Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/914

 

 

 

 

 

 

  2024               08            13                                         2024/ДШМ/914

 

 

Э.Э, Э.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Г,

цагаатгагдсан этгээд Э.У-ын өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/681 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.Э, Э.У нарт холбогдох ................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим ...... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... дугаар хашааны гадна иргэн Э.У-ыг гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь алгадаж, цохиж зодон хөлөн тус газар өшиглөж, хохирогчийг ТҮЦ-рүү зугтаж ороход нь дахин нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, дух, зүүн хөмсөг, зүүн тохойнд зулгаралт, зүүн зовхи, баруун завж, баруун сарвуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.У нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим ...... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр ...... дугаар хашааны гадна Э.Э-ыг хашаа руу шээлээ, эгчийг маань цохиж зодлоо гэж хоорондоо маргалдан түүний нуруу руу хөлөөрөө өшиглөж газар унагасны улмаас эрүүл мэндэд “зүүн өвдөгний гадна хажуу холбоос ташуу сэмэрсэн урагдал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.У-ыг хохирогч Э.Э-ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.У-ыг цагаатгаж, шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э-т сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-оос 5.634.560 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.У-т олгож, хохирогч Э.Э-ын нэхэмжлэлийг хэлэлцээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Э.У нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршиг, цаашид гаргах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэг болсон өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Би эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх 2 өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.У-ын өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.У нь Э.Э-ын биед халдсан талаар тухайн үед байсан гэрч, хохирогч нар мэдүүлдэг. Гэвч шинжээчийн дүгнэлт хэзээ хойно гарсан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг прокуророос хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох бусад үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед ......... дүүргийн 19 дүгээр хороо, ........ дугаар хашааны гадна иргэн Э.У-ыг гар утсаараа бичлэг хийсэн гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь алгадаж, цохиж зодон хөлөн тус газар өшиглөж, хохирогчийг ТҮЦ-рүү зугтаж ороход нь дахин нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, дух, зүүн хөмсөг, зүүн тохойнд зулгаралт, зүүн зовхи, баруун завж, баруун сарвуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.У-ын “...Эгч маань гэрээсээ гараад үл таних 30 орчим насны 2 эрэгтэй хүнд хандаж хүүхэд тоглодог газар шээдэг нь яаж байгаа юм гэсэн. Тэгэхэд тэр хоёр залуугийн арай намхан нь эгчид хандаж маргааш ирж баана гэж хэлж байсан. Би эгчийнхээ гэрээс гарч ирэхдээ өөрийн гар утсан дээр бичлэг хийсэн. Бичлэг хийж байх хугацаанд манай эгчийн байрны гаднах хашаанд шээсэн залуугийн хамт явж байсан арай өндөр залуу нь манай эгчийг баруун гараар нэг удаа зүүн шанаа руу хүчтэй цохисон. Тэр үед миний гартаа барьсан байсан гар утас эгчид цохигдоод газар унасан. Би гар утсаа газраас аваад өөрийн гадуур хувцасны халаасанд хийсэн. Тэр хооронд эгчийг маань цохисон залуу над руу дайраад гадуур хувцас оролцуулан заамдсан. Тэр залуу миний хоёр хацар орчим баруун гараараа 2-3 удаа алгадсан, 2-3 удаа гараа атгаж цохисон, 2-3 удаа баруун хөл рүү зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн манай эгч миний урдуур орж намайг арагшаа татаад хойшлуулсан. Манай эгчийн гэрийн хажууд Түргэн үйлчилгээний цэг байдаг бөгөөд тухайн газрыг ажиллуулдаг настай эгч намайг өөрийн ТҮЦ-рүү авч орсон. Тэр хооронд манай эгч нөгөө залуутай маргалдаж барьцалдаад үлдсэн. Тэгсэн манай эгчийн хашаанд шээсэн залуу намайг гар утсаараа бичлэг хийх үед цааш явчихаад намайг ТҮЦ-д орох үед цаанаас гарч ирсэн. Би ТҮЦ-д хамраас гарсан цусаа арчаад байж байхад нөгөө хоёр залуу өндөр нь ТҮЦ-ийн хаалга татаад орж ирэх гэж дайраад байсан. Харин нөгөө намхан залуу буюу эгчийн хашаанд шээсэн залуу ТҮЦ-ний цонхоор “чи наанаа нуугдаж чадахгүй. Би чамайг ална аа гэж орилоод байсан. Тэгээд тэр хоёр залуу хоёулаа ТҮЦ-д ороод ирсэн. Нөгөө өндөр залуу нь миний нүүр хэсэгт гараараа цохичихсон. Тэгээд би нүүрээ дараад тонгойсон. Тэр үед намайг тэр хоёр залуу хоёулаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, өвдөглөж зодсон. Намайг зодож байхад эгчийн гэрийн хажууд байрлалтай цайны газар ажиллуулдаг ах тэр хоёр залууг болиулж надаас салгасан. Тэгээд манай эгч нь намайг ТҮЦ-ээс аваад өөрийн гэр рүү оруулах гэж хашаандаа орсон. Манай эгч хашааны хаалгыг хаачихаад нөгөө хоёр залууг оруулахгүй гэхэд нэгнээсээ арай намхан залуу нь хашааны завсраар эгчийн нүүр орчим нь цохисон. Нөгөө өндөр залуу нь хашаа давж орж ирсэн. Намайг зодуулж байхад тэр хавьд байсан хүмүүс цагдаад дуудсан байсан. Би зодуулчихаад нөгөө хоёр залууг явсны дараагаар өөрийн нүдний шил маань байхгүй болчихсон байхаар нь хайж байгаад олсон. ...Би урд өмнө нь ямар нэгэн байдлаар хүнд зодуулж үзээгүй учраас сэтгэл санааны хувьд хэцүү байна. ...” /1хх 7, 9-10/,

гэрч Т.Н-ийн “...Би яг дүүгийнхээ урд зогсож байсан болохоор нөгөө залууг цаашаа яв гээд түлхсэн чинь миний нүүр рүү цохиод унагаасан. Мөн манай дүүгийн гар утас миний хажууд унасан. Ер нь бол намайг нэлээн хүчтэй цохисон. Би газар уначихаад босож чадахгүй байж байтал дүү гар утсаа газраас аваад намайг татаж босгосон. Э.Э буюу өндөр нуруутай залуу манай дүүгийн нүүрэн тус газарт нь нэлээд хүчтэй гараараа цохиод газар унагаасан. Би дүүгээ татаж босгоод нүүрийг нь харахад нүдний шил нь байхгүй байсан. Э.Э гэх залуу нь дахиад бид хоёрыг зодох гээд дайраад байхаар нь оюутан дүүгээ хамгаалаад урдуур нь ороод Э.Э-той барьцалдаж аваад зууралдаад нэгнийгээ түлхэлцээд байж байтал Э.Э намайг цохиод, үснээс татаж зулгаасан. Манай дүү миний ард зогсож байгаад намайг хамгаалах, Э.Э-ыг надаас холдуулах зорилгоор түүний хэвлий орчимд нь хөлөөрөө түлхэх үйлдэл хийх үед Э.Э нь яг миний урд зогсож байсан газраа бөгсөөрөө хоёр гараа тулаад унасан. Босож ирээд дүү бид хоёр руу улам дайраад байсан. ...” /1хх 212- 213/,

гэрч А.Б-ийн “...2023 оны 10 дугаар сарын 22-ны оройн 18 цагаас 19 цагийн хооронд манай ТҮЦ-ийн хажууд хүмүүс орилолдоод зодоон болоод байсан. Би ТҮЦ-ээс гараад харахад ..... дугаар байранд амьдардаг 30 орчим насны эмэгтэйг эрэгтэй дүүгийнх нь хамт үл таних 30-40 орчим насны хоёр залуу зодоод байсан. Би тэр 30 орчим насны эмэгтэйн дүү нь болох нүдний шилтэй 20-25 орчим настай хүүхдийг зодуулаад байхаар нь өөрийн ТҮЦ-нд оруулж ирсэн. Тэгсэн тэр хоёр залуугийн арай өндөр залуу нь тэр нүдний шилтэй 20-25 орчим настай залууг манай ТҮЦ-д байхад нь орж ирээд толгой, хөл орчим руу нь цохиод зодоод унасан. Би салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Тэгсэн манай хажуу талын цайны газрыг залуу орж ирж 20-25 орчим насны залууг зодоод байсан залууг салгаад манай ТҮЦ-ээс гаргасан. Миний дээр мэдүүлсэн эмэгтэй тэр хоёр залуу бас үсдээд газар чирээд байсан. Ийм л зүйл болсон. ...Манай ТҮЦ-ний урд хашааны эмэгтэйг үл таних халамцуу өндөр биерхүү залуу зодоод байсан. Хажууд нь уг эмэгтэйн дүү нь буюу нүдний шилтэй 20 гаран насны залуу эгчийгээ өмөөрөөд өндөр залуу руу дайраад хөл, гараа сарвалзуулаад үл таних залууг дийлэхгүй өөрөө цохиулаад байсан. Би яг хаана нь яаж цохисныг бол сайн хараагүй. Тэгээд нөгөө эмэгтэй, дүүтэйгээ хашаа руугаа гүйж ороод хаалгаа хаасан. Өндөр биерхүү залуу дээр дахиад нэг арай намхан махлаг биетэй залуу хүрээд ирчихсэн хоёр үл таних эрэгтэй хашааны хаалгыг нь түлхэж ороод хашаан дотор нь манай урд айлын эмэгтэйн үснээс нь зуураад зодоод байх шиг байсан. Тэгсэн дахиад нэг эмэгтэй ирчихсэн болиулах гээд яваад байсан. ...намайг харахаас өмнө болсон асуудпыг би мэдэхгүй. Намайг ТҮЦ-ээс гараад харсан үеэс хойш үл таних өндөр биерхүү залуу нь газар ёстой унаагүй. ...” /1хх 27, 209-210/,

гэрч Л.Э-ны “...2023.10.22-ны оройн 18 цагийн орчимд ажил дээрээ байхад 33 орчим насны хоёр залуу 2-58 дугаар байранд оршин суудаг, зүс мэдэх 30 орчим насны эмэгтэй 18-20 орчим насны эрэгтэй дүүгийн хамтаар зодоод байсан. Тэр хүмүүс анх намайг цайны газартаа байхад хэрэлдээд байсан. Би ямар шалтгааны улмаас маргалдсаныг мэдэхгүй. 18-20 орчим насны эрэгтэй нь тэр 33 орчим насны хоёр залуугийн өндрийг нь өшиглөж харагдаж байсан. Харин намхан залуу нь болсон асуудлаас хол зогсоод байсан. Миний дээр мэдүүлсэн өндөр эрэгтэй залуу нь 18-20 орчим насны залууг бас цохиж харагдсан. Тэгээд хүмүүс салгахааргүй харагдаад байхаар нь очиж салгасан. Би тэр 33 орчим насны залууг манай хажууд байдаг ТҮЦ-д байхад нь 18-20 орчим насны залуугаас холдуулж салгасан. Яг хэн нь хаана цохиод байсныг тодорхой сайн хараагүй. Тэгээд би тэр 2 залууг одоо боль явцгаа гэж хэлээд явуулсан. Ийм л зүйл болсон. ...” /1хх 30-31/,

шинжээч эмч Д.Д-ийн “...Иргэн Э.У-ын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Э.У-ын биед үүссэн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Э.У-ын биед үүссэн хамрын таславчийн мурийлт, хамар ясны хугарал, хамрын нуруунд үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь өөр үйлчлэлээр үүсэх боломжгүй. ...” /1хх 60-61/ гэх мэдүүлгүүд,

“...Э.У-рын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, дух, зүүн хөмсөг, зүүн тохойнд зулгаралт, зүүн зовхи, баруун завж, баруун сарвуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 13505 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 34-35/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 54-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 93-96/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 105-110, 111-116/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Э.Э-ыг хохирогч Э.У-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Э “...520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохиролд 4.950.000 төгрөгийн хохирол гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Э.Э-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор 520 цагийн хугацаагаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Э, М.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оройн 18 цагийн орчим ...... дүүргийн ....дүгээр хороо ..... дугаар байрны хашаанд М.М нь бие зассанаас болж тухайн .... дугаар байрны ... тоотод амьдардаг Т.Н, түүний дүү Э.У нартай маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Э.Э-ын биед учирсан гэмтлийн талаарх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13651, 2023 оны 11 дүгээр сарын 1127 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогч Э.У нь Э.Э-ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байна.

Э.У-ын үйлдэлд гэмт хэргийн шинж, тодруулбал тэрээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэсэн гэмт санаа буюу субъектив шинж үгүйсгэгдэж байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэргийн материалыг судлахад, 1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар талд гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирлын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийг тогтоож, түүнд танилцуулахад тэрээр “хүлээн зөвшөөрч байна” гэж гарын үсэг зурсан нь:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж, 2.4-т “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.” гэж тус тус заасанд нийцсэн бөгөөд хохирогч Э.У-ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.950.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Э.Э-ын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/681 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ