Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00027

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн С.Гончигбал,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Р.Г , С.Г , Э.Э , С.У ,

Иргэний хариуцагч Ч.Ганбаатар,

Түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0027/Э индекстэй, 1703000010113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нью-Жуулчин ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж. Б  

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Б  нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тээг толгой гэх газарт **-**УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.А жолоодож явсан **-**УНБ улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч П.П.А , зорчигч Р.Г , Э.Э , С.Г  нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч С.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Мариане, Маrian downs, K.Ceнтяа, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota pruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 11195400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б ы өгсөн: Би “Нью-Жуулчин” ХХК-д жолоочоор ажилладаг. Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өглөө баазаас жуулчин аваад Булган аймгийн Рашаант суманд байдаг “Хоёр загал” жуулчны бааз орохоор гарсан. Тэр өглөө манай орчуулагч ирж миний явах чиглэлийг тайлбарлаж өгөөд яарах хэрэггүй гэсэн тул бид замдаа яаралгүй явсан. Булган аймгийн Рашаант сумаас 10 км орчим газарт явж байтал замын зорчих хэсэг дээгүүр гарсан ус зайлуулах шугам таарсан. Миний жолоодож явсан Nissan Civilian маркийн бага оврын автобус донсолгоонд бөгсөө хаядаг тул би тэр сувгыг донсолгоо багатай гаргахын тулд жишүүлдэж гаргахаар эсрэг урсгалд ороод эргэж эгнээндээ орж амжаагүй байхад Toyota pruis маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн. Би машинаасаа бууж ирсэн боловч тухайн үед маш их шоконд орсон байсан. Нэг мэдэхэд намайг нэг эмэгтэй хүн цохиж байсан. Тэгээд би эргэж машиндаа орж утас аваад эмнэлэг дуудсан. Би бас гадаадын жуулчид авч явж байсан тул сандарч хаалгаа онгойлгох гэтэл хоёр жуулчин давхралдаж унаад хаалга гацаасан тул хаалга онгохгүй байсан. Тэгээд би машиныхаа арын хаалгыг онгойлгох гэтэл бас онгойхгүй байсан. Би эргэж машинаас 2 эмийн сан байсныг авч нэгийг нь pruis маркийн машинд зорчиж явсан хүмүүст өгсөн. Тэр хооронд зөндөө хүмүүс ирж тусалж байсан. Хохирогч П.А г бүтээлгэн дээр хэвтүүлж байхаар нь би  очиж дамналцаж хамт явсан машиных нь арийн багажинд суулгаж өгсөн. Тэгээд эргэж өөрийн машины арын багажны хаалгыг хөшиж онгойлгоод жуулчидаа буулгасан. Тэгээд би цагдаа нарын хамт цагдаагийн хэлтэс явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Г гийн өгсөн: Бид 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явж байсан. Тухайн өдөр цаг агаар хэвийн сайхан өдөр байсан. Зам дээр ус зайлуулах суваг хоолой гэж байгаагүй. Бид дундаж хурдтай явж байсан. Гэтэл гэнэт өөдөөс эсрэг урсгалд бага оврийн автобус ороод ирсэн. Би өөдөөс машин ирлээ гэж хэлж дуусаагүй байхад ирж мөргөсөн. Тэр автобус хурдтай явсан тул манай машиныг мөргөөд нилээд хол газар түрээд яваад байсан. Тэгээд нэг мэдэхэд манай нөхөр намайг авраарай гэж байсан. Би гэнэт сэхээ аваад хартал манай нөхөр цээж хэсгээрээ машинд дарагдсан шинжтэй байсан. Би буух гэтэл машины суудлын бүс чангараад дээр нь машин хавчсан байсан тул би эвээр гулгаж буусан.Тэгээд машиныг тойроод очиход манай нөхөр хөл нь хугарч машинд дарагдсан байсан тул би чангааж татсаар байгаад машинаас буулгаж зам дээр хэвтүүлж эмийн сангаа гаргаж 2 өвчин намдаах эм давхараар нь өгсөн. Тэгээд зүрх судасны дутагдалд орж болзошгүй байна гээд валидол нэгийг өгсөн. Тэгж байтал бидний араас манай байгууллагын хүмүүс таарч хамт явсан хүмүүсийг гаргасан. Тэр үед манай нөхөр амьсгал хураагдах гээд байна гэж байсан. Тэгээд би нөхрийнхөө хоёр гарыг нь өргөж цээжийг нь өндийлгөөд Ж.Б ыг чи осол гаргаад хүн алчихлаа туслаач гэж хашгирхад Ж.Б  уучлаарай гээд утсаараа оролдоод зогсоод байсан. Бидэнд ирж туслаагүй. Сая эмийн сангаа өгсөн, П.А г дамнаж машинд суулгасан гэж байна. Эмийн сан бидэнд өгөөгүй, туслаагүй. Би жаахан тайвшраад босох гэтэл миний гар, хөл хөдлөхгүй би босож болохгүй болсон байсан. Тэгээд би хэргийн газарт очсон цагдааг дуудаад би ухаантай байна. Энэ автобус эсрэг урсгалд орж өөдөөс ирээд мөргөсөн шүү гэж хэлсэн. Тэгж байтал эмнэлгийн тусламж ирж биднийг Төв аймгийн Эрдэнэ суманд аваачиж норпин тариад дусал залгуулаад яаралтай Улаанбаатар авч явсан. Тухайн үед манай нөхрийг хүнд байна эмнэлгийн машинаар авч явна гэсэн тул би өөр машинд суусан. Сүүлд нь манай нөхрийг тээвэрлэж явсан гэмтлийн эмч нар ярихдаа амьсгал нь 2 удаа зогссон гэж байсан. Тэгээд очсон оройд нь хагалгаанд оруулсан. Би 10 хоног гэмтэлд хэвтсэн. Би 20 хоногийн дараа өөрөө хөл дээрээ босох болж нөхрөө асарсан. Тэр үед хүн болгон амарсан, аялал зугаалгын цаг болохоор амралтын хоног их таарсан. Эм, тариа олдохгүй байсан. Манай хүний ээж, аав нь гээд 80 хүрсэн 2 хөгшин бид нар маш их шаналсан. Солонгосын эмч нар ирж өчнөөн ажиллаж байж л манай нөхрийг босгосон. Ийм хүнд үеүүдэд энэ хүмүүс нэг ч эргэж ирээгүй, нэг ч утсаар яриагүйд маш гомдолтой байна. Бид өөрсдөө эмч хүмүүс байсан тулдаа анхны тусламжаа зөв авч амьд үлдсэн. Бид өөрсдөө эмнэлгийн тусламж зөв авч амьд үлдсэн болохоор өнөөдөр энэ хүнд оногдох эрүүгийн хариуцлагыг ч бас багасгаж байна. Мөн хэрэг мөрдөж байсан байцаагч яаралтай машинаа авчир гэж шаардаж байсан тул би Булганаас машинаа авчрах болж Ж.Б д туслалцаа байна уу? гэж хэлэхэд Ж.Б  миний буруутай үйлдэл биш би очиж чадахгүй гэсэн. Ийм сэтгэлгүй өчнөөн хүний эрүүл мэндээр хохироочихоод ийм сэтгэлгүй хандсанд маш гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э ийн өгсөн: Бид 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явж байсан. Нэг мэдсэн намайг жип машины ард хэвтүүлсэн байсан. Миний 2 гар хугарсан байсан. Миний хэвтэж явсан машины урд С.Г  эмчийг суулгасан байсан. С.Г  эмч замын турш орилж явсан. Тэгээд биднийг гэмтлийн эмнэлэгт авчирсан байсан. Би эмнэлэгт ирээд аав, ээж, ах, дүү нартаа мэдэгдсэн. Ээж ирээд тухайн үед намайг танихгүй байсан. Би 19 хоног эмнэлэгт эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад 2 сар бүтэн хэвтэрт байсан. Тэр Ж.Б  гэгч утсаар яриагүй, нэг ч удаа эргэж ирж байгаагүй. Гэтэл тэрнээс хойш бүтэн 7 сарын дараа эргэж очсон. Эмнэлэг уулзуулаагүй гэж ярьж байгаад нь гайхаж байна. Би өнөөдөр 28 настай, нөхөр хүүхэдгүй, гэтэл миний аарцагны яс задарсан бэртэлттэй байгаа. Одоо миний баруун гар хөдөлгөөн муутай, эргэхгүй байгаа. Би 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр анх ажилд орсон. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 02-нд осолд орсон. Одоо би ажиллахад хүндрэлтэй байна. Жаахан ачаалал авахаар хамаг бие өвдөөд хэвтэрт ордог. Би 3 настайгаасаа хойш, ухаан сууснаасаа хойш ер нь эмнэлэгт хэвтэж байгаагүй. Одоо байнга бие өвдөөстэй байдаг. Ж.Б д сэтгэл байсан бол буруугаа ухамсарлаж байгаа юм бол яагаад өдий болтол бидэнтэй уулзаж уучлалт гуйж болдоггүй юм. Биднийг олж чаддаггүй юм бол мөрдөн байцаагчаас бидний утсыг яагаад аваад ярьж болдоггүй юм. Миний хувьд одоогоор 1000700 төгрөг нэхэмжилж байна. Байгаа баримтаараа л хохирлоо нэхэхээс биш үндсэндээ 2 сарын турш хэвтэрт байсан. Асаргааны зардал маш их гарсан. Өөр баримтгүй өчнөөн эмчилгээ хийлгэсэн. Энэ ослын улмаас Ж.Б ы үйлдлээс болж би эрүүл мэндээрээ бүх юмаараа хохироод өнгөр ч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.У гийн өгсөн: Бид 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явж байсан. Гэтэл бидний өөдөөс бага оврын автобус ирж байгаа харагдсан. Тэгээд л нэг мэдэхэд би сэхээнд байсан. Ж.Б  сая эмнэлгийн хайрцаг, эмийн сан гаргаж өгсөн гэж ярьж байна. Би машнаас гараад тухайн үед ухаантай байсан. Ж.Б  бидэнд туслаагүй би мэдэж байна. Би гэмтлийн эмнэлэгт 15 хоног хэвтсэн. Ж.Б  бидэн дээр 10 удаа ирсэн гэж байна. Сэхээнд оруулаагүй байж болох юм. Тэгвэл эмнэлэгт эмчилгээний тасагт хэвтчихсэн байхад яагаад ирж болоогүй юм. Өчнөөн хүмүүс эргэж тойроод орж гараад болоод байсан. Бид нар эмч нар тулдаа л өөрсдийгөө аварч амьд үлдсэн. Би 8 сард ажилдаа орсон. Сэтгүүлч нар хүртэл ярилцлага авах гээд чөлөөтэй орж гарч байсан. Би одоо ажлын ачаалал дийлдэггүй байнга толгой, гар, нүүр хүртэл чинэрч өвддөг. Миний нүүр эрвэгнэж таталт өгдөг. Би ажилдаа орсон ч гэсэн байнга эмчилгээ хийлгэж нааш цаашаа маш их явсан. Би айлын ганц хүүхэд манай ээж миний төлөө байнга зовниж хямарч байна. Миний тархинд цус харвалт үүссэн. Цаашид төрхөд хүндрэлтэй болсон. Нүдний хараа маш их муудсан. Би эмчилгээндээ гарсан баримттай зардлаа нэхэмжилж байна. Бусад зардлыг нэхэмжлэх боловч яаж төлөхийг нь ойлгохгүй байна. Би их хохирч байна гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г ын өгсөн: Би ажлынхантайгаа хамт Өвөрхангай аймгийн Хар хорин орох гээд хотоос гарсан юм. Бид Хар хорин орсон, дараа нь элсэн тасархай орсон. Тэгээд би орой жижүүртэй байсан тул замдаа цагийг ашиглаад унтсан. Тэгээд нэг мэдэхэд тааз ширтээд хэвтэж байсан. Би гайхаад хаана байгаа юу болсон талаар асуухад эхнэр маань эрчимт эмчилгээний тасагт байна гэж хэлж байсан. Миний бие энд тэндээ маш их өвдөж байсан. Би өвдөлтийн шоконд орж үхэж болох байсан. Бидний азаар манай 3 сувилагч нар ойр явж таарсан байсан. Бид машинд дарагдаад үхэж байсан. Миний баруун уушиг урагдсан, салбарсан няцарсан байсан. Би энэ хүнд гэмтлээс яаж амьд гарсанаа мэдэхгүй байна. Миний 6 хавирга хугарч далны яс няцарсан байна. Зүүн гарны атС.Г  16 ширхэг няцарч хугарсан. Тархины гэмтэлтэй, зөөлөн эдийн цусан хуралт болсон. Дандаа амин чухал эрхтнүүд гэмтсэн. Би сая сандлаас босоод микрофонд хүрэх хооронд толгой эргэж байна. Би одоо 31 настай, миний санах ой муудсан байгаа. Би олон хүнийг эмчилж босгосон, үхлээс аварсан алтан гартай хүн. Намайг монгол орон даяар мэднэ. Монголын өнцөг булан бүрээс өнөөдөр хүмүүс надтай ярьж байна. Би тэднийг эмчилж чадахгүй байна. Хүний эрүүл мэнд асар их үнэтэй. Ж.Б  бүх насаараа миний гэмтлийг эрүүл мэндээрэ хохирсон хохирлыг төлөөд барахгүй. Би Ж.Б  болон “Нью Жуулчин” ХХК-нд гомдолтой байна. Өнөөдөр миний эмчилгээний зардлын өчүүхэн хэсэг гэхэд л 19000000 төгрөг гарч байна. Тэрнээс гадна өчнөөн зардал байна. Би маш их гомдолтой байна.Надад хэлэх үг олдохгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ч.Ганбаатарын өгсөн: Бидний зүгээс ийм зүйл тохиолдсонд харамсаж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Ж.Б  бол манай байгууллагад жолоочоор ажилладаг хүн, олон жил хариуцлагатай тогтвор суурьшилтай, нэр хүндтэй манай байгууллагын сайн ажилчдын нэг юм. Жолооч хүний хувьд осол, аваар хийе гэхгүй нь тодорхой, мэдээж хүний эрүүл мэндэд учрсан хохирлыг бид мөнгөөр хэмжихгүй нь ойлгомжтой. Ж.Батучулуун жолоочийн хувь тухайн үед маш их шоконд орсон байсан. Мөн дээр нь гадаадын жуулчид авч явсан. Тухайн үед хоёр жуулчин машины хаалга дарж унасан байсан учраас машины хаалга онгойлгох гэж хугацаа алдсан байх. Хохирогч нарыг машинаас гаргахад нь туслаж чадаагүй ч эмийн сангаа осолд орсон хүмүүст өгсөн нэгийг нь өөрийн зорчигчдод өгсөн гэж байсан. Бид осол болсон талаар мэдээд механикаа яаралтай явуулсан. Компанийн зүгээс жуулчдыг эмнэлгээр авч явж эмчлүүлсэн нилээдгүй зардал гарсан. Маргааш нь бид олон хүмүүс бэртсэн гэхээр нь уулзах гэж гэмтлийн эмнэлэгт очсон. Сэхээнд байгаа гээд биднийг оруулахгүй байсан. Эмчлэгч эмчтэй нь уулзахад хүнд байгаа гэхдээ эмчилгээнүүд хийгдэж байгаа гэсэн. Жолооч өөрөө ч хувиараа очсон. Хүнтэй уулзуулахгүй дээрээс үүрэг өгсөн гээд уулзуулахгүй байна гэсэн. Бид нарын хувьд тодорхой хэмжээний зардал гарсан, ослын газар очсон эмч нар автобусанд байсан гадаадын жуулчдад эмнэлгийн тусламж үзүүлээгүй орхиод явсан байсан. Бид бүх зуулчдыг 1,2 дугаар эмнэлгүүдээр үзүүлж эмчлүүлсэн. Гарсан зардал нь баримттайгаа байгаа. Манай жолооч гэм буруугаа хүлээж байгаа. Бид ч гэсэн хохирол төлөх байх гэв.

 

  1703000010113 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч П.А өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өглөө эхнэрийн нэр дээр байдаг **-**УНБ улсын дугаартай Приус маркийн автомашинтай Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан. Надтай хамт манай эхнэр Г  явсан. Миний машинд С.У , Э.Э , С.Г , Г  нар явсан. Булган аймгийн Рашаант сум өнгөрөөд 60-70 орчим км цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалд урдаас нэг автобус уруудаад ирж байгаа харагдаад байсан. Тэгтэл нөгөө урдаас ирж явсан автобус гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Миний бодлоор 30-40 метрийн зайтай байх шиг байсан. Нөгөө автобус өөрийнхөө урсгалд орохгүй урдаас урсгал сөрөөд яваад байхаар нь би хурдаа хасаад дуут дохиогоо өгсөн боловч шууд урдаас ирээд мөргөсөн. Нэг мэдсэн 2 сандлын хооронд хавчуулагдсан байсан. Манай эхнэр харагдахаар нь намайг авраарай гэж хэлсэн. Миний ой ухаан орж гараад байсан. Эмчилгээнд хэдэн төгрөг гарсныг мэдэхгүй байна. 40 хоног хэвтсэн. Нийт 7 удаа хагалгаанд орсон. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байна. Ар гэрийн амьдрал хэцүү байна. Одоо гарах болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-63 хуудас/,

Хохирогч Р.Г гийн өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хар-хорин сумаас Улаанбаатар хот орохоор манай нөхөр П.А , хамт ажилладаг Э.Э , С.У , С.Г  нарын хамтаар 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумыг өнгөрөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Машиныг
манай нөхөр П.А  жолоодоод би жолоочийн хажуу талын урд сандалд суугаад Э.Э , С.Г , С.У  гурав арын сандалд сууж явсан. Манай машин дунд зэргийн  хурдтай явсан. Эсрэг урсгалд урдаас Ниссан маркийн дунд оврын автобус уруудаж явахдаа эсрэг урсгалд ороод өөдөөс ирж байхаар нь би урдаас машин урсгал сөрөөд яваад байна гэхэд манай нөхөр дуут дохиогоо өгсөн боловч тэр машин урсгал сөрсөн чигээрээ явсаар байгаад урдаас мөргөөд манай машин нилээд хойшоогоо түрэгдэж байгаад зогссон. Уг машин их хурдтай орж ирсэн. Миний нүд харанхуйлаад дотор дайвалзсан. Нэг ухаан ороход манай нөхөр намайг авраачээ, намайг татаач ээ гэж байсан гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 73-76 хуудас/,

Хохирогч С.Г ын өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай ажлын газрынхан Өвөрхангай явсан. Маргааш нь Улаанбаатар хот орохоор хөдөлж явахаар болсон. Ингээд П.А  эмчийн 89-79УНБ улсын дугаартай Т.Приус маркийн хар өнгийн машинд Г , Э.Э , С.У  бид нар сууцгаасан. Хархорин сумаас хөдлөөд Элсэн тасархай дээр нэг зогсоод хөдөлсөн. Машинд би унтаж явсан. Тэр оройдоо жижүүртэй байсан болохоор нойр авч явсан юм. Нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Эмнэлэгт хэвтээд 10 хонож байна гэж манай эхнэр хэлсэн гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 109-111 хуудас/,

Хохирогч Э.Э гийн өгсөн: Хархорин сум дээр хоноод маргааш нь Улаанбаатар хот орохоор буцаад хөдөлсөн. Бид нар хамтдаа л машинтайгаа явсан. Ингээд Элсэн тасархай дээр нэг зогсоод хөдлөөд явсан. Машиныг П.А эмч жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудалд Г  эмч суугаад
арын сандалд С.У , С.Г  эмч бид гурав сууж явсан. Ингээд бид нар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ явж байсан. Би элсэн тасархайгаас хөдлөөд явах үедээ унтсан. Нэг сэрэхэд хамт явж байсан байгууллагын ажилчдын автомашинд хэвтэж явсан. Замдаа түргэний машинд шилжих суугаад гэмтлийн эмнэлэг явсан...гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 142-143 хуудас/,

Хохирогч С.У гийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Элсэн тасархайгаас хөдлөөд хэсэг явсаны дараа би унтсан. Унтаж байхад гэнэт Г  эмч Азаа гэж орилохоор нь сэрээд харахад урдаас дунд оврын автобус тулж ирээд мөргөсөн гэсэн гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 163-164 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс хохирогч нарыг яаралтай эмчилгээ үйлчилгээг хийх шаардлагатай байсан тул өөрийн эмнэлэгтээ үйлчилгээг хийсэн. Байгууллагаас зарцуулсан нийт 41.341.012 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 186 хуудас/

Иргэний хариуцагч Ч.Г өгсөн: Манайх мандал даатагалд жолоочийн хариуцлагын даатгалыг 10 сая төгрөгөөр хийлгэсэн байгаа, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол даатгалаас болон шүүхийн зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 хуудас/, 

Гэрч У.У өгсөн: ...П.А  эмчийн машины араас бид нар явж байсан бид нар урд явсан машинаас нилээд зайтай явсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явсан. Бид нар хоорондоо юм ярьж байгаад эргээд машин зам руу харахад машин зам дээр хар цагаан өнгийн хоёр машин зогсож байсан. Бид нар дөхөөд очиход П.А  эмчийн жолоодож явсан машин дунд оврын цагаан өнгийн автобустай мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Ингээд бид нар зогсоод машинаас буугаад машин дээр явж очоод эхлээд П.А  эмчийг Г  эмчтэй хамт гаргалцаад дараа нь хамт явсан С.У , Э.Э  нарыг гаргасан. Хамгийн сүүлд С.Г  эмчийг машинаас татаж гаргасан. Машинаас хүн татаж гаргах хэцүү байсан. Нөгөө машины жолооч болон хүмүүс туслалцаа үзүүлээгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204-205 хуудас/,

Гэрч Б.М өгсөн: Булган аймгийн цагдаагийн газрын жижүүрээс залгаад танай сумын хариуцсан төв замын хэсэг дээр 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна гэж мэдэгдсэний дагуу миний бие жолооч цагдаа Ж.Алтаншагайгийн хамт хэргийн газарт очсон. Өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд л хэргийн газарт очсон. Хэргийн газарт ирэхэд жуулчны дунд оврын автобус ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явах чиглэлд явсан бөгөөд замын урд талын урсгал буюу эсрэг урсгалдаа баруунаас зүүн тийш явах чиглэлд явсан бөгөөд замын урд талын урсгал буюу эсрэг урсгалдаа баруунаас зүүн тийш явсан чиглэлийн Т.Приус маркийн автомашинтай мөргөлдсөн байдалтай байсан бөгөөд бид нарыг очиход замын баруун талд 4-5 суудлын автомашин зогссон. Замын хажууд Т.Приус маркийн автомашинд сууж явсан маш хүнд гэмтсэн хүмүүст эмнэлэгийн тусламжийг үзүүлж байсан зөндөө хүн байсан..., жуулчны автобусны жолооч эрэгтэй явж байгаад осол гарсан талаар тодруулахад тэрээр замын донсолгоо гаргах гэж байгаад эсрэг дарсан чинь амжсангүй гэж хэлж байсан өөр тайлбар хэлээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08    дугаар сарын 31-ний өдрийн №10852 дугаартай..."П.А гийн биед суурь ясны баруун   зүүн жигүүр сэртэнгүүдийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, дотор хана, арын хана, зүүн гайморын хөндийн урд болон арын хананд хугарал, баруун зүүн ухархайн дотор хана, доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, зүүн 2, 3, 4, 5, 6, 7 хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы  хугарал,  өвчүү баруун  эгэм  ясанд хугарал,  баруун  сүүжний тогооны арын баганы сэлтэрсэн хугарал, дунд чөмөг ясны толгойны мултрал, баруун шаант ясны дотор гадна булуу, булуу хоорондын төвгөр, баруун дунд чөмөг ясны дотор булууны хэсгийн ил хугарал баруун арын чагтан холбоосын суналт, дотор хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор менискийн их биеийн урагдал, зүүн гар нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10, 3.1.12, 3.6.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна"...гэх дүгнэлт, / хх-236-237 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10850 дугаартай “...Г гийн биед элэгний эдийн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын   3.1.12-т   зааснаар   амь   насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт / хх-/2/-54 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №11014 дугаартай С.Г ын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-6, зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн бугалга ясны далд хугарал, баруун далд ясны хугарал, хүзүүний 3-р нугаламын баруун сэртэнгийн хугарал, биеийн зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлгийн   гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-/2/ 79-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10851 дугаартай Э.Э гийн биед баруун уушгинд няцрал, плеврийн хөндийд хий хуралт, баруун шуу богтос ясны ил хугарал, хүзүүний 7-р нугалмын сэртэнд хугарал, өвчүү ясанд хугарал. Баруун ууц сүүжний үеийн хугарал, баруун сүүжний тогооны урд баганы хугарал. Баруун, зүүн суудал ясны хугарал, зүүн умдаг ясны хугарал, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуунд шарх, зүүн өвдөг, шагайн үе, цээжинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо…шүүх эмнэлэгийн гэмтлийн   зэрэг  тогтоох  журмын 3.1.12-т зааснаар   амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-/2/ 114-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10853 дугаартай “...С.У гийн биед тархины 2 тал бөмбөлөгийн таславч хоорондын аалзан бүрхүүлд цус харвалт, нүүр, духанд зулгарсан, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-/2/ 138-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №8688 дугаартай Петерийн биед тархи доргилт, хүзүүний 4 дүгээр нугалмын сэртэнгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дух зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдэнэ шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-/2/ 150 хуудас/,

Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн техникийн хяналт хариуцсан шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №443 дугаар дүгнэлтэнд: 1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэгт үлдсэн, асгарсан эд зүйл, шингэний ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, зам, орчны байдал, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Н.Сивилиан маркийн 84-24УБЕ улсын дугаартай   автомашины жолооч Ж.Б  нь 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Т.Приус-30 маркийн **-**УНБ улсын дугаартай автомашины жолооч П.П.А  нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг зүйл, заалтыг зөрчсөн шууд үйлдлээс уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн асуултын хариулт: 3. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдлаас үзэхэд Т.Приус-30 маркийн **-**УНБ улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 8.2 дахь заалтыг шууд зөрчсөн үйлдэл харагдахгүй байна. Энэ нь зорчих хэсэгт байх үерийн ус зайлуулах сувагт худаг, түүний хучилтын байдал. Н.Сивилиан маркийн автомашины жолоочийн “...замд нэг ус зайлуулах суваг байсан ба би хурдаа сааруулаад донсолгоог ташуулдаад гарч байтал”, “...овон товонтой газар байсан”, “...тухайн үед урсгал сөрсөн байсан яагаад гэхээр миний машин цогиж бөгсөө шиддэг юм. Тийм болохоор  донслуулахгүйн  тулд  ташуулдаж  гарах гээд урсгал сөрсөн юм” гэх мэдүүлгээр нотлогдож, эсрэг чиглэлтэй, урд урдаасаа чиглэн явж буй тээврийн хэрэгслүүд зөрөх агшин /уг ослын хувьд мөргөлдсөн/-д мөргөлдөлт үүссэн байх магадлалтай байна. /Үүнийг алхаж яваа 2 хүн зөрж гарахдаа хийдэг үйлдлээр тайлбарлаж болох юм./ Мөн зам тээврийн осол хэрэг харилцан хөдөлгөөнтэй биетийн хувьд агшин зуурт болж, масс багатай биетийн хувьд түрэгдэх, хөндлөн шидэгдэж шилжилт үүсэх физикийн хөдөлгөөний хууль үйлчилдэг тул мөргөлтийн дараах байрлал /Т.Приус-30 маркийн **-**УНБ улсын дугаартай автомашины байрлалыг хэмжсэн 2,80 м,  2,10 м хэмжээс/-аас эсрэг урсгал сөрсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна. 4. МУ-ын ЗХД-ийн 1.4 дэх хэсэгт “Давуу эрх” гэдгийг бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх болон “Зам тавьж өгөх” гэдгийг замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл гэж тус тус тодорхойлсон байна. Энэ 2 тодорхойлолтыг уялдуулан үзвэл, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нарын хувьд эрх, үүргийн хуваарилалт харагдаж байхаас гадна давуу эрх бүхий тээврийн хэрэгслийн, жолооч заавал зогсоох арга хэмжээ авах, зогсоох арга хэмжээ аваагүйтэй холбоотой үүрэг хүлээхгүй болох нь харагдаж байна. Т.Приус-30 маркийн **-**УНБ улсын дугаартай автомашины жолооч нь саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан байдал хэргийн газрын үзлэгээр тогтоогдоогүй байна. Тогтоогдохгүй байна гэдэг нь зогсоох арга хэмжээ аваагүй /тоормослоогүй/ байна гэсэн үг биш бөгөөд АВЗ тоормос /дугуйнд тоормослолт үүсэх үед шарвалт, онходолт үүсгэхгүй/-ны системээр тоноглогдсон тээврийн хэрэгслийн хувьд зорчих хэсэгт тоормозны мөр үүсдэггүй, жолооч жолооны хүрдийг чиг өөрчлөн залах үеийн дугуйн даралт, тоормосны дөрөөн дээр дарах /тоормослох/ үед дугуйн хээний мөр үүсдэг. 5. Давуу эрх бүхий тээврийн  хэрэгсэл өөрийн буюу зорчиж явсан эгнээ, урсгалд өөр тээврийн хэрэгсэл орж ирвэл тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талаар зөрж өнгөрөх үйлдлийг хийх талаар МУ-ын ЗХД-ээр тодорхойлж өгөөгүй байна гэх дүгнэлт /хх-/2/-209-211 хуудас/,   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1-р хавтас 31 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтас 32-37 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-41 хуудас/,

Өвчтний түүх / 1-р хавтас 238-250, 2-р хавтас 1-45, 55-74, 82-109, 115-126, 139-148 хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хавтас 233 хуудас/

Лэндс ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 02462 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ /2-р хавтас 175-184 хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1139 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ /2-р хавтас 190-196 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ханС.Г тай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Б  нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тээг толгой гэх газарт **-**УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас П.А жолоодож явсан **-**УНБ улсын дугаартай Toyota pruis маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч П.П.А , зорчигч Р.Г , Э.Э , С.Г  нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч С.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Мариане, Маrian downs, K.Ceнтяа, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, toyota pruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 11195400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Б ы хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч П.П.А , Р.Г , С.Г ,  Э.Э , С.Удармаа нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч Б.Мөнхжаргал, У.Уранчимэг нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №10852 дугаартай дүгэнлтээр…П.А гийн биед суурь ясны баруун зүүн жигүүр сэртэнгүүдийн хугарал, баруун гайморын хөндийн урд хана, дотор хана, арын хана, зүүн гайморын хөндийн урд болон арын хананд хугарал, баруун зүүн ухархайн дотор хана, доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, зүүн 2, 3, 4, 5, 6, 7 хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы  хугарал,  өвчүү баруун  эгэм  ясанд хугарал,  баруун  сүүжний тогооны арын баганы сэлтэрсэн хугарал, дунд чөмөг ясны толгойны мултрал, баруун шаант ясны дотор гадна булуу, булуу хоорондын төвгөр, баруун дунд чөмөг ясны дотор булууны хэсгийн ил хугарал баруун арын чагтан холбоосын суналт, дотор хажуу холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор менискийн их биеийн урагдал, зүүн гар нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10850 дугаартай дүгнэлтээр...Г гийн биед элэгний эдийн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, хэвлийд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…гэх, №11014 дугаартай дүгнэлтээр...С.Г ын биед тархины эдийн дунд зэргийн няцрал, цээжний баруун талын 2-6, зүүн 5-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн бугалга ясны далд хугарал, баруун далд ясны хугарал, хүзүүний 3-р нугаламын баруун сэртэнгийн хугарал, биеийн зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо..., учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, №10851 дугаартай дүгнэлтээр...Э.Э гийн биед баруун уушгинд няцрал, плеврийн хөндийд хий хуралт, баруун шуу богтос ясны ил хугарал, хүзүүний 7-р нугалмын сэртэнд хугарал, өвчүү ясанд хугарал. Баруун ууц сүүжний үеийн хугарал, баруун сүүжний тогооны урд баганы хугарал. Баруун, зүүн суудал ясны хугарал, зүүн умдаг ясны хугарал, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун хацар, баруун шуунд шарх, зүүн өвдөг, шагайн үе, цээжинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо…, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх, №10853 дугаартай дүгнэлтээр... С.У гийн биед тархины 2 тал бөмбөлөгийн таславч хоорондын аалзан бүрхүүлд цус харвалт, нүүр, духанд зулгарсан, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд, №443 дугаар дүгнэлтээр...хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зорчих хэсэгт үлдсэн, асгарсан эд зүйл, шингэний ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, зам, орчны байдал, жолооч, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Н.Сивилиан маркийн 84-24УБЕ улсын дугаартай   автомашины жолооч Ж.Б  нь 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар ханС.Г ай нотлогдон тогтоогдож байна.

   Иймд шүүгдэгч Ж.Б ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Ж.Б д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Гэмтэл согог судлалын төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал нь хохирогч нарын эмчилгээний зардалд 41.341.013.9 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж иргэний хариуцагч болох “Нью Жуулчин турс” ХХК-аас гаргуулж иргэний нэхэмжлэгч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д олгох нь зүйтэй гэж үзлээ.   

Харин хохирогч П.П.А д Бүгд найрамдах Солонгос улсаас цээжний хөндийн хагалгаагаар мэргэшсэн эмч авчирч хагалгаанд оруулсан зардал болох 14 сая вон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь  хэрэгт энэ талаарх баримт хэрэгт ханС.Г тай авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа боловч үндсэн цалин болон листийн зөрүү хэдэн төгрөг болж байгаа талаархи баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.П.А  Р.Г  нар нь хохирол төлбөрт “Тун Эрдэнэ Трэйд” ХХК-ийн эм тарианы төлбөр 1456800 төгрөг, “Тун Эрдэнэ Трэйд” ХХК-ийн эм тариа 966800 төгрөг, “Манал оточ” эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зардал 1500000 төгрөг,  “Тун Эрдэнэ Трэйд” ХХК-ийн  эмнэлэгт хэвтсэн ор хоногийн  зардал 1500000 төгрөг, “Агар Шим” эм тарианы зардал 726850 төгрөг, “Агар шим” эм тарианы зардал 314900 төгрөг, “Очир-Энхтан” ХХК эм тариа 14800 төгрөг, Эмийн сан эм тарианы зардал 11500 төгрөг, “Маго” ХХК эм тариа 27400 төгрөг, “Гэр бүл” эмийн сан эм тарины зардал 36200 төгрөг, “Гэр бүл” эмийн сан эм тарины зардал 7500 төгрөг, “Монос” ХХК эм тариа 25500 төгрөг, “Маго” ХХК доторын эмийн эмчилгээ 5250 төгрөг, “Маго” ХХК доторын эмийн эмчилгээ 52000 төгрөг, “Монос” доторын эмийн эмчилгээ 11700 төгрөг, “Неомид” эм 75000 төгрөг, “Альфа” тархины цахилгаан бичлэг 30000 төгрөг, “М-Би-Си” эм тариа 327500 төгрөг, “Мөнхийн тун” эм тариа 188100 төгрөг, “М-Би-Си эм” тариа 220700 төгрөг, “АвтоТраид” машин ачилтын хөлс 751500 төгрөг, “Автотрайд” машин ачилт 240000 төгрөг, “Мастер сүлжээ” авто машины техникийн шинжилгээ 61000 төгрөг, хохирогч П.А үндсэн цалин 830204 төгрөг 2 сарын цалин, эд зүйлийн үнэлгээ буюу машины эвдрэлийн үнэлгээ 11.352.000 төгрөг нийт 19.903.000 төгрөг,

хохирогч С.Г  гар утас “Samsung galahy” эвдэр хэмхэрсэн 200.000 төгрөг, бугуйн цаг 600.000 төгрөг, түрүүвчинд байсан алга болсон 100.000 төгрөг, куртик нимгэн урагдсан 40000 төгрөг, өмд бэлтгэлийн цус болсон урагдсан 73.000 төгрөг, футболк поло цус болсон урагдсан 27000 төгрөг, гутал аялалын цус болсон урагдсан 272000 төгрөг, харааны шил эвдэрч хэмхэрсэн 93000 төгрөг, дээрх эд зүйлийн үнэлгээ 30000 төгрөг нийт 1.435.000 төгрөг,

яс орлуулагч 2700000 төгрөг, мэс заслын төлбөр 95000 төгрөг, ор хоногийн төлбөр 76194 төгрөг, цалин 4974400 төгрөг, илүү цаг 630000 төгрөг, голомт банкны зээл 976365 төгрөг, пластик гөлтгөнө 100000 төгрөг, ясны кальци уухаар 120000 төгрөг, Осталон 70мг 90000 төгрөг, барагшуун 60000 төгрөг, унааны зардал 270000 төгрөг, хоол хүнсны зардал 500000 төгрөг, хэрэглээний зардал 63000 төгрөг нийт 10.087.959 төгрөг,

эм бэлдмэл 694500 төгрөг, эмнэлгийн төлбөр 1369000 төгрөг, ор хоногийн төлбөр 650000 төгрөг, сувилалын төлбөр 300000 төгрөг, нүдний үзлэг 25000 төгрөг, нүдний шинжилгээ 180000 төгрөг, чих хамар хоолойн эмчилгээ 25000 төгрөг, сонсголын бичлэг 10000 төгрөг, эмийн эмчилгээ 1800 төгрөг, эмийн эмчилгээ 10750 төгрөг, эмийн эмчилгээ 23100 төгрөг, хэрэглээний зардал 83090 төгрөг,  

баримтгүй: Сувилал руу ирж очих унааны зардал 40000 төгрөг, харааны талбайн үнэлгээ 20000 төгрөг, эмийн эмчилгээ 120000 төгрөг, эмийн эмчилгээ 68460 төгрөг, эмчийн үзлэг 35000 төгрөг нийт 3655700 төгрөг, цаашид эмчлүүлэх зардал 3746000 төгрөгийн хохирол нийт 17.489.659 төгрөг,

Хохирогч Э.Э  ГССҮТ хэвсэн 76194 төгрөг, хагалгааны төлбөр 190000 төгрөг, агар шим эмчилгээ 60000 төгрөг, аарцагны зураг 120000 төгрөг, гэмтэл 29000 төгрөг, хүннү айр ХХК УБ-Дорнод 424800 төгрөг, Хүннү айр 165000 төгрөг, Монос эм тариа 36150 төгрөг, Монос эм тариа 1500 төгрөг, такси 456000 төгрөг, нийт 1558644 төгрөг,

Хохирогч С.Удармаа Агар шим эм тариа 126000 төгрөг, Агар шим эм тариа 278000 төгрөг, Манал оточ эмнэлэг 500000 төгрөг, Монос эм тариа 860000 төгрөг, Могос эм тариа 625000 төгрөг, Рефлекс тархины судасны зураг эмнэлэг 50000 төгрөг нийт 2439000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 4038000 төгрөг нийт 6.477.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч иргэний хариуцагч “Нью Жуулчин” ХХК-аас эмчилгээний зардалд 57.142.291 төгрөг, приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээний төлбөрт 11.352.013 төгрөг, нийт 68.494.304 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 41.341.013.9 төгрөг, хохирогч  Боржигин овогт П.А  ийн эзэмшлийн приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ 11.352.013 төгрөг, хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад зардалд Б овогт П.А  Б овогт Р. Г  нарт 8.551.000 төгрөг, хохирогч Мөнх овогт С.Г д 4.643.634 төгрөг, хохирогч Э.Э  д 1.102.644 төгрөг, хохирогч С.У  д 1.504.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Г ын нэхэмжилсэн 14.847.622 төгрөг, хохирогч С.У гийн нэхэмжилсэн 1.485.000 төгрөг, хохирогч Э.Э гийн нэхэмжлэсэн 597.356 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт ирсэн №0227320 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Оюу Бодь” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Бовогт Ж.Б ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт ирсэн №0227320 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Оюу Бодь” ХХК-д олгосугай.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч “Нью Жуулчин” ХХК-аас эмчилгээний зардалд 57.142.291 /тавин долоон сая нэг зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг, приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээний төлбөрт 11.352.013 /арван нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга арван гурав/ төгрөг, нийт 68.494.304 /жаран найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 41.341.013.9 /дөчин нэгэн сая гурван зуун зуун дөчин нэгэн мянга арван гурван/ төгрөг, хохирогч П.А   ийн эзэмшлийн приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ 11.352.013 /арван нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга арван гурван/ төгрөг, хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад зардалд П.А  Боржигон овогт Р. Г   нарт 8.551.000 /найман сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөг, хохирогч Мөнх овогт С.Г  -д 4.643.634 /дөрвөн сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг, хохирогч Э.Э  д 1.102.644 /нэг сая нэг зуун хоёр мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг, хохирогч С.У  д 1.504.000 /нэг сая таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Г ын нэхэмжилсэн 14.847.622 /арван дөрвөн сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг, хохирогч С.У гийн нэхэмжилсэн 1.485.000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг, хохирогч Э.Э гийн нэхэмжлэсэн 597.356 /таван зуун ерэн долоон мянга гурван зуун тавин зургаан/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгчийн хагалгааны зардалд 14000000 сая вон нэхэмжлэснийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6.Шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН