Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/906

 

 

  2024            8              13                                          2024/ДШМ/906

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

хохирогч И.М-ийн өмгөөлөгч Э.Батжаргал,

иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ын өмгөөлөгч Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/1045 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч И.М-ийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 22100 2648 1912 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, “Баян хатан булаг” ХХК, “Сентора Таял” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: 00000000/,

Яллагдагч Б.Б нь “Баян хатан булаг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Скай вип констракшн” ХХК-ийн захирал И.М-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Новел лизинг” ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг ашиглан хохирогч И.Мийг “...нүүрс тээврийн компанид 20 машин явуулах эрх байна, 10 машин авахад 3.5 тэрбум төгрөг хэрэгтэй, үүний 30 хувь буюу 700.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, 2.8 тэрбум төгрөг зээлэх хэрэгтэй байна...” гэж хуурч,

И.М-оос 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул 4 дүгээр хороо Арцат хаус хотхоны 4 тоот хаягт байрлах 245.9 м2 талбайтай сингл хаус буюу амины орон сууцыг барьцаанд тавьж зээл авах, худалдан борлуулах зэргээр “Новелл лизинг” ХХК-аас нүүрс тээврийн машин худалдан авах хөрөнгө оруулалтад зарцуулж, худалдан авсан машинаараа нүүрс тээвэр хийж, үр шимийг нь И.М 10 жилийн хугацаанд дангаар хүртэнэ гэсэн хүсэл зориг бүхий хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат хаус хотхоны 4 тоот хаягт орших 245.9 м2 талбай бүхий амины орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.О-д худалдан борлуулж олсон 700.000.000 төгрөгийг “хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан нүүрс тээврийн машин худалдан авах үйл ажиллагаанд захиран зарцуулалгүй, өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн хохирогч, яллагдагч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэх “Хөрөнгө оруулалтын” гэрээ нь биелэгдэх боломжгүй болсон гэх нөхцөлд тэдгээр нь “Терра тур" ХХК-ийн эзэмшлийн Зайсангийн аман дахь газарт 2.8 тэрбум төгрөгийн төсөлд хамтран ажиллах болсноор гэрээний талуудын эрх, үүргийн шилжилт хийгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах,

Яллагдагч Б.Б-н өмгөөлөгчөөс гаргасан “шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” талаарх хүсэлт нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэсэн ба хүсэлтэд дурдагдсан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь /нэр бүхий гэрчүүдийг асууж мэдүүлэг авах/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, яллагдагчийн гэм буруугийн хэлбэрийг тогтооход болон гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой.

Дээр дурдсан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 22100 2648 1912 дугаартай хэргийг прокурорт буцааж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч И.Мийн өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

Анхан шатны шүүхийн шүүгч “...гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн дүүрэн тогтоох, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай зэрэг үндэслэлээр...” гэж дүгнэсэн ба нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй тайлбарыг хүлээн авч, нотлох баримтаас зөрүүтэй дүгнэсэн нь хуульд нийцэхгүй учир дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд юуны өмнө энэхүү гэмт хэргийн шинж байгаа эсэх, нотлогдож байгаа эсэх, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

Дээрх гэмт хэргийн шинжийг хуульд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан байх ба Залилах гэмт хэргийн шинж нь дараах байдлаар илэрдэг.

Үүнд: Өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б-н дээрх үйлдлийг гаргасан нөхцөл байдал тогтоогддог.

Яллагдагч Б.Бөмгөөлөгч Ц.Жавхлантөгсөөс хэргийг прокурорт буцаалгах гэрчүүд асуулгах талаар хүсэлт гаргадаг бөгөөд тухайн гэрчүүд нь Б.Б-н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч И.М-ийг хуурч нүүрс тээврийн автомашиныг “Новел лизинг” ХХК-иас зээлээр худалдан авна, урьдчилгаа 700,000,000 төгрөгийг төлсөн гэж итгүүлэн амины орон сууцыг өөртөө шилжүүлэн аваад Ч.О-д худалдан борлуулж мөнгийг өөрийн эзэмшилд авсан үйлдэлд хамааралгүй хүмүүс байдаг.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Б нь хохирогч И.М-той 2022.04.27-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг ба Ч.О-д 2022.05.27-ны өдөр гэрээ байгуулж худалдан борлуулж, мөнгө болон бартерт өгсөн орон сууцыг өөрийн өмчлөл, эзэмшилд авсан байдаг.

“Новел лизинг" ХХК-д 2022.03.24-ний өдөр 700,000,000 төгрөгийг төлсөн гэх боловч тухайн өдрөө буцаагаад авсан байдаг ба гэрчийн болон дансны хуулгаар нотлогддог. /2хх-ийн 227-с эхэлнэ/ Үүнийг яллагдагчийн өмгөөлөгчөөс тайлбарлахдаа өөр хүний данс руу орсон гэдэг боловч гэрчийн болон тайлбараар мөнгөө авах хэрэгтэй болсон учраас буцааж авна гэхээр нь шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Яллагдагч Б.Б нь И.М-д мөнгө төлсөн баримт үзүүлсэн гэдэг бөгөөд үзүүлэх баримттай болохын тулд эхнээсээ “Новел лизинг” ХХК руу мөнгө шилжүүлж баримт үйлдэж байгаа нөхцөл байдал байдаг бөгөөд хохирогч нь мөнгө төлсөн гэж ойлгож байсан учраас амины орон сууцаа шилжүүлсэн байдаг гэтэл бодит байдал дээр Б.Б нь баримтаа үзүүлэх үедээ мөнгөө буцаагаад авчихсан байсан болох нь дээрх нотлох баримтуудаас харагддаг.

Дээрх байдлаар цаг хугацааны хувьд ч гэрчүүд энэ хэрэгт хамааралгүй, өөр хүний дансанд мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч мөнгө хүлээн авсан хүн нь Б.Бтэй холбоотой хүн гэж үзэхээр байдаг. Өөрөөр хэлбэл, “Новел лизинг” ХХК-иас 700,000,000 төгрөгийг буцааж шилжүүлэхдээ данс андуурсан байлаа гэж бодоход өнөөдрийг хүртэл түүнтэй холбоотой гомдол байхгүй, Б.Б болон өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа уг асуудлын талаар нотлох баримт гаргаж өгөх эсхүл хүсэлт гаргаагүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, зориуд цаг хугацаа хожиж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас хохирогчийн хохирол нэмэгдэх, хохирлоо барагдуулж авч чадахгүй нөхцөл байдал бий болж болзошгүй байдалд байгаа болно.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч “Терра тур” ХХК-ийн эзэмшлийн Зайсангийн аман дахь газарт 2,8 тэрбум төгрөгийн төсөлд хамтран ажиллах болсноор гэрээний талуудын эрх үүргийн шилжилт хийгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруул гэж дүгнэдэг.

“Терра тур" ХХК-ийн газрын асуудал нь цаг хугацааны хувьд залилах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гарч ирдэг бөгөөд уг төслийг Б.Б санал болгосон байдаг. Учир нь энэ үед хохирогч нь амины орон сууцыг бусдад худалдсан болохыг мэдсэн учраас амины орон сууцаа авъя гэсэн байдаг ба Б.Б нь амины орон сууц байхгүй, мөн мөнгийг өгөхгүйн тулд дахиад хуурч байгаа нөхцөл байдал харагддаг.

Тодруулбал, хаусыг Б.Б хуураад бусдад худалдаад мөнгийг өөртөө авчихсан, хохирогчид мөнгө эсхүл хаусыг буцааж өгөөгүй байсан учраас урьдчилгаа 1 тэрбум төгрөгийг хохирогч нь Б.Б-г төлчих гэсэн байдаг ба Б.Б нь 1 тэрбум төгрөгийг төлөөгүй, мөн И.Мид ч нэг ч төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байдаг ба И.М нь хаусыг Б.Б-д хариу төлбөргүйгээр шилжүүлээгүй байдаг ба мөнгийг төлөхөөр тохиролцсон байдаг. Ингээд хохирогч И.М-ийн хувьд Б.Б-г өөрийг нь эхнээсээ хуурч байсан болохыг ойлгож хуульд заасны дагуу гомдлоо гаргасан байдаг. Хавтаст хэрэгт Б.Б-н талаас барилгын зураг хийгдсэн гэх боловч тухайн зураг нь төрийн байгууллагаар хянагдаагүй газрын асуудал гарч ирэхэд ноорог маягаар нэг удаа хийгдсэн шаардлага хангахгүй зураг байдаг нь харагдана. Хохирогч И.М-н хувьд барилга угсралтын компанитай бөгөөд олон төсөл хэрэгжүүлдэг, хаусаа залилуулснаас болоод тухайн үед хэрэгжүүлж байсан төслүүд нь удааширч хойшлогдон, бусдад их хэмжээний хохирол төлөх нөхцөл байдал бий болсон. Б.Б-д итгэх болсон шалтгаан нь “Сантора таял” ХХК-иараа И.Мийн “Скай вип констракшн” ХХК-д бараа материал нийлүүлнэ гэж 2021.08.12-ны өдрийн 21/008 дугаар гэрээгээр 1,088,120,000 төгрөгийн бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулан нийлүүлж байсан учир итгэсэн байдаг. Гэтэл хаусны асуудал гарснаас хойш үлдэгдэл 308,964,400 төгрөгийн бараа материалыг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй давхар хохироосоор байдаг.

Анхан шатны шүүх 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тус 2 үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, эрх, үүрэг шилжсэн тухай асуудалд, анхан шатны шүүх “Тэрра тур” гэдэг компанитай байгуулсан гэрээг “Новел лизинг” ХХК-тай гэрээ байгуулсан гэж хольж тайлбарласан, энэ нь тусдаа. Бодит байдалд шүүгдэгч нь “Новел лизинг” ХХК-д 700,000,000 төгрөг шилжүүлж, шилжүүлсэн мөнгөө буцаан авч, тус шилжүүлгийн баримтыг ашиглан хохирогчийг хуурсан. Тухайлбал, 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар хуудаснаас эхэлж холбогдох баримтууд авагдсан. Яллагдагч “Новел лизинг” ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 700,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шилжүүлгийн баримтыг өөртөө авч үлдсэн. Тэрээр тэр өдрөө буюу мөнгөө шилжүүлснийхээ дараа “би мөнгөө авах хэрэгтэй боллоо” гэж хөөцөлдөж байгаад 700,000,000 төгрөгөө буцааж авсан байдаг. Гэтэл үүнээс хойш 2022 оны 04 дугаар сарын 27-ны өдөр И.М-д шилжүүлгийн баримтыг үзүүлж, улмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус гэрээний дагуу “хөрөнгө оруулалтад 2 хаусыг хөрөнгө оруулалт хэлбэрээр авна, машин оруулж, түүнээс гарах ашгийг 10 жилийн хугацаанд И.М хүртэнэ” гэсэн байдаг. Б.Б нь эхнээсээ өөрт ашиггүй нөхцөл байдлыг хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тохирч, И.М-д итгэл төрүүлж, өмнө харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж гэмт хэрэг үйлдсэн ба энэ үед гэмт хэрэг төгссөн. Хөрөнгө оруулалтын гэрээг 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, н.О-д хаусыг 5 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Хохирогч тус хаусыг шилжүүлсний дараа нь худалдагдсан болохыг нь мэдсэн. Энэ бүх үйл явдал дууссаны дараа “Терра тур” ХХК-ийн асуудал гарч ирсэн. Иймээс эрх, үүрэг шилжсэн зүйл байхгүй. Тус хаусыг хуурч авч байгаа нөхцөл байдал нь үргэлжилж, мөнгийг нь өгөхгүй гэж арга зохиож байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн гэрчүүдээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ гэрчүүд нь хаус залилагдсаны дараа мөнгийг нь өгөхгүй гэж арга зохиож байх үед гарч ирсэн хүмүүс. Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэг төгссөн байдал зэрэг нь өмнө болсон ба дараа нь арга нь өөрчлөгдсөн нөхцөл байдал байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж байгаа нь бодит байдлаас зөрүүтэй байх тул тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Нэгдүгээрт, өмнө нь И.М бид хоёр барилгын материалын наймаа хийж байсан. И.М-н компаниас гэрээний үүргийг биелүүлэхгүй удсан бөгөөд Монгол Улс, Хятад улсын хил хаагдсан. Үүнээс болж барилгын материалын үнэ 10 дахин нэмэгдсэн. Иймээс өмнө хийсэн наймаа ямар ч үр дүнгүй, ашиггүй болсон. Миний бие “одоо яах вэ И.М ахаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ” гэхэд дараагийн хөрөнгө оруулалтын буюу бизнесийн асуудал гарч ирсэн. Үүнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй учраас тус ажиллагааг хийж өгнө үү. “Баян хатан булаг” гэдэг компанид 700,000,000 төгрөг шилжүүлж, нүүрс тээврийн машин худалдаж авсан үйл явдал нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө миний 100 хувийн өмчлөлийн компани буюу миний хийх гэж байсан бизнес. И.Мид “би ийм бизнес хийх гэж байна ийм зүйлс болж байна” гэж хэлэхэд тэрээр надтай “хамтаръя” гээд “хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан. ...” гэв.

Яллагдагч Б.Б-н өмгөөлөгч Ц.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлийн няцаалт хангалттай дурдагдаагүй гэж үзэж байна. 1-р хавтаст хэргийн 104-106 талд 700,000,000 төгрөгийн төлбөрийн баримтууд авагдсан. Энэ баримтыг ямар байдлаар, хэрхэн цуглуулж, бэхжүүлсэн нь тодорхойгүй байх ба тус баримт хэргийн материалд авагдсан. Тус баримтын эх сурвалж тодорхойгүй бөгөөд Б.Б-г буруутгаж буй гол үндэслэл болсон баримт асуудалтай байна. Энэ талаар прокурорын эсэргүүцэлд дурдагдаагүй. Миний бие анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 15 дахь заалтуудад тус тус заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудлыг тодорхой дурдсан. Мөн нэр бүхий гэрч нараас мэдүүлэг авах ёстой талаарх үндэслэлүүдийг дэлгэрэнгүй байдлаар тодорхой дурдсан. “Терра тур” ХХК-тай холбоотой хийгдсэн ажиллагаа хэрэгт байхгүй, прокурор “байгаа” гэж хэлж байгааг ойлгохгүй байна. “Терра тур” гэдэг компанийн н.Б, н.Э гэдэг хүмүүс нь “Терра тур” ХХК, “Баян хатан булаг” ХХК нарын хооронд газар худалдах, худалдан авах гэрээ хийж, 700,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөг эдгээр хүмүүсийн данс руу шилжигдсэн. И.М нь эдгээр хүмүүстэй хамт байх үедээ 700,000,000 төгрөгөөс 200,000,000 төгрөгийг “Терра тур” гэх компанийн нэр бүхий эдгээр хүмүүс рүү “шилжүүл” гэх зөвшөөрлийг өгсөн болохыг н.Б, н.Э нар мэдэж байгаа. “Терра тур” ХХК-тай холбоотой асуудлаар тус нөхцөл байдлыг тодруулж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч “хохирогчийн мэдүүлгээр” гэж давж заалдах гомдолдоо дурдаж байна. Гэтэл хохирогч эргэлзээтэй байдлаар мэдүүлгээ өгсөн байдаг. Анх “барьцаалах зорилготой” гэж байна. Гэтэл хэзээ ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байшинг барьцаанд тавих, аль ч газар барьцаанд авах боломжгүй. Заавал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдэж байж барьцаанд тавих боломж үүснэ. Мөн дүр үзүүлж 700,000,000 төгрөгийг шилжүүлж авсан талаарх асуудал яригдаж байна. Энэ талаар “Ө.М гэдэг хүний дансаар шилжүүлж авсан” гэж байна. Тэгвэл энэ мөнгийг Ө.М гэх хүн авч байна уу, эсхүл Б.Б аваад байна уу гэдэг талаар Ө.М-с гэрчийн мэдүүлэг аваагүй, орхигдуулсан. Прокурор “зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэх зэргээр залилах гэмт хэргийн гол шинжүүдийг яллах дүгнэлтдээ дурдсан байна. Яллах дүгнэлтэд “И.М-д 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Новел лизинг” ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтыг үзүүлж байгаад залилсан” гэж бичсэн хэдий ч 02 дугаар сарын 24-ний өдөр тус мөнгө шилжээгүй бөгөөд сарын дараа мөнгө шилжүүлсэн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Тухайн өдөр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байхад прокурор “шилжүүлсэн” гэж яллах дүгнэлтэд дурдаж байгааг ойлгохгүй байна. Цаг хугацааны зөрүүтэй нөхцөл байдал байна шүү дээ. Мөн барьцаатай холбоотой, “Хаан банк”-ны зээлийн эдийн засагчтай холбоотой асуудлууд яригдаж байна. Хүсэлтэд нэр бүхий гэрчүүдээс ямар шалтгаанаар мэдүүлэг авах тухай тодорхой бичсэн, анхан шатны шүүхэд энэ талаар тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ш.Ч-н өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж, хөндөгдөж байгаа нөхцөл байдал үүсэж байгаа тул бидний зүгээс хэргийг даруй шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймээс бид анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжтай эсрэг байр суурьтай байна. Учир нь, хохирогч, яллагдагч нарын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г гэрээний талуудын хэн аль нь дүгнээгүй. Ямар нэгэн эрсдэл, гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон талаар дүгнэж, акт үйлдсэн зүйл байдаггүй. Түүнтэй холбоотойгоор И.М, Б.Б нарын хооронд гэрээний зорилго хэрэгжих боломжгүй боллоо гээд эрх, үүргийг нь өөр гэрээ рүү шилжүүлсэн тухай тохиролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, “Терра тур” ХХК, Б.Б нарын хооронд тохиролцоо байгаа болохоос биш “Терра тур” ХХК-тай холбоотой асуудалд И.Мийн эрх, ашиг сонирхол байхгүй. Тус хоёр гэрээний хооронд шалтгаант холбоо байхгүй тул “Терра тур” ХХК-тай холбоотой гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй. Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн хувьд бид шударга өмчлөгч тул эрхээ хамгаалж шүүх хуралдаанд оролцоно. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал эсэргүүцэл болон тус шүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх зорилгоор хохирогч, яллагдагч нарын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь биелэгдэх боломжгүй болсон гэх нөхцөлд тэдгээр нь “Терра тур” ХХК-ийн эзэмшлийн Зайсангийн ам дахь газарт 2,8 тэр бум төгрөгийн төсөв бүхий төсөлд хамтран ажиллах болсноор гэрээний талуудын эрх, үүргийн шилжилт хийгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах, нэр бүхий гэрчүүдийг асуух гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан. 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” нь анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан уу, эсхүл тодорхой нөхцөл байдлын улмаас биелэгдэх боломжгүй болсон уу гэдгийг харгалзаж үзэлгүйгээр ““Терра тур” ХХК-тай байгуулсан 2,8 тэр бум төгрөгийн төсөв бүхий төслийн талаар шалгах шаардлагатай” гэж буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, яллагдагчийн гэм буруугийн хэлбэр тогтоогдсон бөгөөд яллагдагч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох анхнаасаа хариу төлбөр өгөхгүй байх санаа зорилгоор хохирогч И.М-н үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад худалдан борлуулсан гэх үйл баримт тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл залилах гэмт нь буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд яллагдагчийн хувьд хохирогчийн өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилгоо хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Новел лизинг” ХХК-тай 10 ширхэг чирэгч толгойтой, 20 ширхэг давхар чиргүүлтэй нүүрс тээврийн машиныг 3,500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэл буюу урьдчилгаа төлбөр болох 700,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Новел лизинг” ХХК-ийн эзэмшдэг Голомт банкны 0000000000 дугаарын дансанд 500,000,000 төгрөгөөр, 200,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлж, мөн өдрөө буцаан Өлзийжаргал Мягмарын эзэмшлийн Голомт банкны 0000000000 дугаарын дансаар шилжүүлэн авсан үйл баримтаар тогтоогддог бөгөөд, энэхүү гэрээ биелэгдэх боломжгүй байсан нь “Новел лизинг” ХХК-тай байгуулсан гэрээний 3, 4 дэх хэсэгт “худалдан авагч гэрээний төлбөрийн урьдчилгаа 20 хувь буюу 700,000,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарж, худалдагч талын нэхэмжлэлийг үндэслэн төлбөрийг төлнө, гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл байна, худалдан авагч тал гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны дотор банк санхүүгийн байгууллагын зээлээр бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд талуудын хоорондын харилцаа хүчингүй болж, гэрээ дуусгавар болно...” гэж зааснаар яллагдагч Б.Б нь уг гэрээний нөхцөлийг хэлбэрийн төдий биелүүлсэн байдаг.

Түүнчлэн, яллагдагч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Новел лизинг” ХХК-тай 10 ширхэг чирэгч толгойтой, 20 ширхэг давхар чиргүүлтэй нүүрс тээврийн машиныг 3,500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэл буюу урьдчилгаа төлбөр болох 700,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Новел лизинг” ХХК-ийн эзэмшдэг Голомт банкны 0000000 дугаарын дансанд 500,000,000 төгрөгөөр, 200,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлж, мөн өдрөө буцаан Өлзийжаргал Мягмарын эзэмшлийн Голомт банкны 0000000 дугаарын данс руу зориудаар буцаан авсан.

Гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус болсон байхад тус гэрээг И.Мид үзүүлж, түүнд “нүүрс тээврийн компанид 20 автомашин явуулах эрх байна. 10 ширхэг машиныг авахад 3,4 тэрбум төгрөг хэрэгтэй. Түүний 30 хувь болох 700,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Үлдэгдэл 2,4 тэрбум төгрөгийг зээлэх хэрэгтэй байна” гэж хуурсан. И.М нь 700,000,000 төгрөгийн урьдчилгааг нь төлсөн, 10 машин авбал түүнийгээ нүүрс тээвэрт явуулж, 10 жилийн хугацаанд ашиг хүртэх боломжтой гэж итгэсэн. 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр яллагдагч И.М-оос шилжүүлэн авсан “Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат хаус хотхоны 4 тоот хаягт байрлах 244,9 метр квадрат талбай бүхий синглэ хаус буюу амины орон сууцыг барьцаанд тавьж, зээл авч, эсхүл худалдан борлуулж “Новелл лизинг” ХХК-иас нүүрс тээврийн машин авах хөрөнгө оруулалтад зарцуулж, худалдан авсан машинаараа нүүрс тээвэр хийж, үр шимийг нь хүртээнэ” гэж гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Арцат хаус хотхоны 4 тоот хаягт орших 245,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр н.Оюунгэрэлд худалдан борлуулж олсон 700,000,000 төгрөгийг “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан нүүрс тээврийн машин худалдаж авах үйл ажиллагаанд зарцуулаагүй болох нь тогтоогддог. Тус 700,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулснаар энэ гэмт хэрэг бүрэн төгссөн, гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсргүүцэл бисэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г “Баян хатан булаг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Скай вип констракшн” ХХК-ийн захирал И.М-той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Новел лизинг” ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг ашиглан хохирогч И.М-ийг “...нүүрс тээврийн компанид 20 машин явуулах эрх байна, 10 машин авахад 3.5 тэрбум төгрөг хэрэгтэй, үүний 30 хувь буюу 700.000.000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн, 2.8 тэрбум төгрөг зээлэх хэрэгтэй байна...” гэж хуурч,

И.Моос 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул 4 дүгээр хороо Арцат хаус хотхоны 4 тоот хаягт байрлах 245.9 м2 талбайтай сингл хаус буюу амины орон сууцыг барьцаанд тавьж зээл авах, худалдан борлуулах зэргээр “Новелл лизинг” ХХК-аас нүүрс тээврийн машин худалдан авах хөрөнгө оруулалтад зарцуулж, худалдан авсан машинаараа нүүрс тээвэр хийж, үр шимийг нь И.М 10 жилийн хугацаанд дангаар хүртэнэ гэсэн хүсэл зориг бүхий хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцат хаус хотхоны 4 тоот хаягт орших 245.9 м2 талбай бүхий амины орон сууцыг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ч.Оюунгэрэлд худалдан борлуулж олсон 700.000.000 төгрөгийг “хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан нүүрс тээврийн машин худалдан авах үйл ажиллагаанд захиран зарцуулалгүй, өөрийн эзэмшилд шилжүүлэн залилан авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...хохирогч, яллагдагч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэх “Хөрөнгө оруулалтын” гэрээ нь биелэгдэх боломжгүй болсон гэх нөхцөлд тэдгээр нь “Терра тур" ХХК-ийн эзэмшлийн Зайсангийн аман дахь газарт 2.8 тэрбум төгрөгийн төсөлд хамтран ажиллах болсноор гэрээний талуудын эрх, үүргийн шилжилт хийгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах, нэр бүхий гэрчүүдийг асууж мэдүүлэг авах. ...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Б-н гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/1045 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/1045 дугаартай гарсан байхад прокурор эсэргүүцэлдээ /4хх 173/ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1967 гэж буруу бичсэн байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/1045 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлийг тус тус хангасугай.

2. Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ