Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00003

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 225/МА2022/00003

 

 

 

 

М.*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00023 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.*******гийн хүсэлттэй,

Хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******,

Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр болох Д.Отгонжамъянтай 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж 33 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд гэрлэлтээ 2006 оны 7 дугаар сарын 17-нд батлуулсан боловч охин Отгонжамъянгийн Хажидсүрэн 1989 оны 12 дугаар сарын 19-нд, хүү Отгонжамъянгийн Пүрэвсүрэн 1991 оны 5 дугаар сарын 16-нд тус тус төрсөн юм. Одоо миний бие М.******* тэтгэвэрт гарах болтол гэрлэлтийн баталгаа 1988 оны 12 дугаар сарын 15-нд хийлгээгүйгээс малчин байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд М.******* намайг нөхөр Д.Отгонжамъянтай 1988 оноос 2007 оныг хүртэл /2006.07.17/ хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү. Бид хоёр 1988 онд танилцаад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багт мал маллаж амьдарч байсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00023 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Халзан Маамаагийн ******* (РП72021500)-г Овлог хаан Дашзэгвийн Отгонжамъян (РП72021500)-тай 2000 оноос 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн Д.Отгонжамьянтай 1988 оноос 2000 оныг хүртэл хамтын амьдралтай байсан гэснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.******* давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух Маамаа овогтой ******* би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хамтын амьдралтай байсныг 2000-2007 он хүртэл гэж дутуу шийдвэрлэсэн тул дээрх шийдвэрийн энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь гэр бүлийн гишүүн болох нөхөр Д.Отгонжамъянтай 1988 оноос 2007 оныг /2006.07.17/ хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх 2000 оноос 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оноос 2000 оныг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тухайлбал:

1/ Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд: ...иймд М.******* намайг нөхөр Д.Отгонжамъянтай 1988 оноос 2007 оныг хүртэл /2006.07.17/ хамтын амьдралтай болохыг тогтоож өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хүсэлт ирүүлсэн байхад анхан шатны шүүх он, сар, өдрийг тодруулаагүй шийдвэрлэсэн.

2/ Шүүх Маамаагийн *******, Дашзэгвийн Отгонжамъян нарыг 2000 оноос 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа 1988 оноос 2000 оныг хүртэл хамтын амьдралтай байсан гэснийг хэрэгсэхгүй болгож, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу хэрэгсэхгүй болгосон хугацаанд 2000 он гэж хамааруулсан нь ойлгомжгүй, сар, өдөр нь тодорхойгүй байна.

3/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд тухайн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэрэгт нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хүсэлт гаргагч болон шүүх өөрийн санаачилгаар хийх учиртай.

Гэтэл шүүх 1988 онд Д.Отгонжамъян 14-15 настай, нэхэмжлэгч өөрөө 15-16 настай байсан гэж гэрлэгчдийн насны байдалд дүгнэлт өгч, охин О.Хажидсүрэн, хүү О.Пүрэвсүрэн нар нь нэхэмжлэгчээр овоглогдож байгаад 2007 онд Д.Отгонжамъян гэж овог өөрчлөгдсөн гэж үзэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Хүүхдүүдийн овог өөрчилсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өмнө хэнээр овоглож байсан болох нь тодорхойгүй байхад шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой, эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4/ Монгол Улс 1989 онд хүн амын тооллого явуулсан, гэтэл шүүх 1989 оны хүн амын тооллого, нэхэмжлэгч М.******* болон талийгаач Д.Отгонжамъян нар 1989 онд хэний ам бүлд бүртгэлтэй байсан талаарх нотлох баримтыг бүрдүүлээгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Охин О.Хажидсүрэн, хүү О.Пүрэвсүрэн нарын төрсөн он, сар, өдрийг зөрүүлж бичсэн, талийгаач нөхөр Д.Отгонжамъянгийн регистрийн дугаарыг үндэслэх болон тогтоох хэсэгт буруу бичсэн алдааг цаашид гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан: ...хамтын амьдралтай байсныг дутуу шийдвэрлэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч М.*******д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч М.*******гийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ