| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0024/Э |
| Дугаар | 00025 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00025
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанцангийн Б д холбогдох эрүүгийн 1815000190016 дугаартай, 163/2018/0024/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ж.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Б нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт хохирогч Д.Н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б ын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүрэн гэдэг айлд Оюунбатын хамт архи уусан. Архи уугаад согтсон байсан чинь Н адуугаа хайж ирсэн. Тэнд бид хоёр маргалдсан юм шиг байгаа юм. Тэгээд би гэртээ хүргүүлээд байж байхад араас Н , Ууганаа хоёр араас гэрт ирсэн. Гэрт нэг шил архи байхаар нь тэр хоёрт задлаж өгөөд ууж байсан. Тэгсэн согтоод ийм хэрэг хийсэн байсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.
1815000190016 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Д.Н өгсөн: Манайх Булган аймгийн Гурванбулга сумын 5 дугаар багт мал маллан оршин суудаг. Адуу малдаа өдөр бүр явахгүй бол өвсгүй тул хаа хамаагүй яваад өгчих гээд байгаа юм. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр У гэх хамаатаныхаа дүүгийн хамтаар түүний мотоцикльтой адуундаа явж байгаад Сүрэн гэх айлаар орох гээд очсон чинь энэ айлаас Поогоо хочтой Б нь гарч ирээд надад хандан чи өдөр бүр адуундаа явж байх юм чиний адууг би хулгай хийж идэх гээд байна уу гэхээр нь би юу гэж тэгж бодох вэ гэж хэлсэн чинь чи намайг хулгайч гээд яриад явж байна гэсэн чамайг харахаар нүд хорсоод байна гэхээр нь У бид хоёр хөдлөөд яваад өгсөн. Уг айлаас холгүйхэн Б ын гэр нь байдаг бөгөөд энэ айлын гадаа манай хамаатаны хүүхэд Бямбадорж нь морь барих гээд байж байхаар нь У бид хоёр түүнд туслан морь малыг нь барьж өгөлцөөд зогсож байтал Б эхнэр Давааням нь бид хэдийн хажууд ирээд зогссон тэхээр нь түүнд хандан танай нөхөр чинь янз бүрийн юм яриад надруу дайраад байна гээд болсон зүйлийн тухай түүнд хэлсэн чинь та нар эв зүйгээ ол, манайд ор гэхээр нь Б гэрт орсон юм тэнд нэг шил архи задлан өгсөн тул бүгд л ганц нэг татсан гэтэл Ж.Б нь надад хандан чи намайг хулгай ч гэсэн би чиний адууг хулгай хийж идчих гээд байна уу адуу чинь тэгээд бүрэн үү гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би чамайг хулгай хийнэ чинээ огт санахгүй байгаа шүү гэж хэлээд чи бид хоёрын яриа огт болохгүй байна би явлаа гээд гэрээс нь гарсан чинь Б миний араас хутга бариад гараад ирсэн энэ үед чи яах гэж байгаа юм гэхэд ална чамайг гэсэн гэхээр нь чи юу гээд байгаа юм гэж хэлээд хутагыг нь булааж аваад гэрт нь оруулж өгсөн. Буцаад гэрээс нь эргээд гарах гэхэд миний араас Б нь босч ирээд тохойруу юм бариад цохиод авах шиг болсон. Тэгсэн чинь Б нь гартаа заазуур бариад зогсож байсан бөгөөд яаж байгаа юм гэж хэлээд түүнээс заазуурыг нь булааж авсан ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Э.Уөгсөн:...манай ах Н гэрээс нь гарч ирсэн чинь түүний араас Поогоо нь хутга барьж гарч ирээд чамайг ална гээд дайраад байсан энэ үед Поогоо нь манай ах руу хутга бариад дайраад байсан бөгөөд ах арай гэж түүнээс хутгагыг нь салгаж авсан ингээд дахин бид хэд бөөндөө гэрт нь орсон чинь Поогоо надад хандан чи муу нохойн гөлөг чи бол нохойноос гарсан гөлөг за гээд байсан. Мөн манай ахад хандан чи муу дүүтэйгээ цуг яваа юм байна тэ гээд байсан ингээд манай ах босоод гэрээс нь гарах гээд хаалга руу явж байх үед Поогоо босоод шургуулганаас нэг юм аваад ахын араас гар луу нь цохиод авах шиг болсон..., манай ах байж байсан бөгөөд гарнаас нь цус гарчихсан байсан ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэнд: Д.Н биед тохойн ар хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт хохирогч Д.Н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Б холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Б ыг нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрийг төлсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Ж.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан цагаан хутга, хайч, заазуур тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Ж. Б ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуу мянган/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан хутга, хайч, заазуур тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН