Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 384

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна хохирогч Г.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд  нь тархи доргилт, дух, хоёр нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.М манай найз учир бид сайн дураараа эвлэрсэн. Прокурорын санал болгосон ялыг би хүлээн зөвшөөрсөн”  гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Г.М мөрдөн байцаалтанд: “2018 оны 02 дугаар сарын 5-ны шөнө 02 цагийн үед найз М Фейсбүүкээр чат бичсэн. Буузаа хийж дуусаж байна  ганц нэг пиво ууя гэсэн. Би тэгэхээр нь юм ярьж суувал сууя гээд 10 дугаар хороололд гэрийнх нь гадаа очсон. Гэрийнх нь урд талын байранд нэг подволь байсан. Тэгээд тэнд орж бид 2 тус бүр хоёр, хоёр пиво уугаад юм ярьж суусан. Тэндээс гараад...таксинд ороод М намайг чи ер нь хэн болчихсон юм бэ гээд уурлаад байсан. Би гэрийнх нь гадаа очоод орой болсон байна гэртээ ороё гэхэд намайг чи одоо надад заах юм уу гээд шууд толгой руу гараараа ар  дагз руу цохисон. Би яаж байна гээд толгой руу нь өөрийг нь холдуулах гээд түлхсэн. Машины арын сандал дээр хамар руу шууд цохиод үсдэж дараад дээрээс толгой руу гараараа цохиод эхэлсэн. Таксины жолооч бууж ирж Мыг миний дээрээс шууд татаж аваад машинаас гаргаж холдуулсан” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: “2018 оны 02 дугаар сарын 5-ны өдөр би...найз Мтэй орой уулзахаар болсон...бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво уусан. Тэгээд тэндээс яваад Сүхбаатарын талбайн тэнд караокед орсон. Дахиад хэдэн пиво уугаад дуулсан. Өглөө 6 цагийн орчим тэндээс гараад такси бариад манай гэрийн гадна таксин дотор миний толгой руу М түлхсэн тэрнээс болж маргалдсан. Хоорондоо барьцалдаж аваад заамдалцан үсдэлцээд цохисон...Мөнх-Эрдэнийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2372 дугаартай: “Г.Мөнх-Эрдэнийн биед тархи доргилт, дух, хоёр  нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт,  хамар, зүүн доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 10/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-йн 17/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 18/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна хохирогч Г.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд  нь тархи доргилт, дух, хоёр нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, хамар, зүүн доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Г.М-ийн “...чи надад заах юм уу гээд шууд толгой руу гараараа ар  дагз руу цохисон...машины арын сандал дээр хамар руу шууд цохиод үсдэж дараад дээрээс толгой руу гараараа цохиод эхэлсэн” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2372 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч Б.Мын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...хоорондоо барьцалдаж аваад заамдалцан үсдэлцээд цохисон...Мөнх-Эрдэнийн биед дээрх гэмтэлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 27/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Мт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д овогт Б-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, Б.М цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мын хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ