Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 361

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 OK

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.Э 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 48 дугаар байрны гадна Т.Бг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дотор дээд гадаргуун зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 500.000 төгрөг төлсөн. Прокурортой 450.000 төгрөгөөр торгох ял тохирсон. Торгуулийг нэг сарын хугацаанд төлж барагдуулах боломжтой” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Б мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны 21 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 48 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд өөрийн эзэмшлийн 22-27 УНВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаа унаад 2 хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд граж руугаа орох гэж байхад 28-44 УНХ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгөтэй Тоёота Приус машин нарийн зам дээр өөдөөс тулаад зогссон юм. Тэгээд би бууж очоод уг машины жолоочтой уулзаад чи ухарвал 20 метр ухарна, би ухарвал 150 метр ухрах гээд байна жоохон ухраад өгөөч гэхэд уг жолоочтой хамт явж байсан залуу орцны үүднээс ирээд чи юу гээд олон юм хуцаад байгаа пизда вэ гээд араас хоолой боогоод эргээд хартал заамдаж байгаад миний дух руу мөргөхөд би газар унасан. Тэгэхэд машины жолооч бууж ирээд алаад хаячихья пиздааг гээд хоёулаа дайрахаар нь би утсаа гаргаж ирээд цагдаа руу залгахад тэр хоёр больсон ” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3706 дугаартай “Бгийн биед зүүн хөмсөгний дотор дээд гадаргуун зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

                                                                                        

Сэжигтэн Т.Э мөрдөн байцаалтанд “2018 оны 3 дугаар сарын 15-нд орой 21 цагийн үед авга ахыг Драгоноос тосож аваад гэрийнх нь гадаа манай найз Эрдэнэбаяр, ах Мэндээ бид гурав ачаа бараагаа буулгаад хөдлөх гэж байсан. Тэгэхэд урдаас саарал өнгийн Приус 20 маркийн машин өөдөөс ирсэн. Тэгэхэд Эрдэнэбаяр жолоо барьж явсан ба өөд өөдөөсөө тулаад зогссон. Тэр байрны зам нь  нарийн машин зөрөх боломжгүй байсан. Тэр үед би ахтайгаа ачаагаа хараад байрны гадаа зогсож байсан. Тэгэхэд нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд пизда минь чи хойшоо 50 метр ухарчих гэхээр нь би наанаас нь хөөё ахаа яаж байгаа юм бэ наадах чинь манай найз гэхэд нөгөө ах хазгай хэлтэй казак пизда чамд хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би очоод та машиндаа суугаад ухраад зохицоод гараад явчихаач гэхэд тэр ах намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгэхэд тэр ах духаараа миний дух руу тулж ирээд чамайг би Баянголд хэн ч биш болгоно гэхээр нь би заамдаж байгаад хойш нь түлхсэн. Тэгэхэд тэр ахын малгай нь газар унасан. Тэгээд тэр ах миний толгой руу чи мөргөлөө цагдаа дуудна гээд орилоод байсан ” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Эгийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37/, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр  48 дугаар байрны гадна Т.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Бгийн”... уг жолоочтой хамт явж байсан залуу орцны үүднээс ирээд чи юу гээд олон юм хуцаад байгаа пизда вэ гээд араас хоолой боогоод эргээд хартал заамдаж байгаад миний дух руу мөргөхөд би газар унасан...” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3706 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч Т.Эгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...би заамдаж байгаад хойш нь түлхсэн...би хажуунаас нь ирээд мөр рүү нь гарынхаа ар хэсгээр зөөлөн цохиж та яаж байгаа юм бэ гэсэн...” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Т.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, Т.Э цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ