Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00441

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 301/ШШ2025/00441

Архангай аймаг

 

 

 

 

 

 

 

                                               301/ШШ2025/00441

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймаг, Э сум, Ө баг, ... тоотод оршин суух А.Ө-ийн хүсэлттэй 

үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Ө үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

1.1 Хүсэлт гаргагч А.Ө хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч А.Ө “...А.Ө миний бие 20... оны .. дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн. Төрсний дараа ээж А.Б өөрийн төрсөн эцэг буюу өвөө Ш.А-д намайг үрчлүүлсэн. Тэр үеэс эхлэн ээж, өвөө бид гурав хамт амьдарч байгаад ээжийг 2011 онд хүнтэй гэр бүл болоход би өвөөтэйгөө хамт үлдсэн. Гэтэл өвөө минь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Нэгэнт өвөө минь нас барсан учраас одоо би үрчлэлтээ хүчингүй болгуулж эх А.Батцэцэгээр овоглох хүсэлттэй байна. Учир нь ээж минь намайг төрүүлж. б нас хүртэл өвөөтэй хамт өсгөж, түүнээс хойш надтай байнга хамт амьдраагүй ч надад үргэлж анхаарал халамж тавьж, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн эх А.Б надаас хойш 2013, 2015. 2024 онуудад төрж, 3 хүүхэдтэй болсон. Хэрэв би ээжээрээ овоглочихвол ээж алдарт эхийн 2-р зэргийн одонгийн болзол хангаж байгаа. Иймд миний бие эх А.Б-р овоглох хүсэлттэй байх тул 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн 3 дугаарт бүртгэж, намайг Ш-ын А-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү....” гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч А.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өвөө маань ганц бие амьдардаг байсан, би өвөөтэйгөө 20 жил хамт амьдарсан, урьд нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар холбогдох газарт хүргүүлж байгаагүй, энэ жил өвөө маань нас барсан учраас мөн би ээжээр овоглочихвол ээж маань одонгийн болзол хангаж байгаа учраас шүүхэд хүсэлтээ гаргасан юм...” гэжээ.

 

          3. Нэхэмжлэгчээс шүүхэд:

            - А.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            - 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2565000001000848 дугаар А.Ө-ийн “үрчилсний бүртгэлийн лавлагаа”,

            - А.Ө-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн Э сумын А багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0/1 дугаар тодорхойлолт,

            - А аймгийн Э сумын Ө багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 06/38 дугаар тодорхойлолт,

            - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11/339 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг,

            - Б овогт Ш-ын А-ы нас барсны бүртгэлийн гэрчилгээ,

            4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд

            - А аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11/509 дугаар албан бичгээр ирүүлсэн: Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас,

            -  А аймгийн Э сумын 2006 оны үрчлэлтийн бүртгэлийн дэвтэр,

            - А аймгийн Э сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/206 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн.

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Ө-ийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            1. Хүсэлт гаргагч А.Ө хүсэлтээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...А.Ө миний бие 200... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн. Төрсний дараа ээж А.Б өөрийн төрсөн эцэг буюу өвөө Ш.А-д намайг үрчлүүлсэн. Тэр үеэс эхлэн ээж, өвөө бид гурав хамт амьдарч байгаад ээжийг 2011 онд хүнтэй гэр бүл болоход би өвөөтэйгөө хамт үлдсэн. Гэтэл өвөө минь 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Нэгэнт өвөө минь нас барсан учраас одоо би үрчлэлтээ хүчингүй болгуулж эх А.Б-ээр овоглох хүсэлттэй байна. Учир нь ээж минь намайг төрүүлж. б нас хүртэл өвөөтэй хамт өсгөж, түүнээс хойш надтай байнга хамт амьдраагүй ч надад үргэлж анхаарал халамж тавьж, эх хүнийхээ үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн эх А.Б надаас хойш 2013, 2015. 2024 онуудад төрж, 3 хүүхэдтэй болсон. Хэрэв би ээжээрээ овоглочихвол ээж алдарт эхийн 2-р зэргийн одонгийн болзол хангаж байгаа. Иймд миний бие эх А.Б-ээр овоглох хүсэлттэй байх тул 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр бүртгэлийн .... дугаарт бүртгэж, намайг Ш-ын А-д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү...” гэжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд хүүхдийн үрчлэлт, түүнийг хүчингүйд тооцох асуудлыг зохицуулсан байх бөгөөд хүсэлт гаргагч А.Ө нь хүүхэд биш, өөрөөр хэлбэр 20 настай насанд хүрсэн иргэн байна.

Хүүхдийн Эрхийн Тухай Конвенцод “18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэнэ” гэж тайлбарласан байдаг. Хүүхдийн буюу 18 хүртэлх настай хүмүүсийн үрчлэлттэй холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан, А.Ө-ийн шүүхээр шийдвэрлүүлж буй асуудал нь тус хуулийн зохицуулалтад хамаарагдахгүй байна гэж шүүх дүгнэлээ. Иргэн А.Ө нь өөрийн овог нэрээ өөрчлөх эрх нь түүнд хуулиар бүрэн олгогдсон, овог нэр өөрчлүүлэх асуудлыг иргэний бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлэх боломжтой байна.   

 

Иймд А.Ө-ийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч А.Ө-ийн хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Ө-ийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч А.Ө-ийн хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР