Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 294

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Х  2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын гадаа иргэн Г.Эын биед хүч хэрэглэн зодож хамрын нуруу хаван хавдартай, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, дагзны хуйх, баруун зулайн дээд хэсгээр хаван хавдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт “Би мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 23:00 цагийн үед эхнэр Золзаяагийн хамт хороололын хойно бичил хороололд автомат тоглоомын газарт орж тоглочихоод гарч явж байтал гадаа нэг хүн рүү дөрөв таван хүн дайрч байхаар нь би больцгоо ямар хаашаа юм бэ гээд хэлтэл хажуунаас нэг залуу гэнэт миний хамар руу мөргөчихсөн. Тэгээд харсан чинь кассан дээр сууж байсан залуу байсан. Тэгээд намайг цохьчихоод шууд зугатаад явчихаар нь би гэмтэл орж хамраа үзүүлтэл гэмтлийн эмч үзээд хамар чинь хугарчихсан байна гэсэн...би кассчин залуутай муудалцаагүй зүгээр больцгоо та нар нэг хүн рүү  дайрлаа гэсэн чинь хажуунаас толгойгоороо мөргөчихсөн...би холбогдогчтой эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохиролын мөнгө гэж 2500000 төгрөг авч эвлэрсэн” /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Золзаяа мөрдөн байцаалтанд “2017 оны 11 дүгээр сарын 4-ний орой 23 цагийн үед 3,4 дүгээр хорооллын Бичилийн орчимд автомат тоглоомын газарт нөхөр Эын хамт орчихоод гарч явсан. Тэгэхэд гадаа хэдэн залуучууд зодолдоод байхаар нь бид 2 харж зогсож байсан. Тэгээд би машин руугаа очоод сууж байтал нөхөр ирэхгүй удаад байхаар нь би буугаад очтол манай нөхөр цустай холилдсон зогсож байсан”  /хх-ийн 17/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13858 дугаартай “Н.Эын биед хамрын нуруу, дагз, зулайн  хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтэн Э.Х мөрдөн байцаалтанд “ Би 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр өөрийн ажилладаг гэх Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах аркны хажуу талд байрлах автомат тоглоомын газар ажиллуулж байсан. Тэгээд орой 01:00 цагийн үед манайхаар үйлчлүүлээд гарсан залуучууд хооронд гадаа  зам дээр зодолдоод байхаар нь би кассаа хаяад гарч хартал хоёр  нь хоорондоо зодолдоод бусад нь хажуу талд хараад зогсож байсан. Тэгээд нэг ах одоо больцгоо тарцгаа юунд нь хараад зогсдог юм гээд хэлтэл миний ард зогсож байсан хүн, харсан хүнийг чи яахын банди минь гэтэл нөгөө хүн уурлаад банди гэдгийг чи мэдэх юм уу гэтэл хоорондоо маргасан. Тэгээд миний хойно нөгөө хоёр хоорондоо зууралдаж автал би хойшо гишгэхдээ боржуур хальт гишгэтэл гишгэл алдаад нөгөө хүнтэй хүчтэй мөргөлдчихсөн юм. Тэгээд дараа нь би мөргөлдчихөөд касс руугаа явж байтал араас нөгөө ах чинь би чамайг харсан чи  нөгөө кассчин залуу байна намайг мөргөөд  явчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би ажлаа хийх гээд дотогшоо орсон. Би нүүрэн тус газар нь цохиогүй харин хойшоо гишгэл алдаад толгойгоороо хүчтэй мөргөсөн юм” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Хгийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/, овог нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 46/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомат тоглоомын газрын гадаа хохирогч Г.Эын эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Эын”... нэг залуу гэнэт миний хамар руу мөргөчихсөн. Тэгээд харсан кассан дээр сууж байсан залуу байсан. Намайг цохичихоод шууд зугатаад явчихаар нь би гэмтэл орж хамраа үзүүлтэл гэмтлийн эмч үзээд хамар чинь хугарчихсан байна гэсэн” /хх-ийн 15/, гэрч Г.Золзаяагийн“...гадаа хэдэн залуучууд зодолдоод байхаар нь бид  зогсож байсан. Тэгээд би машин руугаа очоод сууж байтал нөхөр ирэхгүй удаад байхаар нь би буугаад очтол манай нөхөр цустай холилдсон зогсож байсан...” /хх-ийн 17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13858 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ болон хохирогч Г.Эаас”...холбогдогчтой эвлэрч гомдолгүй болсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 35/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Э.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Э.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсныг харгалзсан болно. 

 

Шүүгдэгч Э.Х энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Э-н Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн  дотор төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ