Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 218/МА2022/00005

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00022 тоот шийдвэртэй, Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй *******ид холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7238727 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******ид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7238727 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнд: ******* 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр надад хандан ...эхнэр Г.Сайнжаргал Цогт-Цэций суманд ажилтай явж байгаа, Гялс төгрөг хоршооноос зээл аваад өгөөч, би нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас зээл олдохгүй байна, би чамд эхнэрийнхээ газрыг барьцаалуулъя гэсэн. Би тэр үед итгэмжлэл хийж үлдээд *******ийн хуучин эхнэр Г.Сайнжаргалын нэр дээр байдаг газрыг барьцаанд тавиад 14 хоногийн дараа эхнэр ирнэ гэж хэлээд надаар 4000000 төгрөгийн зээлийг Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоотой хийлгүүлж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Гялс төгрөг хоршоонд очиж зээлийн нэрийг нь шилжүүлнэ гэж ярьж байсан чинь Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд шалгалт ирсэн гэдэг шалтгаанаар нэр шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Над руу Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос зээлээ төл гэж ярьдаг байсан. Би тэгэхээр нь ******* дээр очдог байсан. Тухайн үед ******* нь алт мөнгөний дархан хийдэг байсан ба надад зээлийн хүүгийн мөнгө өгөхөөр нь би Гялс төгрөг дээр очоод хийдэг байсан. Нийтдээ ******* 1164300 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байдаг. Анхны гэрээн дээр зээл авсан өдрөөс 6 сарын дараа 2000000 төгрөгийг төлнө, жилийн эцэст үлдэгдэл 2000000 төгрөгийг төлнө гэж гэрээг хийлгүүлсэн хүн нь *******. Гялс төгрөгт эхнэрийнхээ газрыг барьцаанд тавиулж надаар зээл авхуулчхаад би зээл аваагүй гэж үгүйсгэж байгааг нь би ойлгохгүй байна. Энэ зүйлээс болоод би Ган-Илч компаниас гарсан ажилгүй 2 жил гаруй болж байна. Иймд *******оос үндэслэлгүй хөрөнгөжсөн 7238727 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2018 оны 10 дугаар сард ******* манай эхнэр Г.Сайнжаргал руу яриад мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тухайн үед би алт мөнгөний дархан хийж байсан өдөр тутмын орлоготой мөн Сайхан-Овоо сум руу явж портер машин авчрах шаардлагатай байсан. Би зүгээр байхаас нүүрс авчирна надад 500.000 төгрөг илүү аваад өгчих гэхэд ******* нь надад 500.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь энэ хүн өөрөө авсан. Би тэр үлдсэн мөнгийг аваагүй. Ямар учраас намайг ингээд байгааг би сайн ойлгохгүй байна. Би өөрөө Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд газрын гэрчилгээгээ тавиад итгэмжлэл хийлгээд зээл авах боломжтой байсан. Би өөрөө хувиараа алт мөнгөний дархан хийдэг хүн татвар төлдөг орлогоороо барьцаа хийгээд зээл хийх бүрэн боломжтой байхад надад Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 4.000.000 төгрөгийн зээл хийгээд аваад өгсөн гээд байгааг би гайхаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******оос 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3238727 /гурван сая хоёр зуун гучин найман мянга долоон зуун хорин долоон/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130770 /нэг зуун гучин мянга долоон зуун далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 78950 /далан найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

4.1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00022 дугаартай шийдвэрээр дээрх иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******оос 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3238727 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

4.2.Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 11-нд Гялс төгрөг ХЗХ-оос 4 сая төгрөг нэр дээр нь зээл хийлгэж авсан мэтээр худал нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие *******аар 4 сая төгрөгийн зээл хийлгэж авхуулаагүй. Харин ******* нь тухайн үед надтай удаа дараа ирж уулзаад ...мөнгөний хэрэгцээ гараад байна. Барьцаа болгоод тавьчих юм байна уу гээд гуйгаад байхаар нь ...надад манай эхнэр /тухайн үед манай эхнэр байсан/ Г.Сайнжаргалын газар л байна гэж хэлсэн. Би харин ...чи зээл хийх гэж байгаа юм бол манай эхнэрийн газрыг барьцаанд тавиад надад 500000 төгрөг хавчуулаад хамтад нь зээлээд өгчих. Надад Цагаан-Овоогийн уурхайгаас нүүрс татах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд ******* нь манай эхнэр Г.Сайнжаргалын газрыг барьцаанд тавьж зээл авч надад 500000 төгрөг авчирч өгсөн. Тэр 500000 төгрөгийг миний хувьд тухайн үед нь боломжоороо 270000 төгрөг төлсөн. Гэтэл ******* нь надаас өөрийн зээлж авч хэрэглэсэн мөнгөө хүү, алдангийн хамт нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх надаас 4000000 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын 7238727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч ******* нь *******ид холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7238727 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. / хэргийн 1 дүгээр хуудас /

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ Гялс төгрөг ХЗХ-ны *******д хариуцагдах 7328727.39 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 186 тоот шийдвэр, ХААН банкны дансны хуулга, зээлийн дансны хуулга /хэргийн 9-19 дүгээр хуудас/ зэрэгт үндэслэсэн байна.

4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч Отгонжаргалаар зээл авхуулаагүй, харин Отгонжаргалыг зээл авахад нь гэр бүлийн харилцаатай байсан Сайнжаргалын өмчлөлийн газрын гэрчилгээг барьцаанд тавихыг зөвшөөрч харин авах зээлдээ 500000 төгрөг нэмж аваад надад өгчих гэж тохиролцсоны дагуу авсан гэж тайлбарлаж энэхүү татгалзлаа гэрч Г.Сайнжаргал, П.Отгонбаатарын мэдүүлэг, тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд 2021.02.08-ны өдөр гаргасан *******ын өргөдлийн дагуу хийгдсэн уулзалтын тэмдэглэл зэрэгт үндэслэсэн байна.

5.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүухийн 2020.03.16-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 2018.10.11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7.238.727 төгрөгийг гаргуулж Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь 4.000.000 төгрөгийн зээлийг өөрөө аваагүй, найз *******ид зээл авч өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж шүүх энэ талаар дүгнэлт хийсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байгааг үндэслэн ******* нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Гялс төгрөг хадгаламж зээлийн хоршооноос 4000000 төгрөгийг зээлж авч өгсөн гэх үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон байна. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүд нь *******ийг *******аас 500000 төгрөг авсан гэж мэдүүлсэн хэдий ч 4000000 төгрөгийг хадгаламж зээлийн хоршооноос *******ид зээлж авч өгсөн гэх үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримтын талаар мэдүүлсэн байдал тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүхээс хийсэн ...гэрч Г.Сайнжаргал, П.Отгонбаатар нар нь хариуцагчийг 4.000.000 төгрөгийг аваагүй талаар нөхцөл байдал тогтоогоогүй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудад нийцсэн гэж үзнэ.

6.Талууд нь харилцан мөнгө шилжүүлсэн үйл баримт, зээлийн гэрээний шинж агуулсан, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байсан талаар мэтгэлцээгүй байна.

7.Шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлохдоо ...нэхэмжлэгч 4000000 төгрөгийг *******ид хадгаламж зээлийн хоршооноос өөрийн нэрээр авч өгсөн гэх үйл баримтыг тогтоож, улмаар нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй гэж маргааны зүйл, шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцсэн, эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

8.Хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, зохигчдыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан болох нь тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 130770 төгрөг төлсөн байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхээр тогтов.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00022 тоот шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ