Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар   2024/ДШМ/895

 

 

 

 

     2024             8             13                                             2024/ДШМ/895

 

Т.Бт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Дэлгэрням,

хохирогч Т.У, түүний өмгөөлөгч Р.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/401 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Дэлгэрням, хохирогч Т.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б-т холбогдох эрүүгийн 23100 2703 2063 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн Т.Б /РД:0000000000/, 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, одоо Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлын албанд ажиллаж байгаа гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Хүннү-0000 хотхоны 0 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.У-ийг тодорхой шалтгаангүйгээр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены гадна нүүрэн тус газар цохих, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, “00000000” хотхоны 00 дугаар байрны орцонд үснээс нь зулгааж, хананд савах зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь “гавлын зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн дэх цус, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Т.Б цагдан хоригдоогүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.У нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдаж, Т.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс өөрийн охины ээж эхнэрээ санаатайгаар зодож гэмтээсэн үйлдэл огт байхгүй. Харин санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан байхыг үгүйсгэхгүй байна. Энэ хэрэгт зайлшгүй хийж гүйцэтгэх, өөрөөр хэлбэл эргэлзээ төөрөгдлийг арилгах, хэд хэдэн ноцтой асуудлыг шалгах тогтоох ёстой байсныг шалгалгүйгээр орхигдуулсан юм болов уу гэж маш их харамсаж байна. Эдгээр ажиллагааг шударгаар хийж гүйцэтгэвэл хэргийн үнэн бодит байдал зөв тогтоогдох болов уу гэж найдаж байна. Хохирогч Т.У-ийн биед үүссэн гэмтэл яг хаана байхдаа үүссэнийг үнэн зөв тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх бөгөөд яг одоогийн байдлаар үүнийг бодитойгоор шалгаж тогтоогоогүй байна. Караоке-ний гадна уу эсхүл орцонд уу гэдгийг эргэлзээгүйгээр нотлон тогтоолгомоор байна. Хохирогч Т.У энэ асуудал болохоос өмнө биедээ гэмтэл авч байсныг миний бие маш сайн санаж байгаа учир хохирогч өмнө нь биедээ гэмтэл авч байсан эсэх, авч байсан бол хэзээ хаана, хэрэг учрал болсон цаг хугацаанаас өмнө Гэмтэл согог судлал үндэсний төвөөс тусламж авч байсан эсэх лавлагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч хэрэгт хавсаргуулсан. Тухайн газарт байсан асуудлыг өөрийн нүдээр харсан болсон үйл баримтыг сайн мэдэж буй иргэн болох Б.Б мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хууль зүйн үндэслэлгүйгээр огт үнэлээгүй мөртлөө хохирогчийн ашиг сонирхол нэгтэй надад дургүй тус газарт байгаагүй огт хараагүй мэдэхгүй эцэг, эхийн мэдүүлгийг үнэлсэн нь хэргийн шийдвэрлэхдээ хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримталж шийдвэрээ гаргасан байх тул тус мэдүүлгийг нотлох баримтаар үнэлүүлэх хүсэлттэй байна. Шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч тус бүрээс мэдүүлэг авч ганц удаагийн үйлчлэлээр тус хүнд гэмтэл учраагүйг өмнөх дүгнэлтийг гаргасан шинжээч мэдүүлсэн. Тэгэхээр олон удаагийн үйлчлэлээр тус хүнд гэмтэл учирсан бол хэн миний эхнэрийн биед гэмтэл учруулсан байж болох вэ? Өөр гадны ямар нэг нөлөөгөөр тус гэмтэл үүсгэгдэх боломжтой талаар тодруулж мэдүүлэг авахуулж байж уг эргэлзээг арилгах шаардлага зүй ёсоор үүсээд байна. Хохирогч Т.У эргэлзэж байна мэдэхгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Харин Б.Б хараагүй, мэдэхгүй гэдгээ мөн л хууль сануулж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд олон удаагийн үйлчлэлээр дээрх гэмтэл учирна гэсэн. Энд үнэхээр эргэлзээ байгааг нотолж байна гэж үзэж байна. Хохирогч Т.У бид 2 зөвшөөрсөн тохиолдолд яллагдагч, хохирогч нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжтой байдаг юм байна гэж ойлгосон. Хохирогч шатаар гарах буух үед явганаас унасан байж магадгүй гэдгийг нь тогтоох боломжтой гэж харж байна. Хохирогч Т.У өмнөх буруу мэдүүлгээсээ буцаж “Т.Б намайг лифтэнд суух гэж байхад татсан, ингээд би хойшоогоо унасан өөр юу болсон талаар санахгүй байна” гэж мэдүүлсэн, гэрч Б.Б болон миний өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй бүрэн нийцдэг.  Өөрөөр хэлбэл энэ асуудал болсон цаг хугацаанд гэрч Б.Б бид 2 хоорондоо маргалдаж, ноцолдох үедээ шүүгдэгч нь хохирогч Т.Уийг хойноос нь татах үед Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас хойш унахдаа шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гавал ясны гэмтэл авсан.  Т.Б миний бие өөрийн санамсаргүй болгоомжгүй ямар нэгэн гэмтэл учруулчихъя гэсэн шууд санаа зорилгогүй үйлдлийн улмаас байрны орцондоо хохирогчийг татаж унагаасны улмаас хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй тул энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Т.Ут учруулсан гэмтэл нь бүрэн эдгэрч, эмчилгээний зардлыг бүрэн гаргасан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ... Сүүлийн үед миний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа. Миний бие 2020 онд ховор төрлийн зүрхний хэм алдалттай гэдгээ олж мэдээд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хагалгаанд орсон боловч хагалгааны явцад миний зүрх зогсож, улмаар миний биеийн байдал муудсан. Эмч нарын зүгээс “гадаад улс руу явж, хагалгаанд ор” гэсний дагуу Турк улсад эмчлүүлэх гэсэн боловч төлөвлөгөөт хагалгаанд ороогүй учраас эмчилгээ хийлгэж, хагалгаанд орж чадаагүй. Зүрхний хэм алдах үед миний зүрхний цохилт буюу пульс 180-230 хүрдэг. Эмч нар “энэ үед яаралтай түргэн тусламж авахгүй бол ачааллаа дийлэхгүй газар дээрээ зүрх зогсох аюултай” гэж хэлсэн. Хорих 461 дүгээр ангид байх 2 сар гаруй хугацаанд нийт 3 удаа зүрхний хэм алдсан. Тухайн үед эмч нарт үзүүлсэн, одоог хүртэл хяналтад байгаа. Гэхдээ зүрхний хэм алдах үед хэрэглэдэг ховор төрлийн эм, тариа байхгүй гэсэн. 8 дугаар сарын сүүл, 9 дүгээр сарын эхээр эмч нарын хамтарсан баг Монгол Улсад ирж Улсын гуравдугаар төв эмнэлэгт хагалгаа хийнэ гэсэн. “Тэр хагалгаанд орж, биеэ эмчлүүлье” гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг нэмж хэлэх нь зөв байх гэж бодож байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч А.Зоригтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Уийг тодорхой шалтаг, шалтгаангүйгээр караокены гадаа баруун шанаа хэсэгт нь алгадах, үсдэж чирэх зэргээр цохих, мөн байрны орцонд үснээс нь зулгааж, хананд савах зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож цохин эрүүл мэндэд нь ... хүнд хохирол санаатай учруулсан болох нь ... хангалттай нотлогдож тогтоогдсон байна" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь, 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө шүүгдэгч Т.Б нь хохирогч Т.Уийг Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оргил стар хотхоны 00 дугаар байрны орцонд зодоогүй буюу түүний биед гэмтэл учруулах үйлдэл гаргаагүй болох нь 2024.05.31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Т.Б мэдүүлэг болон хохирогч Т.Уийн мэдүүлгээр тогтоогдсон.

Тухайлбал, гэрч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Б чи найзыгаа зодуулж байхад хаана байсан юм бэ, чи найз байж хамгаалахгүй яасан юм бэ гээд уурласан.... Бид хоёр ноцолдсон. Бид хоёрыг хаалганы хажууд ноцолдож байхад У арагшаа унасан байсан. Очоод харсан чинь чихнээс нь цус гарсан байсан. Б У-г аваад гэртээ орсон. Би чатад хүнийг үсэдсэн гэж бичээгүй. Яагаад унасан гэдгийг мэдэхгүй байна. ... Тухайн үед У-г зодсон зүйл байхгүй, Б бид хоёр ноцолдсон. ... Би тухайн асуудлын талаар мэдэж байгаа ..." хэмээн тус тус мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023.09.27-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг /1х 42 дахь тал/-т “... Тэгээд бид 2-ын маргаан дуусаагүй дахин ноцолдож байхад Т.У нь тухайн давхрын шалан дээр унасан. ...” хэмээн мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны орцонд Т.Б нь хохирогч Т.У-н үснээс нь зулгааж, хананд савах зэргээр үргэлжилсэн үйлдлээр зодож цохин эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Б мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгийг тогтвортой өгсөн атал анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийн тогтвортой байдлыг үнэлж дүгнээгүй.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл /Гэрч/-ийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны орцонд болсон үйл явдлын талаар сайтар мэдэж буй, хөндлөнгийн этгээд нь гэрч Т.Б юм.

Хохирогч Т.У 2024.05.31-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Би тухайн өргөдлийг сэтгэл хөдлөл, маш их уур бухимдал, гомдол тээж, сэтгэл санааны байдал маш тогтворгүй байх үедээ өгсөн байсан. ...Анхны мэдүүлгээс өөр зүйл нь юу байсан гэхээр орцонд болсон явдлын талаар бүдэг бадаг санаад байдаг. Архи хэрэглэсэндээ ч юм уу зүүрмэглэсэндээ ч юм уу сайн санадаггүй. ... Тэр хоёрыг ноцолдоод байхаар нь босоод явсан лифт дуудаж байсан. Түүнээс хойш юу болсон талаар бараг санахгүй байгаа" хэмээн тус тус мэдүүлсэн байдаг.

Хохирогч нь 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар санадаггүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн түүний мэдүүлгийг нь үндэслэн Т.Б-ийг яллах үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ‘"Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд хохирогч нь өөрийнхөө санадаггүй зүйлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэгдэх хууль зүйн боломжгүй байна.

Нөгөөтээгүүр, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч Т.Б мэдүүлгээс зөрүүгүй буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 00 дугаар байрны орцонд Т.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахуйц үйлдэл гаргаагүй болохыг нотлон тогтоодог.

Гэвч анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Т.Б болон хохирогч Т.У нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өгсөн мэдүүлгийн эх сурвалж өөрийнх нь мэдүүлгээр үгүйсгэгдсээр байтал Т.Бийг ” хохирогчийг орцонд үснээс нь зулгааж, хананд савах зэргээр үргэжилсэн үйлдлээр зодож цохин эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” хэмээн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн юм.

Мөн анхан шатны шүүх Т.Б нь хохирогчийг “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены гадаа ..., үсдэж чирэх зэргээр цохисон” мэтээр илтэд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байдаг нь үүний тод илрэл юм. Учир нь 2023.11.05-ны өдөр хохирогчоос гаргаж өгсөн СD бичлэгт мөрдөгч үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан ба тус “Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1х-23-24 дэх тал/”-д караокены гадаа "хохирогчийг үсдэж чирсэн" бичигдээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх хяналтын камерт хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдаагүй “хохирогчийг үсдэж чирсэн” гэх үйл баримтыг хийсвэрлэн дүгнэжээ.

Т.Б болон шүүгдэгч Т.Б нар нь улс төрийн намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр 2017 оноос хамтран ажиллаж ирсэн, ажил хэргийн болон дотно найз нөхдийн харилцаа холбоотой талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ ба шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоотой, сонирхлын зөрчил бүхий байх тул шүүх дээрх гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” хэмээн шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” хэмээн хуульчлан заасан ба Т.Б нь 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө буюу тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон хохирогч нартай хамт байсан, тухайн нөхцөл байдлыг сайтар мэдэж буй этгээд тул түүний мэдүүлгийг энэхүү хэрэгт зайлшгүй нотлох баримтаар үнэлж, хэргийг үнэн зөв, бодитоор шийдвэрлэх учиртай.

Гэрч Т.Б нь шүүгдэгч болон хохирогч нарын хэн алинтай нь найз нөхдийн харилцаатай бөгөөд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн атал шүүх зөвхөн Т.Б-тай найз нөхдийн харилцаатай хэмээн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь илтэд үндэслэлгүй бөгөөд гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрчээс мэдүүлэг авч болохгүй буюу гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх тохиолдлыг хуульчлан заасан ба гэрч Т.Б нь хуулийн дээрх хязгаарлалтад хамаарах этгээд биш тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй байх эрх хэмжээ анхан шатны шүүхэд байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй ” гэж заасан тул Т.Б мэдүүлгийг “худал мэдүүлэг ” хэмээн хийсвэрлэн дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хууль, сануулж Т.Б-с мэдүүлэг авсан атлаа уг хэргийг хянан шийдвэрлэхэд хамгийн ач холбогдол бүхий түүний мэдүүлгийг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил.

Тухайн хэрэгт хамгийн их хувийн сонирхолтой байж болох хохирогчийн гэр бүлийн гишүүд буюу түүний эцэг, эхийн мэдүүлгийг нь яллах талын нотлох баримтаар үнэлсэн атлаа тухайн цаг хугацаанд байсан, болсон үйл явдлын талаар сайтар мэдэж буй, хөндлөнгийн этгээд болох Т.Б мэдүүлгийг цагаатгах талын нотлох баримтаар огт үнэлээгүй илтэд үндэслэлгүй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-т“... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчсөн бөгөөд 16 зүйлийн 16.14-т заасан шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг нь зөрчсөн. Мөн анхан шатны шүүх ийнхүү гэрч Т.Б мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулахдаа “сонирхлын зөрчил бүхий” гэх үндэслэлийг заасан боловч Т.Б болон гэрч Т.Б нарын хооронд ямар сонирхлын зөрчил үүссэн болох, уг сонирхлын зөрчил нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдон тогтоогдсон талаар огт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй буюу шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй болохыг нотолж байна.

Гэрч Т.Б нь шүүгдэгчтэй сонирхлын зөрчилтэй, хувийн харилцаа холбоотой гэх шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил тул түүний мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу үнэлэх ёстой тул Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 00 дугаар байрны орцонд шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан буюу гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан гэх газар /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн .../-ыг бүрэн тогтоогоогүй. Учир нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ойролцоо байрлах караокены гадаа шүүгдэгч Б.Б нь хохирогчийг алгадах үйлдэл гаргасан ба харин Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил стар хотхоны 00 дугаар байрны орцонд хохирогч Т.Уийг зодож түүний биед хүнд хохирол учруулах үйлдэл гаргаагүй болох нь хохирогч болон гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хохирогч нь дээрх гэмтлийг хаана /караокены гадаа юу? эсхүл орцонд уу?/ байхдаа авсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогоогүй, шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Дээрх үйл баримтыг нарийн шалган тогтоосноор хохирогчийн биед учирсан гэмтэл болон шүүгдэгчийн үйлдэл шууд шалтгаант холбоотой эсэх, мөн караокены гадаа болсон үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан эсэхэд чухал ач холбогдолтой байна.

Шүүгдэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Оргил стар хотхоны 00 дугаар байрны орцонд хохирогч Т.Уийг зодож түүний биед хүнд хохирол учруулаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Т.Б, хохирогч Т.У болон шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайлбал, 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд тухайн үед өмсөж явсан баруун хөлийн туфелийн өсгий нь хугарсан байсан болох нь хохирогч болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог.

Мөн хохирогчид учирсан тухайн гэмтэл нь “Унах нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” талаар шинжээч эмч Б.Цолмон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, өсгий нь хугарсан туфлийн улмаас /хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өсгий хугарсны улмаас догонцоод байсан тул хүнээр түшүүлж гэртээ орсон талаар маш тодорхой мэдүүлдэг, /хохирогч орцонд унаж, дээрх гэмтэл үүссэн эсэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгүйгээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өмгөөлөгч миний бие хохирогчийн “туфелийн өсгий хугарсан байсны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч өөрөө унасан” үйл баримтыг тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг прокурор, шүүх хүлээн огт хүлээн аваагүй.

Шүүгдэгчийн гэм буруу хавтаст хэрэгт авагдсан баримтаар хөдөлшгүй тогтоогдох ёстой байтал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадаа нэг алгадсан үйлдэл /бичлэг/ өөр шүүгдэгчийг гэм буруутай гэх ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд хохирогч өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан , өмссөн туфелийн өсгий хугарсан байсны улмаас өөрөө унах зэргээр дээрх гэмтэл учирсан гэх үйл баримт хохирогчийн болон гэрч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Шинжээчийн дүгнэлтийн тухайд Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэхдээ Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан 2023.07.28-ны өдрийн №9408 тоот дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Гэтэл Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан 2023.07.28-ны өдрийн №9408 тоот дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндийн хуулбар хувь баримтуудад үндэслэгдэн хийгдсэн тул тус дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйл /Баримт бичиг/-ийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол ...мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан атал мөрдөгч нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн эрүүл мэндийн талаарх баримтуудын эх хувийг хавтас хэрэгт хавсаргаагүй, хэрэв эх хувийг хавсаргах боломжгүй байсан тохиолдолд дээрх баримтуудыг тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаагүй байдаг.

Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.3-т “Эмнэлэгийн бичиг баримт /өвчний түүх, эмчлүүлэгчийн карт, шинжилгээний хариу зэрэг/ эх хувиараа байх ба тухайн байгууллагын тамга тэмдэгээр баталгаажсан байна” гэж заасан боловч журмын дээрх заалтыг зөрчиж, хуулбар хувь баримтад үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан тул тухайн дүгнэлтийг үнэн зөв эргэлзээгүй гэж дүгнэхэд хуульд заасан үндэслэл бүхий эргэлзээг бий болсон юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хээг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ”, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан тул шинжээчийн дүгнэлтийг нолох баримтын шаардлага хангасан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие дээрх үндэслэлийг зааж мэтгэлцсэн боловч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн тайлбарыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Нөгөөтэйгүүр, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нь шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл тогтоосон нь үндэслэлгүй.

Учир нь, хохирогч хөдөлмөрийн ерөнхий чадвар 35-100 хувь хүртэл алдаж, хүнд гэмтэл авсан байх тохиолдолд түүний эрүүл мэндийн байдал хэвийн болох эсэх нь эргэлзээтэй юм. Гэтэл хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухай мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Шинжээч эмч дүгнэлт гаргахдаа хохирогчийн биед үзлэг, шинжилгээ хийгээгүй, хохирогчийн эрүүл мэндийн талаарх хуулбар баримтууд эргэлзээтэй байх тул шинжээчийн дүгнэлт гарах болсон эрүүл мэндийн талаар баримтууд нь үнэн зөв гарсан эсэх, тухайн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байх цаг хугацаанд дээрх онош тогтоогдсон эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай бөгөөд ийнхүү шалган тогтоосноор шинжээчийн дүгнэлт бүрэн, үнэн зөв гарах ёстой. Гэвч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал дүгнэлт хийлгүйгээр, үндэслэлгүй буюу эргэлзээ бүхий баримтад тулгуурлан гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчийн биед хүнд хохирол учирсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023.07.28-ны өдрийн 9408 дугаартай дүгнэлтэд “... баруун чамархайн тархины эдийн няцрал, ...” хэмээн дурдсан байдаг.

Гэвч шүүгдэгч Т.Б нь хохирогч Т.Уийн баруун чамархай тус газарт ямар нэгэн хэлбэрээр гэмтэл учруулах үйлдэл гаргаагүй ба ийнхүү гэмтэл учруулах үйлдэл гаргаагүй болох нь хохирогч Т.У болон гэрч Т.Б нарын мэдүүлэг болон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ойролцоох хяналтын камерын бичлэгээр тогтоогддог. Энэ тохиолдолд хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь ямар учир шалтгааны улмаас учирсан талаарх нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах, шалгах шаардлагатай атал мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх эргэлзээ бүхий үйл баримтыг дүгнээгүй.

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Б.Цолмонгийн 2023.07.28-ны өдрийн 9408 дугаартай дүгнэлтэд “ ... Т.Уийн биед гавлын зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн дэх цус, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо” хэмээн дурдсан байдаг.

Анхан шатны шүүх шүүгдэгчийг олон удаагийн үйлдэл /үсдэх, хананд савах зэрэг/-ээр дээрх гэмтлийг учруулсан хэмээн дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу шүүгдэгч дээрх олон удаагийн үйлдэл /үсдэх, хананд савах зэрэг/ гаргаж, хүнд гэмтэл учруулсан гэдгийг шууд нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тухайлбал, хохирогч “эргэлзэж байна мэдэхгүй байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бол гэрч Т.Б “хараагүй, Т.У нэг харахад унасан байсан мэдэхгүй” хэмээн мэдүүлсэн бөгөөд харин камерийн хяналтын бичлэгт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэг удаа алгадсан үйлдэл харагдаж харагддаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогч уруу чиглэсэн олон удаагийн үйлдэл гаргаагүй атал анхан шатны шүүх болон шинжээчийн дүгнэлтэд олон удаагийн үйлчлэлээр дээрх гэмт учирсан хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж буй тул энэхүү эргэлзээтэй бөгөөд зөрүүтэй нөхцөл байдал, дүгнэлтийг арилгах ёстой.

Мөн Шүүх шинжилгээний шинжээчийн 9408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь хавсарсан байдлаар хүнд зэргийн гэмтэл учруулсан эсэх, эсхүл зөвхөн аль нэг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд тооцогдох эсэх нь тодорхойгүй байдаг. Тухайлбал, гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цагийн хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохиролын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно” гэж заасан атал шинжээч эмч Б.Цолмон журмын дээрх заалтыг зөрчиж, хохирогчид учирсан гэмтлийн зэргийн ялгаа заагийг гаргалгүйгээр шинжээчийн дүгнэлтийг үйлдсэн.

Өөрөөр хэлбэл, Т.Бийн алдагдсан нэг удаагийн үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд үүссэн эсэх, дээрх гэмтлийн чухам аль гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл хамаарч байгаа эсэх /учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийн ялгааг хүнд зэргийн гэмтэлд тооцогдох гэмтэл нь шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас бий болсон байх зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоох нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны орцонд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан эсэхийг нотлоход чухал ач холбогдолтой үйл баримт юм. Энэ тохиолдолд Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Цолмонгийн гаргасан 2023.07.28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг бүрэн, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд тус дүгнэлт нь бүрэн бус гарсан тул нэмэлт, эсхүл дахин дүгнэлт гаргуулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгах талын нотлох баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлээгүй бөгөөд шүүгдэгч Т.Б гэр бүлийн хүчирхийлэл өмнө нь үйлдэж байгаагүй ба гэрч Б.Э-н мэдүүлэг хохирогч Т.Уийн мэдүүлгээр үгүйсгэгддэг байхад эрх зүйн байдлыг дордуулаад байна.

Учир нь, шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй бөгөөд 2023.03.25- 2023.03.26-нд шилжих шөнө тохиолдлын шинжтэй нөхцөл байдал /Хохирогч Т.У нь шүүгдэгч Т.Бийг түүний найз н.Ц гэх эмэгтэйтэй хардсаны улмаас маргалдсан атал шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйлчлэлээр зүйлчилж эрх зүйн байдлыг дордуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь 3 буюу түүнээс дээш удаа давтагдах тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд үйлдсэнд тооцогдох бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй ба шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон.

Мөн хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь бодит байдалд нийцсэн эсэхийг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх дээрх мэдүүлгүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Учир нь хохирогчийн мэдүүлэгт “... айгаад караокенд хорогдож байсан, хорогдож байх зуур Б.Б нь байн байн айлган сүрдүүлж, заналхийлж байсан ...” гэх зэргээр тухайн цаг хугацаанд болоогүй зүйлсийг болсон мэтээр мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна Б.Б-тэй муудалцсаны дараа буцаад караокед орж, шөнийн 04 цагийн үед караокенаас гарч гэртээ ирсэн байдаг. Энэ тохиолдолд хохирогч нь караокед ямар байдал /хорогдож, айж, нуугдаж, заналхийлэлд өртөж гэх мэт/-тай байсан болохыг тухайн цаг хугацаанд байсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч шалган тогтоох шаардлагатай. Хэрэв хохирогч нь Б.Б-ийн айлган сүрдүүлэлт, заналхийлэл дор байсан бол шөнийн 4 цаг хүртэл хугацаанд караокед байх боломжгүй ойлгомжтой байна.

Шүүгдэгч Т.Б Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 29 дүгээр байрны орцонд хохирогчийн биед гэмтэл учруулаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Т.Б мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.Уийн мэдүүлгээр тус тус тогтоогдох тул шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогчийг зодсон гэж дүгнэх үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу явуулна”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу тухайн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хохирогч Т.Уээс цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн “Ниуаgаа Ниуаgаа”, Т.Б...” гэх хаягуудтай харилцсан гэх чат, цахим захидлын хуулбар /1х-15-19 дэх тал/-ыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож, улмаар гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журмыг зөрчсөн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан бөгөөд мөрдөгч 2023.12.20-ны өдөр хохирогчийн гар утсанд үзлэг хийхэд “Ниуаgаа Ниуаgаа”, Т.Б-д...” гэх цахим хаягт хохирогч болон гэрч нар харилцсан /шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон/ гэх мэдээлэл байхгүй тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтын эх сурвалж нь тогтоогдоогүй атал анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг зөрчиж, эх сурвалж нь тодорхойгүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарна.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, гэрч Б.Э-н гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлоогүй, мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Тухайлбал, хохирогч Т.У нь 2023.03.25-2023.03.26-нд шилжих шөнө болсон үйл явдлын санадаггүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой дурдсан бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс нь зөрүүтэй байдаг. Мөн хохирогч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Т.Б мэдүүлгээс ноцтой зөрүүтэй байдаг. Мөн шүүгдэгч нь гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б.Э болон Г.Т нартай хамт амьдарч байгаагүй ба эдгээр гэрчүүд нь шүүгдэгч хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байсан гэх нөхцөл байдлыг мэдэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд эдгээр гэрчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй юм. Гэтэл анхан шатны шүүх гэрч эх сурвалж нь тодорхойгүй Б.Э-ийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй бөгөөд хохирогчийн өөрийн үйлдлийн улмаас дээрх гэмтэл учирсан гэх үйл тогтоогдож буй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу оролцогч зөвшөөрсөн тохиолдолд яллагдагч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүү гаргах, хэргийн бодит үнэн /гэмт хэрэг мөн эсэх?/-ийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

Мөрдөгч 2023.12.20-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцах талаар Т.Бт мессежээр мэдэгдсэн атлаа тухайн өдөртөө багтаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд хяналтын прокурор мөн өдөр буюу 2023.12.20-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч болон өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй танилцуулах боломж, нөхцөлөөр хангаагүй болох хавтаст хэрэг танилцуулах тухай мессеж, хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт 3 нэг өдөр буюу 2023.12.20-ны өдөр үйлдэгдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгтээ танилцахаас зайлсхийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан аливаа үйлдэл гаргаагүй атал дээрх байдлаар 1 өдрийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж, хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдсэн тул яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, мөрдөгч болон прокурорын шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах, нотлох баримт цуглуулах, гарган өгөх эрх ноцтой зөрчигдсөн юм.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч болон өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.31-ний өдрийн №401 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил Стар хотхоны 00 дугаар байрны орцонд хохирогчийн биед халдсан гэх үйлдлийг мэдэхгүй, миний бие гэрч Б.Б-тэй маргалдаж байх хугацаанд хохирогч Т.У нь толгойн ар дагз хэсгээрээ газар савж унасан” гэх үйл баримтыг мэдүүлдэг бол хохирогч Т.У-ийн 2023.12.20-ны өдөр өгсөн мэдүүлэг /1хх 33-34/-т: "... лифтэнд суух гэж байхад татаад арагшаагаа унаад түүнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байгаа” гэх талаар мэдүүлсэн байдаг. Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн №9408 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр хохирогчийн биед үзлэг хийж, хэрэгт авагдсан, хохирогчоос гаргаж өгсөн өвчний түүх, эмчийн үзлэгийн баримт, цээжний зураг, толгойн томограф, хэвлийн шинжилгээ болон бусад эмчилгээний баримтуудад тулгуурлан дүгнэлт гаргахад “хохирогчийн биед гавлын зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн дэх цус, зүүн чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт” гэх гавал тархины гэмтлүүд тогтоогдсон ба хэрэгт авагдсан өвчний түүхээс авч үзвэл эмнэлэгт хэвтсэн цаг хугацаанд эдгээрээс өөр гэмтэл тогтоогдсон талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна. Хэрэв үнэхээр хохирогчийн 2023 оны 07 сард өгсөн мэдүүлэгт дурдагдсан шиг үйл баримт болсон бол хохирогчийн биед зөвхөн гавал тархины биш, өөр бусад олон гэмтлүүд тогтоогдох ёстой байсан. Гэтэл ийм үйл баримт тогтоогоогүй нь тус мэдүүлэг бодит биш байсан байна гэдгийг нэг талаасаа нотолж байна. Нөгөө талаасаа хохирогч өөрөө хууль санаж, дахин өгсөн мэдүүлэгтээ: өмнөх мэдүүлгээсээ буцаж, Т.Б нь намайг лифтэнд суух гэж байхад татсан, ингээд би хойшоогоо унасан, өөр юу болсон талаар санахгүй байна гэж мэдүүлсэн нь хохирогчийн эхний мэдүүлэг бодит бус байсанг давхар нотолж байгаа бөгөөд сүүлд өгсөн мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалд нийцэж байгаа бөгөөд тус мэдүүлэг нь гэрч Т.Б, шүүгдэгч Т.Б нарын мэдүүлгүүдтэй бүрэн нийцдэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд гэрч Т.Б, шүүгдэгч Т.Б нар нь хоорондоо маргалдаж, ноцолдох үедээ шүүгдэгч нь хохирогч Т.У-ийн хойноос гэмтэл учруулъя гэсэн санаа зорилгогүй, зөвхөн түүний үйлдлийг зогсоох зорилгоор татах үед Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас хойш унахдаа шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гавал тархины хүнд гэмтлийг авсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр, Т.Б нь хохирогчийг тухайн өдөр гэртээ Т.Бтай хамт үлдэхээс татгалзаж, лифтэнд сууж явахыг завдсан гэх цаг хугацаанд түүнийг хойноос нь татах үед, хохирогч газарт толгойн ар дагз хэсгээрээ унасан байх боломжтой үйл баримтад дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Мөн ганц удаагийн үйлчлэлээр тус хүнд гэмтэл учрахгүйг өмнөх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч хууль санаж мэдүүлсэн байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэрт тухайн хэрэг болсон гэх газарт байж бүх зүйлийг харсан, мэдэж байгаа хууль санаж мэдүүлэг өгсөн, гэрч Т.Б нь шүүгдэгчтэй хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотойг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хууль зүйн үндэслэлгүйгээр түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлж дүгнээгүй орхигдуулсан. Хохирогч Т.Уийн 2023 оны 12 сард өгсөн мэдүүлэг, 2024.05.31-ний өдрийн шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсан нь оролцогчийн эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулсан. ЭХХШТ хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан үүрэг хүлээж, хохирогч үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хууль санаж мэдүүлэг өгдөг. Түүний нэг удаагийн мэдүүлэгт шүүгдэгч намайг зодсон гэх агуулга тусгагдсан боловч, хэргийн оролцогч нарын мэдүүлэг бусад үйл баримтаар няцаагддаг, мөн түүнчлэн дахин өгсөн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгийг буруу өгсөн, гэмтлийн дараах шок арилаагүй байсан талаараа дурдаж, шүүгдэгч намайг хойноос татах үед би газар унасан, үүнээс хойш болсон асуудлыг санахгүй байгаа гэх талаар мэдүүлсэн. Мөн шүүх хуралдааны шатанд 2 дахь удаагийн мэдүүлгээ бататгаж, дахин нотолж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т заасан “Монгол улсад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, тухайн халуун цэг, тухайн газарт байсан, тус асуудлыг өөрийн нүдээр харсан, болсон үйл баримтыг лавтай сайн мэдэж буй иргэн болох хууль санаж өгсөн, дээрх гэрч Б-н мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хууль зүйн үндэслэлгүйгээр огт үнэлээгүй мөртлөө хохирогчтой ашиг сонирхол нэгтэй, тус газарт огт байгаагүй, огт хараагүй, мэдэхгүй эцэг, эхийнх нь мэдүүлгийг үнэлсэн нь хэргийг хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримталж шийдвэрээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн 2 удаагийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй энэхүү асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэх заалтыг зөрчсөн тул энэхүү асуудалд дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Т.Б нь субъектив санаа зорилгогүй, санамсар болгоомжгүйгээр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Оргил Стар хотхоны 00 дугаар байрны орцонд хохирогчийг татаж унагасны улмаас хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч Т.У-т учруулсан гэмтэл нь бүрэн эдгэж, хохирогч нь эмчилгээний зардлын бүрэн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн байдаг. Т.Бийн хувийн байдал, бусдад санамсар болгоомжгүйгээр хохирогчийн биед хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүндээ маш их харамсаж гэмшиж буй нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан байдал, хохирогчид учирсан гэмтэл бүрэн эдгэсэн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн, бага насны бяцхан охинтой, эрүүл мэндийн байдлын хувьд зүрхний хүнд төрлийн мэс заслыг Монгол улсдаа 2020 онд Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт, 2021 онд УКТЭ-т удаа дараалан 2 удаа хийлгэсэн боловч зүрх хэвийн болж чадаагүй, одоо Монгол улсад тус хагалгааг 3 дахь удаагаа хийх боломжгүй, гадны анагаах ухааны шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс оронд дахин хийлгэх шаардлагатай гэх эмчийн заалттай байгаа эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүх бүрэлдэхүүн бүрэн эрхийн хүрээнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг “Бусдын биед болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан” буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Т.У, нөхөр болох Т.Б нарын хооронд 2024 оны 3-р сарын 26-ны өдөр буюу Т.Бийн төрсөн өдрийн арга хэмжээн дээр болсон явдал, түүнээс үүдэлтэй Т.Уийн биед гэмтэл учирсан талаарх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийн гэрчээр ганцхан Б-с гэрчийн мэдүүлэг авсан, харин шүүх тус Б-ийн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь хэргийг хэн үйлдсэн, хэрхэн хүнд гэмтэл авсан гэдэг нь тодорхойгүй эргэлзээтэй хэвээр үлдсэн.

Тухайн хэрэг явдал болдог өдөр олон хүмүүс тус хэргийн бодит нөхцөл байдал тогтооход ач холбогдол бүхий гэрчүүд байсан. Хохирогч Т.У болон шүүгдэгч Т.Б нарын мэдүүлэгт дурдагдсан У, А, Ц, мөн төрсөн өдрийн арга хэмжээн дээр Б-г зодсон У2 найз гэх мэт, хэрэг болсон шалтгаан нөхцөлийг тодорхойлоход нотолгооны ач холбогдол бүхий хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь хэргийг үнэн зөв гарцаагүй байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “1.7-р зүйл Хэргийн бодит байдлыг тогтоох” зүйлийн 1-дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Мөн гэмт хэрэг болсон газар байгаагүй хохирогчийн аав Г.Т, ээж Э нарын мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгон тус гэрчийн мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлээд яваад байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход ихээхэн саад учруулаад байна. Гол хэргийн гэрч болох Б-н мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд тогтоолд ”Б болон Б нар нь улс төрийн намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр 2017 оноос хойш хамтран ажиллаж ирсэн, ажил хэргийн болон дотно найз нөхдийн харилцаатай холбоотой талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлсэн ба шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоотой, сонирхлын зөрчил бүхий байх тул шүүх дээрх гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96-р зүйл зүйлийн 1-дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” 2-дэх хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан. Хэргийн нөхцөл байдлыг мэдэх хэн бүхэн гэрч байх үүрэгтэй.

Гэрч хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Гэрч Б ганцаараа тэс өөр зүйл яриад байгаа зүйл биш, хохирогч Уийн мэдүүлэгтээ таарч байгаа гэж үзэх үндэслэлтэй. У тухай үед орцонд хэрхэн гэмтэл авснаа санахгүй байгаа, өсгий хугарсан байсан тул тун хэцүү уначихгээд яваад байснаа ч мэдүүлэгтээ хэлдэг. Хэрвээ гэрч Б худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол түүнийг худлаа мэдүүлэг өгсөн гэж хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэрч Б-н өгч байгаа мэдүүлэг нь ямар ч зөрүүгүй, өөрийх нь гэрчээр оролцож мэдүүлгээ өгч байгаа байдал биеийн хэлэмж, яриа, харц итгэлтэй эргэлзээгүй, мэдүүлж байгаагаас зориуд худал мэдүүлэг өгч байгаа зүйл ажиглагдаагүйг дурдах хэрэгтэй байх, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хоорондоо найз, ашиг сонирхлын зөрчилтэй бол түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй, нотлох баримтаар тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9-р зүйлд “Нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах, 16.11 зүйл “Нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн зохицуулалтыг хийсэн. Хэрвээ Б-с гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүх гэрчээр оролцуулахаас татгалзах байсан, мөн шүүх хуралд гэрчээр оролцуулах шаарлагагүй байсан. Хэрвээ хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бол түүнийг үнэлэх нь хуульд нийцэх юм. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн “ 16.15 дугаар зүйл “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” зүйлийн Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ. 2.Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Энэ нь дотоод итгэлээр үнэлэнэ гэж байгаа боловч юун түрүүнд хууль, болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож үнэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Шүүх нь өөрийн ёс зүйн ухамсарыг удирдлага болгохгүй харин хууль, эрх зүйн ухамсарыг удирдлага болгож гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх үндэслэлтэй байна.

Хохирогч Т.У мөрдөн байцаалтын шатны сүүлийн мэдүүлэгтээ өмнөх мэдүүлгээ өөрчилж өгсөн. Хүнд гэмтлээ хэрхэн хаанаас яаж авсанаа санахгүй байгаагаа хэлсэн, энэ бол хүнийг өөрийн буруу ой санамжаараа хэлмэгдүүлчихвий гэсэн болгоомжлолоороо үнэнээ хэлсэн байдаг. Прокурор, шүүх нь хохирогчийн мэдүүлэгийг ерөөсөө анхаарч үзэхгүй байна. Хохирогч өөрөө буруу мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна та бүхэн анхаарч үзээч гэж шүүх хуралд хүртэл мэдүүлсэн байхад шүүх прокурор хэдийнээ болсон хэргийг Б үйлдсэн гэдэгт бат итгэсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2-р зүйл “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” зүйлийн 1. Шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” заалттай зөрчилдөж байгаа юм.

Прокурор болон шүүх зөвхөн өөрсдийн итгэл үнэмшлээр зөвхөн яллах байр суурийг баримтлаад хэргийг эргэлзээгүй, гарцаагүй гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэж шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байх магадлалтай байна гэж дүгнэхээр байгаа юм.

2. Шинжээчийн дүгнэлтийн талаар:

Шинжээчийн дүгнэлтэд мөн эргэлзээтэй зүйл байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх хүсэлтийг прокурорын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан. Мөн хохирогч Т.У шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэхийг зөвшөөрдөг бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал дээр шинжилгээг дахин хийлгэе гэдгээ шүүгчид хэлсэн. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хэрэг явдал зөвхөн У, Б нарын хооронд үүссэн асуудал тул тус оролцогч нарын хүсэл сонирхлыг харгалзан үзэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-дэх зүйл “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. гэсэн зарчим алдагдсан шийдвэр боллоо гэж дүгнэх үндэслэлтэй.

Шинжээч шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч нь хүнд гэмтлийг унаж авах боломжтой гэдгийг хэлсэн байдаг. Гэрч Б-н мэдүүлэг болон хохирогч У-н өөрийх нь мэдүүлгээр унаснаас хүнд гэмтэл авсан байх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад түүнийг анхаарч үнэлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад Б хохирогч Т.Ут хүнд гэмтэл учруулсан гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад буруутай гэж үзсэн нь хууль зөрчсөн шийдвэр боллоо гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл.”Гэм буруугүйд тооцох” зүйлийн “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”  Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйл.Нотолбол зохих байдал

1 .Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:

1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн;

1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.

Дээрх нотолбол зохих байдлын 1.1, 1.2, 1,6-р зүйлд заасан нөхцөл байдлууд гарцаагүй, эргэлзээгүй талаас нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Мөн прокурор нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүртгэгдээгүй, бэхжүүлж аваагүй нотлох баримтын шаардлага хангаагүй хохирогч У, гэрч Б нарын хооронд харилцсан мессенжер чатын зургаар гэрч Б гэрчийн мэдүүлгийг няцааж, Батхуягийн буруутайг нотлох нотлох баримтаа болгож, шүүх түүнийг нь үнэлсэн нь буруу байна.. Учир нь тус мессенжер чат Батхуягийг тус хэргийг үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотлохгүй, тус мессенжер чатыг агуулгыг ч бид зөв уншиж тайлбарлаж чадахгүй, хурал дээрч прокурор буруу зөрүү ойлгосон нь харагдаж байсан. Мөн тус мессенжер чатад Б нь чи шалан дээр унасан байсан гэж бичсэнийг анхааралдаа аваагүй шүүх орхигдуулсан байдаг.

Хохирогч Т.У миний бие энэхүү хэрэгт Т.Б-т гомдолгүй, эмчилгээ сувилгааны зардал, сэтгэл санааны гомдлыг бүрэн арилгасан, тухайн хэрэг болсон өдрөөс хойш толгойдоо гэмтэл авсан болохоор цочролтой, сэтгэлийн байдал тогтворгүй, ууртай, гомдолтой байсан болхоор анхны өргөдөл гомдлыг нэлээн хатуухан зарим зүйлийг хэт дөвийлгөн бичсэн. Учир нь Батхуягт юм ойлгуулж, сайн хашраая, ойлгуулая л гэж бодсон болохоос гэмтлийн зэрэг хүнд гараад ингээд хүүхдийнхээ аавыг шоронд орчих нь гэж бодоогүй. Хууль хэдий хатуу ч хохирогчийн байдлыг бас ойлгоосой, цаашдаа хэрхэн амьдрахад нь бас туслаасай гэж хүсэж байна. Мөн хүнийг хэлмэгдүүлчихвий гэсэн байдлаар шүүх прокурор ажиллаасай гэж хүсэж байна. Анхны өгсөн мэдүүлгийг шууд хуулбарлаж тавьсныг мэдүүлгээ тогтвортой өгсөн гэж битгий ойлгоосой. Анхны мэдүүлэг болгон үнэн, дараагийн мэдүүлэг болгон худлаа гэж бүү ойлгоосой. Хүн юу хийснээ дараа нь ойлгож ухаардаг үе бас байдаг.

Иймд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан" гэмт хэргийг хэн үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй, хэрхэн ямар шалтгааны улмаас үйлдсэн нь тогтоогдоогүй, хэргийг үнэн зөв, тал бүрээс нь бүрэн дүүрэн тогтоогоогүй, оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн, хэт яллах талыг баримталсан байх үндэслэлтэй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/401 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ... Учир нь, миний бие гүйцэт сайн санахгүй байгаа зүйлээс болж энэ хүнийг ийм байдалд битгий ороосой гэж бодож байна гэв. 

Хохирогч Т.Уийн өмгөөлөгч Р.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б, Т.У нар нь 3 настай охинтой гэр бүл байсан. Тухайн өдөр тохиолдлын шинж чанартай маргаан болсон. Бидний зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаах шат болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон байр суурьтай ижил байр суурьтай оролцож байна. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол ч энэ агуулгатай байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогүй, учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Жишээлбэл, ганцхан н.Б-г гэрчээр тогтоосон. Тухайн хэрэг нь Чингэлтэй дүүргийн караокед болсон. Тус караокед байсан хүмүүсээс мэдүүлэг авч, нөхцөл байдлыг тодруулах ёстой байсан. н.У, н.Х, хохирогчийг гэрт нь хүргэж өгсөн н.А гэх хүн зэргээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авах нь хэргийг бодитой тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн тухайн хэрэг болсон нөхцөл байдалд байгаагүй хохирогчийн эцэг н.Т, эх н.Э нарын мэдүүлгийг яллагдагчаар татах тогтоол, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүгдэгч нь хохирогчийг харгислалын шинжтэй зодсон, алахаас наагуур авирласан зүйл болоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд байсан н.Б нь анхнаасаа “У хойшоо унасан” гэж мэдүүлсэн байдаг. Т.Б, н.Б нар хоорондоо ноцолдоход Т.У тэдгээрийн дундуур орж, болиулах гэж байхдаа өртсөн байх магадлалтай. Т.У анх гомдол гаргахдаа тухайн үеийн цочирдол, уур, хилэн, гомдол зэргээ тайлж, дөвийлгөж бичсэн. Уг гомдлыг нь үнэлж, түүнд ач холбогдол өгч, хохирогчоос дахин мэдүүлэг авалгүй түүний анхны мэдүүлгийг хуулбарлаж тавьсан нь тогтвортой мэдүүлэг өгсөн мэт харагдаж байгааг анхаарч үзнэ үү. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч өөрийн буруу зөрүү ярьсан үйлдлээрээ хүн хохироож, хэлмэгдүүлчихвий, хэтэрхий хүнд шийтгэл оногдуулчихвий гэж санаа зовж, “юу ч санахгүй байна” гэж өөрийн үнэн байдлыг хэлж байгаа юм. Гэрчийн мэдүүлэг анхных нь үнэн байдаг, дараагийнх нь худал байдаг гэх зарчмаар дараа дараагийн мэдүүлгүүдийг нь үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч тухайн нөхцөл байдалд гэмтлийн хүнд зэрэг тогтоогдож, ийм нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй байсан. Т.У хэрэг болсны маргааш өглөө нь эмнэлэгт очиж, 5 хоног хэвтээд гарч ирсэн. Т.Б-ийн зүгээс эхнэр рүүгээ хандаж зодоон хийсэн зүйл байхгүй. Харин н.Б-тэй зодолдсон байдаг. Учир нь, Т.Б караокены гадна өөр хоёр хүнд зодуулаад гэр рүүгээ явсан ба н.Б-тэй “намайг зодуулчихлаа” гээд ноцолдож, зодолдсон байдаг. Энэ нөхцөл байдлын талаар гэрч н.Б хууль сануулж өгсөн гэрчийн мэдүүлгээрээ бүрэн, дүүрэн илэрхийлдэг. Тус мэдүүлгийг найз, нөхөд гэдэг утгаар нь үнэлэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Гэрчээр асуухгүй байх, гэрчээс татгалзах үндэслэл байгаа хэдий ч энэ талаар хүсэлт гаргахад шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцсан байсан. Хэрэв тус мэдүүлгийг үнэлэхийг хүсэхгүй байсан бол гэрчээр асуухгүй байх байсан. Түүнийг гэрчээр асуусан атлаа түүний мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Учир нь, тэрээр “унаснаас үүдэж ийм гэмтэл үүсэх боломжтой” гэж бичсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад ч түүнийгээ баталж мэдүүлсэн. Мөн “тухайн гэмтэл нь бүрэн эдгэрэх боломжтой” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Т.У нь тухайн үед санамсаргүй гэмтэл авсан боловч цаашид хэвийн ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. Миний үйлчлүүлэгч өөрийн мэдүүлгээс болж хэргийг буруу шийдэгдчихвий гэж санаа нь зовж шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “Гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн нөхцөл байдал яв, цав тогтоогдоогүй байхад бичлэг, хохирогчид учирсан гэмтэл зэргийг хараад шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж, “энэ хүн энэ хүнийг гэмтээчихлээ” гэж бат итгэлтэйгээр дотоод үнэлэмжээрээ үнэлж, шийдвэрээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж гаргасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гээд 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж, 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж, 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.” гэж тус тус заасан байдаг. Уг хэрэгт эдгээр нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгчид ял, шийтгэл оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хангалтгүй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргийг үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлуудад хэд хэдэн асуудлын талаар яригдаж байна. Нэгдүгээрт, хохирогч Т.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь анхны мэдүүлгээсээ өөрчлөгдсөн нөхцөл байдлын талаар ярьж байна. Мөн анхан шатны шүүх Т.Б гэх хүний гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаар дурдаж байна. Түүнчлэн, хэргийн үйл баримтын талаар, шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулсан эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан байна гэж ойлгож байна. Т.Б-т нь “Миний бие Уийг татаж унагасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин өөр газар бусад гэмтлийг авсан талаар шалгуулах хүсэлтэй байна” гэсэн утга бүхий гомдол гаргасан байна. Т.Б нь Т.У-ийг татаж унагасан үлдлээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа Т.У-ийн биед учирсан гэмтлийг хаана учруулсан талаар шалгуулъя гэж байгаа нь ойлгомгүй байна. Учир нь, тус гэмтэл нь унаснаас болж үүсэн гэж Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч мэдүүлсэн байдаг. Унасан гэдэг үйл баримтыг хэн ч үгүйсгээгүй, харин хэрхэн унасан талаар маргаж байна. Анх Т.Б нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Т.У-ийн шанаа тус газарт нь хүчтэй алгадсан ба мөн машинд хүчээр суулгах явцад түүний гутлын өсгий хугарсан гэх үйл явдлын талаар хохирогчийн өгсөн мэдүүлэгт тусгагдсан. Хохирогч анх өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Мөн “Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ орцонд байх үед намайг татаж унагасан. Унаснаас хойших үйл явдлыг санадаггүй” гэж мэдүүлдэг бөгөөд унаснаас өмнөх болсон үйл явдлуудын талаар маш тодорхой мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй. Тус мэдүүлэг нь бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа талаар хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Хохирогчийн анх өгсөн Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт түүний шанаа тус газар нь алгадсан тухай мэдүүлэг нь камерын бичлэгээр нотлогддог. Мөн шүүгдэгч алгадсан гэдгээ үгүйсгэдэггүй. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт болсон үйл явдлын талаар шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тэрээр өөрийн эхнэр Т.У-тэй маргалдсан, түүнийг алгадсан, түлхсэн, ноцолдсон талаараа тодорхой мэдүүлдэг. Харин Т.У “дагзаараа савж унаж, улмаар чихнээс цус гарсан. Би согтуу байсан учраас яагаад унасан гэдгээ санахгүй байна” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч “намайг шанаадсан, үснээс чирсэн, хана мөргүүлж унагаасан” гэж мэдүүлсэн байдаг. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр хохирогчид нэг удаагийн унасан үйлдлээс болж хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Шинжээчийн дүгнэлтэд “Т.У-ийн биед гавлын зүүн зулай чамархайн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн, дух цус хуралт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан” гэж дүгнэсэн. Мөн н.Б “бид хоёр ноцолдсон. Би Уийг чи яв гэж хэлж байснаа санаад байна. Б У-ийг битгий маяглаад бай, чи ор гэж байсан. Би У-ийг шалан дээр унасан юм болов уу гэж бодсон. Би тэр үед байгаагүй. Х гадаа хүнтэй маргалдаад байна гэж сонсоод гарч ирсэн. Б нэлээд уусан байсан. Бид хоёр ноцолдож байх явцад Уийг өртчихвий гэж бодоод яв гэж хэлсэн. Бид хоёр 20 гаруй минут ноцолдсон. Уийг гэрт оруулаад цаг гаруй болсон байсан” гэсэн мэдүүлгийг өсөн. Анхан шатны шүүх хуулийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг үнэлэхдээ шүүгдэгч болон хохирогчтой ямар хамаарал бүхий харилцаатай талаар дүгнэлт хийж, тухайн мэдүүлгээс аль хэсгийг нь нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн дотоод итгэл үнэмшлийн асуудал бөгөөд анхан шатны шүүх н.Б-г шүүгдэгчтэй найз, нөхдийн хамааралтай гээд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрсөн ойлголт биш юм. Мөн хохирогчийн төрсөн эцэг, эх нар гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэдгээрийг “хэрэг болсон цаг хугацаанд байгаагүй атлаа гэрчийн мэдүүлэг өгсөн ба түүнийг нь нотлох баримтаар үнэлсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдэг хүндрүүлэх шинжээр тус хэргийг зүйлчилж байгаа тул тухайн цаг хугацаанд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүсэж, хохирогчийн биед гэмтэл учруулсан уу, эсхүл эдгээр хүмүүсийн хооронд өмнө ямар харилцаа үүссэн талаар шалгах ажиллагаа явуулж тогтоосон. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эх болох н.Э-н “миний охин надад хэлэхдээ Б намайг байнга өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг. Өндөг чанахад хүртэл хэдэн минут байхыг заадаг гэж хэлдэг байсан. Мөн гэртээ харимааргүй байна. Өөрийнхөөрөө баймаар байна гээд ээж, аавынхаа гэрт ирж байдаг. Гэрт ирэх болгондоо гар хөл нь хөхөрсөн, няцарсан байдалтай ирдэг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч н.Т-н “Гэмт хэрэг гарсны дараа юу болсон тухай хүргэнээсээ асуухад би хүнтэй зодолдож байхад дундуур ороод цохиулаад уначихсан юм аа гэж хэлсэн. Тэр хүнийг нь одоо болтол олоогүй байгаа. Бид нар камерын бичлэгийг харахад миний охиныг зодож байсан. Хүн эхнэрээ ингэж зодож болдог юм уу” гэсэн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжтой. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь байнгын шинжтэй, хохирогчид өөрийн давуу байдлыг мэдрүүлэх хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тус хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж буй тул энэ талаар нотолж буй гэрч н.Т, н.Э нарын мэдүүлгийг үнэлсэн. Хохирогч мэдүүлгээсээ буцсан асуудлын талаар ярьж байна. Хохирогч, шүүгдэгч нар нь 2019 оноос 2024 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан ба дундаасаа нэг охинтой, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс. Гэр бүлийн хүчирхийлэл нь үргэлж хаалттай хаалганы цаана үргэлжилж байдаг. Мөн гэр бүлийн хүмүүс хайр, сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болдог. Магадгүй нэг нь ял авч, нөгөө нь эрүүл мэндээрээ хохирсон байгаа боловч энэ хүмүүсийн хооронд бий болсон хайр сэтгэлийн нандин харилцаа, тэдгээрийн дундаас бий болсон үр, хүүхэд байгаа учраас хохирогч шүүхийн шатанд мэдүүлгээсээ буцаж байгааг буруутгах үндэслэлгүй. Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд бичигдсэн хэсгийг уншиж байна. “Бид дундаасаа үр хүүхэдтэй, ийм байдалд хүрнэ гэж бодоогүй” гэж ярьж байсан. Гэвч шүүх гэмт хэрэг үйлдсэн хэнд ч ял завших боломж олгох ёсгүй. Хэргийн бодит байдал нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. н.Б мэдүүлэгт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн зүйл байдаггүй, “санахгүй байна. Би тэгж унасан байх гэж бодсон” гэж ярьдаг болохоос биш болсон үйл явдлын талаар шүүгдэгчид ашигтай байдлаар нарийвчлан мэдүүлсэн зүйл байдаггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хуульд зүйл үндэслэлтэй. Мөн түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна. Мөн хохирогчийн зорчсон замыг шалгая гэж байсан. Өмгөөлөгч нар хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй байхад эргэлзээтэй үйл явдал болсон мэтээр хэрэгт цугларсан үйл баримтыг өөрсдийн үзэмжээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Жишээлбэл, өмгөөлөгч Ц.Дэлгэрням “хүн олон удаа цохисон бол үүнээс ч хүнд гэмтэл учирна” гэж хэлж байна. Шинжээч хохирогчид ямар гэмтэл учирсан болохыг тогтоосон. Бид ямар газар, хэдэн удаа цохисны улмаас ямар гэмтэл учирдаг болохыг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоодог хүмүүс биш. Тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тус дүгнэлтэд “олон удаагийн үйлдлээр үүснэ” гэж тусгагдсан. Нэг удаа татаж унагаагаад хохирогчийн биед хүнд хохирол учруулсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.У, шүүгдэгч Т.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Т.У-ийг  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокены гадна нүүрэн тус газар цохих, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, “Оргил Стар” хотхоны 00 дугаар байрны орцонд үргэлжилсэн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь “гавлын зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн дэх цус, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт” гэсэн гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.Уийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /1хх 12-14/, хохирогч Т.Уийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн “Ниуаgаа Ниуаgаа”, “Т...” гэх хаягуудтай харилцсан цахим захидлын хуулбарууд /1хх 15-19/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-24/, гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн өвчтөн Т.У-ийн өвчний түүх /1хх 51-65/,

хохирогч Т.У: “...Лоунжид 2023 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 01:00 цаг хүртэл байсан. Дараа нь Ц найзынх нь караоке руу явахаар болж, А, А, Б, М нарийн хамт зургуулаа Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт, Тэнгис театрын ойролцоо байрлах караокед ирцгээсэн. ...А, А, Б, М дөрөв нь караокены өрөө захиалаад дотогш орчихсон хойгуур Т.Б машиныхаа дэргэд намайг хүлээгээд зогсож байх үед би СU-ээс хотдог, цай аваад түүнд аваачиж өгөхөд маргаан үүсэж, шанаадаж унагаасан. Цагдаа ирэхэд Т.Б байгаагүй, дуудлагын жолооч дуудаад гэртээ хүргүүлсэн байсан. ...Хэсэг зуур тэндээ сууж байгаад шөнийн 04:00 цагийн үед Т.Б-тай хамт амьдарч байсан байрандаа ирсэн. Тэр үед мөн намайг хамт хүргэж өгөхөөр Т.Б-ийн найз Б гэх залуутай хоёулаа үлдэж, хаалгаа тогшиход Б хаалга тайлж өгөхгүй байсан. Надад гэрийн түлхүүр байгаагүй тул Б хамт хаалганыхаа дэргэдэх шатан дээр хүлээгээд суусан. Уур нь гарч тайвширсан байх гэж бодож байтал Батхуяг гэнэт маш ууртай гарч ирээд, шууд над руу дайраад дэвсэлж эхэлсэн. Зугтах гээд лифт рүү гүйтэл үснээс зуурч хана руу савж шидсэн. Намайг хана мөргөөд унахад дээрээс хүчтэй өшиглөж, хайр найргүй зодсон. Энэ үед би ухаан балартсан. ...” гэх мэдүүлэг /1хх 28-30, 33-34/,

гэрч Г.Т: “.......Энэ оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний охин У нь нөхөр Б-ийн төрсөн өдөрт явсан. Маргааш нь охин У рүү залгасан боловч огт утсаа авахгүй байсан тул санаа зовоод гэрт нь очиход У орон дотроо хэвтээд хариулахгүй, босож чадахгүй байхаар нь Б-г У яачихсан юм бэ, юу болоод байгаа юм бэ гэж асуухад “өчигдөр би хүмүүстэй маргалдаад зодолдож байх явцад дундуур ороод хүнд цохиулчихсан” гэж хэлэхээр нь “миний охиныг цохисон хүнийг яаралтай олж өг” гэж хэлээд охиноо гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явсан. Эмчилгээ хийгдээд 6-7 хоносон боловч Б нь “миний охиныг цохисон хүнийг олдоогүй байна” гээд байхаар нь өөрөө охиноосоо асууж байгаад Тэнгисийн ойролцоо байх караокены хажуу талын дэлгүүрийн камер үзэхэд Б нь миний охиныг цохиж унагааж байсан. Энэ хугацаанд маш олон эмчилгээ хийгдсэн. ....” гэх мэдүүлэг /1хх 39-40/,

гэрч Т.Б: “.......Б төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд Хан-Уул дүүрэгт байрлах “Galaxy Tower” нэртэй газарт 23 цагийн үед очоод 02 цагийн үед гараад, Тэнгис кино театрын баруун хойд талд байрлах караоке дотор орсон. Хэсэг хүмүүстэй хамт үлдээд ойр зуурын юм ярьж сууж байхад Т.Б, Т.У орж ирээд Б хүнд зодуулчихлаа гэхээр нь Т.У-ийн хамт гарахад Т.Б явчихсан байсан.Т.Б утсаа авахгүй байна гэхээр нь Уийг хүргэж өгөх болоод таксигаар Хан-Уул дүүрэг Оргил Стар хотхон руу ирээд У-тэй гэрийнх нь хаалгыг тогшсон боловч онгойлгож өгөөгүй. Хэсэг хугацааны дараа Б надад хандаж “зодоон болж байхад чи чинь хаашаа явчихдаг юм бэ” гэж хэлээд хоёулаа бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас хоорондоо бага зэрэг маргалдаж зодолдсон. Энэ үед лифт онгойж У суух үед Б “хаашаа явах гээд байгаа юм бэ” гээд лифтнээс гаргаж ирсэн. Бид хоёрын маргаан дуусаагүй дахин маргалдаж байх үед У нь тухайн давхрын шалан дээр унасан. Т.У нь зогсож байгаад шалан дээр нуруу хэсгээрээ унах шиг болсон. Унасныхаа дараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Т.Б нь Т.У-ийг цохиж зодсон зүйл байхгүй. ...” /1хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 9408 дугаартай: “....Т.Уийн биед гавлын зүүн зулай, чамархай, хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэн дэх цус, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн чихний сонсгол бууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ....” /1хх 46-49/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай: “....Т.У нь гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болсон байна. Т.У нь гэмтлийн дараах стрессийн эмгэг эмгэгтэй болсон нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Дээрх эмгэг нь гэнэтийн аюул, осол, хагацал, зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрч туулах үед үүсэх боломжтой. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах шаардлагатай. ...” /1хх 92-94/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

шинжээч эмч Б.Цолмон: “...Дээрх дүгнэлт нь миний гаргасан дүгнэлт байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, унах үйлчлэлийн нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг нэг удаа, эсхүл хэд хэдэн удаагийн үйлчлэл орсныг ялгах боломжгүй тул дээрх байдлаар дүгнэлтэд тусгасан. ...” гэх мэдүүлэг /1хх 128-129/,

шүүгдэгч Т.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын тодорхойлолт /1хх 117, 121, 122, 123, 125/,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаартай шийтгэх тогтоол /1хх 149-152/  зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Т.Б-ийг хохирогч Т.У-ийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй, харин түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг журамлан хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар зүйлчилсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, хэрэг учрал болсон тухайн үед хохирогч шүүгдэгч нарын хооронд хохирогч Т.У-ийн Т.Б-ийг хардсан хардалтаас шалтгаантайгаар маргаан болсон, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь шүүгдэгч Т.Бийн ”...Ц гэх эмэгтэй орж ирээд гарах үед Т.У нь н.Ц-тэй намайг хардаж, бид хоёрын дунд бага зэрэг маргаан үүссэн...” гэх  мэдүүлэг /1хх 98-100, 109, 111-113 /, хохирогч Т.У-ийн ”...Т.Б машиныхаа дэргэд намайг хүлээгээд зогсож байх үед би СU-ээс хотдог, цай аваад түүнд аваачиж өгөхөд маргаан үүсэж, маргалдсан. ...” гэх  мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн Т.Б-ийг урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан, хохирогч Т.У-ийг гэр бүлийн дарамтанд байлгадаг байсан гэх гэрч Д.Э, Г.Т нарын мэдүүлэг нь эх сурвалжгүй, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирогч аль аль нь согтуурсан үедээ хоорондоо хардалтын улмаас маргалдсан, Т.Б нь тус маргаанаас болж бусдад зодуулсандаа дургүйцэн харьсан, тодорхой хугацааны дараа Т.У нь Т.Бийн араас гэртээ ирж маргалдсан буюу тодорхой сэдэлт, шалтгаантайгаар тус гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн  “Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгджээ гэж хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан ” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Т.Б-ийн үйлдэл нь хохирогч Т.У-ийн биед учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, болгоомжгүй үйлдэгдсэн гэм буруугийн хэлбэргүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн тус хэргийг шүүгдэгч Т.Б-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын ”...бусдын биед болгоомжгүйгээр хүнд хохирол учруулснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...”, өмгөөлөгч А.Зоригтбаатарын: “...хэрэгт шалгавал зохих ажиллагааг хийгээгүй тул прокурорт буцааж өгнө үү ...”,  хохирогч Т.Уийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

Т.Б-ийн бусдын биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал, хохирогч Т.У-ийн “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй,  биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн...” гэсэн хүсэлт, бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих болон торгох төрлийн ялаас Т.Б-т торгох ялыг сонгон хэрэглэж, мөн зүйлд зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-ийн 2024 оны 5 дугаар сарын 31 өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 74 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,110,000 төгрөгийг түүнд оногдуулсан 25,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдэлбэл зохих торгох ялыг 23,890,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/401 дүгээр шийтгэх тогтоолын:

1. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Т.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, 

тогтоох хэсгийн 1 дэх  заалтад “...Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. …” гэснийг “…Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т.Б-т 06 /зургаа/ жилийн хугацаанд хорих ял шийтгэсүгэй. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ийг 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

2. Тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн цагдан хоригдсон 74 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон, 1,100 нэгж буюу 1,110,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж, Т.Б-ийн биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 23.890.000 /хорин гурван сая найман зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоож, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

- “Шүүгдэгч Т.Б оногдуулсан 23,890,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Т.Б-г нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч Т.Б-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ