| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0505/З |
| Дугаар | 128/ШШ2025/0887 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Л******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б******* /ШТЭҮД:0/,
Хариуцагч: Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н,
Хариуцагч Ц.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үндэсний аудитын газрын Тамгын газрын хуульч, шинжээч В.О,
Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитын менежер С.Н,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын ахлах аудитор Б.Э,
Хариуцагч Ю******* ХХК-ийн захирал М.
Хариуцагч Ю******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ахлах аудитор Б.Т******* нарын хооронд үүссэн, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/АО150458 СНГАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч Ч.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, В.О, хариуцагч Ю******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Нэхэмжлэгч С******* овогтой Л******* нь 2004 онд Ш******* ТӨХК-д Дугуй ачигчийн оператороор ажилд орж ажиллаж эхэлсэн. 2023 онд тус уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилтнуудынхаа итгэлийг хүлээж сонгогдсон, 2025 онд үр бүтээлтэй ажилласан учир 2,357,201 төгрөгийн үр дүнгийн шагналт цалин олгосон. 2025 оны 03 сарын 14-ний өдөр Үндэсний аудитын газраас төлбөр барагдуулах тухай дугаартай актаар компанийн ажилтан бус, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад 2,357,201 төгрөгийн үр дүнгийн шагналт цалин олгосон нь буруу гэж дүгнэсэн 146/A0150458 СНГАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн актыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж заасныг харгалзан үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дах хэсэгт Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно гэж заасныг зөрчин Үндэсний аудитын газар нь Ш******* ТӨХК болон тус уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, сонгуульт ажилтан нарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасныг зөрчин үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээр нь ялгаварлан гадуурхаж ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамрагдах эрхийг хязгаарласанд гомдолтой байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.3 дугаар заалтуудад хуулиар зөвшөөрснөөс бусад тэтгэмж, шагнал, урамшууллыг санхүүжүүлэхгүй байхыг эрх бүхий субьектүүдэд үүрэг болгосон байх бөгөөд хамтын хэлэлцээр, гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн тул тус хэлэлцээр, гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах нь эдгээр хуулиудыг зөрчсөнд хамаарахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу Үндэсний аудитын газрын санхүү, нийцлийн аудитынн газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, аудитын менежер С.Н, гэрээгээр гүйцэтгэгч Ю******* ХХК-ийн захирал М. нарын гаргасан 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/A0150458 СНГАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3 дуаар зүйлд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан. Тус хуулийн 2.3.5-д зааснаар хамтын гэрээ гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2.4-д Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Тус эрх зүйн баримт бичгийг үндэслэж хамтын гэрээ буюу хамтын хэлэлцээр баталсан. Ш******* нь геологи, уул уурхайн гишүүнчлэл буюу гишүүн байгууллага байгаа. Гол салбар нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын гэрээг зайлшгүй нийт ажилчдын сонгуульт албан тушаалтан байна гэдэг нь харагдаж байгаа. Уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарын хамтын хэлэлцээрийн 2.3-д салбарын төрийн байгууллага болон салбарын аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байсан хугацааг тус салбарт ажилласанд тооцно. Орон тооны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт нэгэн адил хамаарах бөгөөд тухайн аж ахуй нэгж байгууллагаас сар бүр үр дүнгийн урамшуулал олгох гэж заасан байгаа. Хууль ёсны буюу үндэслэлтэйгээр Ш******* ХК-ийн олгосныг Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж акт тогтоосон нь үндэслэлгүй. Харин Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж байгаа бол Үндэсний аудитын гэрээт байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 30 гаруй сая төгрөгөөр хийсэн. Төрийн байгууллага хэмнэж байгаа бол шалгах үүргийн дагуу шалгах ёстой. Дахин төрийн аудитын байгууллага гаргаж 30 гаруй сая төгрөг гаргаж төрөөс зардал гаргаж байгаа. Төрийн хэмнэлтийг хэн нь зөрчиж байгаа вэ? Иймд хууль зүйн үндэслэлгүй учир тус актыг хүчингүй болгож өгнө үү гэх өмнөх хууль зүйн тайлбар дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг үндэслэж тайлбар хэлж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл.
Хариуцагч Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Нээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ, 8.4-т Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этээдээр гүйцэтгүүлж болно гэж тус тус заасан. Хуульд заасан дээрх үндэслэлийн хүрээнд Үндэсний аудитын газартай байгуулсан санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ю******* ХХК-иас Ш******* ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Тус аудитаар Ш******* ХХК-аас хамтын гэрээ, дотоод журамд заасан үндэслэлээр тус компанийн бүтэц, орон тоонд хамаардаггүй ажилтан буюу Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад 2,357,201.00 төгрөгийн үр дүнгийн шагналт цалин олгосон зөрчил илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугара зүйлийн 15.1.3-т Хууль тогтоомжид зааснаар өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т үнэн зөв байх, 20 дугаар зүйлийн 20.1.4-т хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж тус тус заасантай нийцэхгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж заасныг үндэслэл болгож хамтын гэрээнд заасан гэх нэрийдлээр өөрсдөд ашигтай байдлаар, дур зоргоор цалин, урамшуулал, шагнал олгох, хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж нэмэгдэл цалин, урамшуулалд олгосон төлбөрийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төлбөрийг актыг тогтоосон бөгөөд энэ нь нэхэмжлэгч С.Л*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. С.Л******* нь нэхэмжлэлдээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-т аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад урчуулахыг хориглоно гэж заасныг зөрчин Үндэсний аудитын газар нь Ш******* ХК-ийн болон тус уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга сонгуульт ажилтан нарын хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан гэжээ. Дээрх зөрчил нь Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу Ш******* ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж, орон тоо цалингийн олголтод холбогдох горим сорил хэрэгжүүлсний үндсэн дээр илэрсэн зөрчил бөгөөд санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор тогтоосон төлбөрийн акт юм. Иймд тус зөрчилд холбогдох төлбөрийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/А0150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагч Ю******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******ээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Ш******* ХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь Ш******* ХК-ийн үндсэн ажилтан биш, Ш******* ХК-аас цалинждаггүй Үйлдвэрчний эвлэлийн хорооноосоо цалинждаг хүн. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь статусаараа төрийн бус байгууллага бөгөөд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж заасан. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч С.Л******* нь ҮЭХ гэх ТББ-ын ажилтан дарга бөгөөд Ш******* ХК-ийн ажилтны эрх эдэлж үүрэг хүлээдэггүй субъект юм. Тус Үйлдвэрчний хороо нь Ш******* ХК-ийн ажилчдын цалингаас сар бүр 1 хувийн татвар авч санхүүждэг ба 2024 онд 200.9 сая төгрөгийн татвар хураан авч үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн байна. Уг орлогоосоо дарга нь цалинждаг. Тиймээс Ш******* ХК-ийн дотооддоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудад шагнал урамшуулал олгох журам нь өөр байгууллагын ажилтанд, ҮЭХ-ны даргад хамаарч үйлчлэхгүй юм. Ш******* ХК-д ажилладаггүй, компанийн ажилтан бус, өөр хуулийн этгээд /ҮЭХ/-ийн даргад шагналт цалин олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн ба төлбөрийн актад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлийг хориглоно, 15.1.3. хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал урамшуулал олгох гэж заасныг шууд зөрчсөн. Түүнчлэн Ш******* ХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаандаа мөрддөг гол хуулиуд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Ашигт малтмалын тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд юм. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан ажилтанд цалин олгох бөгөөд Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Энэ нь хууль төсвийн байгууллага, түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.3. батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5. батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасан байна. Ш******* ХК-ийн батлагдсан орон тоонд Үйлдвэрчний эвлэлийн дарга гэсэн орон тоо байхгүй.
Ш******* ХК нь төрийн өмчит хувьцаат компани ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-д Төрийн өөрийн өмчийг зориулалт бусаар захиран зарцуулах, нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах, хандив, тусламж, түүнтэй адилтгах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох бөгөөд энэхүү хориглолтыг зөрчсөн эрх бүхий этгээдийг албан тушаалаас чөлөөлж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан. Ш******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/72 дугаар тушаалаар батлагдсан Ажилтнуудад шагнал урамшуулал олгох журам-ын Хоёр хамрах хүрээ хэсгийн 2.1-д Компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа үндсэн ажилтнуудад энэхүү журам хамаарна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл компаниас олгох урамшуулал нь үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, ажиллагсдын идэвхи санаачилгыг хөхүүлэн дэмжих зорилготой бөгөөд зөвхөн үндсэн ажилтанд хамаарах, гадны байгууллагын хүн бүү хэл тус компанид гэрээгээр ажиллагсдад ч хамаарахгүй. Уг журмын долоо шагнал урамшуулал олгох хувь хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд хэсгийн 7.6.2 Жилийн үр дүнгийн шагналыг ажилтны тухайн жилийн ажилласан цаг, хөдөлмөрийн нөхцлөөс хамааруулан доорх хувиар олгоно гээд хэвийн, хэвийн бус 2 нөхцлөөр 0-100 хувиар олгохоор тусгасан байна. Үйлдвэрчний хорооны дарга нь Ш******* ХК-д цагаа бүртгүүлдэггүй, тус компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, зөвхөн үйлдвэрчний хорооны гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын дарга тул компанийн цалингийн сангаас шагналт цалин олгосон нь хууль зөрчсөн гэж үзэж урамшуулал олгох үндэслэл байхгүй гэжээ.
3.3. Хариуцагч Ц.Н, С.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар энэ хуульд заасны санхүүгийн тайланг аудит хийх чиг үүргийг аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно гэж хуульчилж өгсөн бүрэн эрхийн хүрээнд аудит хийж гүйцэтгүүлсэн. Хуульд заасан үндэслэлийн хүрээнд Үндэсний аудитын газартай байгуулсан санхүүгийн аудитын тайлан, аудитын гэрээний дагуу Голден пэйж аудитаар гүйцэтгүүлсэн. Тус аудитаар Ш******* ХК-ийн хамтын гэрээ, дотоод журамд заасны дагуу үндэслэлээр тус компани нь орон тоонд хамааралгүй ажилтан буюу Үйлдвэрчний эвлэлийн даргад шагнал, урамшуулал олгосон байна. Энэ нь бүтэц орон тоонд хамааралгүй төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн асуудал гарсан. Ш******* ХК нь 75 хувийн оролцоотой төрийн өмчит компани байгаа. Иймд Төрийн өмчит компани жилийн төсөв, төлөвлөгөөг тухай бүрт нь батлуулж түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн өмчит компани нь 100 хувь хамаарах болно. Мөн төсөв, төлөвлөгөөний дагуу зарцуулалт гаргаж байх ёстой гэв.
3.4.Хариуцагч Ю******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******ээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: С.Л******* нь Ш******* ХК-ийн ажиллагсадтай эвлэлдэн нийлж байгуулсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны дарга. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалинждаг. Гишүүдийн татвараар цалинждаг. Тус хүн нь 2024 онд Ш******* ХК-д ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалинждаг байхдаа 2,357,201 төгрөгийн шагнал цалин авсан нь хууль зөрчиж байна. Үүн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг заалтыг тавьсан. Түүнд хуулиас гадуур шагнал, тэтгэмж, урамшуулал олгохыг хориглох заалт байдаг. Үр дүнгийн шагнал нь Ш******* ХК-ийн цалингийн бүрэлдэхүүн хэсэг. Цалин олгож байгаа нь хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр тавьсан. Нэхэмжлэгч талаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтыг барьсан гэж хэлж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд хамаарах бүх үйлдлүүдийг оруулж заасан байгаа. Холбогдох хууль, дүрэм зөрчиж шагнал цалин, урамшуулал, тэтгэмж олгохгүй гэсэн заалт байгаа. Хуулийн заалтыг бүгдийг нь тавих ёстой бол олон заалт орох байсан. Тайлбар дээрээ дурдаж хэлсэн. Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч иргэн С.Л******* нь Ш******* ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ХАБ ээлжийн инженерээр ажиллаж байсан ба Ш******* төрийн өмчит хувьцаат компанийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны Бүх гишүүдийн хурлын №3 дугаартай тогтоол ёсоор нийт 415 гишүүн оролцсон хуралдаанаас 100%-ийн саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллажээ.
3. Ш******* төрийн өмчит хувьцаат компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь улсын бүртгэлийн 3274327005 дугаар, регистрийн 1066773 дугаартайгаар, гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага статустайгаар, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хамгийн сүүлд С******* овогтой Л*******ийг даргаар томилсныг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагаас бүртгэж, улсын бүртгэлийн 0000083046 дугаар гэрчилгээнд тэмдэглэжээ.
4. Ш******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний Жилийн ажлын үр дүнгийн шагналт цалин олгох тухай А/148 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар компанийн 2024 оны үйл ажиллагааны жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээнд үндэслэн жилийн үр дүнгийн шагналын болзол хангасан ажилтнуудын нэрсийг баталж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгосны дотор нэхэмжлэгч С.Л*******ид 2,357,201.000 төгрөгийн цалин бодогдож, гар дээрээ 1,898,726.00 төгрөг авчээ.
5. Энэ үйл баримтыг хариуцагчийн маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 146/АО150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаар актаар Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шалгалт явуулж, Ш******* ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар компанийн ажилтан бус, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад 2,357,201.00 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун нэг/ төгрөгийн үр дүнгийн шагнал цалин олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3. хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4. үнэн зөв байх, 20 дугаар зүйлийн 20.1.4. хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэсэн заалтад нийцээгүй, зөрчсөн гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.6 төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэж заасныг үндэслэн хууль зөрчиж олгосон 2,357,201.00 /хоёр сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун нэг/ төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан дахь аудитын шалгалтын орлогын 10090000601 тоот дансанд төвлөрүүлэхээр, актыг биелэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Ш******* ХК-ийн захирал болон ерөнхий нягтлан бодогчид хариуцуулахаар тогтоож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн зүгээс ...Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарахаар заасныг харгалзан үзээгүй, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээр нь ялгаварлан гадуурхаж ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамрагдах эрхийг хязгаарласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3-т ... хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглох-оор заасан байхад компани болон үйлдвэрчний эвлэлийн байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд саад учруулсан зэргээр маргасан бол, хариуцагч Үндэсний аудитын газар болон гэрээт аудитаар ажилласан Ю******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий акт нь С.Л*******ид тавьсан акт биш, Ш******* ХК-ийн үндсэн ажилтан биш орон тооны бус ажилтанд шагнал урамшуулал олгосон нь хууль бус, хуулиас давсан гэрээ, дүрэм, журмын заалт хүчингүй зэргээр тайлбарлан маргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
7. Шүүх, төлбөрийн актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн тухайд авч үзэхдээ,
7.1. Хэдийгээр маргаан бүхий акт нэхэмжлэгчид шууд чиглэн гараагүй боловч актын тогтоох хэсэг дэх буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр гэж заасны буруутай албан тушаалтан гэдэгт нэхэмжлэгчийг нэрлэн зааж төлүүлэхээр 100% хувьцаа эзэмшигч Эрдэнэсмонгол компанийн зүгээс мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлсэн.
7.2. Түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид дам байдлаар чиглэж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй, зөрчигдөж болох эрхийн тухай маргаан байна гэж үзсэнээр түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээгүй болно.
8. Маргааны зүйлийн хүрээнд хариуцагч нь шалгагдагч хуулийн этгээдийн зөвхөн хөдөлмөрлөх эрхийн харилцаатай ажилтны эрх зүйн байдалд анхаарал хандуулснаас шийдвэр нь бодитой, үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэхээр байна.
8.1. Учир нь Ш******* ТӨХК-д ажиллагсдын ажил мэргэжлийн онцлог, үндсэн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын чиг үүрэг, нийт ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотойгоор ажилчдын үйлдвэрчний эвлэл байгуулагдан ажиллах хэрэгцээ шаардлага байдаг нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 1 дүгээр зүйл. Энэ хуулийн зорилт нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад орших-оор заасан зорилгыг, 3 дугаар зүйлийн 1. Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх-ээ хангуулахад байна.
8.2. Ийм учраас нэг талаас хөдөлмөрлөх эрхийн харилцааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн холбогдох заалттай уялдуулан тайлбарлаж, нэхэмжлэгч нь сонгуульт ажил гүйцэтгэсний хүрээнд төрийн өмчит компаниас шагналт цалин авах хууль зүйн боломжтой эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог, 4.1.8.хамтын хэлэлцээр гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог хэмээн нэр томьёоны утгаар ойлгохоор зааж, 5 дугаар зүйлийн 5.1.6. эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах суурь зарчмыг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд баримталж үндсэн эрхээр эдлэхийг, 9 дүгээр зүйлийн 9.1. Ажилтан болон ажил олгогч аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаагаа явуулах, дүрмээ батлах, төлөөлөгчөө сонгох эрхтэй байхаар, энэ эрхийг хангахаар хуульчилсан.
10. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/286 дугаар тушаалаар эрх олгогдсон төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчид, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үлйдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хулын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар тогтоолоор эрх олгогдсон салбарын ажилчдын төлөөлөгчид, Монгол Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 009 тоот итгэмжлэлээр эрх олгогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын ажил олгогч эздийн төлөөлөгчийн хооронд байгуулагдсан Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр байгуулагдсан ба,
10.1. Хамтын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 7.3-т үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцана гэжээ.
10.2. Уг хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу бүртгэж баталгаажуулсан болох нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 02/3734 дүгээр албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
10.3. Ш******* ТӨХК-ийн захиргаа, Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны даргыг өөрийн байгууллагын ажилтны нэгэн адил хамтын гэрээ, сургалтанд хамруулж, шагнал урамшуулал, удаан жилийн нэмэгдэл, жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, хоолны болон бусад хөнгөлөлтүүд олгож болох-оор заасан ба,
10.4. Уг хамтын гэрээний талаар Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02/523 дугаар албан бичгээр Ш******* ХК-ийн захиргаа болон Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний бүртгэлийг хүргүүлэв гэж нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.
11. Дээрх баримтаас үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. Хамтын гэрээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамтын хэлэлцээрийг харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн байгууллагад, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр ажлын 10 өдрийн дотор ажилтны төлөөлөгч, эсхүл ажил олгогчийн төлөөлөгч хүргүүлнэ, 32.2. Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар Ш******* ХК-ийн захиргаа болон Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр нь тус тус маргаан бүхий захиргааны актыг гарах үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
12. Энэхүү хамтын гэрээ, хамтын хэлэлцээр нь эрэмбийн хувьд хөдөлмөрийн гэрээнээс давж үйлчлэх талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, яагаад гэвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3. Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчлэх-ээр заасны 2.3.4. салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, 2.3.5. хамтын гэрээ, 2.3.6. хөдөлмөрийн гэрээ гэж заасан нь тухайн байгууллага дахь хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдөөгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээний харилцаанаас өмнө хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр зохицуулсан харилцаа эрэмбийн хувьд илүү зохицуулалттай хүчин чадалтай болохыг зааж байгаа ойлголт болно.
13. Тэгвэл, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4. Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна гэж заасан нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ гэж үзнэ.
14. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3. хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох гэж заасны хууль тогтоомжид буюу Хөдөлмөрийн тухай хуулийн болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дээр заасан заалт түүний зохицуулалт нь хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдсөн, хууль тогтоомжид заасны өөр хэлбэрийн эсрэг зохицуулалт байж зөвшөөрөгдөх, хориглогдоогүй хэм хэмжээ буюу Ш******* ХК-ийн захиргаа болон Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.20-д заасан компанийн жилийн ажлын үр дүнг харгалзан ажилтнуудад журмын дагуу 3 хүртэл сарын үндсэн цалингийн хэмжээгээр урамшуулал олгож болно гэх эрх олгосон заалтыг хэрэгжүүлж, Ш******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний Жилийн ажлын үр дүнгийн шагналт цалин олгох тухай А/148 дугаар тушаалаар сарын үндсэн цалин 2,357,201 төгрөгтэй тэнцэх хэмжээний үр дүнгийн шагналт цалин олгосон компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нь хууль зөрчөөгүй, мөн шагналыг авсан тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нэхэмжлэгч С.Л*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй байна.
15. Иймд маргаан бүхий төлбөр барагдуулах талаарх акт нь бодит байдалд нийцээгүй, хууль хоорондын холбоог гаргаж чадаагүй, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул уг заалтаар төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын хувьд тухайн үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалин хөлс авч байгаа нь Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээр болон Ш******* ТӨХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ ёсоор шагнал урамшуулал авах эрхийг зөрчих үндэслэл болохгүй гэж дүгнэхээр байна.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.4, 2.3.5, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.3, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан иргэн С.Л*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай 146/АО150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН