| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2025/00287/И |
| Дугаар | 191/ШШ2025/03439 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03439
2025 04 24 191/ШШ2025/03439
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: *** оршин суух, Т******* К******* ББСБ ХХК /РД:5795044/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, О*******ийн Д*******, /РД:*******/,
Хариуцагч: *** оршин суух, Б*******ийн М******* /РД:*******/
Зээлийн гэрээний үндсэн төлбөр 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т******* к*******" ББСБ ХХК болон хариуцагч О.Д*******, Б.М******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ЗХЗА-Б3/22002 дугаартай 50,000,000 (тавин сая) төгрөгийг нэг сарын 2.80 хувь, жилийн 33.60 хувийн хүүтэй, 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 (нэг) жилийн хугацаатай Зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах хэлбэр болгож зээлдэгч О. Д*******гийн өмчлөлийн Ү дугаартай, *** орон сууцыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан.
Зээлийн гэрээ байгуулагдсан даруй банк бус санхүүгийн байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлэн хамтран зээлдэгч Б.М*******ын Голомт банк дахь тоот харилцах дансанд 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитой олгосон.
Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох байсныг зээлдэгч О.Д*******гийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн З дугаартай Зээлийн нэмэлт, өөрлөлт оруулах гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 (нэг) жилийн хугацаагаар сунгасан. Ийнхүү зээлийн гэрээг сунгахдаа зээлдэгч нар нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү болох 11,594,321.07 төгрөгийг төлж барагдуулсан.
Зээлдүүлэгчээс зээлдэгч нарын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, эрхэлж буй бизнесийн орлого олох боломж зэргийг харгалзан үзэж зээлийн гэрээний хугацааг сунгаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг олгосон байхад зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.3-т заасан зээл болон үндсэн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлж үүргийн зөрчил гаргасан.
Тодруулбал, зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусгавар болгох үүрэгтэй байсан боловч анхнаасаа энэхүү үүргээ биелүүлээгүй.
Энэ хугацаанд банк бус санхүүгийн байгууллагаас удаа дараа зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг өгч, биечлэн уулзаж шаардлага тавьж байсан. Гэвч зээлдэгч нар нь олон шалтгаан нөхцөл дурдаж явсаар өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш үндсэн зээлийн төлбөрийг огт төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хүүнд 35,023,146.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,264,599.15 төгрөг, нийт 40,388,143.41 төгрөгийг төлсөн.
2024 оны 12 дугаар сарын 29-ний хүртэл үндсэн зээл 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734 40 төгрөгийн төлбөр хуримтлагдсан.
Иймд хариуцагч О.Д*******, Б.М******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч О.Д*******гийн өмчлөлийн Ү дугаартай, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо, *** тоот хаягт байршилтай, 3 өрөө, 72,05мкв талбайтай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т******* К******* ББСБ ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ЗХЗА-БЗ/22002 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734.40 төгрөгийг зээлдэгч О.Д*******гээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Хариуцагч О.Д******* нь шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш Т******* К******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүү нийт 59,585,734.40 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч О.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* К******* ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үндсэн төлбөр 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед О.Д******* нь Т******* К******* ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүү нийт 59,585,734.40 төгрөгийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч О.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* К******* ББСБ ХХК нь Зээлийн гэрээний үндсэн төлбөр 49,899,602.30 төгрөг, зээлийн хүүнд 9,686,132.09 төгрөг, нийт 59,585,734.40 төгрөгийг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455,879 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 263,039.5 төгрөг, хариуцагч О.Д*******гээс 263,039.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* К******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА