Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 636

 

 А.Б, А.С нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 850 дугаар магадлалтай, А.Б, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ..... овогт А.Б,

2. Монгол Улсын иргэн, ..... овогт А.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, А.С  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.С нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 75,000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Б-аас 37,500 төгрөг, А.С-ээс 37,500 төгрөг тус тус гаргуулж “Капитал зууч” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийсэн эвлэрлээр тохирсон хугацааны хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны дотор буюу 2 жилийн хугацаанд шүүгдэгч А.С-ээс 459,250,000 төгрөгийг, шүүгдэгч А.Б-аас 459,250,000 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 918,500,000 төгрөгийг хохирогч З.Г- т олгож,

Улсын бүртгэлийн дугаар бүхий битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг хуульд заасан дарааллын дагуу хохирогч З.Г- ын хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ийг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б, А.С  нарыг тус бүр 20,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.С  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б, А.С  нарын цагдан хоригдсон 79 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 1,185,000 төгрөгийг ялаас хасч, биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 18,815,000 төгрөгөөр тус тус тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч А.Б, А.С , тэдний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул хяналтын гомдол гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Б, А.С  нарт 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө зөвхөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй нь шүүхийн шийдвэрийг залруулах үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэг, 36.14, 40.9 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж” гэж нэмж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаа хэлсэн саналдаа “...Хэргийн зүйлчлэл бүрдлийн талаар маргахгүй. Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа зөвхөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавих хязгаарлалт тогтоох арга хэмжээг өөрчлөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уг хуульд заасан шаардлага хангасан байх ёстой. Шүүхийн алдааг дээд шатны шүүх өөрчлөх боломжтой. Шүүгдэгч нар нь насаараа хилийн хоригтой байх нөхцөл байдал бүрдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 15 хоногийн дотор алдааг залруулах боломжтой. Давж заалдах шатны шүүхэд ял шийтгэлийн талаар гомдол гаргасан болохоос таслан сэргийлэх арга хэмжээний талаар анзаараагүй өнгөрсөн байна. Шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтад хилийн хориг тавих хязгаарлалт тогтоох арга хэмжээ гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарт авсан хилийн хориг тавих хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс тус зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Магадлалдаа “хохирогч шүүгдэгч нарт ял оногдуулах талаар тусгайлсан хүсэлт байхгүй байна” гэсэн энэ байдлыг харгалзан үзсэн талаар дурдсан. Анхан шатны шүүх урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа тохиолдолд хилийг хориг тавих хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг мөн хүчингүй болгох ёстой” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн А.Б, А.С нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хяналаа.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч А.Б, А.С нар нь ....өдрөөс .... хооронд З.Г- , түүний эхнэр П.Д нарын гэрийн хаягаар “Чиний хүүхэд байгаа, олон жилийн булайг чинь дэлгэнэ, нэр хүндэд чинь халдана, олон нийтийн телевиз, сурвалжлагч гэж байдаг, хариуг чинь барина” гэх зэргээр сүрдүүлэн заналхийлж, “...Төрсөн хүүхэддээ машин авч өг, байр авч өг, 110 000 ам доллар өг, Америкт амьдрах орон байр 150 000 доллар болно авч өг, дунд зэргийн хороололд дундаж байр 110 000 орчим л болох юм байна, лиценз авч өг” хэмээн эд хөрөнгө, мөнгө өгөхийг шаардаж захидал илгээсэн,

...27 удаа З.Г- , түүний эхнэр П.Д нарын гар утсанд “Та нарын ажил амьдрал, нэр төрийг чинь эргэж сэргэхгүйгээр унагана, зовлонгийнхоо үнэ цэнийг төлүүлнэ” гэх зэргээр сүрдүүлэн заналхийж, “Өр ширийг минь төлж өг, Америк явах зардал өг, хүүхдийн орох орон бэлд” хэмээн эд хөрөнгө, мөнгө өгөхийг шаардаж мессеж бичсэн,

....өдрүүдэд З.Г- , түүний эхнэр П.Д нарын гэрийн гадна буюу ....тоот хашаанд “З.Г- ыг хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч” гэх утга бүхий 6 ширхэг хулдаасан хэвлэл байрлуулж заналхийлсэн,

Дээрх үйлдлүүдийнхээ үр дүнд .... 200 000 000 төгрөг, ....120 000 000 төгрөг, ... 36 000 000 төгрөг... 250 000 ам доллар буюу 562 500 000 төгрөг, нийт 918 500 000 төгрөгийг авсан нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан тогтоохдоо хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

Шүүхүүд А.Б, А.С нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх үйлдэл, үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжийг хангасан, дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх А.Б, А.С нарт ял оногдуулахдаа торгох болон хорих ялаас хорих ялыг сонгож, хоёроос найман жил хүртэл хугацаатай хорих ялаас доод хэмжээнд нийцсэн 2 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх аль аль ч нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзсэн гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оногдуулсан дээрх хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэхдээ хуульд заагаагүй хөнгөрүүлэх нөхцлийг зааж, эсхүл уг нөхцөл ямар учраас ялыг хөнгөрүүлэх онцгой нөхцөлд хамаарч буй талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч тус бүр хөрөнгийн тодорхой эх үүсвэртэй талаар дурдахдаа тэдний битүүмжлэгдсэн хөрөнгө хохирлыг төлөх, торгох ялыг биелүүлэхэд хангалттай хүрэлцэх эсэх, тухайлбал шүүгдэгч тус бүр 459 250 000 төгрөгийн хохирол дээр нэмж торгох ялын тус бүр 20 000 000 төгрөгийг төлөх бодит бололцоотой, оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой эсэх,

мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах хүсэлт гаргасан гэж үзэхдээ ямар үйлдэл шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл, эсхүл түлхэц болсон, хохирогчийн дээрх хүсэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 7 нөхцлийн алинд хамаарч байгаа, эсхүл уг зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Онцгой нөхцөл”-д тооцогдох эсэх талаар тус тус огт дүгнэлт хийгээгүй нь ялыг хөнгөрүүлэх хуулиар тогтоосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс ийнхүү ял хөнгөрүүлсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.  

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгч нараас хохирлын мөнгийг гаргуулах, хохирогчид төлөх хугацааг ямар хууль зүйн үндэслэл, хуулийн хэм хэмжээг баримталж 2 жилийн хугацаатай тогтоосон нь ойлгомжгүй байх тул энэ талаарх хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын “2 давхар таслан сэргийлэх арга хэмжээ хүчин төгөлдөр байгаа тул үүнийг өөрчлүүлэх” тухай шаардлагыг агуулгын хувьд хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлын хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 850 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...,хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийсэн эвлэрлээр тохирсон хугацаанд хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны дотор буюу 2 жилийн хугацаанд ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

9 дэх заалтын “...урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг ...” гэснийг “... урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гомдлын “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” тухай хэсгийг хүлээн авч хангасугай.

                                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН