аймгийн Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2-р багт хүүгийн хамт оршин суудаг, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт байрлах Сүүж нэртэй ууланд халиар түүхээр яваад эргэн ирээгүй болох нь хэрэгт авагдсан Төв аймгийн Баянчандмант сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг, Төв аймгийн Баянчандмант сумын 2-р багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн албан бичиг, Оршин суугаа газраасаа алга болсон хүний бүртгэл, Б.И гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч С.Түмэн-Өлзий, С.Баярсайхан нарын мэдүүлэг, Төв аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
3. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно гэжээ.
4. Иймд иргэн Б.И нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр оршин суугаа газраасаа алга болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байх ба хуульд заасан 5 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.А ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч С.А ы хүсэлттэй Базарын И г нас барсан гэж зарлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.А ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина