| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00022/И |
| Дугаар | 191/ШШ2025/02895 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02895
| 2025 04 07 | 191/ШШ2025/02895 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, Б******* овогт Э*******ын Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , , байрлах, О ГХОХХК /РД: /-д холбогдох,
Нэмэгдэл хөлс 15 002 188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024.12.26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,
хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Б*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Б******* нь О ХХК-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 15 002 188 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилласан цагийн цалингийн задаргаа ирсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 514 640 төгрөгийн хэмжээнд шаардлагаасаа татгалзаж, одоо 9 487 548 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Энэ нь 2024 оны 05, 06, 07 дугаар сард илүү цагаар ажилласан цагийн хөлсийг шаардсан. 2024 оны 05 дугаар сард 1 цагийн хөлс 61 231.41 мөнгө, 06 дугаар сарын 1 цагийн хөлс нь 23 637 төгрөг, 07 дугаар сарын 1 цагийн хөлс 29 269.08 мөнгөөр тооцсон ба үүнийг тухайн 3 сард илүү ажилласан 56 цагаар болон хуульд зааснаар 1,5 хувиар үржүүлж нийт 9 587 548 төгрөг болно.
Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Э.Б******* нь 2022.01.05-ны өдөр О ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан өрмийн операторчноор ажилласан.Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль 2022.01.01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампуст ажиллаж, 14 хоног амарч, өдөрт 12 цагаар ажиллаж байгаа буюу өдөрт дунджаар 4 цаг илүү цагаар ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1.-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасны дагуу илүү цагаар ажилласан цагийн хөлсөө шаардсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан. 2024.08.30-ны өдөр О ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба тус гомдлын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2024.10.14-ний өдөр хуралдаж, 2024.10.28-ны өдөр хурлын тэмдэглэл гарсан. Уг тэмдэглэлийг тухайн өдөр гардан авч 2024.11.06-ны өдөр С дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооноос 2024.12.12-ны өдөр хурлын тэмдэглэлийг гардан авч мөн өдөр С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд бид 2024 оны 06 дугаар сард цагийн хөлсийг 88 097 төгрөгөөр тооцож 7 400 148 төгрөг нэхэмжилсэн нь бодитой биш байсан тул энэ сард цагийн ажлын хөлсийг 23 637 төгрөгөөр тооцон 1 985 508 төгрөгийг болон 2024 оны 05 дугаар сард 5 142 438 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 2 458 602 төгрөг, бүгд 9 587 548 төгрөгийг хариуцагч О ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*******д олгож өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2023 онд шүүхэд илүү цагийн хөлс олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Гэхдээ тэр үед тухайн нэхэмжлэлийн шаардлага нь энэ нэхэмжлэлийн шаардлагаас хугацааны хувьд өөр байсан. Энэ нэхэмжлэлийн шаардлага бол 2024 оны 05, 06, 07 дугаар сарын илүү цагийн хөлс гаргуулах тухай шаардлага байгаа. Нэхэмжлэгчийн илүү цагийн хөлсөө бүрэн авч чадаагүй эрх ашиг нь хохирсон байдал үргэлжилсэн шинжтэй зөрчил гэж үзэж байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно гэжээ.
2.Хариуцагч О ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс гаргуулахтай холбоотой гомдлыг анх 2023 оны 03 дугаар сард О ХХК-ийн 84 ажилтантай хамт гаргаж байсан. Үүнээс хойш 2023.05.19-ний өдөр С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Тус захирамж гарсны дараа нэхэмжлэгч Э.Б******* нь илүү цагийн хөлстэй холбоотой нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргаагүй бөгөөд илүү цагийн хөлстэй холбоотой маргаагүй нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэгэнт илүү цагийн хөлс олгохгүй байна гэдгийг 2023 оны 03 дугаар сард гомдол гаргахдаа мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн154 дүгээр зүйлийн 154.2.-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал байгаа. Энэ үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч нь 2022.01.05-ны өдрөөс О ХХК-тай Өрмийн оператор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус хөдөлмөрийн гэрээг байгуулах үед Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нэгэнт хэрэгжиж эхэлсэн байсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр 14 хоног кампуст ажиллаж, 14 хоног амрах, ажиллаж байх хугацаандаа өдрийн 12 цагаар ажиллана гэдэг хөдөлмөрийн нөхцөлөө тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зураад ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь түүнээс хойш цалингаа хэвийн аваад ажиллаж байгаад 2024.08.30-ны өдөр илүү цагийн хөлс гаргуулах ёстой гэж үзээд ажиллаж эхэлснээсээ хойш 2 жил гаруй хугацааны дараа гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн зөрчил гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн хувьд тооцооллын алдаа байгаа нөхцөл байдал байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 05, 06, 07 дугаар сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сард 190 цаг, 2024 оны 06 дугаар сард 204 цаг, 07 дугаар сард 192 цаг ажилласан байдаг. Энэ хугацаанд ажилласан илүү цагийн хөлсийг тухай бүрт нь тооцож, олгож байсан. Нэхэмжлэгч нь 112 цагаас дээш 168 цаг хүртэл ажилласан илүү цагийн хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ илүү гараад байгаа 56 цагтай холбоотой үндсэн цалингаа авсан учраас 1 хувьд ногдох илүү цагийн цалин хөлсөө авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. О ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрхэн ойлгож, хэрэглэхтэй холбоотой нэлээдгүй олон ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т зааснаар 14 хоногоор ээлжинд ажиллаж байгаа ажилтны ажлын нэг өдрийн цаг нь 12 цаг байна. 14 хоног кампуст байрлаж ажиллаад 14 хоног амарна. Илүү цагийн цалин хөлсийг олгохгүй гэдэг хариуг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас ирүүлсний дагуу ажил олгогч хэрэгжүүлж байсан. 168 цаг нь өөрөө үндсэн цалин олгох цаг байсан учраас 1 хувьд ногдох илүү цагийн цалин хөлсөө нэхэмжлэгч авсан нөхцөл байдал байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тооцооллын хувьд алдаатай, зохих журмын дагуу нэхэмжлэхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.3-т сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг хэрхэн тодорхойлох талаар заасан байдаг. Энэ аргачлалаар бол нэхэмжлэгч талын тооцоолол тохирч байгаа. 2024 оны 05, 06, 07 дугаар сард нэхэмжлэгч энэ хугацааны ажилласан цагийн цалингаа тооцоод авчихсан. Жишээлбэл, 2024 оны 05 дугаар сард нэхэмжлэгч 192 цаг ажилласан бөгөөд 168 цагаар тооцож цалин хөлсийг нь олгочихсон. Үүнд нэхэмжлэгч маргаагүй. Дараа нь ажилласан илүү цагаас нь 1 цагийн хөлсийг тооцон гаргаж, 168 цагаас 192 цаг хүртэл 24 цаг илүү ажилласан гэдэг тооцооллыг гаргасан. Энэ 24 цаг ажилласан илүү цагийн хөлсийг 1,5 хувиар нэмэгдүүлж олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч үзэхдээ 112 цагаас 168 цаг хүртэл ажилласан 56 цагтаа илүү цагийн хөлс авах ёстой гэж нэхэмжилсэн нь огт илүү цагийн хөлс аваагүй мэт тайлбарласан нь үндэслэлгүй. Тухайн үед нөхцөл байдал тодорхойгүй байсан учраас 112 цагаар биш 168 цагаар тооцож цалин хөлс тооцож олгосон буюу илүү цагийн 1 хувийг нь өгсөн гэсэн үг. Давхардуулан олгох үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч маргаантай гэж үзвэл, зөвхөн 0,5 хувьд холбогдох хэмжээ байж болох юм. Иймд нэхэмжлэгч Э.Б*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Э.Б******* болон О ХХК-ийн хооронд байгуулсан 2022.01.05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Оюунтолгой ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024.10.08-ны өдрийн 11 тоот тэмдэглэл, 2024.12.02-ны өдрийн С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 109 тоот тэмдэглэл, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.19-ний өдрийн 25101 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 5-19/, нэхэмжлэгчээс О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан 202.08.30-ны өдрийн гомдол, С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан 2024.11.06-ны өдрийн гомдол зэргийг гаргасан.
4.Хариуцагчаас нотлох баримтаар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, О ХХК-ийн 2021.10.08-ны 1472/HR тоот Тодруулга хүсэх тухай, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2021.12.20-ны өдрийн 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хууль зүйн дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2022.06.22-ны өдрийн 16 дугаартай Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзах тухай магадлал, Уул, уурхайн үндэсний ассоциацийн 2023.12.23-ны өдрийн 23/244 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар гэсэн албан бичиг, О ХХК-иас тус компанийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Б-д явуулсан 2022.01.24-ний өдрийн 173/HR тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.10.19-ний өдрийн А/44 тоот тушаалаар баталсан ХН-С-056: Хөдөлмөрийн дотоод журам, О ХХК болон О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд байгуулагдсан 2022-2025 оны Хамтын гэрээ / хх 22-26, 34/
5.Шүүхийн журмаар, нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2025.02.19-ний өдрийн 8824 дугаар захирамжийн дагуу Э.Б-ны Ажлын байрны тодорхойлолт, түүний 2024 оны 04, 05, 06, 07 дугаар саруудын цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл, О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.30-ны 69/21 тоот тушаалаар баталсан ХН-Г1.1: Цалин хөлсний журам, 2021.12.31-ний 72/21 тоот тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам, О ХХК болон О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Он орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд байгуулагдсан 2025-2027 оны Хамтын гэрээ, 2024 оны Окомпанийн захиргаа болон О-н орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо, О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-ний төсөл, О ХХК болон О ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Он орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо-ны хооронд хийгдсэн 2024.11.12-ны өдрийн Хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэл /хх 40-97/,
Хариуцагчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2025.03.24-ний өдрийн 13215 дугаар захирамжийн дагуу Баянзүрх,С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025.04.04-ний өдрийн 844 тоот албан бичгээр ирүүлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Поос Оюу толгой ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2013.12.17, 2023.03.10-ны өдрүүдэд гаргасан гомдлууд, тус комиссын 2023.03.01, 2023.03.16-ны өдрийн Гомдол буцаах тухай албан бичгүүд, Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэл-ийн дэвтрийн хуулбар, С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.04.28-ны өдрийн хуралдааны 50 тоот тэмдэглэл /шийдвэр/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч О ХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс буюу илүү цагаар ажилласан хөлсөнд 15 002 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 414 640 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 9 587 548 төгрөгийн шаардлагаа дэмжиж хариуцагчаас нэхэмжилжээ.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.
Шүүхээс, нэхэмжлэгчийн 5 414 640 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 9 587 548 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч Э.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ,
Хөдөлмөрийн тухай хулийн дагуу уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног ажиллан, 14 хоног амрах болсон бөгөөд нэхэмжлэгч ажиллах 14 хоногийн хугацаандаа өдөрт 8 цаг ажиллах ёстойгоос 12 цаг ажиллаж, 4 цагаар илүү ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1., 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар ажилчдыг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмж олгох үүргээ ажил олгогч зөрчсөн учир илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 2024 оны 05 дугаар сард 56 цаг, 06 дугаар сард 56 цаг, 07 дугаар сард 56 цаг илүү ажилласан. Энэ нь хэргийн баримтаар нотлогдсон ба нийт илүү цагийн хөлсөнд 15 002 188 төгрөг тооцогдсоноос, бид 2024 оны 06 дугаар сард цагийн хөлсийг 88 097 төгрөгөөр тооцож 7 400 148 төгрөг нэхэмжилсэн нь бодитой биш байсан тул энэ сард цагийн ажлын хөлсийг 23 637 төгрөгөөр 1 985 508 төгрөгийг болон 2024 оны 06 дугаар сард 5 142 438 төгрөг, 2024 оны 07 дугаар сард 2 458 602 төгрөг, бүгд 9 587 548 төгрөгийг илүү цагийн хөлсөнд шаардах эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т зааснаар ажил, амралтын цаг нь тэнцүү байх ёстой бөгөөд 14 хоног амарч байгаа нь хуулиар тогтоосон амралт байхад үүнийг хариуцагч нөхөн амрах хугацаанд оруулан тооцож, илүү цагийн хөлсийг олгохгүй байгаа нь эрх зөрчсөн гэж тайлбарласан.
2.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 92.3., 92.4.-т заасан заалтууд нь ажилтан илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт, уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хуульд нийцсэн, 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох үндэслэлгүй, Цалин хөлсний журам-ын 14.1.2а, Ажлын цагийн тухай журам-ын 9.2.3 дахь хэсгээр 168 цагаас дээш хугацаагаар ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийн 1,5 хувиар тооцон олгох, 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцохоор нарийвчлан зохицуулсан, 2024 оны 05, 06, 07 дугаар сард нэхэмжлэгч энэ хугацааны ажилласан цагийн цалингаа тооцоод авчихсан. 112 цагаас 168 цаг хүртэл ажилласан 56 цагтаа илүү цагийн хөлс авах ёстой гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, тухайн үед нөхцөл байдал тодорхойгүй байсан учраас 112 цагаар биш 168 цагаар тооцож цалин хөлс тооцож олгосон буюу илүү цагийн 1 хувийг нь өгсөн, давхардуулан олгох үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж 2 жил 7 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Э.Б******* нь 2022 оноос хойш хариуцагч байгууллагад өрмийн оператороор ажиллаж байгаа болох нь талуудын хооронд байгуулагдсан 2022.01.05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон.
Дээрх Хөдөлмөрийн гэрээ-нд болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч Э.Б*******ы гүйцэтгэж байсан өрмийн операторын ажлын нөхцөл нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн 3.3 зэрэг-т хамаарахаар, сарын үндсэн цалин 872,8 ам.доллартай тэнцэх хэмжээтэй байхаар, ажил амралтын хуваарийн талаар ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног, өдөрт ажиллах цаг 8 цаг, түүн дээр 4 цаг нэмж байхаар, илүү цагийн хөлс, нэмэгдэл, урамшуулал зэрэг цалин хөлсийг байгууллагын дотооддоо тогтоосон журмаар зохицуулахаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг талууд тохиролцон тодорхойлжээ.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 6 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2022.07.05-нд дууссан байх боловч, нэхэмжлэгч одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3.-д зааснаар уг гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан тооцох, 50.4.-т зааснаар хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр нь 2 жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох үндэслэлтэй байна.
3.2. Хариуцагч О ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 72/21 тоот тушаалаар Ажлын цагийн тухай журам, 69/21 тоот тушаалаа Цалин хөлсний журам, 2023 оны А/44 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам-ыг тус тус шинэчлэн баталж, мөн 2022.04.22-нд тус компани нь ажилтны төлөөлөл болох Оюу толгой ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо-той 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээ-г тус тус байгуулж эдгээр хэм хэмжээ тогтоосон баримтуудаар уртын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарь, цалин хөлсний бүрэлдэхүүн болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээ-ний 2.14, 2.15-д зааснаар шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг ажилласан цагт дундаж цалин хөлсийг 1,2 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан үед үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлж олгохоор, 2.16 дах заалтын а-д уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх хэмжээгээр олгох, б-д хоол унааны нэмэгдэлд 500 000 төгрөг олгохоор,
ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7-д Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна, 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтнысард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ноогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журам-д заасны дагуу олгоно гэж тус тус зааж, 10.1.1, 10.1.2, 10.1.3-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтнуудын ажилд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт нь тооцох, энэ хугацаанд ноогдох олговрыг Цалин хөлсний журам-д зааснаар олгох, энэ хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар,
ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2 дах заалтын а-д ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно, в-д Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны өдөр тутамд нэмэлт нэг цаг илүү ажилласнаар тооцох, 14.5.1-д уртын ээлжээр ажилладаг ажилтнуудад уурхайн талбарт ажилласан өдрүүдэд сарын үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх уртын ээлжийн нэмэгдэл олгоно, 14.3.1-д ажилтнуудын уртын ээлж эхлэх болон дуусахад ажилдаа ирэх буцах хугацаагАжлын цагийн журамд тодорхойлсны дагуу олгоно, 14.6.3-т Ажлын байранд хүргэх, буцаах хугацаанд ноогдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэ хугацааг уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн хугацаанд оруулан тооцохгүй гэж тус тус заан зохицуулжээ.
3.3. Хариуцагч байгууллагын цагийн бүртгэл, Э.Б*******ы цалин хөлсний мэдээллээс үзэхэд нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цагийн олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, шөнийн ээлжийн нэмэгдэл, уурхайн цогцолборт ирж буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.
Нэхэмжлэгч Э.Б*******ы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор 2025 оны 05 дугаар сард 12 748 081 төгрөг, 06 дугаар сард 11274 543 төгрөг, 07 дугаар сард 7 736 106 төгрөгийн цалин хөлс олгогджээ.
3.4.Хэргийн баримтаар , Э.Б******* нь 2024 оны 05 дугаар сард 192 цаг, 06 дугаар сард 204 цаг, 07 дугаар сард 192 цаг тус тус ажилласан байх бөгөөд Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцсоноор нэхэмжлэгч Э.Б*******ы нэг цагт ноогдох дундаж цалин хөлсийг 2024 оны 05 дугаар сард 61 231 төгрөг, 06 дугаар сард 23 637 төгрөг, 07 дугаар сард 29 268 төгрөгөөр тус тус тооцсонд талууд маргаагүй байна.
Хариуцагч байгууллага нь ажилтны 168 цагаас дээш хугацааны илүү цагийн хөлсийг хуульд зааснаар олгосон тухай үйл баримт нь зохигчдын тайлбар, цагийн бүртгэл, цалин хөлсний мэдээлэл зэргээр нотлогдож, энэ талаар зохигчид мөн маргаагүй байна.
3.5.Зохигчид Хөдөлмөрийн тухай хуульд шинээр зохицуулсан уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд нэг өдөрт ажиллавал зохих ердийн ажлын цаг нь 8 цаг байх эсхүл 12 цаг байх эсэх, ажилтны нэг сард ажиллавал зохих дундаж цаг хэд болох, 112 цаг эсхүл 168 цагийн аль нь болох, үүнтэй холбоотойгоор ажилтан илүү цагаар ажилласан гэж үзэх эсэхэд, уртын ээлжийн ажилтны амрах 14 хоногийн хугацаанд илүү цагийг тооцон нөхөн амраасан гэж үзэх эсэхэд тус тус маргасан байна.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заасан бөгөөд уул уурхай, олборлох салбарын ажил олгогч, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажилчдыг уртын ээлжээр ажиллуулах горимыг онцлог ялгаатай байдлаар эрх зүйн хувьд зохицуулжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5.-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцох, 92.6.-д уртын ээлжийн ажил эхлэх болон дуусахад ажилтны ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах, 92.8.-д уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг ажил олгогч өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар тодорхойлсон байна.
Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын дагуу ажил олгогч О ХХК нь Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн баталж, ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам, ХН-Г1.1: Цалин хөлсний журам зэрэг дотооддоо баримтлах хэм хэмжээ тогтоосон баримтуудад уртын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарь, цалин хөлсний бүрэлдэхүүн болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг нарийвчлан тодорхойлсон.
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1., 84.2.-т зааснаар ажилтан ээлжээр ажилласан, эсхүл ажлын цагийг нэгтгэн бодсон эсэхээс үл хамаарч долоо хоногт ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх, ердийн нэг ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байх, 84.4.-т зааснаар долоо хоногийн ажлын дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй, өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байх тухай зохицуулалтууд нь ажилтны нэг өдөрт болон долоо хоногт хөдөлмөр эрхлэх хугацааг тодорхойлж, үүнийг баталгаажуулан хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна, 87.3.-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг 4-с илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд 7 хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1.-д заасны дагуу нэмж олгоно гэж ээлжийн ажлын цагийг нарийвчлан тодорхойлон заасан байна.
Үүнээс үзэхэд ердийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байх, энэ журам нь ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд мөн хамаарч байхаар буюу ердийн ажил, уртын ээлжээр ажиллах ажлын аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг нь 8 цаг байх, илүү цагаар ажиллавал дээд хязгаар нь 4 цагаас илүүгүй байхаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адилаар өдрийн 8 цагийг мөн баримтлах бөгөөд нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг байх үндсэн зохицуулалт нь уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд ч ажиллавал зохих ажлын цагийн зохицуулалт болж үйлчлэхээр байна.
Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж заасан нь уртын ээлжээр ажиллах горимд 12 цаг ажиллах горим хамаарахгүй буюу 12 цагаас илүүгүйгээр ажиллах гэж ойлгохоор байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног тул уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /өдөрт 8 цаг х14 хоног/ байна.
6.Нэхэмжлэгч Э.Б******* нь хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тодорхойлолт мэдээлэлд тусгаснаар:
2024.04.25-ны өдрөөс 2024.05.24-ний өдрийн хооронд /05 дугаар сард/ 112 цаг ажиллахаас 16 өдөрт 12 цагаар ажиллаж 192 цаг,
2024.05.25-ны өдрөөс 2024.06.24-ний өдрийн хооронд /06 дугаар сард/ 17 өдөрт 12 цагаар ажиллаж 204 цаг,
2024.06.25-ны өдрөөс 2024.07.24-ний өдрийн хооронд /07 дугаар сард/ 16 өдөрт 12 цагаар ажиллаж 192 цаг тус тус ажилласан байх бөгөөд үүнээс үзэхэд 05 дугаар сард 56 цаг, 06 дугаар сард 56 цаг, 07 дугаар сард 56 цаг тус тус илүү цагаар ажилласан байна.
Түүнчлэн дээрх ажил олгогчийн цалин хөлсний мэдээлэлд тусгаснаар Э.Б******* нь 05 дугаар сард 40 цаг, 06 дугаар сард 53 цаг, 07 дугаар сард 40 цаг илүү ажилласан, мөн шөнийн ээлжинд 05 дугаар сард 24 цаг, 06 дугаар сард 88 цаг, 07 дугаар сард 64 цаг ажилласан гэж бүртгэжээ.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д ...ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох гэж заасны дагуу болон тус компанийн ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь хэсэг, ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.3.1, 14.6.3 дахь хэсэгт заасны дагуу уртын ээлжийн ажилтны хувьд ажилд хүргэх, буцаах хугацаанд ногдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэхүү хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар зааснаас үзэхэд нэхэмжлэгч Э.Б*******ы ажилласан өдөр тутамд нэг цагаар тооцон 2024 оны 05 дугаар сард 16 цаг, 06 дугаар сард 17 цаг, 07 дугаар сард 16 цагийг тус тус илүү цаг гэж бүртгэсэн хэдий ч ажил олгогчоос эдгээр цагуудын цалин хөлсийг олгосныг илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгосон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Харин нэхэмжлэгч Э.Б*******д 2024 оны 05 дүгээр сард 168 цагаас дээш хугацааны буюу 24 /40-16/, 06 дугаар сард 36 /53-17/, 07 дугаар сард 24 /40-16/ цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-д зааснаар ажил олгогчоос олгосон байна.
8.Хариуцагч байгууллага нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6 дэх заалт болон хариуцагч байгууллагын ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.8-д Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно, 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтнысард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ноогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журам-д заасны дагуу олгоно гэсэн зохицуулалтуудыг үндэслэн ажилтныг амрах 14 хоногт нь илүү цагийг нөхөн амраасан гэж тайлбарласан.
8.1.Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх дээд хязгаар 14 хоног, амрах доод хязгаар 14 хоног байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т тухайлан заасан.
Энэ нь ажилтан орон гэрээсээ алслагдмал газарт тогтмол хугацаанд ажил олгогчийн тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлэн тусгайлсан кемпэд байршиж ажилладаг, ийнхүү ажиллах явцдаа долоо хоногийн амралтын хоёр өдрийн амралтын цагаа ердийн горимоор ажиллах ажилтантай адилаар өөрийн үзэмжээр зарцуулах эрх хязгаарлагдмал байдаг онцлогтой холбоотой зохицуулсан тул хуулиар тогтоож өгсөн 14 хоногийн амралтын хугацаанд илүү цагийн хугацааг хамааруулан нөхөн амраасан гэж үзэх нь хуульд нийцэхгүй юм.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5.-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар заасан байдлаас үзэхэд ч илүү цагийг амрах хугацаанд нөхөн амраасан гэж үзэх үндэслэлгүй байна.
8.2.Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан нь ажил олгогч уртын ээлжийн ажилтны сард ажиллавал зохих цагийг 168 цагаар тооцож болохыг өөрийн дотоод журмуудаар зохицуулах боломжтойг тусгасан бөгөөд энэхүү журам нь агуулгын хувьд улсын хэмжээнд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаанд оролцон ажиллаж байгаа төрийн, хувийн хэвшлийн байгууллагын нийт ажилтанд дундаж цалин хөлсийг тодорхойлох зорилготой байна.
Уул уурхай, олборлох салбарын уртын ээлжийн ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4., 87 дугаар зүйлийн 87.2., 84 дүгээр зүйлийн 84.2.-т зааснаар ажиллавал зохих цагийг нэг сарын 112 цаг /14х8 цаг/ байхаар хуульчлан тогтоосон.
Хэдийгээр дээрх журамд зааснаар уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны 1 сарын дундаж ажлын цаг 168 цаг гэсэн нь сард ердийн ажлын, өдөрт 8 цагаар ажиллах горимтой адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй, уг норм хэтрээгүй хэдий ч энэ нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг багасган тооцох, үгүйсгэх үндэслэл болохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажиллуулах нөхцөлийг хамааруулсан бөгөөд илүү цагийн тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-д заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан байна.
Иймд илүү цагийн талаарх хариуцагч байгууллагын ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7, 8.1.8, 9.2.3 дах хэсэгт болон ХН-Г1.1: Цалин хөлсний журам-ын 14.1.2 дах хэсгийн а-д заасан зохицуулалтууд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т заасантай нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цагийг нэгтгэн бодох журам-д мөн адил ажилтны ердийн ажлын цагийн үргэлжлэл болох 8 цагаас илүү гарсан цагийг хэтрүүлэн ажилласан нийт цагт тооцохоор журамласныг дурдах нь зүйтэй.
9.Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Э.Б******* нь 2024 оны 05 дугаар сард 56 /168-112/ цаг, 06 дугаар сард 56 /168-112/ цаг, 07 дугаар сард 56 /168-112/ цаг тус тус илүү цагаар ажилласан байх боловч ажил олгогчоос илүү цагийн нэмэгдэл хөлс бүрэн олгогдоогүй байх тул талуудын тохиролцож тогтоосноор 1 цагт ноогдох дундаж цалин хөлсийг 2024 оны 05 дугаар сард 61 231.41 төгрөгөөр тооцож 5 143 438 төгрөг, 06 дугаар сард 23 637 төгрөгөөр тооцож 1 985 508 төгрөг, 07 дугаар сард 29 269.08 төгрөгөөр тооцон 2 458 602 төгрөг, нийт 9 587 548 төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлс тооцогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1.-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 109 дүгээр зүйлийн 109.1.-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заасны дагуу ажил олгогч О ХХК-иас илүү цагийн нэмэгдэл хөлсөнд дээр дурдсан 9 587 548 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үүрэгтэй байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчид сард тус бүрт олгосон 168 цагийн цалин хөлсөнд илүү цагийн нэмэгдэл хөлсний 1 хувь /дахин хэмжээ/ олгогдсон гэж тайлбарлаж байх бөгөөд үүнийг ажилтанд олгогдсон гэж үзэж хасч тооцон, үлдэх хэсэг буюу цалин хөлсийг 0,5 дахин нэмэгдүүлснээр 2024 оны 05 дугаар сард 1 714 479.48 төгрөг, 06 дугаар сард 661 855.88 төгрөг, 07 дугаар сард 819 534.20 төгрөг, нийт 3 195 869.06 илүү цагийн нэмэгдэл хөлсөнд тооцон хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нь 2022.01.01-ний өдрөөс эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн гэж үзэх тул 2 жил 7 сарын дараа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Э.Б******* нь 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудад олгогдох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай гомдлоо тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023.02.17, 2023.03.13-ны өдөр тус тус гаргасан байсныг Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоос гомдлыг хянаж 2023.03.16-ны өдөр уг гомдлыг буцаан шийдвэрлэсэн байна.
Хариуцагч байгууллагын нийт 83 ажилтны хамт 2023.03.18-нд С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хорооны 2023.04.28-ны өдрийн 50 дугаартай тэмдэглэлээр хөдөлмөрийн маргааны талууд эвлэрэн хэлэлцэж харилцан тохиролцоогүй гэж үзэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Э.Б*******ы хувьд үүнээс хойш 2024.08.30-ныг хүртэл хугацаанд илүү цагийн хөлс олгуулах тухай шаардлагыг хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гаргаагүй тухай тайлбарласан.
11.Нэхэмжлэгч Э.Б******* нь 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад олгогдох ёстой илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулах тухай гомдлоо бусад 34 ажилтны хамт ажил олгогч байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2024.08.30-нд гаргасныг тус комиссын 2024.10.28-ны өдрийн 11 дүгээр тэмдэглэлээр талууд тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024.11.03-нд гомдол гаргасныг хянан, С дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны 2024.12.02-ны өдрийн 109 дугаартай тэмдэглэл гарч талууд харилцан тохиролцоогүй гэж үзэн хөдөлмөрийн маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч Э.Б******* бусад 34 ажилтны хамт 2024 оны 05, 06, 07 дугаар саруудад олгогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар 2024.12.12-нд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хянаж С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.19-ний 25101 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа энэхүү нэхэмжлэлийг дахин 2024.12.26-ны өдөр гаргасныг шүүхээс хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч Э.Б******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2., 154.8.-д заасан хугацааны дотор өөрийн хөдөлмөрлөхтэй холбоотой эрх зөрчигдсөн талаар гомдол нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцсэн тул хариуцагч талын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
12.Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэн, нэхэмжлэгч Э.Б******* нь 2024 оны 05, 06, 07 дүгээр саруудад уртын ээлжээр ажиллах хугацаанд нийт 168 цагаар илүү ажилласны илүү цагийн нэмэгдэл хөлс нэхэмжлэх эрхтэй тул хариуцагч байгууллагаас 3 195 869.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас 6 391 678.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, мөн нэхэмжлэгч нь 5 414 640 төгрөгийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар О ГХОХХК-иас нэмэгдэл хөлс 3 195 869 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэлээс 6 391 678.12 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь 5 414 640 төгрөгийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66 084 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА