Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/881

 

 

 

    2024             08            07                                          2024/ДШМ/881

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Очбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний  өдрийн 2024/ШЦТ/371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2302007430102 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У овгийн  Б.Буянжаргал, 2002 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилт 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүргэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Б.Б нь 2023 оны 6 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд 00-00 000 улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 19,6 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “ХУД-1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай жин 21.5г, цэвэр жин 19.6г бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 000 улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 23.108.063 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Б.Б би “2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сэтгэц нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх” хэрэгт анхнаасаа худал мэдүүлэг өгч, цагдаагийн болон шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсандаа уучлал хүсэж хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлгээ өгч энэхүү гомдлыг гаргаж байна.

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Barber shop’’-т хамт ажилладаг Ч.С санал тавьсны дагуу өвс татсан. Өвсийг татаж үзчихээд Ч.С-тэй хамт харих гэж явж байхдаа замын цагдаа зогсооход Ч.С ахынхаа үнэмлэхийг ашиглаж явсан бөгөөд цагдаагаас регистрийн хэлээрэй гэж асуухад Ч.С хэлж чадаагүйн улмаас цагдаа шалгасан. Ингээд шалгаж эхлэхэд Ч.С надад хандан “машинд өвс байгаа, цагдаа нар олчих юм бол чи өөрийнхөө гээд хэлчхээрэй. Тэгэхгүй бол миний машиныг хураагаад улсын орлого болгочихдог юм, чи өөрийнхөө гээд хэлчихвэл яах ч үгүй багахан мөнгөөр торгоод болчихдог юм” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд Ч.С зааж өгсний дагуу худал мэдүүлэг өгсөн. Тухайн үед хамт ажилладаг Ч.С нь манай захирлын дүү байсан болохоор тус надад асуудал үүсэхгүй гэсэн болохоор нь зөвшөөрчихсөн. Бодит байдал дээр бидний хэрэглэсэн өвс Ч.С, машинд байсан гэх өвс мөн л Ч.С юм. Миний бие өмнө хэрэглэж байгаагүй, надад авах мөнгө ч байхгүй, өнчин 2 дүүгийнхээ хамт хамаатнуудын ажилд тусалж хоол ундаа залгуулдаг. Шүүх хурал болох өдөр хүртэл хэн ч надад хоригдоно гэж хэлээгүй. Ч.С-н хэлснээр багахан мөнгөөр торгуулаад гарчихдаг гэсэн ойлголттой явж байсан тул улсаас авсан өмгөөлөгчдөдөө ч үнэнээ хэлээгүй. Би 2 дүүдээ маш их санаа зовж байна. Миний бие худал мэдүүлэг өгч та бүхний ажилд саад учруулсан үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/371 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

...Худал мэдүүлэг өгсөн шалтгаан нь тухайн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн орчимд миний найз Ч.С-н лизингээр авсан 00-00 000 улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн машиныг улсын орлого болгох нөхцөл байдлаас шалтгаалсан юм. Ч.С тухайн олсны ургамлыг олж аваад өөрийн машиндаа хадгалж байсан болохоор машинаа хураалгана гэж айгаад намайг олсны ургамлыг олж авсан, бэлтгэсэн, хадгалсан хэргийг хүлээгээд өгөөч, ял шийтгэл авахгүй, авдаггүй юм гээд өдөр бүр уйлж гуйж байсан тул би найздаа туслах гээд бүх хэргийг нь хамт явсныхаа улмаас хүлээж худал мэдүүлэг өгсөн. Одоо 1 жилийн хоригдож, 23.000.000 төгрөгийн төлбөрт орсондоо маш их харамсаж байна. Бодит үнэнээрээ бол тухайн олсны ургамлыг Ч.С олж авч машиныхаа дунд хайрцагт хадгалж байсан. Тухайн машиныг Ч.С жолоодож явсан. Надад огт хамааралгүй машин болно. Найздаа туслах сэтгэлийн үүднээс түүний өмнөөс эрүүгийн хэрэг хүлээж өөрөө ял шийтгэл авч өр төлбөрт орсондоо үнэхээр их харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатад худал мэдээлэг өгсөндөө шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, хорих газраас суллагдаж гурван өнчин дүүтэйгээ уулзахыг хүсэж байна. Хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Очбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт Ч.С, Б.Б нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байна. Миний үйлчлүүлэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцож шүүхийн шийдвэр гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал нотлогдвол зохих зүйл нотлогдоогүй байна. Хэрэг гарах өдөр Б.Б, Ч.С нар хамт машинтай явж байгаад цагдаад саатуулагдсан байдаг. Ч.С нь миний үйлчлүүлэгч Б.Б-ыг “Энэ гэмт хэрэгт би холбогдвол миний машин хураагдах гэж байна чи өөрийнхөө карманаас унасан гээд мэдүүлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь шүүгдэгч Б.Б зөвшөөрч худал мэдүүлэг өгсөн байдаг. Ч.С чатаар Б.Б-ыг дарамталж зүй бусаар харьцдаг талаар найз хөхөд нь мэддэг, миний үйлчлүүлэгч Б.Б нь 3 өнчин дүүтэй, 2016 онд эцэг, эх нь нас барсан, үүнээс хойш асрамжийн газарт харьяалагдаж байсан. 2023 оноос үсчний газарт ажиллаж Ч.С-тэй танилцаж найз нөхдийн холбоотой болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар тодорхой тусгасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад хавтаст хэргийн 25 дугаар талд Б.Б мэдүүлэг өгөхдөө “анх удаа хэрэглэж үзсэн” гэж мэдүүлсэн, хэргийн 125 дугаар талд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “Миний бие 8 дугаар сард Төв аймаг явах замдаа /Youtube/ бичлэг дээр гардаг өвстэй ичил төстэй өвс байхаар нь нэг атгыг түүгээд авсан” гэж мэдүүлдэг, хэргийн 126 дугаар талд мэдүүлэг өгөхдөө 6 дугаар сард дүү нараа эргэх гэж яваад Төв аймгийн Жаргалант сум явсан“ гэж өөрөөр өөр мэдүүлэг зөрүүтэй өгч байгаа нь хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй гарагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр сэтгэцэд нөлөөлөх бодис бэлтгэсэн гэж тогтоосон. Хэрэв Б.Б бэлтгэсэн юм бол тэр бэлтгэсэн гэж байгаа. Төв аймгийн Жаргалант сумын нутагт очиж хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай байна. Хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах газар сайн тогтоохгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Б-ын хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах, авто тээврийн хэрэгслийн төлбөр 23.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна. Уг гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт тогтоогдохгүй байх тул хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Б, Ч.С нар тээврийн хэрэгсэлтэй цагдаагийн албан хаагчдад саатуулагдсан байдаг.Тухайн үед тээврийн хэрэгслийн дунд хайрцгаас мансуурах төрлийн өвс олдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэг нь тогтоогдсон. мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шалгахад шүүгдэгч Б.Б, Ч.С нараас мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ Ч.С энэ талаар би сайн мэдэхгүй байна гэж мэдүүлдэг, Б.Б-ын хувьд миний бие Төв аймгийн Жаргалант суманд асрамжийн газарт байгаа дүү нараа эргэх гэж яваад замын хажуугаас түүсэн гэж мэдүүлдэг.Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацааны хувьд шүүгдэгч Б.Б, Ч.С нар хамт явж байсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцохдоо түүний өгсөн мэдүүлэг болон Ч.С нарын өгсөн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн машинтай болох нь тогтоогдсон байдаг. Шүүгдэгч Б.Б-ын дүү Б.Н нь өгсөн мэдүүлэгтэй “манай дүү нар Төв аймгийн Жаргалант сумын асрамжийн газарт байдаг тухайн үед Б.Б ах дүү нарыг очиж эргэсэн гэж” мэдүүлдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэж заасны дагуу анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ыг “2023 оны 6 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд 00-00 000 улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 19,6 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “...Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй, шалгавал зохих зарим зүйлсийн талаар:

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцнэ гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлээ.

1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалтад гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн шалгах, шүүх хуралдааны явцад нотлохоор заасан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Б-ыг 2023 оны 6 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9 tethrahydrocannabinol)-ын агууламж бүхий олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам төвийн орчимд 00-00 000 улсын дугаартай, Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд 19,6 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд түүний гомдолд дурдсан Ч.С гэгчийн оролцоо байсан эсэхийг зайлшгүй шалгаж тодруулах нь ач холбогдол бүхий байна.

Учир нь, хэрэгт авагдсан; Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэд: “...00-00 000 улсны дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн голын хайрцагнаас цагаан өнгийн нунтаг өвс мэт 22,1 граммтай ургамлыг хураан авсан тэмдэглэл /хх 17-21/, шүүгдэгч Б.Б-ын биеэс авсан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. ...” гэх дүгнэлт /хх 80-81/, Ч.Саруул-Эрдэнийн биеэс авсан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. ...” гэх дүгнэлт /хх 86-87/, Ч.С: “...Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 23/, шүүгдэгч Б.Б /хх 133-134/ : “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил тараад Ч.Сн машинтай бид хоёр “Скай ресорт”-ын тэнд очиж машин дотор нь өвснөөсөө бага зэргийг тамхи шиг цаасанд ороож байгаад татсан. Ч.С бид хоёр хоёулаа сорж татаад үлдэгдэл өвс нь миний өмссөн хар өнгийн куртикний халаасанд байсан. Тэндээсээ хөдлөөд Наадам төвийн тэнд явж байхад замын цагдаа нар зогсоож шалгасан. Намайг машинаас буулгахад миний халаасанд байсан ууттай өвс уначихсан байсан. ...” гэх мэдүүлгээс үзэхэд хэрэг учрал болсон үед шүүгдэгч ганцаараа бус Ч.С-н хамт байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгөлгүйгээр дан ганц мэдүүлэгт үндэслэн Б.Б-д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй болжээ.

Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын: “Энэ гэмт хэргийг би үйлдээгүй,...худал мэдүүлэг өгсөн,...найздаа туслах гэж хэрэг хүлээсэн ” гэх гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/371 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/371 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ