Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/917

 

 

 

 

 

 

  2024              08            13                                         2024/ДШМ/917

 

 

Э.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Э,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.М,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/690 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Э.А-д холбогдох .............. дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.А нь 2024 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө ......... дүүргийн ..... хороо, Их нарангийн ...... тоотын гадна хохирогч А.О-тэй үл ялих шалтгаанаар маргалдан улмаар толгойг нь машины хаалга мөргүүлэн нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, доод зовхины дотор буланд язарсан шарх, зүүн дээд үүдэн хоёрдугаар шүдний ташуу хугарал, уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд соёо, зүүн доод нэгдүгээр их араа шүдний паалан эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ээс 5.525.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.О-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.О нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус эрүүгийн Э.А-д холбогдох хэрэг нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд шилжиж ирсэн ба шүүхэд шилжин ирснээс хойш 15 хоногийн хугацаа дуусаагүй байхад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хурал зарласан. Шүүх хуралдааныг хийсэн нь ялтан Э.А-ийн хуулиар олсон эрх ашгийг зөрчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан хууль ёсны эрх ашгийг хамгаалах хуулийн хугацааг хасаж эрх ашгийг хохироож эрүүгийн шүүх хуралдаан хийсэн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжиж ирснээс хойш урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх эрхээр нь хангаагүй. Шүүгч нь өөрийн хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж амралтаа авч байгаа гэсэн шалтгаанаар шууд эрүүгийн хурал хийсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 2024/ШЦ/690 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.А-ийн хуульд заасан эрхээр нь хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.А болон түүний өмгөөлөгч Б.М нарын давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилан хэлэлцүүлэгт оролцох боломж бололцоог хааж процессын алдаа гаргасан гэж байна. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М хэргийн материалтай танилцаад, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хурлын товыг танилцуулсан байдаг. Энэ хугацаанд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргах боломжтой байсан. Хэрвээ энэ боломжоор хангагдаж чадаагүй гэж үзвэл гэм буруугийн хурал дээр өмгөөлөгчийн зүгээс оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр 60 хүртэл хоног хойшлуулах боломжтой байсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа камерын бичлэгтэй танилцах хүсэлт гаргах боломж нээлттэй байсан. Гэтэл Шүүгдэгч Э.А болон түүний өмгөөлөгч Б.М нар нь мөрдөн байцаалтын шатанд буюу анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаагүй. Гэм буруугийн талаар маргаантай зүйл дурдаагүй. Энэ талаар шүүх хуралдааны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл дээр авагдсан. Шүүгдэгч Э.А нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Процессын алдаа гаргасан зүйл байхгүй. Хэрэв гаргасан гэж үзвэл шүүгдэгч талаас анхан шатны шүүх хурал дээр хүсэлт гаргах боломжтой байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Э.А нь 2024 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө ..... дүүргийн .... хороо, Их нарангийн .... тоотын гадна хохирогч А.О-тэй үл ялих шалтгаанаар маргалдан улмаар толгойг нь машины хаалга мөргүүлэн нүүрэн тус газар нь гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны зөрүүтэй, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, доод зовхины дотор буланд язарсан шарх, зүүн дээд үүдэн хоёрдугаар шүдний ташуу хугарал, уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд соёо, зүүн доод нэгдүгээр их араа шүдний паалан эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.О-ийн “...Би Д-ын машины урд жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад манай найзууд хойд суудал дээр нь суугаад нөгөө архиа ууж байсан чинь нэг мэдсэн нэг танихгүй залуу дагуулаад ирсэн. Машины баруун хойд талын хаалгыг онгойлгон Д-тэй юм яриад зогсож байсан. Нөгөө залуу руу нь би харсан чинь намайг яасан гэхээр нь би яасан юм бэ гэсэн чинь чи яахын гээд машины араар тойроод миний сууж байсан жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод намайг заамдаж татаад хаалганы дээд талын багана хэсгийг духаар минь хэд хэд мөргүүлээд намайг чирч машинаас буулгаад намайг цохисон чинь найзууд ирээд бид хоёрыг салгасан. Нөгөө залуу дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлаад гүйж ирээд миний шанаа хэсэгт цохиод дараа нь хавирч унагаагаад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн чинь манай найзууд салгаад намайг босгосон. Би босоод шүлсээ хаясан чинь миний үүдэн нэг шүд, зүүн хойд талын тоот араа үйрчихсэн байхаар нь би өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...Миний биед У-ийн дагуулж ирсэн танихгүй залуу бэртэл гэмтэл учруулсан. ...” /хх 7, 9/,

гэрч Т.Д-ын “...Миний машины баруун хойд талын хаалганы цонхыг онгойлгоод У, О нар хоорондоо юм яриад У-ийн хажууд нөгөө танихгүй залуу зогсож байсан чинь нөгөө танихгүй залуу О рүү зажилж байсан бохио шидээд чи хэн юм бэ, намайг мэдэх үү гэх мэтчилэн хэл амаар доромжилж байгаад жолоочийн эсрэг талаар тойрч ирээд машины хаалга онгойлгоод О-ийг хаалганы дээд талын хавтас мөргүүлээд, гараараа О-ийн нүүрэнд нь хэд хэдэн удаа цохихоор нь би наанаас нь О-ийг салгаад гаднаас Д-өө нөгөө залууг холдуулан О-ийг нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Салгасан чинь хэрэлдээд ерөөсөө болихгүй байсан. О нөгөө танихгүй залуу руу нэг шээстэй холбоотой үг хэлсэн чинь нөгөө залуу О-ийг чи намайг шээс байхыг харсан юм уу гээд О-ийн нүүрэн хэсэгт мөн гараараа хэд хэдэн удаа цохисон. О газар унасан. Танихгүй залуу О-ийн нүүрэн хэсэгт баруун хөлөөрөө 3-4 удаа өшиглөхөөр нь бид нар салгасан. ...У-ийн дагуулж ирсэн танихгүй залуу маргалдаж, О-ийн биед бэртэл гэмтэл учруулсан. Өөрөөр О-ийн биед бэртэл учруулсан хүн байхгүй. Уруул хэсгээс нь бага хэмжээний цус гарсан байсан, өөр ил харагдах бэртэл байгаагүй. ...” /хх 13/,

гэрч Ч.Д-ын “…Хэрэг болсны дараагаар манай хүү А, хохирогч А.О-ийн биед гэмтэл бэртэл учруулсан талаараа хэлсэн. Хохирогч А.О-ийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлын барагдуулахаар гэрт нь очиж О, О-ийн ээж болон эхнэртэй нь уулзсан чинь 20.000.000 төгрөг өг гэж хэлсэн. 7 хоногийн хугацаанд уг мөнгийг олж өг гэж хэлэхээр нь би чадахгүй, зөвхөн эмчилгээний баримтын дагуу зардал мөнгийг барагдуулна гэж хэлсэн. Хэрэгт авагдсан баримтын дагуу эмчилгээний зардал мөнгө байвал манайхаас бүрэн барагдуулна. ...” /хх 11/,

яллагдагч Э.А-ийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. ...3987 дугаар шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч А.О намайг зүгээр байхад өөрөө эхлэн олон хүний хажууд хэл амаар гутаан доромжилсноос болоод энэ хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн. Гэхдээ би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

“...А.О-ийн биед хамар ясны зөрүүтэй, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, доод зовхины дотор буланд язарсан шарх, зүүн дээд үүдэн хоёрдугаар шүдний ташуу хугарал, уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дээд соёо, зүүн доод нэгдүгээр их араа шүдний паалан эмтрэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3987 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 30/ болон хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалттай нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч Э.А-ийн үйлдлийн улмаас хохирогч А.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс Э.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 5.525.500 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн  төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан заалтыг буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хэргийг хянахад, анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр /хх 95/ хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгчид хуваарилж, шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ /хх 97-99/ авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М-ийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцуулах зэрэг ажиллагаа хийжээ.

Улмаар, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1401 дугаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан зарлах тухай” шүүгчийн захирамж гарч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан хийсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. ...”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно. ...” гэж тус тус хуульчилснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдгийг арван үндэслэл зааж, 39.8 дугаар зүйлд тодорхой заасны дотор өмгөөлөгчийн гомдолд дурдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийг хамааруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 6 дугаар сарын 06-наас 10-ны өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтээ гаргах боломж нь нээлттэй байсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэсэн энэ талаарх санал тавих боломжтой байсан байна.  

Түүнчлэн, өмгөөлөгч Б.М нь гэмт хэргийн үйл баримтын талаарх камерын бичлэг байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М-ийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/690 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-ийн өмгөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ