Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/964

 

 

    2024            8            22                                        2024/ДШМ/964

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор,

яллагдагч О.О, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/1147 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар эсэргүүцлээр О.Од холбогдох 2411 00000 0651 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн О.О, 1975 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлага, бизнесийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Рапид харш, 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: 0000000000/,

Яллагдагч О.О нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1,3, 7.1.6-т заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.5-д заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1, 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-т заасныг, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-т 19.4.3, 19.4.10-т заасныг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3-т заасныг, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7 гэж заасныг тус тус зөрчиж,

“Тэнгэр дээд сургууль” ХХК болон “Эй Ди констракшн” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх, хөрөнгө оруулах” гэрээнд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр (17043), Чингисийн өргөн чөлөө гудамж, 90А байрны 17 дугаар давхар (техникийн давхар)-ын 42.73 мкв талбайтай хэсгийг “Тэнгэр дээд сургууль” ХХК-ийн газрын төлбөрт тооцож өгөхөөр тохиролцсон талаар огт тусгагдаагүй,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БА-222/2021 дүгээр дүгнэлтээр дээрх барилгыг 16 давхар, үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар хүлээн авч ашиглалтад оруулсан,

Мөн шифрийн ЛК118-13/19 дугаартай зураг төсөл болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206089256 дугаартай хувийн хэрэгт авагдсан техникийн давхрын байгуулалтын план зургийн өрөөний тодорхойлолт хэсэгт “техникийн өрөө 42.73 мкв" гэж тусгасан байхад,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төвийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр (17043), Чингисийн өргөн чөлөө гудамж, 90А байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 мкв, орон сууцны зориулалттай бус техникийн зориулалтаар ашиглах техникийн өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг Тэнгэр дээд сургууль ХХК-ийн захирал Д.Доржбатын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206089356 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгон нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч О.О-ийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төвийн байранд албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр (17043), Чингисийн өргөн чөлөө гудамж, 90А байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 м.кв, орон сууцны зориулалттай бус техникийн зориулалтаар ашиглах техникийн өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийг Тэнгэр дээд сургууль ХХК-ийн захирал Д.Доржбатын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206089356 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгон нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

Яллагдагч О.О-д холбогдох эрүүгийн 2302001010440 дугаартай хэрэгт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр (17043), Чингисийн өргөн чөлөө гудамж, 90А байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 м.кв бүхий объектын улсын бүртгэлд бүртгэсэн, бүртгэлийн асуудал яригдах бөгөөд энэ объектод хөрөнгийн үнэлгээ хийлгэх, тухайн үнэлгээнээс шалтгаалан яллагдагч О.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгааг шалгалгүйгээр орхигдуулсан, энэ ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзнэ.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон прокурор энэ хэрэгт хохирогч тогтоогдоогүй учир хэн нэгэнд хохирол учраагүй, хохирол шаардаагүй учир энэ талаар шалгах шаардлагагүй гэсэн нь үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзээтэй байх тул энэ талаар шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэсэн болно.

Яллагдагч О.О-ийн хувьд дээрх гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, гардаг бол хэрхэн, яаж шийдвэрлэдэг, энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолтой байх бөгөөд энэ талаар гаргасан яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзэв. Мөн энэ асуудлыг шалгаж нэг мөр болгосноор гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тодорхой болох, цаашлаад энэ төрлийн гэмт хэрэг дахин гарахгүй байх боломжтой юм.

Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх шаардлагатай, яллагдагч О.О-ийн хувьд өөр гэмт хэрэгт холбогдсон эсэх, холбогдсон бол тухайн хэрэг, зөрчил хаана, ямар шатанд ажиллагаа хийгдэж байгаа, тухайн арга хэмжээ хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаарх ажиллагааг хийлгэх нь ач холбогдолтой байна.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг бүрэн хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх, мөрдөн шалгах дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч О.О-д холбогдох эрүүгийн 2302001010440 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн бөгөөд тухайн нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхын зэрэгцээ тухайн зөрчлийг шүүхийн шатанд зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Өөрөөр хэлбэл, тухайн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, тухайн мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн 3 нөхцөл байдал нэгэн зэрэг үүссэн тохиолдолд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүгчийн захирамжид гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирол бодит байдлаар учраагүй гэж дүгнэж, хохирогчоор тогтоох, тухайн техникийн давхрын үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шүүх хохирол учирсан гэж үзсэн бол хэргийг 60 хоногоор хойшлуулж, шинжээч томилж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж, хохирогч байхгүй хэрэгт хохирогчоор тогтоож, хохирлын үнийн дүнг гаргуулах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн техникийн давхрын үйлчилгээ нь нийтийн эзэмшилд байдаг бөгөөд О.О-ийн буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд бодит хохирол учраагүй. Тухайн техникийн давхарт гэрчилгээ гаргаж өгснөөр бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг төгссөн.

Шүүгчийн захирамжид дурдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэр (17043), Чингисийн өргөн чөлөө гудамж, 90А байр, 17 давхар, 1700 тоотод байрлах 42.73 м.кв, орон сууцны зориулалттай бус техникийн зориулалтаар ашиглах техникийн өрөө буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж заавал хохирогч тогтоож, хохирлын үнэлгээг гаргуулах шаардлагатай гэж үзсэн дүгнэсэн нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй юм.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг.

Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваадаг.

Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй.

Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томьёолохдоо хохирол, хор уршгийг хуульчлаагүй.

Иймд хохирогчоор тогтоогдвол зохих СӨХ байгуулагдаагүй, хэн нэгэнд гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй хэрэг дээр хохирогч тогтоож, хохирол тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Улсын бүртгэлийн газраас “хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй, тухайн эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг шалгалтаар илрүүлэн хүчингүй болгож, арга хэмжээ авсан талаар мэдүүлсэн. Иймд 42,73 м.кв үл хөдлөх хөрөнгөд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Үйлдэл хийснээр буюу улсын бүртгэгч 17 давхар байрны 17 давхар нь техникийн зориулалттай байдаг гэдгийг мэдсээр байж, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгснөөр гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго тогтоогдсон гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, гардаг бол хэрхэн, яаж шийдвэрлэдэг, энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолтой байна гэсэн дүгнэлттэй холбогдуулан тайлбар гаргахад, энэ талаар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Т.Золбаяр, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч М.О.О нарыг шүүх хуралдаанд оролцуулан тодруулах бүрэн боломжтой. Мөн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2/9190 албан бичиг, О.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд хангалттай авагдсан бөгөөд тэдгээр баримтыг шинжлэн судлахад яллагдагчийн ажил хэргийн болон хувийн байдлын талаарх хангалттай нөхцөл байдлыг тодруулах боломжтой. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас О.О-д холбогдуулан хяналт, шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн. О.О-д холбогдолтой зөрчлийн зарим нэгэн үйлдлүүд нь эрүүгийн хэрэг болж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шалгагдаж байгаа. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэхэд яллагдагч О.О-ийн хувийн байдлын талаар хангалттай тодруулаад шүүхээр ял шийтгэгдсэн эсэх лавлагааг эрх бүхий байгууллагаар гаргуулан авч хэрэгт хуулийн шаардлага ханган хавсаргасаар байтал шүүхийн хэлэлцүүлгээс өөр хэрэг, зөрчилд холбогдсон эсэхийг дахин тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж буй үндэслэл нь ойлгомжгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт ийм төрлийн алдаа зөрчил гардаг эсэх, гардаг бол хэрхэн, яаж шийдвэрлэдэг, энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэдэг эсэхийг шалгах нь хэрэгт ач холбогдолтой байна гэсэн дүгнэлттэй холбогдуулан тайлбар гаргахад энэ талаар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагч Т.Золбаяр, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч М.О.О нарыг шүүх хуралдаанд оролцуулан хангалттай тодруулах бүрэн боломжтой.

Мөн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2/9190 албан бичиг, О.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд хангалттай авагдсан байдаг тэдгээр баримтыг шинжлэн судлахад уг яллагдагчийн ажил хэргийн болон хувийн байдлын талаарх хангалттай зүйлийг тодруулах боломжтой юм.

3. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэхэд яллагдагч О.О-ийн хувийн байдлын талаар хангалттай тодруулаад шүүхээр ял шийтгэгдсэн эсэх лавлагааг эрх бүхий байгууллагаар гаргуулан авч хэрэгт хуулийн шаардлага ханган хавсаргасаар байтал шүүхийн хэлэлцүүлгээс өөр хэрэг, зөрчилд холбогдсон эсэхийг дахин тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж буй үндэслэл нь ойлгомжгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүхийн хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан товлогдох өдөр прокурор нь яллагдагч, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдсэн, зөрчилд холбогдсон эсэх лавлагааг гаргуулан авч ирж байх шаардлагатай гэж буйтай ижил агуулгатай байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, мөн нотлох баримт цуглуулж бэхжүүлэх явцад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн талаарх хүсэлт болон тайлбаруудыг гаргасан бөгөөд прокурорын зүгээс мөн холбогдох хариу тайлбарыг дэлгэрэнгүй шүүхэд гаргасан.

Гэвч шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт прокуророос гаргасан хариу тайлбарын агуулгыг бүрэн тусгалгүй зөвхөн товч хэлбэрээр буюу 3 өгүүлбэр хариу хэлсэн мэтээр прокурорын гаргасан хариу тайлбарын дийлэнх хэсгийг орхигдуулсан, мөн прокурорын хариу тайлбарыг хэрхэн үнэлж дүгнэсэн, няцаалт өгсөн талаар огт дурдаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/1147 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. …” гэв.

Яллагдагч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 талт гэрээний түвшинд өгч, авах газар дээр нь байсан 3 давхар оюутны байрыг буулгаж, газрын төлбөрт өгөх бүртгэл над дээр хийгдсэн. Захиргааны хэргийн шүүхээс миний хийсэн бүртгэлүүдийг зөв гэж дүгнэсэн тул энэ баримтыг авахуулах хүсэлтэй байна. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. ...” гэв.

Яллагдагч О.О-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Д нас барсан асуудал байхгүй. Техникийн давхарт бүртгэл хийсэн ижил асуудал биш, бүртгэлтэй холбоотой прокуророос шүүхэд шилжүүлсэн асуудал юм. Хэд хэдэн удаа техникийн давхарт бүртгэл хийсэн гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь алдаатай байна. Мөн үнийн дүнтэй холбоотой маргаан байхад бүртгэл хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Техникийн давхар гэж буруу ярьж байна. 17 давхарт техникийн өрөөнд зориулалт өөрчилж бүртгэл хийсэн асуудалд маргадаггүй. Тухайн үед хамтарч ажиллаж байсан талууд огт маргаангүй байх үедээ “Эй Ди констракшн” ХХК бүртгэл хийж, гэрээний дагуу үлдсэн 8 орон сууцыг бүртгүүлэхээр хандсан. Бүртгүүлэхээр хандах үед ямар нэгэн маргаан байгаагүй. Техникийн норм, дүрмийн 7.14.2-т зааснаар шатны хонгил гаднаас орох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргасан “Эй Ди констракшн” ХХК нь өөрөө техникийн өрөөний зориулалтыг өөрчлөн, цонхыг орон сууцны зориулалтаар өөрчилж, гал тогоо, хаалга гаргаж, тохиролцсон хүрээндээ “Тэнгэр дээд сургууль”-ийн захирал Д.Д хүсэлт гаргаж, тухайн үедээ алдаатай бүртгэл хийснээ хүлээн зөвшөөрдөг. 17 давхарт техникийн зориулалттай өрөө байсан гэдгийг анзааралгүй бүртгэл хийсэн үйлдлийг эрүүгийн хэргийн журмаар биш, дотоод захиргааны журмаар улсын хяналтын байцаагчид гомдол гаргах үед хүлээн зөвшөөрсөн. 2020-2023 оны хооронд маш их хэмжээний бүртгэл хийгдсэн. Цагаатгах талын нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Яагаад алдаатай бүртгэл хийсэн талаар нотлох баримт цуглуулахаар гаргасан хүсэлтийг шүүхийн шатанд шийдвэрлэх боломжгүй. Алдаа бүхэн эрүүгийн журмаар шалгагдах ёстой юу. Тухайн байранд хүн амьдарч байгааг нотлох памперс, гоо сайхны хэрэгслүүд байгаа баримт 2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудаст авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс О.О-ийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж маргаж байна. Прокуророос гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хэргийг бодитойгоор шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/1147 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/1147 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Яллагдагч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                  Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ