| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00303/И |
| Дугаар | 191/ШШ2025/02889 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02889
| 2025 04 07 | 191/ШШ2025/02889 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах М******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт байрлах Н ХХК /РД:/-т холбогдох,
Нийт 26 797 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* ХХК нь Н ХХК-тай 2022.07.27-ны өдөр НМС-2022/006 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Цэций салхин цахилгаан станцын талбайд 20,4х20,4 метрийн хэмжээтэй агуулахын барилгыг суурийн хамт зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг дуусгаж захиалагч талуудын байгуулсан ажлын комисс ажиллуулж хүлээлгэн өгсөн.
НМС-2022/006 тоот гэрээний 3.4 заалтын дагуу урьдчилгаа төлбөр хийгдэж суурийн ажлыг бүрэн хийж дууссаны дараа ажил гүйцэтгэсэн акт ил далд ажлын акт, фото зураг хавсарган дундын санхүүжилтээ авч байсан. Ажлын явцад захиалагчийн нийлүүлсэн барилгын карказ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хоёр тал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2022.09.06-ны НМС-2022/006-1 тоот Нэмэлт гэрээ байгуулж, ажлаа үргэлжлүүлсэн. Гэрээний дагуу бусад бүх угсралтын ажлаа бүрэн дуусгаж ил далд ажлын акт, фото зураг холбогдох материалаа хүлээлгэж өгсөн.
Бид ажлын төлбөр болох 24 128 020 төгрөг, гүйцэтгэлийн баталгааны 2 568 680 төгрөг, нийт 26 797 100 төгрөг нэхэмжилж байна.
Комиссын шийдвэрээс агуулахын барилгын шалыг дахин будах цахилгааны угсралтанд ашигласан гуурс өнгө үзэмж муутай хэсгийг солих, сендвичэн ханын заадсыг силикондох гэх мэт ажлын даалгаврууд байсан, бид угсралтанд орох бараа материалын захиалгыг зургийн дагуу захиалга өгсөн боловч захиалгын дагуу ирээгүй ба өөр өөр материалаар орлуулж хийлгэсэн. Үүнд цахилгааны утас дутуу марк нь буруу утас сүвлэх хоолой нь захиалгын дагуу биш холбох хэрэгсэл байхгүй диаметр нь таарахгүй цахилгааны бусад тоноглол дутуу ирснийг Цэций сумаас сонголтгүй өөр өөр материалаар орлуулж хийж байсан.
Мөн сендвич хавтан нь үйлдвэрлэгчийн алдаанаас болж ханын бүх хавтан угсах боломжгүй байсныг гараар тайрч засварлаж угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаас болж бид 8 хоног илүү зарцуулсан, үүнтэй холбоотой нэмэлт зардал гаргаж өгнө гэж хэлээд өгөөгүй. Энэ ажилд бид 7 860 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ зардалд нийт 8 хүний цалин хоол унд бусад зардал орсон болно. Суурь болон хар шал цутгах үед захиалагчийн нийлүүлсэн бетон нь төмөр замын далан дээр нүүрс тээврийн машины бөглөрлөөс болж 2-3 цаг саатаж, үүнээс болж өтгөрч суусан бетоноор ажил гүйцэтгэсэн. Бетоны өнгө хагарахад нөлөөлсөн хүчин зүйлүүд нь нэгдүгээрт, захиалагчийн нийлүүлсэн бетон нь хөдөө орон нутагт угаагаагүй хайргаар зуурдаг, хоёрдугаарт, олон цаг суусан бетоныг усаар шингэлж тэгшилгээ хийсэн, гуравдугаарт, халуун салхи өдөр бүр салхилж байсан зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн.
Бид захиалагчийн нийлүүлсэн бараа материалаар гэрээт ажлаа бүрэн дуусгаж, техникийн комисс ажиллаж хүлээлгэн өгсөн. Иймд дээрх нэмэлт засварын ажлууд нь захиалагчийн нийлүүлсэн бараа материалын буруугаас болсон тул бид нэмэлт ажлын хөлсөөр хийх санал тавьсан. Хоёр тал харилцан тохирч 2023.04 сараас засварын ажлыг хийхээр тохирсон. Гэтэл захиалагч тал дээрх засварын ажлуудаа өөр гүйцэтгэгчээр хийлгэсэн байсан. Мөн энэ хооронд дээрх төслийн ажлыг хариуцаж байсан бүх хүмүүс ажлаас гарч явсан төдийгүй оффисын байраа нүүлгэсэн байсан. Иймд бидэнд дээрх холбогдох ажлын хөлсийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Н ХХК-иас 26 797 100 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. М******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 13 797 100 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч нь 13 000 000 төгрөгийг 2025.04.07-ны өдрөөс 2025.05.07-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Н ХХК-тай сайн дурын үндэсэн дээр хуульд заасан эрх үүргийг ойлгож, эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж эвлэрэх санал гаргасан тул хариуцагчийн зүгээс 13 000 000 төгрөгийг 1 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрөв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан эрх үүргийг ойлгож эвлэрлийн гэрээг байгуулав. Хариуцагч нь 2025.02.11-ний өдөр гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзаж байх тул хүсэлт гаргаагүйд тооцож өгнө үү. гэжээ.
4.Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч М******* ХХК-ийн захирал Л.Э, нөгөө талаас Н ХХК-ийн төлөөлөгч Б-ийн Т нар дараах байдлаар сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж байгуулав. Үүнд:
1.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаарлдага 26 797 100 төгрөгөөс 13 797 100 төгрөгөөс татгалзаж байна.
2.Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2025.04.07-2025.05.07-ны өдрийн дотор нэхэмжлэгч компанид төлж барагдуулна.
3.Талууд сайн дурын үндсэн дээр эвлэрч хэлэлцсэн болно.
4.Энэ асуудлаар талууд хэн аль нь цаашид гомдол санал гаргахгүй, маргаангүй бөгөөд хуульд заасан эрх үүрэг, үр дагаврыг ойлгож мэдсэн болно. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, талуудын хооронд 2022.07.27-ны өдрийн НМС-2022/006 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2022.09.06-ны өдрийн НМС-2022/006-1 дугаартай Гэрээний нэмэлт өөрчлөлт, дансны хуулга зэргийг,
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, шилжүүлгийн мэдээлэл, төлбөрийн баримтууд, Өгөөмөр мандал хайрхан ХХК, Н ХХК нарын хооронд байгуулсан 2022.08.04-ний өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, 2022.08.10-ны өдрийн Гэрээний нэмэлт-1, мэдэгдлүүд, Н ХХК болон Эн эс партнерс ХХК нарын хооронд 2022.08.23-ны өдөр байгуулагдсан НМС-2022/015 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, төлбөрийн баримтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гэрээ дүгнэсэн акт зэргийг тус тус гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 26 797 100 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Зохигчид хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13 797 100 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийг хариуцагч Н ХХК нь хүлээн зөвшөөрч, 1 сарын дотор буюу 2025.04.07-ноос 2025.05.07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 222 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ХХК-д холбогдох гэрээний үүрэгт нийт 26 797 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 13 797 100 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийг хариуцагч Н ХХК нь хүлээн зөвшөөрч, 1 сарын дотор буюу 2025.04.07-ноос 2025.05.07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 935 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 222 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА