Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0424/З |
Дугаар | 221/МА2017/0367 |
Огноо | 2017-05-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0367
2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2017/0367 | Улаанбаатар хот |
Г.А, “С Х” ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн өмгөөлөгч Л.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, М.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн захирал болон нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.А, “С Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар иргэн Г.А, “С Х” ХХК-ийн захирал Б.Б нарын нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан мөн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн захирал болон нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас бүрэн дүүрэн дүгнээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсгийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч Г.А-ын зүгээс урьд нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 дүгээр шийдвэртэй хэрэгт хэргийн оролцогчоор оролцож байгаагүй болно. Иймд Г.А-ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр “М Б” ХХК-д олгосон газрын дулааны төв шугам байрлаж байгаа газартай залгаа хэсгээр тодруулбал “С Х” ХХК-ийн эзэмшлийн бохирын шугам төв шугамтай холбогдох хэсэгтэй 3-аас 4 метр газраар давхцаж байгаа хэдий ч энэ нь “М Б” ХХК-ийн төлөвлөсөн барилгажих талбайд ороогүй байгаа нь “С Х” ХХК-ийн дулааны шугам сүлжээний аюулгүй байдал нэхэмжлэгч нарын бохирын шугам ашиглах эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Өнөөдрийн байдлаар “С Х” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа дулаан болон бохирын шугамын аюулгүй байдал алдагдахаар нөхцөл байдал үүсээд байхад шүүх эсэргээр нь аюулгүй байдал алдагдахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “М Б” ХХК-ийн зүгээс “С Х” ХХК руу 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11/2016 дугаартай албан бичиг болон удаа дараа шаардлагаар бохирын дулаан болон бохирын шугамыг зайлуулах буюу нийтийн эзэмшлийн талбайд байрлуулна гэсэн албан шаардлага бүхий бичгээр тогтоогдоод байхад аюулгүй байдал алдагдахгүй, шугам: сүлжээний хэрэглэгч, ашиглагчийн эрх зөрчигдөхөөргүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02-03/3908 дугаартай дүгнэлтээр нийслэлийн Засаг дарга нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжаар “М Б” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо хэд хэдэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, шугам сүлжээний аюулгүй байдал алдагдахаар байгаа талаарх тодорхой дүгнэлт гаргачихсан байхад шүүх дүгнээгүй, нотлох баримтаар үнэлээгүй байгаа юм.
Мөн нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны өмнөх өдөр өгсөн байсан боловч анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр энэхүү хүсэлттэй танилцаж хангахгүй орхиж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч Г.А нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Л.О-т 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон, уг хугацаа дууссанаас хойш 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.О давж заалдах гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д "Давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг шүүх буцаана" гэж заасны дагуу түүний гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байх тул буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр “С Х” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар Б.Баттулга, С.Төмөр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч Г.А тухайн үед нэхэмжлэл гаргаагүй: түүний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр Г.А-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байна. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “С Х” ХХК давж заалдах гомдолдоо: “... “М Б” ХХК-ийн зүгээс “С Х” ХХК руу удаа дараагийн шаардлагаар дулаан болон бохирын шугам зайлуулах талаар бичиг ирүүлсэн байхад шугам, сүлжээ ашиглагчийн эрх зөрчигдөхөөргүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй” гэжээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн С.А-ийн эзэмшиж байсан 1099 м.кв, “Э Е” ХХК-ийн эзэмшиж байсан 1036 м.кв; Б.Баттулгын эзэмшиж байсан 1210 м.кв, нийт 3372 м.кв газрын эзэмших эрхийг “М Б” ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нь гуравдагч этгээд “М Б” ХХК-д шинээр газар эзэмшүүлээгүй, нэхэмжлэгч Г.А болон “С Х” ХХК-ийн хөрш зэргэлдээ бусдын эзэмшил өмчлөлд 2004 болон 2007 оноос хойш байсан газрыг шилжүүлсан, дээр дурдсан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр зарим газрыг иргэдэд өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн улмаас эзэмшүүлсэн “С Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар дүгнэгдсэн зэргээс үзвэл маргаан бүхий 2015 оны А595 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Харин нэхэмжлэгч “С Х” ХХК-ийн гомдолд дурдсан шугам, сүлжээ ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь газрыг шилжүүлсэн захирамжийн улмаас хөндөгдөөгүй, “М Б” ХХК-ийн тухайн шилжүүлж авсан газар дээрээ сургалтын зориулалттай барилга байгууламж барих үйл ажиллагаа буюу холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлтэй холбоотой хөндөгдсөн байх тул газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндзслэлгуй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ын давж заалдах гомдлыг буцаасугай.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 193 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан С Х ХХК-ний “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн Б.Б, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь, С Х ХХК-ний “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2,3 дахь заалтын дугаарыг 3,4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ