Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0726

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч М.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.С /РД:/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Т /ШТБЭД:/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М /РД:/ нарын хооронд үүссэн, ...Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулан 1993 оноос хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Э ХХК-ийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Их тамир сумын нутагт Б*******ы нүүрсний ордыг ашиглах 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай Ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах зөвшөөрлийн гэрчилгээ-г Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаагаар олгожээ.

1.2. 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх зөвшөөрлийг Эрдэс налайх ХХК-ийн нэр дээр 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн бүртгэсэн.

1.3. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар Э ХХК-д олгосон.

1.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг тус тус ирүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн ба 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10/3211 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд мэдэгдсэн.

1.5. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтэд тус газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/6107 дугаар албан бичгээр хариу өгснийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1793 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.7. Уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

1.8. Ингэснээр хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, улмаар нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчлөн ирүүлсэнд 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 128/ШТ2025/0078 дугаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн. Үүний дараа нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрдүүлбэр ханган, өөрчлөн ирүүлсэн, өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулан хэлэлцсэн болно.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... Манай компани нь Архангай аймгийн И******* сумын Б******* нэртэй газарт орших 3,4 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Төлбөр төлснөөр жил бүр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаг боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын албаны даргаас 2021 оны хугацаа сунгуулах хүсэлт материал хүргүүлснээс хойш сунгагдахгүй ТЭЗҮ шинэчлэн батлуулах, байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийх, дагалдах бусад материал бүрдүүлэх шаардлага тавьж улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй элдэв шалтаг тоочиж, эсхүл хариу өгөхгүй байсаар Б*******ы уурхай нэрээр аймгийн Засаг дарга, орон нутгийн захиргаатай гэрээ байгуулан ажилласан 1993 оноос эхлэн тооцож ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн 30 дахь жилийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан гэж үзэн Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10/3211 дугаартай албан бичгийг ... хүлээн авсан. Ингээд дахин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б******* хандан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/37, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаар албан бичиг хүргүүлсэн боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/6107 дугаар албан бичгээр хариуг ирүүлэхдээ зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон тул сунгах боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай Э ХХК нь 2024 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрүүдийг тасралтгүй төлсөөр ирсэн болно. 

Иймд манай нэхэмжлэлд заасан маргаан бүхий захиргааны актыг хэлтсийн дарга нь гаргасан тул хариуцагчаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга гэж, тусгай зөвшөөрөл авсан хугацааг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан гэрчилгээнд заасан хугацаагаар биш, харин 1997 он гэж тодруулж байна.

Анх Түлш эрчим хүчний яамны шийдвэрээр Архангай аймгийн Б*******ы нүүрсний орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 1993 онд олгосоны дагуу орон нутагтай гэрээ байгуулж тухайн орд газарт нүүрсийг далд уурхайн аргаар ашиглах Б*******ы нүүрсний уурхай нэрээр ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үед лиценз, тусгай зөвшөөрөл авч уурхай ажиллуулах эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Харин 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалыг ашиглах лиценз олгох болоход тухайн орд газарт ашигт малтмал ашиглах эрх олгосон лицензийг Эрдэс налайх ХХК авсан ба улмаар Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаартай захирамжаар дээрх 3,44 га газрыг нүүрсний ордыг нээж уурхай байгуулахад зориулан манай компанид олгосон. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болж шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж гэрчилгээ олгох болсон. Нэхэмжлэлд хавсаргасан гэрчилгээний хувьд шинэчлэн найруулсан хуулийн дагуу ашиглалт явуулах эрх олгосон гэрчилгээг шинээр 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан. Энэ гэрчилгээнд зөвшөөрлийн нийт хугацаа бичигдэж, харин хэзээ олгосон, хэзээ дуусах тухай мэдээлэл бичигддэггүй юм байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.21-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрөл эзэмшигчээр Э ХХК гэж бүртгэгдсэн 1997 оноос эхлэн тооцож 30 жилийн хугацааг 2027 онд дуусах ёстой юм. Гэтэл хариуцагч нь энэ хугацааг 1993 он гэж тооцож, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн энэ маргааныг хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Бусад эрх бүхий этгээдийн эс үйлдэхүйгээс шалтгаалж ТЭЗҮ-гээ хугацаанд хийлгэж чадаагүй байгаагаа тайлбарласаар байхад манай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үэж байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, МѴ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...нэхэмжлэлийн гол үндэслэл нь манайх 1997 онд анх лиценз авч, үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүртэл лицензийнхээ төлбөрийг цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Тэгээд 2022 онд бид нар лицензийн хугацаагаа сунгуулахаар материалаа өгсөн. Манай лицензийн хугацааг 28 дахь жилийн хугацааг сунгах тал дээр техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн хийлгэх болон хуучин хийлгэсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний хугацаа 5 жилээс дээш болсон учраас шинээр хийлгэх гэсэн нэлээн хэдэн шаардлагууд тавиад манайх 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө 1 сар дотроо өгдөг. Энэ хугацаандаа өгсөн ч манай лицензийг сунгаж өгөөгүй. Энэ нь явсаар байгаад тухайн үедээ бид нар тэр шаардлага тавьсан бичиг баримтуудын тодорхой бүрдэлтүүдийг хийгээд өгч байгаа. Тэгээд ашигт малтмалд өгснөөс хойш бид нарт ямар нэгэн хариу өгөхгүй байсан. 2023 оны 05 дугаар сард Архангай аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудын зөвлөгөөн дээр очоод аймгийн дарга нар Б*******ы уурхайг танайх 1997 оноос ашиглаж эхлээд энэ уул уурхайн үйл ажиллагааг явуулсан, аймаг орон нутагт нүүрсний шаардлага хэрэгцээ байхад танайх яах вэ гэдэг асуудал яригдсан. Тэгэхэд манай лиценз сунгагдахгүй байдалтай болчхоод бид нар ашигт малтмалд өгчхөөд өнөөдрийг хүртэл хүлээж байна гэсэн. Тэнд Ашигт малтмалын газрын дарга нь гээд нэг залуу байсан. Тэр залуу болохоор кадастраас явсан хүнтэйгээ яриад яагаад эдний лиценз сунгагдахгүй ийм урт хугацаагаар удааширсан юм бэ гэдэг асуудлыг ярихад нөгөө эмэгтэй бол бид нар 1 сарын дотор л асуудлаа шийдээд өгчих ёстой гэж хэлсэн. Тэгээд би хэлэхдээ манай лицензийг сунгаж өгөхгүй өнөөдрийг хүртэл бид хүлээгээд байж байна гэдэг асуудал яригдаад л тэрнээс эхлээд л манай асуудлыг 2 удаа сонсголд оруулсан. 2 удаагийн сонсгол нь бид нарын хувьд нэг их шаардлага хангахгүй л сонсгол болсон. Ер нь л танайхыг ямар нэгэн байдлаар цуцална л гэдэг асуудал яригдсан. Зарим нэгэн хүмүүс нь бол та нар 3,44 га-аар яах юм бэ дээ гэдэг. Тэр газар дээр бид нар 20 гаруй жилийн ажил хөдөлмөрөө зориулчихсан 18 км-т өндөр хүчдэлийн шугамаа 10 мянган киловольтын шугам татчихсан. Тэгээд уулын үндсэн малталтын ажлуудыг 200 гаруй метр чулуулгаар малталтууд явуулаад бэлдчихсэн. Уул уурхайн олборлолтын болон нэвтрэлт, агааржуулалт, ус шүүлтүүрийн тоног төхөөрөмжөө тэнд тавьчихсан, уурхайн 2 үндсэн амны ажлуудыг эхэлчихсэн газраа, амьдралынхаа 20 гаруй жилийг зориулчхаад орхих боломж үнэхээр байхгүй. Тэнд чинь дагаж амьдарч байгаа өчнөөн улсуудын амьдрал чирэгдээд л дуусаж байна. Энэ асуудал яригдаад л, 2023 онд 207 дугаар шийдвэр гэдгээр гаргаад, танайхыг сунгах боломжгүй гэдэг асуудлыг ярьдаг. Бид үүнээс хойш цуцалчихсан шийдвэр ирдэг юм болов уу гээд хүлээгээд байхад бид нарт тийм шийдвэр ирээгүй, сунгах боломжгүй гэсэн энэ шийдвэрийг нь хараад Захиргааны хэргийн шүүхэд хандаад, өнөөдрийг хүртэл үе шат дараалсан захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд асуудлаа шийдвэрлүүлэх гээд явж байна. Гол нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 1993 онд Архангай аймгийн захиргаа, тамгын газрын нэр дээр гарсан. Тэгээд 1997 онд Ашигт малтмалын хууль шинэчлэгдэн гараад дарааллаар, ашигт малтмалын хүсэлт гаргана гээд үүнд нь бид хүсэлт гаргахад Архангай аймгийн талбай дээр ердөө 3,44 га талбайг тэнд авах боломж гэсэн судалгаа хийж, тэр бүх солбицлуудаа бүгдийг нь ашигт малтмал руу материал өргөдлөө өгөхөд ямар нэгэн давхцал байхгүй, үүнийг танайд олгож болно гэсэн байдлаар бидэнд лицензийг олгосон юм. Тэгээд энэ лицензээ сунгаж, уулын ажил явуулж Архангай аймагт дайвар нүүрс олборлодог. Үндсэн малталт явж байхад нүүрс огтолбол нөгөө нүүрсээ огтолсон, огтлоод гарах хоорондоо бэлтгэл малталт тодорхой хугацаанд нүүрсээр явбал тэрийгээ аймаг орон нутагт нь өгчхөөд тэр үед нь уулын ажлуудаа явуулж өнөөдрийг хүрсэн. Санхүүгийн хувьд бол бид нар хэцүү байсан. Үнэхээр нөгөө талдаа 207 дугаар шийдвэр бидний 20 гаруй жилийн хөдөлмөр тэнд хийсэн бүх зүйлс нэг даргын шийдвэр гарахад шороонд булагдах болж байна. Тэнд нэг хүн хамгаалагч хийж байнгын цалинтай байдаг. Сая 2 удаа хулгай гарсан нь өндөр хүчдэлийн шугамын 10 мянган киловольтын шугамыг нь танайх ашиглалтгүй байгаа гээд тогийг нь салгачихсан байсан. Сумын хооронд 18 км-ийн 8 км шугамд хулгай хийгээд авчихсан. Тэгээд аймаг орон нутагт нь хулгайн асуудлыг нь цагдаад нь ярьчхаад л бүрэлдэхүүн гаргаж шалгаад л явж байгаа. Аймгийн эрчим хүчтэй нь эрчим хүчний залгалт хийлгэх талын асуудлаа хүсэлтээ тавьчхаад хоорондоо ямар нэгэн байдлаар ойлголцлын түвшинд хүрчхээд л явж байна. Ийм л асуудал байгаа юм гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр Түлш эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг Э компанийн хуулиар олгогдсон хугацаанд оруулан тооцсон. Өөрөөр хэлбэл, давхардуулж олгож тооцсоноос болоод тус компани үйл ажиллагаа явуулах эрхийг эдлэх боломжгүй болгосон, энэ асуудлаар удаа дараа хүсэлтүүдээ Кадастрын хэлтэст өгсөн. Кадастрын хэлтсийн дарга, газрын дарга, Байгаль орчны болон Уул уурхайн сайдад хандаж байсан, давж заалдах шатны шүүхийн магадлал дээр бүх хугацааг тодорхой заачихсан байгаа. 2023 оны 07 дугаар сарын 23-ны 37 дугаар албан бичиг 08 дугаар сарын 28-ны 48 дугаар албан бичгүүдэд яагаад хариу өгөхгүй байсан гэдгийг тайлбарласангүй. 2021 он хүртэл жил болгон татвараа төлөөд баталгаажуулдаг. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу энэ баталгаажилтаа хийлгэхийн тулд 2021 онд гаргасан хүсэлтийг 2023 он хүртэл ямар ч хариу өгөөгүй. Өөрөө очиж асуудлыг тавьж, яагаад манайд хариу өгөхгүй байна гээд хөөцөлдөөд үүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16610 дугаар албан бичгээр танай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна гэдэг хариу өгсөн. Энэ хариуг албан ёсны хариу гэж үзэж байгаа. Энэ хариуг авснаасаа хойш өөрөөр хэлбэл, 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага маань одоо хүртэл хэвээрээ байж байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл гэвэл, 3,44 га газар гэдэг нь Архангайн Б*******ы ордыг Геологи уул уурхайн яамны сайдын тушаалаар олгосон газраас зөвхөн нэг хэсэг 3,44 га газрыг олгохоор Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаар захирамж гарсан байдаг. Энэ захирамж дээр 3,44 га газрыг Эад олгосугай гээд бүр солбицол бүх юмнуудыг нь заачихсан ийм захирамж гарсантай холбогдуулаад И******* сумын гүйцэтгэх захиргааны 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр байдаг. Ингээд энэ шийдвэрийн дагуу Э ХХК бол 3,44 гэдэг га газрыг анх удаагаа эзэмшиж эхэлсэн л газар. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль 2006 онд шинэчлэгдсэн байгаа. Энэ шинэчлэгдсэн бүх хуулиудад нийцүүлж бүртгэлүүдийг бүгдийг шинэчлэн бүртгүүлсэн. Бүх татвар хураамжууд, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ энэ бүх зүйлүүд бүрэн, ашигт малтмалын газрын хувийн хэрэг дотор бүрэн авагдсан байгаа. Ашигт малтмалын газраас танайх зөрчилтэй учраас бүртгэхгүй эсвэл сунгахгүй ч гэдэг юм уу тийм зүйл хэзээ ч тавьж байгаагүй. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл энэ асуудал үргэлжилсэн. Тэгээд эднийх бол 5 жилийн хугацааг оруулан тооцлоо гэдэг дээр л маргаж байгаа юм. Тус уурхай бол том уурхай. Тэрнээс зөвхөн 1 хэсэг газрыг нь л ханган захирамжаар олгоод тусгай зөвшөөрөл олгосон. Энэ бүгдийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглалтын зөвшөөрөлтэй уурхайн үйл ажиллагааны хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулмаар байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 2 жилийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх ёстой 11 дүгээр сард хугацаа дуусна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн хугацаагаа 2 жилийн дараа 2027 оноор тооцож дуусгах ёстой. Энэ хугацаандаа зохих журмын дагуу Ашигт малтмалын хуульд зааснаар ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ашиглалтын тусгай зөвшөөрөл энэ бүх хуульд заасан баримтуудыг бүрдүүлж олгох хүсэлтээ гаргах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа юм гэв.

Гурав.Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Архангай аймгийн И******* сумын нутаг Б******* нэртэй газарт байрших 3.4 гектар ашигт малтмалын ашиглалтын МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон 3 дугаар тусгай зөвшөөрлийг 1997 оны 09 дүгээр сарын 19-нд шинэчлэн бүртгэж 223 дугаар тусгай зөвшөөрөл олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу хугацааг тооцож Кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д бүртгэгдсэн байна. Эрдэс налайх ХХК нь Архангай аймгийн И******* сумын Б******* нэртэй ашигт малтмалын ашиглалтын МВ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн ЕХ-******* дугаартай гаргасан ба тус өргөдлийг хянан үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухай жилийн зардлын 50 хувьтай тэмцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэхээс хасаж шийдвэрлэсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасан ба 28.1.3-д Байгаль орчныг ханд дараах баримт бичихийг энэ хуулийн 39 дүгэр зүйлд заасны дагуу хянасан тухай баримтыг ирүүлээгүй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг хэрэгжүүлээгүй байсан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэхээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, МѴ-******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбоотой харилцааг хуулиараа зохицуулж өгсөн байдаг. Нэхэмжлэгч компаниас зөвхөн сунгуулах материал бүрдүүлэхэд 28.1.1, 28.1.2, 28.1.3-т заасан 3 материалыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ямар ч баримтыг ирүүлээгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө болон байгаль орчны үнэлгээг батлуулсан байх шаардлагатай гээд хууль дээр заагаад өгчихсөн. 40.2 дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа баримтыг төрийн захиргааны байгууллагад батлуулахаар хүргүүлэх, 40.3-д заасны дагуу баталсаныг манайд ирүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар нэгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг батлуулаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 28.2-т зааснаар 15 хоногийн дотор шийднэ гээд хууль дээр заагаад өгсөн байгаа. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2, 3 удаа боломж олгож, сонсох ажиллагаа хийсэн, материалаа бүрдүүлж өгөөч гэсэн байдлаар бараг 2 жил хүлээсэн. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 22 хүртэл ямар нэгэн байдлаар хуульд заасан шаардлагыг бүрдүүлж, манай Кадастрын хэлтэст өгөөгүй үндэслэлээр байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж батлуулаагүй. Мөн байгаль орчныг хамгаалах зардалд шаардагдах зардлын 50%-тай тэнцэх мөнгөн хөрөнгийг байршуулж шилжүүлсэн байх хууль дээр байгаа заалтыг хэрэгжүүлээгүй. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгчээс төлөвлөгөө болоод үнэлгээг батлуулаагүй гэдгээ баталсан байдаг. Иймд хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр 2023 оны маргаан бүхий 207 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан ...Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулан 1993 оноос хугацааг тооцсон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Э ХХК-ийн МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадасртын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9/6574 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн, дугаар регистртэй, Э ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэгт хамаарах нотлох баримтаас үзвэл,

3.1. Улсын бүртгэлийн 29/28 дугаар гэрчилгээтэй, дугаар регистртэй, Э ХХК нь 1996 оны 04 дүгээр сарын 29ий өдөр үүсгэн байгуулагдсан, нүүрс олборлох, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Бадралын 1-р хэсэг, 5-110 тоотод байрлах хаягтайгаар улсын бүртгэлийн гэрчилгээг 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн Татварын хэлтсээс бүртгэсэн.

3.2. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлсэн өргөдөл ёсоор, 1996 оны 04 дүгээр сарын 29ий өдрийн 1 дүгээр гэрээгээр үүсгэн байгуулагдсан, улсын бүртгэлийн 2911002016 дугаартай, дугаар регистртэй, нүүрс олборлох, борлуулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Налайх дүүрэг, 3 дугаар хороо Нарангийн уурхайн задгай 54-р уклон хаягт байрлах гэх улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Татварын хэлтсээс бүртгэж, Э ХХК-д олгосон.

3.3. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өргөдөл ёсоор, улсын бүртгэлийн 2911002016 дугаартай, дугаар регистртэй, нүүрс олборлох, борлуулах, хүнсний дэлгүүр, үсчин, гоо сайхны үйлчилгээ, халуун усны үйлчилгээ зэрэг үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Налайх дүүрэг, 3 дугаар хороо 54-р уклон хаягт байрлах Э ХХК-ийг Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бүртгэснээр улсын бүртгэлийн 000154300 дугаар гэрчилгээг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон.

3.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх 3.3-д заасан гэрчилгээг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн, одоо хуулийн хүчин төгөлдөр ашиглагдаж байгаа.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1488 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Э ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаар тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт хамаарах нотлох баримтаас түүвэрлэн үзвэл,

4.1. 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Түлш эрчим хүчний сайд Б.Жигжидийн гарын үсэгтэй, ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах 03 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээ ёсоор, анх Архангай аймгийн И******* сумын нутагт орших Б*******ы нүүрсний ордыг үйлдвэрлэлийн далд аргаар ашиглах зөвшөөрлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ТЭХЯ-ны сайдын зөвлөлийн 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 тоот шийдвэрийг үндэслэн таван жилийн хугацаагаар олгосон,

4.2. Нэхэмжлэгч Э ХХК-аас 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд хандан ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхийг хүсч гаргасан өргөдөлдөө 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон 03 тоот ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК-ийн Архангай аймгийн И******* сумын Б*******ы нүүрсний ордын 3,44 гектар уурхайн эдэлбэрийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шинэчлэн бүртгүүлэхийг хүсч энэхүү өргөдлийг гаргаж байна гэжээ.

4.3. Энэхүү өргөдлийг, хууль тогтоогчоос 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан гаргах ба ийнхүү Э ХХК-ийн 03 тоот ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч, хариуцагч захиргааны байгууллагаас 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 223 дугаар кодоор бүртгэн авснаа тодорхойлж, улмаар Ашигт малтмал ашиглах 3 (1993-11-19) тоот лиценцийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад: ...лицензэд орох өөрчлөлтийн үндэслэл - шинэчлэн бүртгэгдсэн, өргөдлийн бүртгэлийн дугаар А-223, хасагдах талбайн хэмжээ -, үлдсэн талбайн хэмжээ 17,2... гэж, Ашигт малтмал ашиглах 3 (1993-11-19) тоот лиценцийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад: талбайн хөлс 17,2 $-той тэнцэх төгрөг төлөв, арван долоон ам доллар хорин центийн төлбөрийг 1997-10-01-ээс тооцно... гэж бичигдсэн, дээрх зөвшөөрөл Э ХХК-ийн нэр дээр 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн бүртгэгдсэн.

4.4. Энэ цаг хугацаанаас хойш тухайлбал, 1998-10-01-ээс 1999-10-01 хүртэл лицензийн 6 дахь жилийн төлбөрийг 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 1999-10-01-ээс 2000-10-01 хүртэл лицензийн 7 дахь жилийн төлбөрийг 1999 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2013-11-19-ээс 2014-11-19 хүртэл тусгай зөвшөөрлийн 21 дэх жилийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 2020-11-19-ээс 2021-11-19 хүртэл тусгай зөвшөөрлийн 28 дахь жилийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэх мэтчилэн төлсөн нь банкны баримт, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /маягт КГ-34/-оор нотлогдож байна.

4.5. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2006 оны 7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолон А-223 тоот нүүрс ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг эрх бүхий захиргааны байгууллага 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ГУУКА-ны шинэчилсэн бүртгэлийн № МА 2706 дугаарт бүртгэн, Архангай аймгийн И******* сумын Б******* нэртэй газарт орших 3,4 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 2911002016 тоот гэрчилгээтэй Э ХХК-д 30 жилийн хугацаатай 223 А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 1 болон 2 дугаар хавсралтын хамт /тусгай зөвшөөрөл хавсралтгүй бол хүчингүй гэсэн тэмдэглэгээтэй/ 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-аас олгосон ба хоёр хавсралтын аль алинд нь Ашигт малтмал ашиглах 3 (1993-11-19) тоот лиценцийн гэрчилгээний хавсралт болохыг бичсэн, ингэхдээ 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр лицензийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэсэн байна.

5. Дээрхээс буюу энэхүү үндэслэх хэсгийн 3-д заасан улсын бүртгэлийн байгуулага дахь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувийн хэрэг, 4-д заасан Кадастрын хэлтэс дахь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувийн хэргийн материалаас тус тус үзвэл, Э ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, эрх бүхий байгууллагаас нүүрс олборлох чиглэлээр, дугаар регистр бүхий аж ахуйн нэгжийн 29/28 дугаар гэрчилгээ авсан, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар, 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар эрх бүхий захиргааны байгууллагаас маргаан бүхий ашигт малтмал ашиглах 03 (1993-11-19) тоот лиценцийг, 223 А тусгай зөвшөөрлийг тус тус хавсралтын хамт өргөдөл гаргасны үндсэн дээр гаргуулан авсан байна.

6. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

6.1. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасах тухай 207 дугаар шийдвэрт Архангай аймгийн И******* сумын Б******* нэртэй 3,36 гектар талбай бүхий Э******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн ЕХ-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг тус тус ирүүлээгүй болохыг дурдаад,

6.2. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, 28 дугаар зүйлийн 28.1.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт, 39 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11. Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг хангахаас татгалзана, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл. Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл. Сонсох ажиллагаа явуулах гэх хуулийн зүйл, заалтуудыг,

6.3. Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус явуулсан сонсох ажиллагааг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэдэг.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс К-20 маягтаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүсэж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсээс өргөдлийн бүртгэлийн ЕХ-******* дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэн, үйлчилгээний хөлсөнд хоёр сая төгрөг хүлээн авснаа баримтжуулан хүлээн авсан тухай тодорхойлолт гарган өгсөн.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8/3236 дугаар албан бичгээр өргөдлийн бүртгэлийн ЕХ-******* дугаарт бүртгэсэн өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан баримт болон уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг ажлын 10 хоногийн дотор ирүүлэхийг, ирүүлээгүй тохиолдолд сунгахаас татгалзаж шийдвэрлэхийг мэдэгдсэний дагуунэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар албан бичгээр тус хэлтэст хандан байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж баталгаажуулахад цаг хугацаа шаардагдахаар байгааг харгалзан, цаг хугацааны хувьд боломжтой шийдвэр гаргаж өгөх-ийг хүссэн.

9. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт явуулсан сонсох ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Б.С оролцож, тайлбараа бичгээр авчраагүй, манайх тусгай зөвшөөрлийг анхнаас нь эзэмшиж байгаа ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, ТЭЗҮ батлуулаагүй болохоор барьцаа хөрөнгө байршуулах, тайлан төлөвлөгөө батлуулах гэхээр хэцүү байна зэргээр тайлбар гаргасан нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдаж, мөн гарын үсгээ зурсан бол,

10. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт явуулсан сонсох ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Б.С мөн оролцож, аймаг, орон нутгийн хүсэлтээр анх 1993 оноос олборлолт эхлүүлж, тухайн үед ТЭЗҮ хийлгэж байсан ч тухайн баримт байхгүй, шаардсан баримтуудыг бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө их орохоор, далд уурхайн үнэлгээний ажлыг хийж өгөх газар ч олдохгүй байна. Сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа явуулаагүй болохоор нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө байршуулах боломжгүй гэсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдаж, мөн гарын үсгээ зуржээ.

11. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 28.1.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, 28.1.2.үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, 28.1.3. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, 39.1.1. энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, 39.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох, 39.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах, 39.1.5. энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, 39.1.7. уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах, 39.1.7.1. байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 39.1.7.2. ашигласан шинэ техник, технологи, 39.1.7.3. үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ зэргээр зохицуулсан байна.

12. Хариуцагч захиргааны байгууллгаас өргөдөлд тухайлан 8 баримтыг шаардсан, үүнд: 1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралтуудын хамт, 2. Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлсөн баримт, 3. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулж, хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан болон жил бүрийн БХНС-ийн барьцаа төлбөрийг байршуулсан эсэх талаарх баримтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргуулсан байх, 4. Уулын ажлын төлөвлөгөө, тайланг жил бүр батлуулан ажилласан болон ашиглалтын нөөцтэй эсэх баримт, 5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 6. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 7. Уурхай эхлүүлэх тухай улсын комиссын акт, 8. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолтыг КА-4 маягтаар гаргасан байх.

13. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах талаарх гаргасан өргөдөл, түүнд хавсарган бүрдүүлж өгсөн баримтууд, хариуцагч захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан хүсэлт зэргээс холбогдох хуулийн зохицуулалт хэрхэн хангагдсан бэ, нэхэмжлэгч хуулийн этгээдээс шаардах баримт бичгүүд шаардлагатай байсан уу, тусгай зөвшөөрлийн хугацааг хэдийнээс, хэрхэн тооцсон болох гэдэгт дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

14. Маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх хууль нь Ашигт малтмалын тухай хууль бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал /нүүрс/-ын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хэрэгт авагдсан, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банканд тусгай зөвшөөрлийн 28 дахь жилийн төлбөр төлж буйгаа төлбөрийн зориулалт хэсэгт бичсэн талаарх банкны баримт, 1997 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн өргөдөлдөө 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон 03 тоот ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Э ХХК... гэх, УУХҮ-н сайд Ж.*******т хаягласан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар албан бичигт манай компани 1993 оноос эхлэн тухайн ордын 3,36 гектар талбайд 1,2 сая тонн нүүрсэнд далд уурхайгаар ашиглах үйл ажиллагааг эхлүүлсэн гэх, БОАЖ-ын сайд Б.*******д хаягласан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаар албан бичигт MV-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшин далд уурхайгаар нүүрс олборлох үйл ажиллагааг 1993 оноос эхлэн явуулсан... гэх, хариуцагч захиргааны байгууллагад К-20 маягтаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүсэж гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн өргөдөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтууд зэрэг баримтууд нь тусгай зөвшөөрөл бүхий тухайн уурхайн талбайд нүүрс олборлох буюу ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг 1993 оноос эхлэн хэрэгжүүлсэн болох нь, хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө буюу 2021 онд хугацаагаа сунгуулахаар өргөдлөө гаргасан болох нь, харин өргөдөлд хавсаргавал зохих байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, сонсох ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

15. Нэхэмжлэгч нь ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг болох ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааны талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад маргаагүй, 2021 онд өргөдөл гаргахдаа хугацаа дуусахаас өмнөх хоёр жил болоогүй гэж маргаагүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу баталсан маягтын дагуу өргөдөл гаргахдаа холбогдох баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрч уг баримтуудыг бүрдүүлэхийн тулд санхүү мөнгөний болон цаг хугацаа зарцуулах шаардлага үүсэж буйгаа тайлбарлаж байсан байна.

16. Шүүх, ийнхүү тайлбарласан нь үндэслэлгүй, хуулийн шаардлага хангаж ажиллаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана, 35.3.1. ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, 35.3.2. ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, 35.3.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 35.3.4.байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 35.3.5.хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ, 35.3.6. уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, 35.3.7. газар, ус ашиглах тухай гэрээ, 35.4. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ гэж зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

17. Нөгөө талаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад дутуу баримтаа бүрдүүлэхийг сануулж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 6. баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг гаргаагүйд тооцох-оор заасныг хэрэгжүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрд нийтлэг тавигддаг шаардлагыг зөрчиж, зөвхөн нэхэмжлэгчид давуу байдал үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжгүй, хариуцагч захиргааны байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11. Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4. хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хуулийн хүрээнд байна гэж үзлээ.

18. Нэхэмжлэгчийн анх 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт тусгай зөвшөөрлийг олгосон, харин 1997 онд нэхэмжлэгч Э ХХК-д шинээр олгосон, энэхүү аймгийн Тамгын газарт 1993 оноос олгосон хугацааг манай хуулийн этгээдэд эхлэн олгосон мэтээр шийдвэр гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, маргаан бүхий энэ тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн дагуу олж авсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад 1993-11-19, ашигт малтмал ашиглах 3 (1993-11-19) тоот лиценцийн гэрчилгээний хавсралт, шинэчлэн бүртгэв гэх тэмдэглэгээнүүд байсан, нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг төлөх тухай бүрдээ хэд дэх жилийн төлбөрөө төлж буйгаа банкны баримт дээрээ бичиж байсан мөн, хариуцагч захиргааны байгууллагатай тооцоо нийлж тусгай зөвшөөрлийн төлбөр хийсэн тухай тодорхойлолт-ыг тухай бүр гаргуулж авч байсан хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.

19. Анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, Архивын ерөнхий газар, Түлш, эрчим хүчний яам, Архангай аймгийн Төрийн архивын тасаг, И******* сумын захиргаа зэрэг байгууллагуудаас холбогдох нотлох баримтыг цуглуулахаар ажиллагаа явуулсан боловч баримт гараагүй, өөрөөр хэлбэл, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/580 дугаар, Архангай аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар, Эрчим хүчний яамны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн в/1909 дүгээр албан бичиг зэргээс үзвэл шаардсан баримтууд гараагүй, гэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь Архангай аймгийн И******* сумын нутаг Б******* /Хөрөөгийн үзүүр/ нэртэй газарт 3,36 гектар талбайд далд аргаар нүүрс олборлож байсан, энэ үйл ажиллагаа нь ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшсэний үндсэн дээр хэрэгжиж байсан болох нь тогтоогдож байна.

19. Иймд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 27.1.1. тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бүх иргэн, хуулийн этгээдэд тавигдах наад захын хуулийн шаардлага бөгөөд хэрэв хугацаагаа сунгуулах бол заавал шинэчлэн батлуулж өргөдөлдөө хавсаргах болохыг хуульд нарийвчлан зохицуулсан, энэхүү хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны эцэст уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ашиглах эрх үүсэхийг хариуцагчаас мэдэгдэж шаардаж байсан нь нотлогдох ба үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

20. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах шаардлага мөн хангагдах боломжгүй болно.

21. Сонгогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн авч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зохицуулсаны дагуу шүүх хуралдаан үргэлжлэн явагдсаныг тэмдэглээд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд ямар нэгэн байдлаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байсныг дурдаж байна.

22. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу зааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ... Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулан 1993 оноос хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны шазрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадасртын хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН