Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Өрлүүд овогт Цэрэндаваагийн Бат-Ирээдүйд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол, 59 дүгээр байр 55 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УИ94111016/, Өрлүүд овогт Цэрэндаваагийн Бат-Ирээдүйд холбогдуулж ирүүлсэн эрүүгийн 1805012840341 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Бат-Ирээдүй 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Буянтөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун чихний дэлбэн, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яллах дүгнэлтэнд миний мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв бичигдсэн байна. Би Буянтөгс эгчээс уучлалт гуйж эмчилгээндээ хэрэглээрэй гээд 150.000 төгрөг өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа” гэв. 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Буянтөгс мөрдөн байцаалтанд” 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өглөө 8 цагт Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан цасны баярт ажлын хамт олонтойгоо Хандгайт зусланд очиж оролцсон. Арга хэмжээ 20 цагийн үед дуусаад алба хаагчид нэгдсэн журмаар автобусанд суугаад би тээврийн албаны даргын сууж явсан машинд суусан. Уг машинд Чинзориг дарга болон хүний нөөцийн ажилтан Бат-Ирээдүй, түүний найз нь машин барьж явсан. ...Бат-Ирээдүй намайг та намайг ажлаа хийж чадахгүй байна гэж хүмүүст муулсан байна лээ гээд уурлаад байхаар нь би худлаа хэлээгүй болсон асуудлыг хэлсэн өчигдөр орой ярьсан яриа чамд ямар хурдан хүрээ вэ гэтэл надтай маргалдаж байгаад намайг ажлаас зайлуулна гээд миний толгой нүүр рүү гараараа түлхээд цохиод байсан. Гэнэт юугаар цохисоныг нь мэдэхгүй миний толгой руу үзүүртэй юмаар цохичих шиг болсон. Тэгээд миний толгойны баруун хэсгээс цус гоожоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн...миний толгой руу балаар хатгасан юм шиг байсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул ...би шүүх хуралд оролцохгүй” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Чинзориг мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр...Бат-Ирээдүй Буянтөгсийг захиралд хов хүргэсэн талаар ярьтал тэр 2 бага зэрэг маргалдаж эхэлсэн. Тэгээд сүүлдээ нэг нь захирлын найз гээд нөгөөх нь дүү нь гээд хоорондоо маргалдаад яваад байсан...гэнэт дуу нь чангараад хоорондоо маргалдаад ноцолдоод байх шиг болохоор нь эргээд хартал Бат-Ирээдүй Буянтөгсийн хажуу талаас нь хаалга руу тохойгоороо шахчихсан байсан. Буянтөгс чаддаг юм бол цохичих чам шиг юм чаддаггүй юм гээд орилоод байсан. Бат-Ирээдүй би зүгээр таныг шаавал шаачихна шүү битгий шар гозойлгоод байгаарай гээд хэрэлдээд байсан...гэнэт Буянтөгс зогсоорой гээд орилохоор нь яах гээд байгаан гэтэл миний толгойноос цус гараад байна гэж хэлсэн” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Тэнгис  мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ...Бат-Ирээдүй хойно хамт явж байсан эмэгтэйтэйгээ ажлаасаа болоод хоорондоо маргалдаад байсан. Нөгөө эмэгтэй нь Бат-ирээдүйгийн шарыг малтаад хэрэлдээд байсан...гэнэт хойно ноцолдоод байх шиг чимээ гараад байхаар нь машинаа замын хажуу тал руу шахаж зогсоотол Бат-Ирээдүй нөгөө эмэгтэй 2 машинаас буугаад 2 бие бие рүүгээ дайраад зодолдох гээд байхаар нь би Бат-Ирээдүйг салгаад явсан ...тухайн үед эмэгтэйгийнх нь толгойноос цус гарчихсан байсан” /хх-ийн 34/ гэсэн мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2975 дугаартай “А.Буянтөгсийн биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбэн, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, тархи  доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Ц.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтанд “2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр...бид нар орой тарахаас өмнө 2-3 шил архи задлаад би 5-6 хундага архи уусан...Буянтөгс эгч бид хоёр тухайн үед яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна ажил ярьж байгаад хоорондоо маргалдаад бид 2 хоорондоо ноцолдоод түлхэлцэж байснаа санаж байна. Би яг хаана нь яаж цохисноо санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн намайг Буянтөгс эгч өөрийг нь зодсон гээд заатал цагдаа авч явсан...ноцолдож байхдаа толгойг нь юманд цохиж хагалсан байх. Тэрнээс бол гартаа бол юу ч бариагүй байсан. Түлхэж сарвагнаж байхдаа дух болон эрүү рүү нь цохьчихсон байх” /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 24/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 25/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 26/, ял шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй  2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Буянтөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Буянтөгсийн”...надтай маргалдаж байгаад намайг ажлаас зайлуулна гээд миний толгой нүүр рүү гараараа түлхээд цохиод байсан. Гэнэт юугаар цохисныг нь мэдэхгүй миний толгой руу үзүүртэй юмаар цохьчих шиг болсон...миний толгой руу балаар хатгасан юм шиг байсан...” /хх-ийн 12/, гэрч Э.Чинзоригийн “... эргээд хартал Бат-Ирээдүй Буянтөгсийн хажуу талаас нь хаалга руу тохойгоороо шахчихсан байсан...гэнэт Буянтөгс зогсоорой гээд орилохоор нь яах гээд байгаан гэтэл миний толгойноос цус гараад байна гэсэн...” /хх-ийн 13/, гэрч М.Тэнгисийн”...нөгөө эмэгтэй нь Бат-Ирээдүйгийн шарыг малтаад хэрэлдээд байсан...тухайн үед эмэгтэйгийнх нь толгойноос цус гарчихсан байсан...” /хх-ийн 34/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2975 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/

зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох   баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Ц.Бат-Ирээдүйд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Өрлүүд овогт Цэрэндаваагийн Бат-Ирээдүйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Ирээдүйд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт 3 /гурав/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ