Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар  2024/ДШМ/878    

 

 

  

       2024             8             01                                           2024/ДШМ/878        

 

      Б.Г-д холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр,

хохирогч Ц.А, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны  2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр нарын хамтран, иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гид холбогдох эрүүгийн 2403001150253 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Х овгийн Б.Г, 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний болон үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, Зорчигч тээвэр нэгтгэл 1 дүгээр баазад жолооч, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 00 гудамж 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

              Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн.

              Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:16 цагийн үед “Yutong” загварын 00-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараа утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”; мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт орж явган зорчигч Ц.А-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Тээврийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

              Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6,179,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 3,069,390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д тус тус олгож, хохирогч Ц.А нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол болох “Хас үнэлгээ” ХХК-ийн 917 дугаартай “Yutong” загварын 00-00 УБЧ улсын дугаартай автобусанд учирсан хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан 4,295,000 төгрөгийг хэлэлцээгүй орхигдуулсан бөгөөд уг төлбөрийг хэн төлж барагдуулах талаар тогтоолд дурдагдаагүй. Мөн хохирогч Ц.А-н хагалгааны төлбөрийн 6,179,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлнө” гэж зааснаар дээрх төлбөрийг иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас биш жолооч Б.Гөөс гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарласан бүсчлэл нь зөвхөн Чингэлтэй дүүргийн бүсчлэл байгаа тул хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж, хүндрэлтэй байдлыг бий болгоод байна. Шүүгдэгчийн одоогийн ажиллаж байгаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршдог бөгөөд шүүгдэгчийн зорчих эрх хязгаарласан ялын бүсчлэлээс гадна оршиж байгаа юм. Үүний зэрэгцээ иргэний хариуцагчийн гаргах зардлыг шүүгдэгч буцаан төлөх нөхцөлтэй байгаа тул шүүгдэгч нь одоогоор тээврийн хэрэгсэл жолоодохоос бусдаар өөр төрлийн ажил хийж төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа болно. Ингэснээр шүүгдэгчийн зорчих эрх хязгаарласан эрүүгийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд бусад эрхийг хязгаарласан нөхцөл байгаа тул шүүхээс ялыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага заавал биелэгдэх зарчим, шударга ёсны зарчимд заагдсан буюу Эрүүгийн хуулийн 1.3 зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн заалтын агуулгатай зөрчилдөж байгаа болно. Б.Г нь эхнэр 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг ба ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээдэг юм. Тогтоолд заагдсан бүсчлэл буюу Чингэлтэй дүүргээс гарахгүйгээр ажиллах болсон нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх бололцоогүй болж улмаар хүүхдийн эрхийг зөрчих нөхцөлийг бий болгож байгаа юм. Хэдийгээр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх болон албадлагын шинжтэй боловч бодит байдалд нийцэж байж хэрэгжих боломжтой. Дээрх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг Б.Г-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдол, тайлбарыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Хохирогч Ц.Аын өмгөөлөгч Г.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн Ц.Б-гийн зүгээс “...автобусны хохирлыг шийдээгүй” гэх агуулгаар гомдол гаргасан байна. Автобусны хохирлыг тухайн байгууллага өөрөө хариуцах учраас иргэний хариуцагч үүнийг шийдэх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн “Ц.А-н хагалгааны төлбөр болох 6.179.000 төгрөгийг Б.Г-өөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэж гомдолд дурдсан байна. Иргэний хуулийн 498, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг ажиллуулж байгаа ажил олгогч нь өөрөө хохирлыг төлж барагдуулахаар зохицуулсан. Хохирлыг барагдуулсны үндсэн дээр шүүгдэгчээс хохирлыг барагдуулж нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа тул энэ агуулгаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тухайн гомдолтой холбогдуулан хэлэх тайлбаргүй байна. ...” гэв.

Хохирогч Ц.А тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид төрөл хэмжээний дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Г-д ял оногдуулсан тул үүнтэй холбогдуулан прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. Иймд иргэний хариуцагч, нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу тайлбар хэлэх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлнө” гэж заасан тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг энэ гэмт хэрэгт буруутай этгээд болох шүүгдэгч Б.Г-өөр төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагч энэ гэмт хэрэгт буруутай этгээд биш учраас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 14.000.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан атлаа алдаа гаргаж, энэ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй, орхигдуулсан байна. Иймд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 3.369.000 төгрөг болон 14.000.950 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин шүүгдэгч Б.Г-өөс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6.179.000 төгрөгийг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч хариуцагч Ц.Б, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар дээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:16 цагийн үед “Yutong” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9. “Гэрэл дохио нь дараа утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”; мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улаан гэрэл дохиогоор уулзварт орж явган зорчигч Ц.А-ыг тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.А: “...Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр таньдаг ахындаа очиж 1 шил архи уусан. ...Тэгээд “Central mall”-ийн хажуугаас таксидаад Яармагт байдаг гэр лүүгээ явсан замдаа яаж явснаа би санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэмтчихээд босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь гэмтлийн эмнэлэг өглөө болцон байсан. Би удахгүй хагалгаанд орох гэж байгаа түүнээс гарах мөнгийг нэхэмжилнэ. Миний бие одоохондоо сайн эдгээгүй байгаа учир бие эдгэх хүртэл байгууллага мөнгийг нэхэмжилнэ. Өвчтэй байх хугацааны цалиг нэхэмжилнэ. Худалдаа хөгжлийн банканд байрны зээлтэй сарын төлөлт 2,050,000 орчим байдаг өвчтэй байх хугацаанд төлж чадаагүй байгаа тул нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

Иргэний хариуцагч Ц.Б: “...2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ТЦА-аас төлөөлөгч томилж ирүүлэх талаар албан бичиг ирэхэд би ослыг мэдээд жолооч Б.Гөөс утсаар холбогдож ослын талаар асуусан. Асуутал манай байгууллагын жолооч Б.Г нь тухайн явган зорчигчийг өөрөө ирж мөргөсөн ба гэнэт урдуур гарж ирсэн. Тухайн үед явган зорчигч нь согтуу байх шиг байсан. Өөр надад юм хэлээгүй. Yutong маркийн 00-00 000 улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын жолооч нар 2 ээлжээр ээлжлэн жолооддог. Үutong маркийн 00-00 000 улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгсэл нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшилд байдаг. Тухайн өдөр Б.Г гэдэг жолооч ажилчдаа гэрээс нь авдаг А-ны ээлжээр ажиллаж байсан. Манай жолооч нар сард нэг удаа А-ны ээлжтэй байдаг. Манай байгууллага нь хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай, манайх даатгалаар хохирлыг барагдуулдаг. Энэ жил Ард даатгалтай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ жолооч гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд даатгалаас хохирлыг барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх 31- 32/,

Иргэний нэхэмжлэгч С.С: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,179,000 төгрөгийн зардал гарсан болох нь “lavlagaa.emongolia.mn” системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Г-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 000000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 37/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2682 дугаартай: “...Ц.А-ын биед зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэг сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, авто ослын үед мөргөгдөх, цохигдох, шидэгдэх үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 46-48/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 384 дугаартай: “...Ц.А-ын биед зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтэл, /зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан, зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, хүзүүний 5-6 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, эгэм далны маяа сэртэнгийн үений холбоосны хаван суналт, үе үүсгэгч яснуудад хэмт эдийн хаван, атгаал ясны толгойд хэмт эдийн хаван, зүүн далны доорх булчин болон шөрмөсний хэсэгчилсэн урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн гарын мөрний мэдрэлийн сүлжээний багцын бүрэн гэмтлийн улмаас зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдаж, мэдрэхүй алдагдан, булчингийн хүч суларсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 5.20.4-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмгөний дотор булуу, зүүн шаант ясны дотор булууны сэлтэрсэн далд хугарал, зүүн тойг ясны гадна ирмэгийн сэлтэрсэн далд хугарал, урд чагтан холбоосны урагдал, далны тогооны дээд болон урд хэсгийн лабрумын урагдал гэмтлүүд нь тус, тусдаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 59-63/,

-Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн 917 дугаартай үнэлгээний тайлан /4,295,000 төгрөг/ /хх 84-85/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“...1. Yutong маркийн 00-00 000 улсын дугаартай улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд хойд тэнхлэг дэх дугуйн тоормосны идэвхжилийн зөрүү, баруун, зүүн талын их гэрлийн тусгалын хэмжээ хол ойрын тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Зүүн урд талын булан хонхойж цөмөрсөн, урд салхины шил зүүн доод хэсгээр цацарч хагарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл хагарсан зэрэг гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тоормосны систем нь хийн дамжуулгатай АВS системтэй. Тоормосны стенд болон гар жолоодлого хийж шалгахад тоормосны систем хэвийн ажиллагаатай байна. ...” гэх дүгнэлт /хх 92-95/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 06-07/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 08-14, 16/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 28/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 99/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Сүхбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 486 дугаартай мөрдөгчийн магадалгаа: /хх 103-104/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 116/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 117/, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 121/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 122/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

Анхан шатны шүүхээс Б.Г-ийн үйлдлийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэхдээ харгалзвал зохих хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгчид хүлээлгэсэн ялын  төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байхыг шаарддаг.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасны дагуу Б.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Ч.Амарбаяр нарын хамтран  ялд өөрчлөлт оруулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

            Түүнчлэн, шүүгдэгч Б.Г нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч буюу ажил олгогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д хариуцуулж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул иргэний нэхэмжлэгч хариуцагч Ц.Б-гийн: “...хохирогч Ц.А-ын хагалгааны төлбөрийн 6,179,000 төгрөгийг иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас биш жолооч Б.Гөөс гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Харин анхан шатны шүүх тодорхойлох хэсэгт хохирогч Ц.А-ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14,950,000 төгрөгийг иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулж хохирогч Ц.А-д олгуулах нь зүйтэй гэж зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулалгүй орхигдуулсан байгаад дүгнэлт хийж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх байдлаар зохих хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ..

            Түүнчлэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн автобусанд учирсан хохирлын асуудлыг анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэхэд хэлэлцээгүй байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байх бөгөөд  тус байгууллага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд өөрийн шууд санаатай болон хэт болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/431 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй....” гэснийг “...шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 6,179,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 3,069,390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д тус тус олгож. ...” гэснийг “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 6.179.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.069.390 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 14.950.000 төгрөгийг, нийт 18.019.390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А-д олгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь гэм буруутай этгээдээс  өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын хамтран гаргасан “зорчих эрх хязгаарлах ялд өөрчлөлт оруулах ” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, иргэний нэхэмжлэгч хариуцагч Ц.Б-гийн “хохирогчийн хагалгааны төлбөрийн 6,179,000 төгрөгийг жолооч Б.Г-өөс гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ