| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0023/Э |
| Дугаар | 00024 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 00024
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0023/Э индекстэй, 1815000070010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхлэдэг, , хэрэг хариуцах чадвартай, Х.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Бугат сумын 18-тын дөрөлж гэх газарт **-**БУЛ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг 10.1а-д “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг 10.1 б-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс Г.Хосбаярын жолоодон явсан **-**УБУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815000070010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Б өгсөн: Би нөхөр Хосбаяр, ээж Мянгандай, хүү Далайбаяр нарын хамт Улаанбаатар хотоос Булган аймгийн нутаг дэвсгэрт байх “Баатарван” сувилалын газар руу өөрсдийн эзэмшлийн **-**УБУ улсын дугаартай “Subaru” маркийн машинтай явж байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Булган аймгийн төвийг өнгөрсөн. 17 цагийн орчим 18-тын даваа гэсэн байхаа тэр давааг уруудаад засмал замаар уруудаад явж байхад урд талаас мод ачсан машин /марк, улсын дугаарыг нь мэдэхгүй/ нөгөө урсгалаар явж байсан ба араас нь ногоон өнгийн Истана маркийн машин явж байхыг харсан. Истана маркийн машин нь мод ачсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд засмал замын урсгал сөрөөд манай машины өмнүүр орж ирсэн. Тэгээд орж ирэхээр нь манай нөхөр машиныхаа тормоссыг гишгэхэд Истана маркийн машины зүүн хойд талын ар талыг мөргөсөн. Тэгээд тэр машин цаашаагаа жалга руу орсон. Одоогоор миний зүүн гарын чигчий хуруу үеэрээ хугарсан. Би машиныхаа эвдрэлийн болон гэмтлийн бусад зардлаа гаргуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Г.Хосбаярын өгсөн:...17 цагийн үед байх би цагийн сайн мэдэхгүй байна. Нэг даваа өгсөөд уруудаад явж байтал урдаас эсрэг урсгалд нэг жижиг суудлын тээврийн хэрэгсэл ачааны том тээврийн хэрэгсэл ирж явж байсан. Тэр том ачааны тээврийн хэрэгсэлийг араас нь нэг Истана маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэхээр нь би урдаас гүйцэж түрүүлэж байгаа Истана маркийн тээврийн хэрэгсэлд анхааруулах зорилгоор их гэрлээ татаж дохио өгсөн. Тэгээд тэр Истана маркийн тээврийн хэрэгсэл нь ачааны тээврийн хэрэгсэлийг гүйцэн түрүүлж суудлын жижиг тэрэгний ард талд очихлоо гэж бодсон чинь тэр жижиг тэрэгний араас хөндөлсөөд миний урдаас гарч ирэхээр нь би хурдаа хасч тэр машинаас зайлах зорилогтой нөгөө талын урсгал руу орох гэсэн чинь том тэрэг нилээн ойртчихсон байсан тэгээд би ямар ч тэр Истана маркийн тээврийн хэрэгсэлээс зайлах боломжгүй болсон. Тэгээд машин мөргөлдсөн тэгээд юу болсоныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Н.Д өгсөн:...манай машин тэр том тэргийг гүйцэж түрүүлж байх шиг байсан тухайн үед би үүрэглэж байсан болохоор сайн анзаараагүй удалгүй манай машин дайвалзаад 2 тийшээгээ дайвалзаж шарваад замын хажуу руу орсон гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Д.Б өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Гантай ХХК-ийн захирал нь намайг модонд манай машинтай явж өгөөч ээ гэж гуйсаны дагуу би **-** УНН улсын дугаартай Рuno маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Хөндлөн гэх газарт модонд яваад орой 17 цагийн буцаад Бугат сумын арван наймтын дөрөлж гэх газар асфалтан зам дээр явж байсан. Би толиндоо хартал ард талд Истана маркийн тээврийн хэрэгсэл нь нилээн хол явж байсан тэгтэл миний урдаас буюу эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл их гэрлээрээ дохиод байхаар нь би толиндоо хартал ард талд явж байсан Истана маркийн тээврийн хэрэгсэл нь намайг гүйцэж түрүүлэх гээд явж байсан. Тэгтэл тэр Истана маркийн тээврийн хэрэгсэл нь миний барьж явсан тээврийн хэрэгсэлийн миний талын толыг шүргэн ард хэсгээрээ шахаж миний урд талд оронгуутаа Истана маркийн тээврийн хэрэгсэл нь хөндөлсөөд урдаас ирсэн тээврийн хэрэгсэлийг мөргөж замын хажуу руу орсон. Би тэгээд зам чөлөөлж зогсоод машинаасаа буугаад байж байсан чинь Истана маркийн тээврийн хэрэгсэлээс эмэгтэй эрэгтэй 2 хүн буучихсан миний урдаас ирэхээр нь би урдаас нь загнаад та нарын урдаас машин ирж байхад гүйцэж түрүүллээ гэж хэлсэн чинь манай эхнэр машинаа барьж явсан юм юу яриад байгаа юм гэж хэлсэн удалгүй жижиг суудлын тэрэгнээс нэг эрэгтэй хүн бууж ирээд Истана маркийн тээврийн хэрэгсэлийн дотор сууж явсан гэх тэр залуутай маргалдаад байх шиг байсан би тухай үед юу гэж маргалдсаныг сонсоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/
Гэрч А.М өгсөн: ...Нэг даваа өгсөөд уруудаад явж байтал урдаас эсрэг урсгалд нэг жижиг суудлын тээврийн хэрэгсэл ачааны том тээврийн хэрэгсэл ирж явж байсан. Тэр том ачааны тээврийн хэрэгсэлийн араас нь нэг Истана маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх гэхээр нь манай хүргэн урдаас гүйцэж түрүүлж байгаа Истана маркийн тээврийн хэрэгсэлд ойртож яваа гэдгээ анхааруулах зорилгоор их гэрлээ татаж дохио өгсөн. Тэгээд тэр Истана маркийн тээврийн хэрэгсэл нь ачааны тээврийн хэрэгсэлийг гүйцэн түрүүлж суудлын жижиг тэрэгний ар талаас хөндөлсөөд бид нарын урдаас гарч ирсэн тэгээд юу болсоныг сайн мэдэхгүй би тухай үед их сандарсан болохоор. Тэгээд нэг мэдсэн машин зогсчихсон болохоор нь би сууж явсан хүргэний машинаасаа буугаад хартал тэр Истана маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч талын хаалганаас хөх өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирсэн. Би тэр танихгүй эрэгтэй хүнээс “чи чинь замын хөдөлгөөний дүрэм мэддэгүй юм уу хашаа юм чи лав эрүүл биш” гэж хэлсэн чинь хөх хувцастай эрэгтэй хүн би бариагүй гээд хэлээд байсан. Тухайн үед тэр хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч М.С өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Цэндмаа эгч раамны модонд яваад өг гэсний дагуу Баттогтох Оросоо нарын хамт **-** УНН улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах Хөндлөн гэх газарт модонд явсан. Тэгээд бид нар Хөндлөн гэх газарт модоо ачаад бид 3 Булган сумын төв рүү явж байсан. Би жолоочийн суудлын ард талын амрах орон дээр гарч унтахаар хэвтсэн Баттогтох машинаа бариад Оросоо машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад явсан. Би нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь машин чанга дуугарах шиг болсон. Тэгээд би сэрээд Баттогтохоос яасан бэ гэж асуутал машин мөргөлдчихлөө гэж хэлж байсан. Тэгээд машиний цонхоор хартал Бугат сумын 18-тын дөрөлж гэх газрын ойролцоо 17 цагийн үе байсан. Тэгэд би машинаасаа буугаагүй машиндаа байж байсан. Баттогтох Оросоо 2 машинаасаа буугаад гараад явсан. Би сууж байсан машиныхаа цонхоор хартал Истана маркийн машин нь замаас гарчихсан байх шиг байсан. Удалгүй Оросоо машин дотроо орж ирэхээр нь би Оросоогоос юу болсон бэ? хүн амьтан зүгээр үү гэж асуусан чинь зүгээр зүгээр гэж хэлэхээр нь би машин дотроо суугаад байсан. Тэгээд оройролцоогоо хоёр цагийн дараагаар Цэндмаа эгч ирсэн тэгээд би Цэндмаа эгчтэй хамт Булган сумын төв рүү явсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны
01 дүгээр сарын 04-ний өдрийн 18 тоот 1. Д.Б биед зүүн сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар үенд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 95 хуудас/,
Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тоот: Жолооч Н.Х.Б ВСД-356136 тоот дугаартай хүчинтэй, Г.Хосбаяр АВ-348433 тоот дугаарын хүчинтэй, Д.Баттогтох ВС-216011 тоот дугаарын хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. 2. жолооч Н.Х.Б , Д.Баттогтох нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Н.Х.Б нь 9.2 дахь заалтыг зөрчсөн “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10.1а “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” 10.1.б “өөдөөс болон араас яваа тээврийн хээргсэлийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Д.Баттогтох МУын ЗХД-ийн 2.7а дахь заалтыг зөрчсөн “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлт эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 3. **-**БУЛ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл, **-**УБУ улсын дугаартай Subaru outback маркийн тээврийн хэрэгсэл, **-** УНН улсын дугаартай Puno маркийн тээврийн хэрэгслүүдийг техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй. 4. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан жолооч Н.Х.Б гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт /хх-ийн 50 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот 1. Д.Б биед зүүн сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар үенд /дунд шивнүүр/ хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-115 хуудас/,
Х.Б ийн яллагдагчаар өгсөн: ...мод ачсан машинтай зэрэгцээд явж байхад урдаас ирж явсан машин манай машинтай ойртоод ирсэн. Тэгээд би хажуу талд цуг явж байсан ачааны тээврийн хэрэгсэлийг гүйцэж түрүүлэхээс аргагүй болсон. Тэгээд би гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед тэр том ачааны тэрэг миний барьж явсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Тэгтэл миний барьж явсан тээврийн хэрэгсэл дайвалзаж эхлэн эсрэг урсгалд орж урдаас ирсэн машин миний машины араас мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-14/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-125/
“Лэндс” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/15 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Х.Б нь Булган аймгийн Бугат сумын 18-тын дөрөлж гэх газарт **-**БУЛ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг 10.1а-д “Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүйц хэмжээний зай байгаа эсэх” гэсэн заалтыг 10.1 б-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг тус тус зөрчснөөс Г.Хосбаярын жолоодон явсан **-**УБУ улсын дугаартай Subaru Outback маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бумдарийн...манай нөхөр машиныхаа тормоссыг гишгэхэд Истана маркийн машины зүүн хойд талын ар талыг мөргөсөн. Тэгээд тэр машин цаашаагаа жалга руу орсон. Одоогоор миний зүүн гарын чигчий хуруу үеэрээ хугарсан. Би машиныхаа эвдрэлийн болон гэмтлийн бусад зардлаа гаргуулмаар байна гэх, гэрч Г.Хосбаярын...Истана маркийн тээврийн хэрэгсэл нь ачааны тээврийн хэрэгсэлийг гүйцэн түрүүлж суудлын жижиг тэрэгний ард талд очихлоо гэж бодсон чинь тэр жижиг тэрэгний араас хөндөлсөөд миний урдаас гарч ирэхээр нь би хурдаа хасч тэр машинаас зайлах зорилогтой нөгөө талын урсгал руу орох гэсэн чинь том тэрэг нилээн ойртчихсон байсан тэгээд би ямар ч тэр Истана маркийн тээврийн хэрэгсэлээс зайлах боломжгүй болсон гэх, гэрч Н.Дашдондовын...удалгүй манай машин дайвалзаад 2 тийшээгээ дайвалзаж шарваад замын хажуу руу орсон гэх, гэрч Д.Баттогтохын...тэр Истана маркийн тээврийн хэрэгсэл нь миний барьж явсан тээврийн хэрэгсэлийн миний талын толыг шүргэн ард хэсгээрээ шахаж миний урд талд оронгуутаа Истана маркийн тээврийн хэрэгсэл нь хөндөлсөөд урдаас ирсэн тээврийн хэрэгсэлийг мөргөж замын хажуу руу орсон гэх мэдүүлэгүүд, шинжээчийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн… Д.Б биед зүүн сарвууны 5 дугаар хурууны 2 дугаар үенд хугарал гэмтэл тогтоогдлоо..., дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эмчилгээний зардал болон “Subaru outback” тээврийн хэрэгслийн төлбөр нийт 12.489.500 төгрөг нэхэмжилж байгаагаас шүүгдэгч 6.000.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 6.489.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Хосбаярт, иргэний нэхэмжлэгч Н.Ариунбатад 124.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч эмчилгээтэй холбоотой болон бусад зардалд 1.489.019 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нотлох баримтын шаардлага хангасан Булган аймагт ирж байрласан буудлын төлбөр 111.500 төгрөг /хх-ийн 146/, шатахууны зардал 83.000 төгрөг, 103.000 төгрөг /хх-ийн 150/, Эрдэнэт буудал 140.000 төгрөг, грашийн төлбөр 20.000 төгрөг нийт 457.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Б д олгож, үлдэх 1.031.519 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ хэрэгтээ холбоотой зардлаа нотлох баримтаа бүрлүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Х.Б ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Б ээс 6.489.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Х т, иргэний нэхэмжлэгч Н.А д 124.000 төгрөг, хохирогчийн 1.489.019 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 457.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Б д олгож, үлдэх 1.031.519 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН