| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/01573/И |
| Дугаар | 184/ШШ2024/04066 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/04066
2024 08 12 184/ШШ2024/04066
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 942,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн 27 дугаар хорооны 25 дугаар байрны 54 тоотод оршин суугч ******* нь ******* Өргөө Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2017 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар cap хүртэлх нийт 49 cap төлөөгүйгээс СӨХ-ны үйл ажиллагаа доголдож бусад оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийх, лифтний төлбөр, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг маш олон ажлууд бүрэн гүйцэт хийгдэхгүй доголдох хэмжээнд хүрээд байгаа ба төлбөрөө төлсөн бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. Иргэний хуулийн 148-р зүйлийн 148.2-т Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ... гэж заасан. Мөн хуулийн 148-р зүйлийн ... 148.2.2-т сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 148.2-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-т Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй... гэж заасан тул cap бүрийн СӨХ-ны төлбөрөө төлөх үүрэгтэй юм. Иймд ******* дүүргийн 27-р хороо 25-р байр 54 тоотод оршин суугч *******аас 2017 оны 10-р сараас 2023 оны 12-р cap хүртэл нийт 49 сарын СӨХ-ны төлөгдөөгүй нийт 1,192,600 төгрөгийг гаргуулж ******* Өргөө Сууц Өмчлөгчдийн холбоонд олгуулж өгнө үү гэжээ. Хариуцагч ******* олон удаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүйгээр бусад оршин суугчдыг хохироож байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч миний бие гурван удаа мэдэгдэх хуудас явуулсан ч төлбөрөө төлөөгүй. Хариуцагч надад бэлнээр 100,000 төгрөг өгөөгүй. Манай сууц өмчлөгчдийн холбоо бэлэн мөнгө авдаггүй бөгөөд төлбөр төлсөн тохиолдолд баримт өгдөг. Хариуцагч сар сардаа төлбөрөө төлөөд явсан бол төлбөр, мөнгө нь хуримтлагдан өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан. Хариуцагч нь тэтгэврийн хүн тул хүү, алданги тооцолгүй үндсэн үнийн дүнг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 1,067,200 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн багасгасан үнийн дүнгээс 125,000 төгрөгийг өөрийн эрх хэмжээний хүрээнд хасах боломжтой байна. Иймд нийт 942,200 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие ганцаараа амьдардаг. Ам бүлийн тооноос хамаарч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө багаар төлөх санал гаргасан ч зөвшөөрөөгүй. Иймд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байгаа. Би нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг цаг тухай бүрт нь төлөөд явсан. ******* гэх хүнийг ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж эхэлснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сараас хойших бүх төлбөрийг төлж байсан. Өөрт байсан баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын төлбөрт 100,000 төгрөгийг бэлэн төлсөн. Би банкаар төлбөрөө төлдөг бөгөөд баримт авдаггүй. Ийм их хэмжээний төлбөр хуримтлагдах ёсгүй гэж үзэж байна. Шаардлагатай бол банкны баримт, хуулга зэргийг нотлох баримт болгон өгнө. Миний бие ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны өмнөх захиралтай маргаантай байсан. Мөн төлбөр төлөх чадваргүй тул төлбөрийг төлөх боломжгүй. Миний хувьд нэг ч сарын төлбөр алдагдуулж байгаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл/ХХ 1 тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн баримт/ХХ 2 тал /, ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны 12 дугаартай нэхэмжлэх/ХХ 3 тал/, ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны 25-54 тоот төлбөрийн хүснэгт/ХХ 4 тал/, ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбооны 22/03-01 дугаарт хуулийн этгээдийн гэрчилгээ/ХХ 5 тал/, ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбооны 01 дугаарт удирдах зөвлөлийн тогтоол/ХХ 6-7 тал/, ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбооны 03 дугаартай ажилд томилох тухай тогтоол/ХХ 8 тал/, ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл/ХХ 9-10 тал/, нотариатын зардал төлсөн баримт/ХХ 11 тал/,
Хариуцагчаас хариу тайлбар/ХХ 24 тал/, СӨХ-ны төлбөр төлсөн "Хаан банк" ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн, кассын орлогын ордерын, гүйлгээний и баримтууд/ХХ 26-28 тал/ зэргийн гарган өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримтууд бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний 2017 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны төлбөр зардалд 1,192,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 942,200 төгрөг болгон багасгаж нэхэмжилсэн.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө багаар төлөх санал гаргасан ч зөвшөөрөөгүй учир сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй гэх ба ******* гэх хүнийг ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж эхэлснээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сараас хойших бүх төлбөрийг төлж байсан гэх гэх үндэслэлээр татгалзжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах хэсэг, 5 дугаар зүйлд заасны дагуу ******* дүүргийн 27 дугаар хорооны 14, 19, 21, 23А, 25, 50, 66 дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн хурлын тогтоолоор байгуулагдаж, Нийслэлийн ******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас хариуцагч ******* нь Нийслэлийн ******* дүүрэг, 27 дугаар хороо, 25 дугаар байрны 54 тоот хаягт оршин суудаг орон сууцны хууль ёсны өмчлөгч эзэмшигч мөн бөгөөд ганцаараа амьдардаг талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч тал хариуцагч ******* төлбөрөө 2017 оны 10 дугаар сараас хойш төлбөрийг төлөөгүй гэж маргажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148.1, 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч эзэмшигч ******* засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй, түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгүүд нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан.
Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч ******* энэ үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Гэвч нэхэмжлэгч ******* Өргөө СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцны нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын талаар зохих гэрээ байгуулаагүй, гэрээний үүргээр баталгаажуулаагүй байх төдийгүй, 2017 оны 10 дугаар сараас хойш сүүлийн 6 жил 5 сарын хугацаагаар уг зардлаа шүүхээр нэхэмжлэх бололцоотой байсан нөхцөл тогтоогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг заасан ба нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байжээ, мөн хуулийн 78-79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах болон түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй мөн хуулийн 82 дугаар үйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнөх 3 жилийн хугацааны 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг хэрэгсэхгүй болгон Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2021 оны 01 дугаар сараас 2023 оныг дуусталх хугацааны төлбөрийг гаргуулахаар байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, түүнчлэн мөн зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 942,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* Өргөө СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гарган шаардаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардсан сүүлийн 3 жилд хамаарах 2023 оны 12 сар хүртэлх хугацааны буюу 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарын 83,400/20,850*4/ төгрөг, 2023 оны 07 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны 153,000/25,500*6/ төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй, нийт 236,400/83,400+153,000/ төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч ******* Өргөө СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 705,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч *******аас гарган өгсөн төлбөр төлсөн талаарх баримтууд шүүхээс хангасан шаардлагад хамаарах баримтууд байхгүй, дийлэнх нь нэхэмжлэгч талын төлөгдсөн гэж гаргуулахаар шаардаагүй хугацааных байсан болохыг дурдаж, хангасан шаардлагатай хамааралтай төлбөр төлсөн гэх баримтыг шүүхэд гаргах өгөх бололцоогоор шүүх хангалттай хангасан, мэтгэлцэх бүрэн боломж олгосон тул уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул төлбөр зардлаас хасан тооцох үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******аас 7,742 төгрөг гаргуулан ******* ******* СӨХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр, зардалд 236,400 төгрөг гаргуулан ******* ******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 705,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******аас 7,742 төгрөг гаргуулан ******* ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***