Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 290

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч А.Т

хохирогч Б.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Боржигон овогт Амарбатын Тд  холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Шүүгдэгч А.Т 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Үндэсний Их Сургуулийн гадаа иргэн Б.Быг зодож түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн 1.048.317 төгрөгийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн ” гэв.  

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Би сургуулийнхаа шатаар өгсөөд явж байхад А.Т миний хажуугаар зөрөхдөө мөрөөрөө мөрлөсөн юм. Тэгэхэд А.Т намайг “замаа хараач шээс минь” гэж хэлсэн. Дараа нь хичээлээ хийгээд сууж байхад А.Т миний хажууд хүрч ирээд “чи намайг мөрөлчихлөө хоёулаа гаръя” гээд дагуулж гарсан. Тэр үед А.Т хоёр найзтайгаа хамт явж байсан. А.Т гараа атгаж байгаад миний дээд уруул руу цохисон. Цохиулаад миний уруул сэтэрсэн, шүд гэмтсэн байсан. Би 1.048.317 төгрөг нэхэмжилсэн, гомдолтой л байгаа” гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн сурдаг МҮИС-ийн АУИС-ын тэнхимд ширээний ард сууж байхад манай сургуулийн Нүүр ам судлалын 4 дүгээр курсын оюутан Т гэдэг хүүхэд орж ирээд чи намайг муухай хараад байна уу хоёулаа гараад уулзъя гээд явахаар нь би араас нь дагаад гарсан. Тэгээд гадаа гараад сургуулийн зүүн талд гараад чи ямар том бацаан бэ гээд миний ам руу цохисон тэгэхэд нь өөрийгөө хамгаалаад Тийг тэвэрч авсан бид хоёр зууралдаж байх явцдаа намайг баруун шанаанд дахиад цохисон тэр үед нэг Ттэй хамт явж байсан хүүхэд ирээд бид хоёрыг салгасан. Бид хоёр салсны дараа намайг газарт явган сууж байхад дахиад үсдэж байгаад нүүр рүү маань өвдөглөсөн бас алгадсан намайг боссон хойно хавирч унагаах гэж оролдоход нь би унаагүй. Тэр үед манай сургуулийн 2, 3 дугаар курсын хүүхдүүдийг авчирчихсан чи энэ хүүхдүүдэд томордог гэл үү гэх мэтээр айлган сүрдүүлж дарамталж байгаад яваад өгсөн.  Т миний ам руу цохиход үүдэн шүд эмтэрсэн мөн уруул маань сэтэрсэн, баруун шанаанд цохисноос болж шанаа хавдаж зүүн шанаанд өвдөглөсөн, үснээс зулгааснаас болж хуйх хавдаж хөндүүртэй болсон олон удаа нүүр рүү маань алгадсан...” /хх-ийн 8/

 

Хохирогч Б.Б дахин байцаалтаар”...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлж дээд урууландаа 2 оёдол тавиулж бичиж өгсөн эмийг Гэмтлийн эмнэлэг дотор байдаг эмийн сангаас 40.300 төгрөгөөр эм авч хэрэглэсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-нд Шүүх эмнэлгийн хажуу талд байрлах Худалдаа хөгжлийн банкинд 8000 төгрөг тушааж шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...нэгдүгээр эмнэлэг дотор байрлах Хийлс-Эйд эмнэлэгт 110.000 төгрөгөөр тархины томографийн зураг авахуулсан. Мөн 2018 оны 1 дүгээр сард 3 удаа Очир  гэдэг ардын уламжлалт эмнэлэгт 115000 төгрөгөөр толгойгоо бариулж үзлэг хийлгэсэн. UB one clinic шүдний эмнэлэгт 775000 төгрөгөөр үүдэн шүдээ бүрүүлсэн. Эмчилгээний зардал болох 1.048.300 төгрөгөө нэхэмжилж байна” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Есөн-Эрдэнэ мөрдөн байцаалтанд “...Т бид хоёр анагаах ухааны зааланд байж байхад Б нь Т рүү хуруугаараа заагаад хараагаад байсан Тэгээд Б, Т дээр ирээд 4 дүгээр курс гэхээрээ 1 дүгээр курсынхээ хүүхдийг дээрэлхэх ёстой юм уу гээд байхаар нь Б араа даах юм байгаа биз дээ хоёулаа гарч уулзъя гээд тэр 2 гарсан. Би араас нь хамт гарсан. Гадаа гарангуутаа Б нь Тийн духанд духаа наагаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд хэрэлдэж байгаад Б нь Тийн хүзүү рүү гараа зангидаж байгаад цохисон. Тэр 2 хоорондоо цохилцоод байсан. Тэгээд Б нь Тийн бие рүү цохиод Т Бын нүүр рүү 1, 2 удаа л цохисон. Тухайн үед Тийн амнаас нь жоохон цус гарсан байсан” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Ингүнмөрөн мөрдөн байцаалтанд“...Сургуулийн зүүн талд байрлах тамхи татдаг хэсэг рүү очиход Б нь Тийг хоолойгоор нь гараараа доош нь дараад боочихсон зогсож байсан. Тэгээд тэр хоёр зууралдаж зодолдоод Т нь Бын нүүр рүү 1-2 удаа мөн бие рүү нь олон удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд тэр хоёр зодолдчихоод 2 тийшээгээ тараад явсан” /хх-ийн12/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 741 дүгээр дугаартай “Бын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 1 шүдий эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтэн  А.Т мөрдөн байцаалтанд “2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МҮИС дээр өдөр 13 цагийн үед явж байхад хэдэн залуучууд миний хажуугаар зөрөхдөө нэг залуу нь намайг мөрлөхөөр нь би замаа харж яваач гэхэд нөгөө залуу хамт явж байгаа охидуудынхаа хажууд юу гэнээ пизда гээд чанга дуугараад байсан. Тэгэхэд хамт явж байсан 1 охин нь уг залууг аваад явсан тэгээд гарчихаад  1 цаг гаруй дараа ангийнхаа Есөн-Эрдэнэтэй таараад сургууль руу ортол нөгөө мөрөлдөг залуу ангийнхаа хоёр хүүхэдтэй сууж байснаа над руу хуруугаараа заагаад энэ нөгөө пизда чинь гээд байхаар нь би очоод яагаад байгаа юм бэ гэхэд яасан юм чамайг яасан юм бэ гээд бид хоёр коридорт  хэрэлдсэн. Би тэгээд гараад учраа олчихъё гэхэд нөгөө залуу гаръя гэсэн.  Би сургууль дотор явж байхдаа чи дараа нь гомдолгүй биз дээ гэхэд гомдолгүй гээд бид хоёр сургуулийн тамхины цэг дээр очоод хэрэлдсэн. Тэгэхэд тэр залуу чи намайг 1 дүгээр курс гэж бодоод дээрэлхээд байна уу би өөр хүн шүү гэж хэрүүл хийж байгаад миний баруун шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд би өөдөөс нь цохиод бид хоёр зодолдсон. Тэгэхэд тэр залуу намайг хашаанд түлхээд хоолой бооход би үснээс нь зулгаагаад тавиулсан...би Бын нүүр рүү нь 2,3 удаа цохиж бас үсдэж гарыг нь тавиулсан. Б намайг бас 2,3 удаа цохиж миний уруул сэтэрсэн” /хх-ийн 36/ гэсэн мэдүүлэг,

сэжигтэн А.Т мөрдөн байцаалтанд”...тухайн үед уг зодооныг Б өөрөө эхлүүлж намайг доромжилсон тэгээд намайг эхэлж өөрөө гар хүрч цохисон. Тэгэхэд миний уруул сэтэрсэн...” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Тийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 48/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/,  ял шалгах хуудас /хх-ийн 46/, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                            

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Т 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Үндэсний Их Сургуулийн гадаа иргэн Б.Быг зодож түүний биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Бын ”...Т...ямар том бацаан бэ гээд миний ам руу цохисон...бид хоёр зууралдаж байх явцдаа намайг баруун шанаанд дахиад цохисон...дахиад үсдэж байгаад нүүр рүү маань өвдөглөсөн бас алгадсан...” /хх-ийн 8/, гэрч Д.Есөн-Эрдэнийн”...Б, Тийн хүзүү рүү гараа зангидаж байгаад цохисон...Т Бын нүүр рүү 1, 2 удаа л цохисон...” /хх-ийн 11/,

гэрч Д.Ингүнмөрөнгийн”...Т нь Бын нүүр рүү 1-2 удаа мөн бие рүү олон удаа гараа зангидаж байгаад цохисон” /хх-ийн12/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 741 дүгээр дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ хохиролын баримтууд /хх-ийн 26-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,   хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг А.Тд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. А.Тээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар 1.048.317 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бад олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ