Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар  2024/ДШМ/910

 

                                              

 

 

Г.Б, Ө.М, Т.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Урангоо,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Энхболд,

шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.М-ы өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б, Ө.М, Т.Ө нарт холбогдох 2310010450538 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;  

2. ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

3. ...... тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, шийтгэх тогтол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаагаар хойшлуулсан;

Шүүгдэгч Г.Б, Ө.М, Т.Ө нар нь бүлэглэн, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороололд байрлах CU сүлжээ дэлгүүрт иргэн Д.Б-ээс илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар пиво, бэлэн гоймон авахуулсан, мөн түүний эзэмшлийн Нөүт-9 маркийн гар утас болон бор өнгийн хэтэвч, бэлнээр 350,000 төгрөгийг авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Б, Ө.М, Т.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Г.Б, Ө.М, Т.Ө нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь найман сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгуй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Д.Б- “гомдол саналгүй” гэснийг болон нэр бүхий шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.М-ы өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

    1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ө.Мы хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн шиг үйлдэл огт хийгээгүй, бусдын эд зүйлсийг хууль бусаар авсан үйлдэл байгаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал: Ө.Мы 2023.02.20-ны өдөр өгсөн “...тэр ах Х гэж нэрээ хэлээд бид гуравт 3 ширхэг гоймон, мөн Сэнгүр 2,5 литрийн пиво авч өгөөд бид 4 ...пиво ууж дуусгаад Х гэх ах дахиад пиво авъя гэж хэлээд Ө- бид хоёр руу гараараа заагаад байхаар нь ...би Ө-ын хамт CU ороод тэндээ пиво авчихаад CU-ээс гараад би гэртээ харилаа гээд явсан...” гэсэн мэдүүлэг, Т.Өын 2023.02.20-ны өдөр гэрчээр өгсөн “...Мд 20,000 төгрөг бэлнээр өгч, түүнийг М аваад гоймон авсан. ... бид нарт тухайн эрэгтэй хүн өөрөө пиво, гоймон зэрэг зүйлсийг авч өгсөн...” гэсэн мэдүүлэг, Г.Бгийн 2023.02.20-ны өдөр өгсөн “...хамаагүй шүү дээ та нар бас аваад ууж болно гээд надад 20,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, хх-ийн 64-66-р талд авагдсан “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” зэргээр хохирогчийг татаж чангаах, “мөнгө байна уу” гэх зэргээр өдөж хоргоон мөнгө аваагүй, харин хохирогч Д.Б- өөрөө сайн дураараа мөнгө өгч гоймон авахуулсан болох нь хангалттай нотлогддог.

Түүнчлэн, хх-ийн 167-р талд Д.Б- хохирогчоор дахин өгсөн “...тухайн өдөр надаас бэлэн мөнгийг махлаг том биетэй залуу авсан. Харин миний гар утсыг Ө- гэх залуу авсан. ...Миний одоо санаж байгаагаар М гэх залуу эхлээд гэртээ харилаа гээд явсан. Харин түүнийг явсаны дараа миний хэтэвч миний халаасанд байсан санагдаж байна. Би өөрийнхөө хэтэвчийг согтуудаа хаясан, гээсэн байж магадгүй. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хх-ийн 163-р талд Т.Өын яллагдагчаар өгсөн “...би түүний гар утсаар инстеграмм хаягруугаа орж байгаад санамсаргүй аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Г.Бгийн гэрчээр өгсөн “...би тэр эрэгтэйг орцноос гаргаад ...40,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “... Т.Ө-аас Redmi Note маркийн гар утсыг хураан авсан...” баримт зэргээс харахад Ө.М нь хохирогчтой огт харилцаагүй, үйлдэл оролцоо байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй болох нь хангалттай нотлогддог.

1.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн субьектив талын шинж нь шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн шууд санаа зорилготой буюу зориуд хүсэж үйлдэгддэг. Ө.Мы хувьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэл огтхон ч байгаагүй, гар утас, мөнгө аваагүй бөгөөд тухайн цаг хугацаанд Т.Ө, Г.Б нартай хамт байсан нь ял шийтгэл оногдуулах үндэслэл болсонд гомдолтой байна. Түүнчлэн Ө.Мы гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг ч нотолгооны ач холбогдолтой бөгөөд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтанд шууд тооцогддог билээ. Эдгээр мэдүүлгэн нотлох баримтуудыг мөрдөгч цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул прокурор, шүүх тэдгээрийг нотлох баримтаар шууд үнэлэх ёстой.

Түүнийг буруутгаж байгаа нотлох баримт нь эргэлзээгүй, нотлох баримтын эх сурвалж нь хангалттай байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь Ө.Мы гэм буруутай гэдгийг хангалттай нотлоогүй бөгөөд харин ч эсрэгээрээ түүнийг үйлдлийг үгүйсгэх баримтууд авагдсан байхад анхан шатны шүүх “...энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна...” гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон.

2. Ө.М гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэж хамтран оролцоогүй.

2.1. Эрүүгийн эрх зүйн онол үүднээс авч үзвэл гэмт хэрэгт хамтран оролцох объектив шинжийн хувьд нэг буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн үйл ажиллагаа хамтарсан шинж чанартай, хамтран оролцогч бүрийн зан үйл үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой байна. Субъектив шинжийн хувьд хамтран оролцогчид өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарын тухай, ямар төрлийн гэмт хэрэгт хүчин чармайлтаа нэгтгэн оролцож байгаагаа мэдсэн байх явдал байдаг.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Д.Б-ээс Т.Ө гар утас авсан, Г.Бгийн таксины мөнгө гэж 60,000 төгрөг авсан гэх үйлдэлд Ө.Мы хувьд үйлдэл оролцоо байхгүй, энэ талаар огт мэдээгүй, Г.Бгийн 60,000 төгрөг авсан үйлдлийг Т.Ө мэдээгүй, Т.Өын гар утас авсан гэх үйлдлийн талаар Г.Б мэдээгүй, тэдгээрийн үйлдэл нэгэндээ дэмжин тусалсан байдал огт байхгүй, үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхгүй, түүнчлэн CU дэлгүүрт гоймон авч өгсөн 40,000 төгрөгийг мөн хохирогч Д.Б-ээс хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдохгүй байна.

Хэрвээ Ө.Мыг Т.Ө, Г.Б нартай бүлэглэн оролцсон гэж буруутгаж байгаа бол хамтран оролцогчдын үйлдэл, эс үйлдэхүйн нэгдэж оролцсон байдал нь хамтран оролцогч нэг бүрийн зан үйл болон гүйцэтгэгчийн үйлдсэн гэмт хэргийн хооронд шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Т.Ө, Г.Б нарын Ө.Мтай хамтран оролцоогүй талаараа тодорхой мэдүүлсэн байхад шүүхээс дүгнэлт хийлгүйгээр Т.Ө, Г.Б нартай дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд хэрэгт авагдсан баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан О.Мд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.  

Шүүгдэгч Ө.Мы өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Шинэцэцэг бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, хамтран давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийн талаарх дүгнэлтийг шийтгэх тогтоолын 13-14 талд “иргэн Д.Б-ийн халамцуу, согтуу, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдлыг нь далимдуулан түүний сууж байсан сандлаас нь татаж, чангаах, хажууд нь ирж суух, “мөнгө байна уу” гэх зэргээр өдөж, хоргоон түүнээс бэлэн мөнгө авч, бэлэн гоймон, пиво авхуулж, мөн 725 дугаар байрны орцонд уух зэргээр тухайн цаг хугацаанд үүссэн өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйлдлээрээ санаатай нэгдэж, оролцсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй” гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, шүүгдэгчдэд ял, шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд, Ө.Мы гэрчээр нэг удаа, яллагдагчаар нэг удаа өгсөн мэдүүлэг, Т.Өын гэрчээр нэг удаа, яллагдагчаар нэг удаа өгсөн мэдүүлэг, Г.Бгийн сэжигтнээр нэг удаа, яллагдагчаар нэг удаа өгсөн мэдүүлэг гэх зэргээс үзвэл тус мэдүүлгүүд тогтвортой байх бөгөөд эдгээр хүмүүс тус CU-д байнга ордог, тухайн үед интернэт ашиглах гэж орсон нөхцөл байдал харагддаг. Ө.М гэртээ байх үед Г.Б, Т.Ө нар дуудаж CU-д орсон байдаг. Энэ үед хохирогч Д.Б- нь CU дотор пиво ууж байсан бөгөөд CU-н ажилтан шаардлага тавихад хүлээж аваагүй. Г.Бгийн зүгээс “CU-д пиво ууж болдоггүй шүү дээ” гэж хэлж байсан. Хэрэгт хувийн сонирхолгүй гэрч буюу CU-н ажилтан мэдүүлэг өгсөн ба тус мэдүүлгээр Ө.Мы үйлдэл, оролцоо байхгүй байсан нь нотлогдоно. Мөн хэргийн 64-66 талд камерын бичлэг авагдсан. Тус бичлэгт Г.Б ярилцаж байгаа болохоос биш Ө.М, Т.Ө нар тухайн нөхцөл байдалд оролцсон зүйл харагддаггүй. Мөн Ө.М “тухайн үед бид нарыг байх үед Б-тай тэр хүн ярилцаж байсан. Ярилцахдаа “би тагнуулын байгууллагад ажилладаг, цэргийн хүн” гэж янз бүрийн зүйл ярьж байсан. Тэр талаар дам сонссон” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч “та нар гоймон авч идэх үү” гэхэд Т.Ө “та авч өгвөл идье” гэсэн байдаг. Ингээд хохирогч Т.Өт 20,000 төгрөг өгч, Т.Ө нь түүнийг өгсөн мөнгийг Ө.Мд өгч, тухайн CU-д Г.Б, хохирогч нар хамт сууж, түүний хажуу ширээнд Ө.М, Т.Ө нар хамт сууж, гоймон авч идсэн байдаг. Энэ талаар эдгээр хүмүүс тогтвортой мэдүүлсэн. Гоймонгоо идэж дуусаад CU-ээс гарсан бөгөөд энэ үед хохирогч нь шүүгдэгч нарт пиво авч өгье гэсэн байдаг. Ингээд 725 дугаар байрны орцонд 20,000 төгрөгөөр пиво авч, хамтдаа уусан байдаг. Хохирогч нь тухайн үед архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан ба Г.Б, Т.Ө нар бага зэрэг пиво уусан байдаг. Харин Ө.М нь тухайн үед согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй, орц руу очоод уусан байдаг. Энэ хугацаанд хохирогч “би тагнуулд ажилладаг, цэргийн хүн, ийм, тийм” гээд янз бүрийн зүйлс хэлж байсан бөгөөд Ө.М “энэ хүн согтуу байна, элдэв зүйл ярьж байна, биднийг хэрэгт хийж магадгүй” гээд түрүүлээд яваад өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. CU-д ямар нэгэн дээрэмдэх гэмт хэрэг болоогүй талаар тухайн CU-н ажилтан н.Ц гэх эмэгтэй тодорхой мэдүүлсэн. Тус мэдүүлгийн дагуу Ө.Мы үйлдэл, оролцоо байхгүй болох нь хангалттай нологддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн субьектив талын шинж нь шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн шууд санаа зорилготой буюу зориуд хүсэж үйлдэгддэг. Ө.Мы хувьд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэл огтхон ч байгаагүй, гар утас, мөнгө аваагүй бөгөөд тухайн цаг хугацаанд Т.Ө, Г.Б нартай хамт байсан нь түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэл болсонд гомдолтой байна. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж буй тухайн этгээд нь уг хэргийн объект буюу хохирогчийн байдлыг судалж, мэдсэний үндсэн дээр өөртөө бүрэн итгэлтэйгээр ахар, богино хугацаанд, эд хөрөнгийг авна гэсэн санаа зорилготой, өөрийн хийж буй үйлдэл, хүсэж буй үйлдлээ ухамсарлаж, ойлгосон байдаг. Мөн шунахайн сэдэлтээр хүсэж хийдэг нь энэ гэмт хэргийн сэтгэхүйн хамаарлын онцлог байдаг. Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний хүрээнд дээрх янзаар тайлбарладаг. Ө.М хохирогчийн мөнгийг хууль бусаар, түүний зөвшөөрөлгүй аваагүй, түүний мөнгийг дээрэмдэх санаа, зорилготой байгаагүй. Анхан шатны шүүх энэ талаар “хууль бусаар авсан нь тогтоогдоогүй” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Энэ гэмт хэргийн объектив талын шинжийн хувьд, хүний эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг шаарддаг. Харин үйлдлийн арга нь хохирогчид өөрт нь мэдэгдэж, илээр эд зүйлийг нь авах, түүнчлэн хохирогч руу тэмүүлсэн хүчний үйлчлэлийг үзүүлээгүй, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийлгүйгээр эд зүйлийг нь авч, хохирогчоос зугтсан байдлаар илэрдэг. Гэтэл Ө.М болон бусад шүүгдэгч нар ерөөсөө зугтаагүй байдаг. Хэдийгээр хуульд илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж байгаа боловч гэмт хэргийн шинжийг онолын үүднээс тайлбарлаж, хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Мөн гар утас алга болсон, хэтэвч алга болсон гэх нөхцөл байдлын үед Ө.М байдаггүй, түрүүлээд явчихсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлаж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Үүнийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэх талаар зохицуулсан. Гэмт хэрэгт хамтран оролцох объектив шинжийн хувьд нэг буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хоёр буюу түүнээс дээш этгээдийн үйл ажиллагаа хамтарсан шинж чанартай, хамтран оролцогч бүрийн зан үйл нь үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой байна. Харин субъектив шинжийн хувьд хамтран оролцогчид өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарын тухай, ямар төрлийн гэмт хэрэгт хүчин чармайлтаа нэгтгэн оролцож байгаагаа мэдсэн байх явдал байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтууд зэргээс үзвэл гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байсан болох нь хангалттай нотлогддог. Эдгээр хүмүүс бие биеийнхээ үйлдлийг мэдээгүй байдаг. Цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа нэг нь 60,000 төгрөг авсан, нэг нь утас авсан гэдгээ мэдсэн. Иймээс эдгээрийн үйлдэлд бие биеэ харилцан дэмжин тусалсан үйлдэл байхгүй гэж үзэж байна. Хэрэг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзвэл тус гэмт хэрэгт хэрхэн үүрэг оролцоогоо хуваарилсан, хэн нь зохион байгуулсан, хэн нь гүйцэтгэсэн зэрэг нөхцөл байдлууд яригдах ёстой. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлуудад дүгнэлт хийгээгүй, энэ нөхцөл байдал ч байгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Т.Ө, Г.Б нар “хүнээс өгсөн гоймонг авч идсэн нь бидний буруу. Гэхдээ бид тухайн үед гэмт хэрэг үйлдэж байсан гэж огт ойлгоогүй. Тухайн хүн өөрөө сайн дураараа өгсөн учраас мөнгийг нь авч хамт гоймон идсэн” гэж мэдүүлж байсан. Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудад онцгойлон дүгнэлт хийж, Ө.Мд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Бд шүүхийн шатнаас хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Иймээс түүнийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан гэж үзэж байна. Г.Б нь оюутан бөгөөд багш, дасгалжуулагчаар “Аварга дээд сургууль”-д суралцдаг. Тэрээр өмнө нь ял, шийтгэл эдэлж байгаагүй. Иймд давж заалдах шатны шүүх залуу хүүхдэд нэг удаа боломж олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Ө.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн саналыг дэмжиж байна. Миний бие тэр хүнийг танихгүй, дээрэмдье гэсэн санаа, зорилгогүй байсан. CU рүү утсаа цэнэглэх гэж орсон. Тэр хүн манай найзтай юм ярьж байсан. Миний бие наана нь зогсож байхад тэр ах “гоймон идэх үү” гэж хэлээд Т.Өт 20,000 төгрөг өгсөн. Т.Ө надад мөнгийг нь өгөхөөр нь би “болж байгаа юм уу” гээд гоймон авч идсэн. Би тухайн үед гэмт хэрэгт холбогдож байгаагаа ойлгоогүй. ...” гэв. 

Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэгдсэн  нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулга зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх эдгээр баримтуудыг үнэлэн, хууль ёсны, үнэн, зөв, тухайн хэргийг шүүн хэлэлцэхэд хангалттай гэж үнэлсэн. Мөн хэргийн 21 дүгээр талд авагдсан авагдсан CU-н ажилтан гэрч н.Цийн өгсөн мэдүүлэгт “тухайн хүмүүс маргалдахаар нь би очоод боль гэж хэлтэл “чамд хамаагүй чи цаашаа яв” гээд түлхсэн. Согтуу эрэгтэй гарахдаа гар утас, малгайгаа үлдээгээд явсан бөгөөд буцаж 4-үүлээ орж ирээд гар утас, малгайгаа аваад явсан. Согтуу эрэгтэйн сандлаас нэг залуу нь татахаар нь би болиулах гэж очсон” гэж дурдагдсан байна. Хэргийн 14-15 дуугаар хуудаст авагдсан хохирогч Д.Б-ийн  мэдүүлэгт “нэг нь ард суугаад сандлаас татсан бөгөөд “мөнгө байна уу” гэхэд нь би юм дуугараагүй. Тухайн 3 залуу миний 3 талд гарч ирээд пивоны мөнгө нэхээд байхаар нь 20,000 төгрөгийг тухайн залуучуудад 2 удаа буюу 40,000 төгрөг өгсөн” гэжээ. Хэргийн 35 дугаар хуудаст авагдсан Т.Өын гэрчээр өгсөн мэдүүлэгт “М бид хоёр тухайн эрэгтэй хүнд хандан “чи тийм их мөнгөтэй юм бол бид 3-т гоймон аваад өгчих” гэж хэлэхэд Мд 20,000 төгрөг бэлнээр өгч, тэгээд түүнийг нь М аваад гоймон авсан” гэсэн байна. Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн 64-66 дугаар талд авагдсан. Гэрэл зургийн үзүүлэлтүүдэд Ө.М, Т.Ө нар гоймон аваад явж буй нь харагдана. Дээрх мэдүүлэг, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар Ө.М нь тухайн гэмт хэрэгт үйлдэл, оролцоотой болох нь харагдаж байх тул түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б, Ө.М, Т.Ө нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, тэдний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Г.Б, Т.Ө нар нь бүлэглэн иргэн Д.Б-ээс илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 2023 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороололд байрлах CU сүлжээ дэлгүүрт 40,000 төгрөг, 60,000 төгрөг авсан, мөн улмаар байрны орцонд түүний эзэмшлийн Нөүт-9 маркийн гар утас авч, нийт 410,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Б-ээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст бичгээр гаргасан “...миний бие 2023.02.19-ны шөнө бүлэг этгээдэд дээрэмдүүлсэн тул өргөдөл гаргаж байна...” гэх өргөдөл /1-р хх-ийн 4/,

Д.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5/,

хохирогч Д.Б-ийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа орой 20:00 цаг өнгөрч байхад гараад гэртээ харих замдаа Нисэхийн эцсийн пабад орж ганцаараа 4 ширхэг пиво авч уусан. Тэгээд байрны буудлын CU сүлжээ дэлгүүрт орж, бэлэн гоймон идээд сууж байтал миний араас орж ирсэн 3 залуу намайг хэл амаар өдөөд байсан. ...пивоны мөнгө нэхээд байхаар нь 20.000 төгрөгийг тухайн залуучуудад 2 удаа буюу 40.000 төгрөг өгсөн. Миний ард сууж байсан махлаг залуутай хамт гарахад тухайн залуучууд “хамт орцонд пиво ууя” гээд алиныг нь санахгүй байна нэг байранд хамт орж уусан. ...Миний Redmi note-9 маркийн гар утас, бор өнгийн хэтэвч, 300.000 төгрөгийг надаас дээрэмдсэн...” /1-р хх-ийн 14-15/, “...махлаг биетэй залуу намайг араас татаж чангаагаад, бас элдвээр дээрэлхээд, хэл амаар доромжлоод байсан. Миний хэтэвчийг хэзээ авсныг би мэдэхгүй байна. Хэтэвчинд бэлнээр 350.000 төгрөг, миний өөрийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх байсан. CU-д танилцсан 20 орчим насны 2 залуу, махлаг биетэй нь арай овортой царайтай залуу нарын хамт дөрвүүлээ байсан. ...Би хэтэвчээ доторх саарал цамцны баруун халаасанд хийсэн байсан, гар утсаа гартаа барьсан байсан, орцонд сууж байхдаа хажуудаа тавьсан. ...Хэн нь гар утас, хэтэвчийг маань авсныг санахгүй байна. Орцноос тэр гурав цуварч гараад, хамгийн сүүлд би, махлаг залуутай хамт гарахад тухайн үйлдэл болсон...” /1-р хх-ийн 18/, “...“5” гэж дугаарласан зурагтай Ө- гэх хүн намайг CU сүлжээ дэлгүүрт байхад найзуудын хамт дээрэлхээд байсан. Надаас бэлэн мөнгө, бэлэн гоймон авсан. “6” гэж дугаарласан Ө.М гэх хүн намайг CU сүлжээ дэлгүүрт байхад найзуудын хамт дээрэлхээд байсан, найзуудын хамт бэлэн мөнгө, бэлэн гоймон авсан. Намайг Б-тай хамт байж байхад М, Ө- нар нь надаас авсан мөнгөөрөө 2 сав пиво авч ирээд, бид нар хамт байрны орцонд уусан. Би тухайн байрны орцонд орохгүй гэхэд “зүгээрээ манай байрны орц байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгтэл Ө.М нь гараад яваад өгсөн, тэр үед миний хэтэвч байхгүй байсан. Миний хэтэвчийг М-ыг авсан гэж бодож байна. Би гомдолтой байна. ...Би өөрийн гар утсаа Ө- гэх хүнээс буцаан авсан. 350.000 төгрөгийг маань өгөөгүй...” /1-р хх-ийн 19/, “...Миний хэтэвчийг хэн авсан талаар санахгүй байна. Бэлэн мөнгийг махлаг том биетэй залуу авсан. Харин гар утсыг Ө- гэх залуу авсан. Өөр зүйл санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар М гэх залуу нь эхлээд гэртээ харилаа гээд явсан. Харин түүнийг явсны дараа миний хэтэвч миний халаасанд байсан санагдаж байна. Би согтуудаа хэтэвчээ гээсэн байж магадгүй. Согтуу байсан тул санахгүй байна...” /1-р хх-ийн 166/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №ХУ2-23-180 дугаар: “...Хэтэвчний брэнд загвар тодорхойгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцож үнэлгээг тогтооход үнэлгээний дүн 10.000 төгрөг. Redmi note-9 маркийн 2023 оны 01 сард худалдаж авсан гар утас. Нийт үнэлгээний дүн 310.000 төгрөг. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /1-р хх-ийн 53-54/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...2 /Б/ дугаартай эрэгтэй нь CU дэлгүүрт байхад намайг араас татаж сүрдүүлсэн болон хутга тулгаж халаасанд байсан мөнгийг авсан эрэгтэй мөн байна. 5 /Ө-/ дугаартай эрэгтэй надад гар хүрээгүй гэхдээ хамт байсан. 6 /М/ дугаартай нь мөн миний биед халдаагүй гэхдээ хамт байсан бөгөөд орцонд байхад түрүүлж явсан...” /1-р хх-ийн 59-63/,

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа 2 хороололд байрлах CU сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...бор өнгийн нэхийтэй, нүдний шилтэй эрэгтэй хүн, цаад талд суусан хар өнгийн малгай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн эрэгтэй хүнтэй хоорондоо ярилцаж байгаа байдалтай байлаа. ...бичлэгний дараагийн хэсэгт хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн бор өнгийн нэхийтэй залуугаас бэлэн мөнгө авч байгаа бичлэг байлаа. ...” /1-р хх-ийн 64-66/,

хохирогч Д.Б-ийн алдагдсан гэх усан цэнхэр өнгийн Redmi note-9 загварын гар утсыг шүүгдэгч Т.Өаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 88-89/,

Г.Бгаас 50,000 төгрөг хураан авч, хохирогч Д.Б-т хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 90-91/,

гэрч Д.Ц-ийн: “...шөнө 00:00 цагийн үед согтуу эрэгтэй хүн манайхаар үйлчлүүлж байсан. Араас нь зүс таних 3 залуу /буюу тэд байнга үйлчлүүлдэг/ орж ирсэн бөгөөд нэг нь тухайн согтуу эрэгтэйтэй юм яриад сууж байсан. Тухайн хүмүүс маргалдахаар нь би очоод “боль” гэж хэлтэл “чамд хамаагүй, чи цаашаа яв” гэж хэлээд түлхсэн. Хамт ажиллаж байсан Б нь надад хэлэхдээ согтуу эрэгтэй хүн тухайн залуучуудад пиво, гоймон авч өгсөн гэж хэлсэн. Би хоолоо идэж дуусаад үргэлжлүүлэн ажлаа хийж байхад тухайн хүмүүс гараад явсан. Согтуу эрэгтэй гарахдаа гар утас, малгайгаа үлдээгээд гараад явсан байсан бөгөөд буцаж дөрвүүлээ орж ирээд гар утас, малгайгаа аваад явсан. ...Согтуу эрэгтэйн сандлаас нэг залуу нь татахаар нь би болиулах гэж очсон...” /1-р хх-ийн 21/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Т.Ө нарыг хохирогч Д.Б-ээс бэлнээр 100,000 төгрөг, 310,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Хохирогч Д.Б-т учирсан хохирлоос 350,000 төгрөг бүхий хэтэвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шүүгдэгч нар авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хохирогч Д.Б- нь хэрэгт хэд хэдэн удаа болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Г.Б, Т.Ө, Ө.М нарын үйлдлийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх ба хохирогч Д.Б-ийн “...Миний хэтэвчийг хэн авсан талаар санахгүй байна. Бэлэн мөнгийг махлаг том биетэй залуу авсан. Харин гар утсыг Ө- гэх залуу авсан. Өөр зүйл санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар М гэх залуу нь эхлээд гэртээ харилаа гээд явсан. Харин түүнийг явсны дараа миний хэтэвч миний халаасанд байсан санагдаж байна. Би согтуудаа хэтэвчээ гээсэн байж магадгүй. Согтуу байсан тул санахгүй байна...” /1-р хх-ийн 166/ гэсэн мэдүүлгийг:

хэн, ямар оролцоотой байсан болохыг гэрэл зураг харж байгаад заасан “...2 /Б/ дугаартай эрэгтэй нь CU дэлгүүрт байхад намайг араас татаж сүрдүүлсэн болон хутга тулгаж халаасанд байсан мөнгийг авсан эрэгтэй мөн байна. 5 /Ө-/ дугаартай эрэгтэй надад гар хүрээгүй гэхдээ хамт байсан. 6 /М/ дугаартай нь мөн миний биед халдаагүй гэхдээ хамт байсан бөгөөд орцонд байхад түрүүлж явсан...” /1-р хх-ийн 59-63/ гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл,

Г.Б, Т.Ө нарын хохирогчтой харьцаж байгаа байдлыг харуулж буй “...бор өнгийн нэхийтэй, нүдний шилтэй эрэгтэй хүн, цаад талд суусан хар өнгийн малгай цамцтай, цамцныхаа малгайг өмссөн эрэгтэй хүнтэй хоорондоо ярилцаж байгаа байдалтай байлаа. ...бичлэгний дараагийн хэсэгт хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн бор өнгийн нэхийтэй залуугаас бэлэн мөнгө авч байгаа бичлэг байлаа. ...” /1-р хх-ийн 64-66/ гэсэн CU сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харьцуулан үнэлээд “...шүүгдэгч Ө.М нь 2023 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хороололд байрлах CU сүлжээ дэлгүүрт шүүгдэгч Г.Б, Т.Ө, хохирогч Д.Б- нарын хамт байсан гэх үйл баримт байгаа хэдий ч хохирогч Д.Б-ээс CU дэлгүүрт бэлэн мөнгө авсан, орцонд пиво ууж байхдаа гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай бус байна...” гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүхээс тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүгдэгч Ө.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Б-т учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Г.Б /1-р хх-ийн 90-91/, шүүгдэгч Т.Ө /1-р хх-ийн 88-89/ нар төлсөн, хохирогч Д.Б- “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /1-р хх-ийн 129,171/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих төрлийн ялаас шүүх Г.Б, Т.Ө нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тус бүрд нь 8 сарын хугацаагаар шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдлуудад нь тохирсон, хуульд нийцсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангажээ.  

Шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Б, Т.Ө нарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэвээр үлдээж , шүүгдэгч Ө.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/354 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ө.Мд холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн 39.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж,  

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Д овогт Ө.М, ...”, 2, 3, 5, 8 дахь заалт тус бүрийн “...Ө.М...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.М-ы өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ