Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00217

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03125 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ийн нэхэмжлэлтэй, А.С-г сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга:

Миний бие А.С-тэй нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд үерхэж, нөхөрлөж байхад А.С- нь Герман улс руу явахад гэр бүл болсон хүмүүсийн виз хурдан гардаг гэнээ, гэрлэлтээ батлуулъя гэхэд нь 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш буюу 1990 оны 07 дугаар сараас А.С-тэй уулзахаа больсон. А.С-тэй хамт амьдарч байгаагүй. Миний бие 1999 оны 12 дугаар сард Швейцарь улсад өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч байна. А.С-тэй 22 жил уулзаагүй, сураг чимээ олдохгүй байна. Харин түүний ах А.Адьяасүрэнтэй 2021 оноос хойш утсаар ярьж, очиж уулзахад А.С- нь 2015 оноос хойш гэртээ ирээгүй, хаана байгааг мэдэхгүй, Хятад улс руу явсан гэж хэлсэн. Үүний дагуу Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн газар хандахад хувь хүний нууц гээд ямар ч мэдээлэл өгөөгүй. А.С-тэй хамтран амьдардаггүй учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Ийм учраас түүнийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аюурзанын С-г сураггүй алга болсонд тооцуулахыг хүссэн Өөлд овогтой Цэнд-Аюушийн Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын

агуулга:

Анхан шатны шүүхэд Аюурзанын С-г сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх Ц.М-, А.С- нар нь 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ батлуулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн. Миний бие Герман улс явна гэж А.С-тэй гэрлэлтээ батлуулсан боловч түүнтэй хамт амьдарч байгаагүй. Одоо нөхөртэй болж, гэрлэлтээ батлуулах гэхээр А.С-тэй гэрлэлтээ батлуулсан гэсэн лавлагаа гарч, гэрлэлтээ батлуулж чадахгүй байна.

Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газраас авсан лавлагаагаар А.С- нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр УБ-Бээжин чиглэлийн Ом-223 дугаар аяллын онгоцоор гараад, улсын хилээр буцаж орж ирээгүйг, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба нь А.С-г цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах бүртгэлд бүртгэгдээгүйг тус тус тодорхойлсон. А.С- нь 2017 оны 06 дугаар сараас хойш оршин сууж байсан газартаа амьдраагүй, хаана байгаа нь тодорхойгүй байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлээс лавлагаа авахад байхгүй гэх бөгөөд Нийслэлийн Иргэний бүртгэлээс лавлагаа хүсэж ирсэн болно гэсэн. Мөн А.С- Монгол Улсын хилээр гарч яваад ирээгүй тул Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах боломжгүй, хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байхад олон улсад эрэн сурвалжлах шаардлага байхгүй мэт гэж харагдаж байна.

Шүүх А.С-гийн ах А.Адъяасүрэнд Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 6-29 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаар тус хорооны Засаг дарга тодорхойлсон тул гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн. Хэргийн материалтай танилцахад Засаг даргын тодорхойлолт ирээгүй байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчид мэдэгдэх хуудас явуулаагүйг хэлсэн. Гэрч А.Адъяасүрэнг оролцуулах, албадан ирүүлэх хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Мөн гэрч хаягтаа байхгүй гэсэн бичгийг хурлын өмнө үзүүлээгүй ба үзүүлсэн бол өөр гэрч асуулгах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Ц.М- нь А.С-г сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.2-т заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр гаргажээ.

 

Тэрээр “А.С-тэй 1990 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нь Герман улс явах зорилготой байсан бөгөөд түүнтэй хамт амьдарч байгаагүй тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон,  А.С- нь 2015 оноос хойш гэртээ ирээгүй хаана байгаа нь тодорхойгүй байна” гэж түүнийг сураггүй алга болсонд тооцуулахыг хүсч буй зорилго, үндэслэлээ тайлбарласан байна.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхэд хүсэлт гаргагчаас гадна шаардлагатай бол шүүх нэмэлт нотлох баримт шаардан авах, гэрч асуух, нотлох баримт байгаа газарт үзлэг хийх зэргээр шүүх өөрийн санаачилгаар ажиллагааг явуулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт “Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана” гэж, мөн зүйлийн 138.2 дахь хэсэгт “Шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно” гэж сураггүй алга болсонд тооцуулах хүсэлт хүлээн авсан шүүгчийн явуулах ажиллагааны талаар тус тус зохицуулжээ. 

 

3. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гэрчээр А.Адъяасүрэнг асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч “... гэрч хаяг дээрээ бүртгэлгүй ...” гэх үндэслэлээр уг ажиллагааг явуулаагүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хязгаарласан, цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, алга болсон гэх А.С-гийн төрөл садангийн талаарх лавлагааг гаргуулан авах, улмаар түүний талаар мэдээ өгч чадах өөр бусад этгээдийг гэрчээр асуух зэрэг ажиллагааг хийх шаардлагатай.

 

Нийслэл дэх Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн А.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаанд “...2012 онд иргэний үнэмлэх, ....2014 гадаад паспорт...”  тус тус олгосон, иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг нь “Сонгинохайрхан, 2 дугаар хороо, Орбит 6 гудамж, 92 тоот” гэж тусгагдсан байгаа зэргээс үзэхэд уг хаягт оршин сууж байсан талаар болон гадаад паспорт, иргэний үнэмлэх олгохтой холбоотой баримтуудыг холбогдох байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байна. (хх-ийн 35)  

 

5. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03125 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР