Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/907

 

 

  2024             8             13                                           2024/ДШМ/907

 

М.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

нарийн бичгийн дарга Э.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр М.Э-т холбогдох 2411 00626 0703 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн М.Э, 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, Өргөгч цамхаг гэх газарт механикч ажилтай, ам бүл 5, эх, хоёр дүү, охины хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Хувьсгалчидын гудамж 00-000а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 18-641а тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү М.Б-тэй үл ялих зүйлээр шалтаглан, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож биед нь баруун гарын хоёр дугаар хуруу, шанаанд зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зулай, шанаа, дух, баруун гарын хоёр дугаар хурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн 00-000а тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн төрсөн ээж Д.Б-г “дүүгээ зодлоо” гэх шалтгаанаар уурлахад нь түүн рүү хоолны амтлагч цууг авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 / нэг мянган хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хохирогч Д.Б, М.Б нар нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат эсэргүүцэлдээ: “...Прокуророос шүүгдэгч М.Э-ын хувийн байдлыг тогтоож ял шийтгэлтэй эсэхийг яллах дүгнэлтэд дурдаж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна. Харин Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн биеийн байцаалтыг шийтгэх тогтоолд дурдахдаа өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “шүүгдэгчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл” шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгана гэсэн шаардлага хангаагүй байна гэж үзнэ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заажээ. Шийтгэх тогтоолд М.Э-ыг урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг дурдаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэв урьд ял шийтгэгдсэн тохиолдолд уг ял биелэгдсэн эсэх, нэмж нэгтгэх эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 508 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалтыг дурдахдаа өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тусгаагүй орхигдуулсныг зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч өмнө ял шийтгэл эдэлж байсан талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй. Энэ талаар дээд шатны прокурор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.Э-ыг урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг дурдаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хэрэв урьд ял шийтгэлтэй байсан тохиолдолд уг ял биелэгдсэн эсэх, нэмж нэгтгэх эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай” хэмээн эсэргүүцэл бичсэн байна. Шүүх хуралдаанд эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал, Прокуророос М.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “...Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж хуульчилжээ.

Гэтэл хэрэгт авагдсан яллах дүгнэлт /хх 68-70/, яллагдагчаар татсан тогтоол /хх 52-54/, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргээр /хх 90-96/ М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн аль шинжээр буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнээд байна уу, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулснаар хүндрүүлээд байна уу гэдэг нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Э-ын үйлдлийг 2 хүний биед хөнгөн хохирол  санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн аль шинжээр хүндрүүлж байгаа талаар дүгнээгүй, мөн хүндрүүлэх шинж байгаа үргэлжилсэн үйлдлээр бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үү, 2 хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үү гэдэгт эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Чинбатын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/508 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ