Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/916

 

 

 

 

 

 

  2024              08            13                                         2024/ДШМ/916

 

 

М.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч М.А,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 51 дүгээр эсэргүүцлээр М.А-д холбогдох .............. дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.А нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ......дүүргийн ....дугаар хороо, Хангайн .....тоотод байхдаа үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.С-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь “1 шүдний булгарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зулгарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 3 сарын хугацаагаар Улаанбаатарын хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч М.А-аас сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.С-оос нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь тухайн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн, мөн шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгдэгчийн хувьд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоол дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч М.А-г зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчлагдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоол дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрөө түгээлтийн машин барьдаг учраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн санал гаргасан. Тухайн шүүх хуралдааны явцад прокурор зөвшөөрөөд надад боломж олгосон. Сүүлд эсэргүүцэл бичсэн байсан би бас сайн ойлгохгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.А нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...... дүүргийн ..... дугаар хороо, ........ тоотод байхдаа үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.С-той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь “1 шүдний булгарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зулгарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.С-ийн “...Эдгээр гэмтлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой танил М.А-ийн гэр болох ......тоотод байх гэрт очоод түүнтэй архи, согтууруулах ундаа уугаад хоорондоо маргалдаад, улмаар намайг цохиж зодоод гэрээс гараад нүүр рүү олон удаа өшиглөсөн. Түүнээс болоод миний биед эдгээр гэмтлүүд учирсан. ...Энэ булгарсан шүдээ янзлуулсан мөнгөө нэхэмжилж байна. ...Би эмчилгээ хийлгээгүй, баримт байхгүй. Би 2.500.000 төгрөгөөр шүд хийлгүүлмээр байна. ...” /хх 13-14, 17-18, 61-62/,

гэрч  Н.У-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...22 цаг өнгөрч байхад Н.С, М.А хоёр гэрт орж ирээд хоол, унд идчихээд буцаж гараад шөнийн 01 цагийн үед М.А ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгтэл Н.С гэрийн гадаа машины сигналаа дараад байснаа манайд ороод ирсэн. Тэгээд М.А-г “бос” гээд байсан. Манай нөхөр М.А тухайн үед орондоо ороод хэвтэж байсан. Н.С орны урд ирээд М.А-ийн нүүрэн тушаа газар нь хоёр удаа шанаадсан. Тэр үед манай хүү сэрээд ээрч уйлахад би Н.С-ийг “гар яв” гэхэд тэрээр намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай нөхөр уурлаад Н.С-той барьцалдаж аваад тэр чигээрээ гэрээс гарсан. Гэрээс гарах үед би хальт харахад М.А, Н.С-ийг цохиж байх шиг байсан. Тэгээд хэсэг байж байгаад би гарахад М.А, Н.С нар хоорондоо барьцалдаад авсан байсан, би нөхрөө салгаад гэртээ авч орсон. ...” /хх 21-23/,

гэрч Г.Г-ийн “...Тухайн үед Н.С нь ........... дүгээр хорооны Замын цагдаагийн хажууд зогсож байсан. Тухайн хүнтэй уулзахад 1 шүд нь унасан, амнаас нь цус жоохон гарсан байдалтай байсан. Тэгээд зодуулсан гэх газар нь ...... тоотод М.А гэх хүнд цохиж зодуулсан гэж мэдүүлсэн. Н.С-ийн шүд нь унасан, нүд нь хөхөрсөн байсан. М.А-ийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. ...” /хх 26-27/,

яллагдагч М.А-ийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа яваагүй. Н.С “орой цаашид хамтран ажиллахгүй юм уу, хоёулаа ганц юм хувааж ууя” гээд байхаар нь уусан юм. Орой бид 2 шил архиа хувааж ууж дуусаад би гэртээ орж унтах гэж байсан. Тэгтэл С араас орж ирсэн эхнэр уурлаад, тэр хоёр хэрэлдээд манай эхнэр У-г “чи надтай хэрэлддэг шигээ нөхрөө ажилдаа явуулаач” гээд хэл амаар доромжлоод, намайг барьж авч зодоод байхаар нь миний уур хүрээд С-д гар хүрсэн. ...” /хх 54-56/ гэх мэдүүлгүүд,

“...Н.С-ийн биед 1 шүдний булгарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5685 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 29-30/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 1-2/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогчдыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.А-г хохирогч Н.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч М.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч нарын гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Харин шүүхээс шүүгдэгч М.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар буюу ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт ерөнхий тэлсэн байдлаар хязгаарлалтын хүрээг тогтоосон нь ялын зорилгод нийцээгүй гэж үзэв.

Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхэнд халдаж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь дүүрэгт хуваагдах тул шүүгдэгч М.А-ийн зорчих эрхийг түүний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байхад дээд шатны прокурор эсэргүүцэлдээ, “улсын яллагчаас шүүгдэгч М.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоолгох саналыг шүүхэд гаргасан” гэж зөрүүтэй, ойлгомжгүй байдлаар бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/763 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ