Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 329

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрдэнийн Эрхит овогт Мишигийн Сд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805014540311 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.С согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45а байрны 86 тоот гэртээ эхнэр Т.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга барьж айлган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт “Би эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.М мөрдөн байцаалтанд” 2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 6 цагийн орчим нөхөр С гэртээ согтуу орж ирсэн. Араас нь хүргэн дүү Батболд орж ирсэн. Бид нар тэр өдөр Төв аймаг руу дүүгийнх нь хуриманд явах ёстой байсан. Хүргэн Батболд орж ирээд манай нөхөр Стэй ярьж байхыг нь би сонссон. Манай нөхөр машинаа журамлуулсан журмын хашаанд байгаа өөр хүнээр машинаа авахуулах талаар ярьж байсан. Тэгээд хүргэн Батболд гараад явсан. Манай нөхөр дараа нь ээжтэйгээ утсаар яриад машинаа өгч чадахгүй нь хөдөө явах болчихлоо гэж байсан. Тэгээд том өрөөнд газар унтаад өгсөн. Би унтлагын өрөөндөө хүүтэйгээ унтах гэж байхад утсаараа хүнтэй муудалцаад  байсан. Тэгэхээр нь  би гэрт согтуу орж ирээд хүнтэй муудалцаад байх юм битгий чанга орилоод бай гэсэн. Би гар утсыг нь үзэхэд мессэж, мессэнжер Фэйсбүүкээр ажлынхаа газрын Баасансүрэн гэгч эмэгтэйтэй чатлаад мессэж бичсэн байсан. Тэрэндээ “хөөрхөн шүү чи минь нойтон охин минь сайхан амраарай, энэ хүүхдээр шалтаглаж надаас салахгүй юм шиг байгаан, надтай хамт суугаад хоол идээч ээ, уугаад согтох чинь эгдүүтэй харагдаж байсан шүү, ядарчих уу дээ, орой гэрт чинь хүргэж өгнөө, 25 дугаар эмийн сангийн KFC  орж юм авч идье тэгээд уулздаг газраа очиж уулзъя” гэж бичсэн тэр өдрөө гэртээ ирж хоноогүй.  Тэр өдөр 06 цагт орж ирэхдээ Баасансүрэнтэй хамт байж байгаад ирсэн юм шиг байна лээ. Би тэр мессежүүдийг хараад уурлаад бухимдсан. Би нөхөртөө чи намайг бага доромжлоорой ууж идсэн хүнтэйгээ хамт зайлаарай гэж хэлсэн тэгэхэд надтай юу ч яриагүй шууд босож ирсэн тэгэхдээ гартаа хутгатай босоод ирсэн. Тэгэхээр нь би намайг алах гэж байна гэж бодсон. Зочны өрөөнөөс коридорт хаалга хүртэл манай нөхөр түлхсэн. Гутал өмсөхдөө суудаг сандал дээр дутуу суусан байсан тэгэхэд намайг атгасан гараараа баруун чих рүү цохисон нөгөө гартаа хутгатай байсан болохоор би хоёр гараараа  барьсан байсан. Тэгээд дахиад намайг толгой руу цохисон. Би газар унасан тэгэхэд хөлөөрөө миний мөр рүү жийсэн. Би айгаад гэрээсээ хөл нүцгэн гараад гүйсэн. Өөдөөс харсан айлынхаа хаалгыг нүдээд намайг утсаар яриулаач гэж гуйгаад хадам эх Долгортой “Соёмбоо над руу хутга бариад дайрлаа би хажуу айлд сууж байна” гэж хэлэхэд “Соёмбоо надад хөдөө явна гэж байсан худлаа юм уу” гээд утсаа салгасан. Би цагдаа дуудсан. Цагдаа ирээд энэ юун хутга вэ гэсэн. Гадаа манай нөхрийн барьж дайрч байсан хутга байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан.  Бид хоёр 2009 онд гэрлэлтээ батлуулсан, дундаасаа нэг хүүтэй. Одоо 8 настай. Манай нөхөр С ажлынхаа газрын Баасансүрэн гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Тэрийг нь гар утаснаас нь мессеж мессенжерээс нь бүх зүйлийг нь олж мэдээд маргалдсан. Энэ асуудлаас болж намайг зодсон. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би гэр бүлээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандсан байгаа. Бид хоёр хоорондоо тохирсон байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйлгүй” /хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Ундармаа мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 8 цаг өнгөрч байхад хаалга нүдсэн. Манай ээж хаалга онгойлгож өгсөн би дүүтэйгээ унтаж байсан. Туранхай бүлтгэр нүдтэй тайрмал үстэй эгч байсан. Манай ээжийг гар утсаараа яриулаач гэхэд ээж нэгжгүй байсан болохоор би утсаараа яриулсан. Миний гар утсаар хадам ээж рүүгээ яриад уйлаад “танай хүүхэд хүнтэй явалдаж ирээд намайг зодоод байна. Машин тэргээ согтуу бариад ачуулсан байна” гэж уйлаад яриад байсан. Тэгэхэд хадам ээж нь “машин нь яасан юм бэ” гээд тэр эгчийг тоохгүй байсан. Миний утас чанга яригч дээр нь тавьж ярьдаг болохоор би бүгдийг нь сонссон. Тэр эгч утсаа салгаад арай ч дээ гээд уйлаад байсан...тэр эгч над руу манай нөхөр хутга шидсэн тэр хутга нь лифтний цаана байдаг төмөр хаалганы тэнд байгаа намайг аваад ирээч гэсэн би гараад төмөр хаалганы наана байсан зузаан төмөртэй хар өнгийн урт хутгыг гэртээ оруулж ирээд ширээн дээр тавьсан. Тэр эгч уйлаад байсан. Чихнийх нь дээд хэсгээс цус гарсан байсныг нь арчиж өгсөн. 20-30 минутын дараа цагдаа ирээд тэр эгчийг эхлээд аваад гарсан. Том бүдүүн биетэй цагдаа ах ирээд хутгыг нь аваад явсан...”  /хх-ийн 87/ гэх мэдүүлэг,

Сэжигтнээр М.С мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 6 цагийн үед би гэртээ орсон. Эхнэр Мтай хардалтын улмаас болж маргалдсан. Маргалдах үедээ эхнэр Мыг чих рүү нь гараараа алгадсан. Хутгаар мах эвдэх гээд байж байсан. Маргалдахдаа хутгаа газар шидсэн...” /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2508 дугаартай “Т.Мын биед баруун чихний дэлбэнгийн гэдсэнд шарх, баруун мөрний ар доод хэсэгт тав тогтсон шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоочийн лавлагаа /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/ гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/,  төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 46/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 47/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48/,  ял шалгах хуудас /хх-ийн 56/  болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.С 2018 оны 02 дугаар сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 8 дугаар хороо 45а байрны 86 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эхнэр Т.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Мын”...намайг атгасан гараараа баруун чих рүү цохисон нөгөө гартаа хутгатай байсан болохоор би хоёр гараараа  барьсан байсан. Тэгээд дахиад намайг толгой руу цохисон. Би газар унасан тэгэхэд хөлөөрөө миний мөр рүү жийсэн...” /хх-ийн 31-32/, гэрч Г.Ундармаагийн”...тэр эгч уйлаад байсан. Чихнийх нь дээд хэсгээс цус гарсан байсныг нь арчиж өгсөн...” /хх-ийн 87/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2508 дугаартай дүгнэлт,  аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.С  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн” нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй, надтай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр  торгох саналыг М.Сд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хутга хураагдаж ирээгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Эрдэнийн Эрхит овогт  Мишигийн С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.С таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                

                 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ