Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00035

 

  Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мишкагийн Алтанбаганад холбогдох эрүүгийн 1815000240022 дугаартай, 163/2018/00/Э индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, С овогт М.А

Холбогдсон хэргийн талаар:

М.А нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Бүрэн бүстийн даваанд хохирогч Ц.Ч “машин хий иргэж даваа давж чадахгүй” байна гэх шалтгааны улмаас маргалдаж Ц.Ч ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-25-ны шилжих үед Даваат гэдэг газар Ц.Ч той маргалдаж Ц.Ч ийн биед хөнгөн гэмтэл учруулсан. Маргааш Орхон аймгийн цагдаагийн хэсэгт байцаагдсан гэв.

 

1815000240022 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Ц.Ч ийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт А гэх залуугийн гэрт очсон. Тэнд бид  хоёр 1 шил архи уусан тэгээд юм яриад байж байгаад төв явахаар болсон. Тэгээд машинтай явж байгаад мааньтын даваа давахгүй буцаад ирэхдээ замдаа авсан архиа уусан тэгээд бид 2 маргалдсан. Даваа давж чадаагүйгээс болоод бид 2 хоорондоо зодолдсон. Тэгээд би газар унаад байж байхад А машин руу гүйгээд явсан удаагүй эргээд ирсэн. Тэгээд бид 2 дахиад зодолдсон. Тэгтэл миний баруун дал хэсэгт үзүүртэй зүйлээр хатгасан тэгээд салаад хартал урт иштэй отверка барьсан тэгээд бид хоёр болье гээд машиндаа суугаад явцгаасан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Д.Нөгсөн:...Би 2017 оны 12 дугаар сарын дундуур гэртээ зээ хүү Батзоригийн хамт унтаж байтал гаднаас 01 цагийн үед хүргэн Ц.Ч  хүнд хутгалуулчихлаа гэж ирсэн. Тэгтэл зүүн хэвлийгээс нь цус гараад 2-3 газар хатгасан байдалтай байсан. Тэгэхээр нь би түргэн, цагдаа 2-ыг дуудаад 01 цаг 40 минутын үед түргэн ирээд хүргэнийг аваад явсан. Араас нь цагдаа ирэхээр нь түргэн аваад явсан гэж хэлсэн. Тэгтэл 03 цагийн үед хүргэн гэртээ боолт хийлгэчихлээ гэж ирсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед ажилдаа явсан. Гэрт хүргэн, хүү, зээ хүү үлдсэн. Тэгээд орой нь би охин Уянгатай ярихад Ц.Ч  хот руу ирж яваа гэж хэлсэн. Би гэртээ 18 цагийн үед очиход хүргэн байхгүй явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1939 дугаартай дүгнэлтэнд: Ц.Ч ийн биед зүүн далны дор, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн ташаа орчимд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 3-н удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 хуудас/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны №62 дугаартай дүгнэлт: М.Алтанбаганы биед баруун нүдний урд буланд цус хуралт, баруун тохойнд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт /хх-ийн 24 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 34 хуудас/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Яллагдагчаар М.А өгсөн:...2017 оны 12 дугаар 24-ний өдрийн орой Орхон аймгийн Баян-өндөр сумын рашаантын 13-04 тоотод байрлах гэртээ байж байтал Сов гэх газарт хамт ажиллаж байсан Ц.Ч  гэх залуу утсаар яриад уулзая гэсэн тэгээд удаагүй гэрийн гадаа ирээд би гараад бид 2 манайд ирсэн. Манайд орж ирэхдээ 1 шил 0.75 архи, 2.5 литрийн пиво барьж орж ирсэн. Манайх хоол хийж өгөөд авч ирсэн архи, пивийг уусан. Тэгээд Ц.Ч  хоёулаа хамт Сов ороод ирье гээд хэлэхээр нь тэгье гээд хамт гараад замдаа дэлгүүрээс нэг архи, пиво авсан. Тэгээд цаашаа яваад Орхон сумын газар нутаг даваат гэх газарт машин хий эргээд гарахгүй байхаар нь 2-уулаа буцсан. Буцах замдаа авч явсан архи пивоо уусан. Тэгээд тэнд бид 2 хэрүүл маргаан зодоон хийсэн. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь гэртээ байсан. Босоод хартал хүнд зодуулсан байсан. Тэгэхээр нь Ц.Ч  руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэж байгаад нэг авсан чинь Ц.Ч  чи намайг юугаар хатгасан юм миний бие хүндвэртэй байна гэсэн. Тэгээд би Ц.Ч ийн байгаа газар очсон. Бие хүндвэртэй байна гээд гарны шархтай хэсэг дээрээ шархны лент наасан байсан. Тэгээд бид тэндээс гараад замдаа эмийн сангаас эм аваад манай гэрт ирсэн. Тэгээд шархыг нь харахад зүүн ташааны дээд талд лент наасан зүүн далны доод хэсэгт хэсэг газар зулгарсан байсан гэх / хх-ийн 30-31 хуудас/,

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.А нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Бүрэн бүстийн даваанд хохирогч Ц.Ч “машин хий иргэж даваа давж чадахгүй” байна гэх шалтгааны улмаас маргалдаж Ц.Ч ийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.А холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.        

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.   

Иймд шүүгдэгч М.А нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Алтанбаганын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ч ийн биед хөнгөн хохирол учирсан байх ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.   

Шүүгдэгч М.Алтанбаганад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.      

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. С овогт М. А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь 450 /дөрвөн зуун  тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөнг зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.   

  4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

 5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН