Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00230

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00230

 

МАГАДЛАЛ

2022.02.

Ц.Аын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-д холбогдох 24,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, хариуцагч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А.Б-тай 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 17 дугаар Сити нэртэй барилгын зочид буудлыг нэг сарын түрээсийн төлбөрийг 8,000,000 төгрөгөөр тохиролцож, нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч 5 хоног дараа тухайн барилга, байгууламжийн өмчлөгч Ж.Гарьд ... миний объектыг А.Б- гуравдагч этгээдэд түрээслэх эрх байхгүй... гэж манай ажилчдыг гаргаж бид үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Гэрээнд аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас болж үйл ажиллагаа доголдсон тохиолдолд нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний торгуулна төлнө гэж заасан тул торгууль 8,000,000 төгрөг гаргуулна. Мөн үйл ажиллагаа явуулахаар 800,000 төгрөгийн бараа худалдан авсан бөгөөд уг бараа зочид буудалд үлдсэн. Барааны үнээс 600,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 200,000 төгрөг, нийт 24,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Жи ар ди реалти ХХК-ийн захирал Ж.Гарьдтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу түүний өмчлөлийн Сити нэртэй барилгын зочид буудал, караоке, пабыг сарын 20,000,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан боловч алдагдалтай ажиллаж байсан тул Ж.Гарьдтай уулзаж, караоке болон зочид буудлыг цаашид түрээслэх боломжгүй талаар хэлэхэд ...чи түрээслэх хүн олж бай, олоод надад хэлээрэй... гэсэн. Ц.Атай зочид буудлыг түрээслэх гэрээ байгуулж нэг сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг авч Ж.Гарьдад өгсөн. Гэтэл Ж.Гарьд удалгүй биднийг тус барилгаас гаргасан. Түрээсийн гэрээ Эс Эс Эс сити ХХК болон Ц.А нарын хооронд байгуулсан. Иймд гэрээний үүрэг болон түүнтэй холбоотой хохирлыг А.Б-аас бус Эс Эс Эс сити ХХК-аас шаардах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Б-д холбогдох 24,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч А.Б- түрээсийн гэрээг Эс Эс Эс сити ХХК болон Ц.А нар байгуулсан тул гэрээний үүрэгтэй холбоотой хохирлыг А.Б-аас бус Эс Эс Эс сити ХХК-аас шаардах ёстой гэжээ. А.Б- нь Эс Эс Эс сити ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм. Ц.А болон Эс Эс Эс сити ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Б- уг барилгыг дамжуулан түрээслэх эрх олгогдоогүй, түрээсийн гэрээнд тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас А.Б- нь Ц.Ааас авсан мөнгөө буцаан өгөх үүрэгтэй. А.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа Ц.Ааас авсан түрээсийн төлбөрийг Ж.Гарьдад өгсөн гэж тайлбарласан. Гэтэл Ж.Гарьдыг гэрчээр асуулгаагүй тул түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг А.Б- хариуцна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Ц.А түрээсийн гэрээний үүрэг шаардсан. Гэрээг Эс Эс Эс сити ХХК болон Ц.А нар байгуулсан. Гэрээний үүрэг, түүнтэй холбоотой хохирлыг Ц.А нь А.Б-аас бус Эс Эс Эс сити ХХК-аас шаардах ёстой. А.Б- Ц.Ааас хүлээн авсан мөнгийг үндсэн түрээслүүлэгч Ж.Гарьдад бэлэн болон дансаар шилжүүлж өгсөн. А.Б- гэрээний үүргийг хариуцахгүй. А.Б- Ц.Ааас мөнгө авсан талаар маргаангүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

1. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар

1.а. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч А.Б- холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг, торгууль 8,000,000 төгрөг, барааны үнэ 200,000 төгрөг, нийт 24,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... түрээсийн төлбөрийг Ж.Гарьдад шилжүүлэн өгсөн, гэрээний тал биш тул гэрээний үүргийг хариуцахгүй... гэж маргасан байна.

1.б. Ц.А болон Эс Эс Эс Сити ХХК-ийн захирал А.Б- хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр хийгдэж, энэхүү гэрээгээр Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 6/4 тоот хаягт байрлах 924 м.кв үйлчилгээний зориулалттай зочид буудлыг Ц.Ад 1 жилийн хугацаатай, түрээслүүлэхээр, түрээсийн нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг, барьцаа 8,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ. (хх-ийн 64-65)

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч А.Б-д түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь ХААН банк ХХК дахь А.Б-ы эзэмшлийн 5085021061 тоот дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаангүй байна. (хх-ийн 60-62)

Нэхэмжлэгч Ц.А нь зочид буудлыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс ажиллуулж байсан боловч түрээсийн зүйлийн өмчлөгч Жи ар ди реалти ХХК-ийн захирал Ж.Гарьдын зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслэсэн үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зочид буудлын үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн талбайгаас гарсан болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1398 дугаар тогтоол, мөн тус Прокурорын газраас ирүүлсэн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна. (хх-ийн 6-8, 47-63)

Түрээсийн зүйл болох зочид буудал нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 6/4 тоот хаягт байрлах 1495 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг бөгөөд түүний хууль ёсны өмчлөгч нь Жи ар ди реалти ХХК болох нь улсын бүртгэлийн 000700107 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ.

Хариуцагч А.Б- болон Жи ар ди реалти ХХК-ийн захирал Ж.Гарьд нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний 6-д зааснаар бусдад дамжуулан түрээслэхийг хориглосон заалтыг хариуцагч зөрчсөн болохыг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1398 тоот тогтоолд дүгнэсэн байхаас гадна хариуцагч А.Б-ы ...тухайн байгууламжийг 3 хувааж бусдад түрээслүүлсэн, Ж.Гарьд энэ талаар мэдээд үйл ажиллагааг шууд зогсоосон... гэсэн агуулга бүхий мэдүүлэг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгагдсан байна. (хх-ийн 7, 50, 105)

Хариуцагч А.Б- ...Ж.Гарьд гэдэг хүн өөр түрээслэгч олж өг гэсний дагуу Ц.Атай гэрээ байгуулсан... гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа нотлоогүйгээс гадна нэхэмжлэгч Ц.Аын ... түрээсийн гэрээ байгуулах үед А.Б- уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлийнх гэсэн тул гэрээ байгуулсан боловч Ж.Гарьд тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж зочид буудлаас гаргасан... гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй байна.

1.в. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэж заасан бөгөөд Жи ар ди реалти ХХК-ийн захирал Ж.Гарьдтай байгуулсан гэрээнд дамжуулан түрээслэхийг хориглосон байхад хариуцагч А.Б- нь Жи ар ди реалти ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 924 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай зочид буудлын хэсгийг Ц.Ад дамжуулан түрээслэхээр өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч Ц.А болон хариуцагч А.Б- нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

1.г. Анхан шатны шүүх дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байхаас гадна хариуцагч А.Б-ыг тухайн маргаанд хариуцвал зохих этгээд биш гэж үзсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Ц.А нь ХААН банк ХХК дахь хариуцагч А.Б-ы дансанд түрээсийн төлбөр болон барьцааны мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн лавлагаанаас үзэхэд Эс Эс Эс сити ХХК нь хариуцагч А.Б-ы үүсгэн байгуулсан, нэг гишүүнтэй компани байх бөгөөд хариуцагч А.Б- нь хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан гэх байдлыг нотолсон баримтыг гаргаагүй тул хохирлыг А.Б-аас бус Эс Эс Эс сити ХХК-аас шаардах ёстой гэх түүний татгалзал, тайлбар үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар Эс Эс Эс сити ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Б- нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах үндэслэлтэй юм. Учир нь уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн үйл ажиллагааг шууд удирдан явуулахдаа өөрийн хөрөнгөөс компанийн хөрөнгө тусгаарлагдсан гэх байдлыг нотлоогүй.

Ийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ц.А нь түрээсийн төлбөрт төлсөн 8,000,000 төгрөг болон барьцаа 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг хариуцагч А.Б-аас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

1.д. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул гэрээний 4.3-т Хэрвээ аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэлгүй гэнэтийн байдлаар гэрээ цуцлахаар бол нөгөө талдаа нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасныг үндэслэн хариуцагч А.Б-аас торгуульд 8,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

1.е. Нэхэмжлэгч Ц.А нь зочид буудлын үйл ажиллагаа явуулахад зориулж 800,000 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авснаас хариуцагч 600,000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 200,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч А.Б-аас барааны үнийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөгийн хохирол учирснаа нотлоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Б-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/03191 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ... үлдээж, хариуцагч А.Б-аас 237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Аын төлсөн 278,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ