Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар   2024/ДШМ/909

 

 

  2024            08            13                                           2024/ДШМ/909

 

Б.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

яллагдагч Б.М, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1489 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлээр Б.М-д холбогдох эрүүгийн 2308 03256 0395 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Б.М, 1985 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “Профинито Монголиа” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү вилла 000 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг томилоогүй, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2.5 тонн бүхий Нyundai брэндийн Мighty /Маяти/ маркийн авто машинд тус бүр нь 150 кг жинтэй 12 мм зузаантай чулуу ачиж даац хэтрүүлж Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг зөрчсөн, мөн ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих аюулгүй ажиллагааг хангах талаар "Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-г зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зэргийг биелүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Профинито Монголиа” ХХК-д цагаар ажиллаж байсан иргэн Гантогтохын Амарсанаа нь 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байх явцад чулуун хавтан нь нурж даруулан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мөрдөгч шинжээч томилж, шинжээчид асуулт тавихдаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээний талаар асуулт тавилгүй орхигдуулсан нь энэ ажиллагаа орхигдох, шүүхээс хэрэг буцах нөхцөл байдлыг бүрдүүлсэн, сүүлд шинжээч “...Б.С-ын биед учирсан ясны хугарал нь бороолж эдгэрэх учир цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Мөн хуульд заасан гуравны нэгийг алдагдуулахгүй...” гэсэн мэдүүлэг нь эдгэрсний дараах нөхцөл байдлыг тодорхойлсон байх ба Б.С-ын биед учирсан гэмтэл нь учрах үедээ хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулах эсэхийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй атал прокурор 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтээр “...цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэж заасан, мөн шинжээч эмч мэдүүлэг өгсөн гэх агуулгаар тайлбар гаргажээ.

Хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэдэг ойлголт нь хууль зүйн ойлголт биш бөгөөд үйл баримт, нотлох баримтыг харьцуулан судалж, шинжлэх замаар тогтоогдохгүй тусгай мэдлэг шаардсан эмнэл зүйн ойлголт тул ямар гэмтэл нь учрах үедээ хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулдаг, Б.С-ын эрүүл мэндэд учирсан бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь учрах үедээ хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулах талаар нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

“Шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлэх ба шинжээчийн мэдүүлгээр гэмтлийн зэрэг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоодоггүй.

Үүнээс гадна “...цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг орлохгүй ба энэ нь хохирогчийн эдгэрэлт, эмчилгээний дараа эрүүл мэндийн байдлыг илэрхийлсэн ойлголт гэж ялган ойлгох нь зүйтэй.

Ийм нөхцөлд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцэх ба Эрүүгийн хуулийн буруу хэрэглээ жишиг тогтоох үр дагавартай тул яллагдагч Б.М-д холбогдох 2308 03256 0395 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр эсэргүүцэлдээ: Хавтаст хэрэгт шинжээчийн 14828 дугаартай дүгнэлтээр “Б.Сын биед бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл” учирсан ба уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон. Уг гэмтэл нь хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах боловч ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэж тодорхойлсон байна. Шинжээч эмчийн гаргасан дээрх дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна” мөн хуулийн 17.2 дахь хэсэгт “шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж заасантай нийцэж байна. Дүгнэлт гаргасан шинжээч Ч.Эрдэмболороос өөрийнх нь гаргасан дүгнэлтийг тодруулах зорилгоор мэдүүлэг авахад “хохирогч Б.С-д учирсан гэмтэл нь хуульд заасан гуравны нэгийг алдагдуулахгүй” гэж тайлбарлан мэдүүлсэн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан” гэх гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүнийг шинжээчийн дүгнэлтээр заавал тодорхойлохгүй.

Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.15-д заасан “шинжээч эмч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийг тус тус баримтлан дүгнэлт гаргана” гэх заалттай нийцэж байна. Прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан яллагдагч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ял сонсгосон боловч шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хангахгүй байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1489 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хүрээнд дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Б.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу өмнөх анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт гаргасан. Шинжээчийн “хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Энэ хүндэвтэр зэргийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмчээс мэдүүлэг авахад тэрээр “энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх “шинжээчийн “ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэж байгаа нь эдгэрсний дараах нөхцөл байдлыг тодорхойлж байна” гэж үзсэн. Иймээс нэмэлт шинжээч томилох тухай асуудлыг удаа дараа ярьсан. Гэтэл эдгэрсний дараах нөхцөл байдал гэдэг зүйлийг шинжээч огт мэдүүлдэггүй, “хавирга хугарсан хүндэвтэр гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь эргэлзээтэй, эсхүл бүрэн бус хийгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд тус тус заасны дагуу дүгнэлт гаргасан. Мөн тэрээр өөрийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг бүрэн хариуцна гэж нотолж мэдүүлэг өгсөн. Мөрдөгч нь шинжээч эмчээс “яагаад хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй байна вэ” гэдэг асуултыг тавьж мэдүүлэг аваагүй гэдэг байдлаар нэмэлт шинжээч томилъё гэж байна. Гэтэл тус нөхцөл байдлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэх, хэрэв боломжгүй гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулж, тус хугацаанд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн прокурор өмнөх анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хангуулж, холбогдох ажиллагааг хийж, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйл буюу хохирол шаардсан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй” гэж хууль зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг тодорхой хэмжээнд биелүүлж, яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Б.М болон түүний өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Б.М-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “... хохирогч Б.С-н биед учирсан гэмтэл нь учрах үедээ хөдөлмөрийн чадварыг хэдэн хувь алдагдуулах эсэхийг тодорхойлж чадаагүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлтэй хэдий ч буцаасан үндэслэлээ бүрэн тодорхойлж нарийн ялгаа заагтай бичээгүй байх тул шүүгчийн захирамжийг дараах байдлаар зөвтгөж хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг /зарим хэргийг/ хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор /3хх 01-03/ “... яллагдагч Б.М нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж иргэн Б.С нь 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байгаад даруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ нь шинжээч эмч Ч.Эрхэмболорын: “...Б.С-н биед учирсан ясны хугарал нь бороолж эдгэрэх учир цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, мөн хуульд заасан гуравны нэгийг алдагдуулахгүй. ...” гэх мэдүүлэгт /2хх 233/ үндэслэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч эмч Ч.Эрхэмболорын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14828 дугаартай дүгнэлтэд: “...Б.С-н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэж гэмтлийн зэргийг тодорхой тогтоосон байхад шинжээчийн “...эдгэрсэн үед хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн мэдүүлгийг /2хх 233/ үндэслэн яллагдагч Б.М-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын /хүчингүй болсон/ 2.3 дугаар зүйлд заасан  “хүндэвтэр” зэрэгт тооцох шалгуурыг мөн зүйлд зааснаар “эрүүл мэнд сарниулсан хугацаа”, “ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт” гэсэн 2 шалгуур шинжээр тогтоохоор заасан бөгөөд хохирогч Б.С-д учирсан гэмтлийг шинжээч тогтоохдоо “эрүүл мэнд сарниулсан хугацаа”-г үндэслэж тогтоосон байхад ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг тогтоохоор буцаасан захирамж үндэслэлгүй болсон байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлийг дээр дурдсанаар зөвтгөв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1489 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/1489 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ