Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/965

 

 

  2024             8             22                                       2024/ДШМ/965

 

Ж.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлээр Ж.От холбогдох 2411 00000 0651 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Ж.О, 1992 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Монголын өв соёлын паркад туслах ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбит 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: 00000000/,

Шүүгдэгч Ж.О нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 720 тоотоос буюу иргэн Б.Г-н гэрээс түүний алтан гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.870.000 /гурван сая найман зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зузаан овогт Жаргалсайханы Ж.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газраа өөрчлөх, эмнэлгийн яаралтай тусламж болон төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинбат эсэргүүцэлдээ: “... Прокуророос шүүгдэгч Ж.О-ын хувийн байдлыг тогтоож ял шийтгэлтэй эсэхийг яллах дүгнэлтэд дурдаж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна. Харин Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/469 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн биеийн байцаалтыг шийтгэх тогтоолд дурдахдаа өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “шүүгдэгчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл” зэргийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгана гэсэн шаардлага хангаагүй байна гэж үзнэ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан байна. Мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заажээ. Шийтгэх тогтоолд М.Э-ыг урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг дурдаагүй, энэ талаар элт хийгээгүй, урьд ял шийтгэгдсэн тохиолдолд уг ял биелэгдсэн эсэх, нэмж нэгтгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг тул хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл хэсэгт хамаарна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалтыг дурдахдаа өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тусгаагүй орхигдуулсныг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив. …” гэжээ.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус хэрэгт хяналтын прокурор Н.Түвшинбаяр хяналт тавьж, дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгчийн биеийн байцаалт буюу урьд ял шийтгэгдсэн нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд дурдаагүй. Урьд ял шийтгэгдсэн тохиолдолд тухайн ял биелэгдсэн эсэх, мөн нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх хэрэгт ач холбогдол бүхий шүүгдэгчийн биеийн байцаалтын хэсгийг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 06-08/,

хохирогч Б.Г: “… Би 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө гэртээ ороход миний алтан гинж байгаагүй. Гэрийн гаднах камерын бичлэг шүүж үзтэл манай засварын газарт ажиллаж байгаад халагдсан Ж.О манай гэр лүү орж байгаа нь бичлэгт авагдсан байсан. Тухайн үед манай гэр онгорхой байсан. ...” /хх 11-12/,

шүүгдэгч Ж.О: “...Би Б.Г-н алтан гинжийг хүнд хэлэлгүйгээр авчихсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх 33-34, 81-84/,

“Дамно ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх 22-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 42-43/, хохирогч А.Г-н бичгээр гаргасан хүсэлт /хх 45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газраа өөрчлөх, эмнэлгийн яаралтай тусламж болон төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбатын “шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар  шийтгэх тогтоолд дурдахдаа өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тусгаагүй орхигдуулсан. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хянан үзэхэд, шүүгдэгч Ж.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаагаар /хх 37/  тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт урьд ял шийтгэлгүй гэж бичээгүй байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл...”-г тусгахаар заасан бөгөөд  шүүгдэгч Ж.О нь дээр дурдсанаар урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд түүний энэ талаарх мэдээллийг орхигдуулсныг хэрэгт ач холбогдол бүхий бусад мэдээлэлд шууд хамааруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил” гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймд прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 4 дэх заалтуудад үгийн болон найруулгын шинжтэй алдааг магадлалаар зөвтгөж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч Ж.О-ын нэрийг М.Э гэж буруу бичсэн байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/469 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх  заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн…” гэснийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор түүний эдлэх ялд оруулан тооцож, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 5 /тав/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоосугай. ...” гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ