Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/880

 

 

   2024           08            01                                         2024/ДШМ/880

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх, 

хохирогч Б.Б,

яллагдагч Д.Б-гийн өмгөөлөгч С.Одгариг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/965 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 2310000200449 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Д.Б, 1976 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Грийн Хаус 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Юна” салонд Б.Б-тай маргалдаж биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Б-д холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 431 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн уг дүгнэлтийг 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Н.Ганболд хүчингүй болгожээ. Ингэхдээ ...Хэргийг хянаад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг гүйцэд шалгаж нотлоогүйгээс гадна хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Золжаргал нь Д.Б-гийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор ГССҮТ-ийн өвчний түүх 12 хуудас материалаар, шинжилгээ хийж ...2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6711 дугаартай дүгнэлт гаргажээ. Гэтэл 6711 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Д.Бгийн сээрний 7-р нугалмын хугарал, зүүн хөлийн өвдөгний жийргэвч урагдалт, хэвлийн битүү гэмтэл учирсан байсан эсэх, байсан бол энэ нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, хамаарах бол ямар шинжээр ямар гэмтлийн зэрэгт хамаарах, тухайн гэмтлүүд ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байж болох, эдгэрэлтийн явц, байдлаар нь тухайн гэмтлүүд үүссэн цаг хугацааг тогтоох боломжтой эсэх талаар шинжилгээний бодит үр дүнг тусгалгүйгээр орхигдуулснаас гадна шинжлэх ухааны ямар арга зүйд тулгуурлан Д.Б-гийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх 2022.12.03-ны өдөр үүсээгүй байна гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлж байна...” гэсэн дүгнэлтийг хийж 2023 оны 431 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгожээ. Прокурорын энэ тогтоолын дагуу нэмэлт шинжилгээ хийлгэхээр мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тогтоол үйлдсэн, уг тогтоолын дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газар нэмэлт материал хэрэгтэй гэж дүгнэлт гаргаагүй материалыг буцаасан мөрдөгч нь яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэмтлийн талаар нэмэлт шинжээч томилохоор тогтоол үйлдэж танилцуулах, эмнэлгийн баримтуудыг нэмж гаргуулахаар холбогдохоор 2023 оны 11 дүгээр сарын 07, 10, 15, 20, 22-ны өдрүүдэд гар утсаар залгаж, холбогдох боломжгүй гэсэн тэмдэглэл үйлдсэнээс өөрөөр ажиллагаа явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулаагүй, шалгах ёстой зайлшгүй шаардлагатай асуудлыг орхигдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн 2310000200449 дугаартай хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад, мөрдөгчөөс яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилох тогтоол үйлдэж, шинжилгээний байгууллагад хүргүүлсэн боловч, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Мөнхбатын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “...шинжлүүлэгч Д.Б-гийн сээрний 7 дугаар нугалмын хугарал, зүүн хөлийн өвдөгний жийргэвчийн урагдал, хэвлийн битүү гэмтэл болон бусад асуудлыг тогтоох шинжилгээ хийхэд сээр нурууны рентген зураг болон зүүн хөлийн MRI шинжилгээ, хэвлийн эхо шинжилгээ шаардлагатай... шинжилгээ хийх боломжгүй тул ирүүлсэн материалыг буцаав...” гэсэн утга агуулга бүхий 13/7657 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Мөн мөрдөгчөөс шинжилгээнд шаардлагатай холбогдох баримтуудыг гаргуулах зорилгоор яллагдагч Д.Б-гийн 00000000 дугаарын утсанд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд удаа дараа залгасан боловч, утас нь холбогдохгүй, тэрээр Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах газарт хүргүүлсэн албан бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад, анхан шатны шүүхээс түүний биед учирсан гэмтлийн талаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүйгээс гадна биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэмтэл нь өөр цаг хугацаанд өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах бичгийн баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, Д.Б-гийн 2022 оны 12 дугаар сарын 09-нд “...ГССҮТөвд шатнаас унаж эрүүл мэндэд нь тархины доргилт бүхий гэмтэл учирсан...” талаарх өвчний түүхийн хуулбар, мөн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “...зүүн хөлний өвдөгний жийргэвчний урагдалт” гэмтлийн улмаас Улсын Гуравдугаар эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгүүлсэн талаарх тодорхойлолт зэрэг болно. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад нэмэлт шинжилгээ хийлгэхээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу Д.Б-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, хэтэрхий нэг талыг барьж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/965 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хавтаст хэрэгтэй танилцсан. Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч С.Одгариг 2-3 удаа Болортуяад шинжээч эмч томилуулсан. Шинжээч эмчийн дүгнэлт нь шүүгдэгч Д.Б болон бид хоёр маргаж барьцалдаж зодолдсоны улмаас гэмтэл үүсээгүй гэж эмчийн дүгнэлт гарсантай миний бие танилцсан. Шүүх хурлыг нөгөө талаас санаатайгаар олон удаа хойшлуулж байгаа талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хариулт авмаар байна. Хоёр жилийн хугацаанд маш удаашралтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд хурдан хугацаанд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагч Д.Б-гийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцлээ тайлбарлахдаа, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Б нь гэмтэл согог судлалын төвд шатнаас унаж эрүүл мэндэд нь тархины доргилт гэмтэл учирсан энэ талаар эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тиймээс Д.Б-гийн хувьд 2022 оны буюу 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг гарсан өдөр гэмтэл учраагүй байна. Иймээс шүүгчийн захирамжид дурдсан нэмэлт шинжилгээ хийх шаардлагагүй гэсэн үндэслэл ярьж байна. Гэтэл Д.Б 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хэрэг гарсан өдөр  дотор муухайрч түргэн дуусан баримт хавтаст хэрэгт байгаа. Түргэний эмчийн зөвлөснөөр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очиж эмчид үзүүлэхэд тэр эмч бичиг хийж өгөхдөө Д.Б-г “шатны хажууд дотор муухайрч унасан” гэснийг тухайн эмч нь шатнаас унасан гэж бичсэн байдаг. Үүнийг прокурор үндэслэж Д.Б-гийн гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр учраагүй, өөр газар буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шатнаас унаж учирсан гэж дүгнээд Д.Б-гийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн, тухайн эмчийн дүгнэлт үндэслэлтэй дүгнэлт гэж үзэх боломжгүй. Хавтаст хэрэгт Д.Б-гийн гэмтэл хэзээ,хаана, яаж учирсан нь нотлогдсон баримт хэргийн материалд байхгүй. Хуульд зааснаар мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах ажиллагаа хийгдээгүй энэ ажиллагааг хийгдэх шаардлагатай гэж дээд шатны прокурор нь яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг буцаасан. Д.Б гадаадад эмчлүүлэхээр явсан. Гэмт хэргээс үүдэж гадаад руу зугтсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэсэн нь шүүх эрх хэмжээнийхээ дагуу ажиллагаа хийсэн. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Б-г 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Юна” салонд Б.Б-тай маргалдаж биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, Д.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяа яллагдагч Д.Б-д холбогдох хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 431 дугаартай яллах дүгнэлт /1хх 165-168/ үйлджээ.

Энэхүү прокурорын яллах дүгнэлтийг Нийслэлийн прокурор Н.Ганболд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар тогтоолоор /1хх 188-191/ хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай гэж дүгнэн хүчингүй болгож Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгажээ.

Яллах дүгнэлтийг хүчингүй болгосноос хойш мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой ажиллагаа хийгээгүй байх ба шүүгчийн захирамжид заасан “...Прокурорын 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар тогтоолын дагуу нэмэлт шинжилгээ хийлгэхээр мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тогтоол үйлдсэн, уг тогтоолын дагуу Шүүх шинжилгээний Ерөнхий газар нэмэлт материал хэрэгтэй гэж дүгнэлт гаргаагүй материалыг буцаасан, мөрдөгч нь яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэмтлийн талаар нэмэлт шинжээч томилохоор тогтоол үйлдэж танилцуулах, эмнэлгийн баримтуудыг нэмж гаргуулахаар холбогдохоор 2023 оны 11 дүгээр сарын 07, 10, 15, 20, 22-ны өдрүүдэд гар утсаар залгаж, холбогдох боломжгүй гэсэн тэмдэглэл үйлдсэнээс өөрөөр ажиллагаа явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулаагүй, шалгах ёстой зайлшгүй шаардлагатай асуудлыг орхигдуулсан...” гэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангагдах боломжтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/965 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Д.Б-гийн биед учирсан гэх гэмтлийн шалтгаан,нөхцөлийг нэг мөр тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байхын зэрэгцээ прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахтай холбоотой хуулиар тогтоосон журмыг мөрдөж ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/965 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                            ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                            ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ