Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/908

 

 

  2024             8             13                                           2024/ДШМ/908

 

Б.Тод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Хилчинбаатар,

нарийн бичгийн дарга Э.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1656 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлээр Б.Т-д холбогдох 2406 00000 0920 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Т, 1999 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зуун жил” кимчиний үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх,  хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:УШ99090355/,

 

Яллагдагч Б.Т нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ө.Ж-ийг “шалан дээр хаясан шүлсээ арч гэж хэлсэн” гэх асуудлаас болж харилцан маргалдаж, улмаар гараараа Ө.Жийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд халдаж, зүүн дээд үүдэн 1,2-р шүдний сулрал, доод уруулын дотор, салстад цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Т-ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Ө.Ж нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 62 дахь тал/-ийг гаргасан байх боловч шүүгдэгч Б.Т нь хохирогчид ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулах талаар хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Ө.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08:30 цагт ажилдаа ирж хэлтсийн нэгдсэн рапортод сууж дуусаад гарч тоо бүртгэлээс өөрт цохогдсон материалуудыг авсан. Тэр үед Баянзүрх дүүргийн 5-р хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Өлзийбат надтай холбогдоод би Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хуралтай байна, чи миний материалыг аваад эрүүлжүүлэх байранд байгаа хүнийг хамт аваад өрөөндөө байж байгаарай гэж хэлэхээр нь би тоо бүртгэлээс Ж.Өлзийбатад цохогдсон материалыг аваад тус хэлтсийн В1 давхраас С11 дэлгүүрээс хулгай хийсэн гэх Б.Т-г хүлээж авсан...” /хх 11-12/

Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 41-р хороо хариуцсан цагдаагаар ажилладаг ба 2024 оны 03 дугаар сарын 27-ны 08:30 цагт ажил дээр ирж өргөдөл хүлээж авахад цагдаагийн ахлах дэслэгч Өлзийбат дээр нэг хүн эрүүлжүүлэхэд нэг хүн байсан ба үүнийг дэслэгч Ө.Ж өөрийнхөө хүнтэй хамт эрүүлжүүлэхээс гаргаж авсан...” /хх 61-62/,

Яллагдагч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд өглөө нь буюу 10:00 цагийн орчим хэсгийн байцаагч Ж гэх цагдаа намайг машиндаа суулгаж яваад Жуковын музейн зүүн талд байрлалтай 30-р байрны нэрийг мэдэхгүй дэлгүүр орж юм аваад, ойролцоо байрлалтай 42-р хэсгийн байранд дагуулж ороод намайг сууж бай гэж хэлээд утсаар ярьчхаад хэсгийн өрөө рүү орох хэсгийн үүдэнд байсан жижиг сав руу зааж ус хийгээд цэвэрлэгээ хий гэж хэлэхэд нь би чадахгүй таны ажилтан юм уу гэж хэлэхэд нь би урдаас нь чадахгүй гэж хэлэхэд намайг зогс гэж хэлээд цээж хэсэг рүү сандал дээр суутал цохисон. Би босож ирээд та намайг яасан гэж цохиж байгаа юм бэ гэхэд цаанаас бороохой гав бариад ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод нүүр хэсэг рүү нэг удаа мөргөхөд баруун гараараа нүүр хэсэгт хоёр удаа цохиод, доош дарж байгаад нэг удаа нүүр хэсэг рүү өшиглөсөн...” /хх 49-51/ гэжээ.

Дээрх мэдүүлгүүдийг үндэслэн дүгнэвэл цагдаагийн албан хаагч хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэх зорилгоор гэмт хэрэг, зөрчилд холбогдогч этгээдтэй харилцаж байсан нь тодорхой байна.

Гэтэл яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж гардуулсан нь үндэслэлгүй болжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно...” гэжээ.

Эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлага нь гэмт хэрэгт холбогдогчийн гаргасан зүй бус зан авир, үйлдэл гаргасантай холбогдуулж шаардлага тавьсан эсэх? Хэрвээ тийм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэж шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө прокурорт гаргах бөгөөд ингэхдээ яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хоригложээ.

Ийнхүү прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулж, улмаар прокурор материалтай танилцаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэргийг хянаж үзсэний үндсэн дээр хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, ямар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг баримтлан шийдвэрлэх зохицуулалттай байтал дээрх нөхцөл шаардлага хангагдаагүй байхад шүүх энэхүү тусгай журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Иймд хяналтын прокурор нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг зайлшгүй шалгах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж, Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аззаяа эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо цагдаагийн албан хаагч ажлын байран дээрээ хохирсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргээр зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол...” хэмээн тодорхойлсон. Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн тухайд гэмт этгээд хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай, түүнийг үүргээ гүйцэтгэж байхад дургүйцэж ажиллагааг нь тасалдуулах, саатуулах зорилгоор, эсхүл шударга ажилласны төлөө өс хонзонгийн сэдэлтэй байхаар хуульд тайлбарласан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ө.Ж хэдийгээр нь цагдаагийн албан хаагч мөн боловч тухайн цаг хугацаанд Б.Т-д “шалан дээр дусаасан шүлсээ арч” гэж хэлсэн шаардлага хууль ёсны шаардлага гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь дээрх шинжүүдийг хангахгүй буюу хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдал буюу хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Цагдаагийн албан тухай хуулийн 22 дугаар зүйлд Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагын талаар заасан байх ба уг зүйлийн 22.1-т “ Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.”, 22.5-т “Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.”, 22.9-т “Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана” гэж;

мөн хуулийн 23 дугаар зүйлд цагдаагийн албан хаагчаас тавих шаардлагын талаар заасан байх ба уг зүйлийн 23.1-т “ Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.2-т “ Нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно.”, 23.3-т “ Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно.” гэж тус тус заасан байна.

Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд цагдаагийн алба хаагч Ө.Ж нь иргэн Б.Т-д холбогдох зөрчлийг шалгаж байгаагүй, түүнчлэн Б.Т нь унтаж байхдаа өөрөө мэдэлгүй шүлсээ дуусаасан, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй байхад түүнийг загнаж “өрөө цэвэрлэ” гэж хэлсэн үйлдлийн улмаас тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байхад шүүх дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байхгүй, мөн прокуророос шүүгдэгч Б.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж хэргийг прокурорт буцаасан гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1656 дугаартай прокурорт хэргийг буцаах тухай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Хилчинбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо цагдаа албан хаагч ажлын байрандаа хохирсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргээр зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд цагдаагийн албан хаагч Ө.Ж нь иргэн Б.Т-д холбогдох зөрчлийг шалгаж байсан бөгөөд иргэн Б.Т нь унтаж байхдаа өөрийн мэдэлгүй шүлсээ дусаасан, ямар нэгэн зөрчил, гэмт хэрэг үйлдээгүй байхад түүнийг загнаж, “өөрөө цэвэрлэ” гэж хэлсэн үйлдлийн улмаас тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн прокуророос шүүгдэгч Б.Т-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.Т-д холбогдох хэргийг хэлэлцээд “....Хохирогч Ө.Ж нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх 62 /-ийг гаргасан байх боловч шүүгдэгч Б.Т нь хохирогчид ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулах талаар хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлага нь гэмт хэрэгт холбогдогчийн гаргасан зүй бус зан авир, үйлдэл гаргасантай холбогдуулж шаардлага тавьсан эсэх, хэрвээ тийм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах. ...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Т-н гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иймд прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1656 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн анхан шатны шүүхийн захирамжид яллагдагч Б.Т-н регистрийн 0000000000 гэсэн дугаарыг 0000000000 гэж буруу бичсэн байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/1656 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Аззаяагийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                             ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ