| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00062/И |
| Дугаар | 301/ШШ2025/00402 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 301/ШШ2025/00402
| 2025 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 301/ШШ2025/00402 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дугаар баг Эрдэнэ цохио .. дугаар гудамжны ..тоотод оршин суух Э.Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот С дүүргийн ..-р хороо ...-р хороолол ..... дугаар байр ...... тоотод хаягт байрлах “Ю” ХХК /РД: ........../-д холбогдох
4.24 м.кв үйлчилгээний талбайн үнэ болох 16,112,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Ю” ХХК холбогдуулан худалдан авах гэрээний үүрэг 16,112,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2023 оны 10 сарын 29-ний өдөр БУ-АР-23/34 дугаартай үйлчилгээний талбайн барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу Ю ХХК нь А аймгийн Э сумын 3 дугаар баг Цогт-Уулын нутаг дэвсгэрт баригдаж буй Хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууцны барилгын .. давхарын ............. талбайтай /үйлчилгээний талбай/г 1м.кв талбайг 3,800,000 төгрөгөөр буюу нийт 147,060,000 төгрөгөөр гүйцэтгэх, захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн тул 2024.08.24-ны өдөр гэрчилгээ авахад шаардлагатай материалыг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөгчөөс авч 2024 оны 09 сарын 02-нд эрхийн улсын бүртгэлийн Ү-0118006289 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэрчилгээ гарснаас 7 хоногийн дараа талбайг хүлээн авсан. Талбайг хүлээн авах үед гэрээнд заасан хэмжээнд хүрэх эсэхэд эргэлзээ төрсөн тул мэргэжлийн эрх бүхий байгууллага буюу М ..... ХХК-иар хэмжилтийн дүгнэлт хийлгэж, гэрээний 1.4-т заасан стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал МNS 6058:2009 стандарт болон гэрээгээр тогтоосон хэмжээнд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулсан. Хэмжилтийн дүгнэлтээр үйлчилгээний талбайн хэмжээг 34,36 м.кв гэж тогтоосон. Мөн энэ дүгнэлтийг бататган А аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2024.10.07-ны өдөр хүсэлт гаргахад албаны мэргэжилтэн Батболд талбай дээр хэмжилт хийсэн ба гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байна гэсэн хариу өгсөн. Талбайг хүлээн авахад болон хэмжилтийн дүгнэлт хийлгэсний дараа удаа дараа гүйцэтгэгчид талбайн хэмжээ дутуу байгаа талаар шаардлага тавьсан. Ийнхүү талбайн зөрүү, дутсан асуудлаар гүйцэтгэгч байгууллагатай уулзахад ах Э.М, эх Ж.Б нар байлцсан. Энэ хүү үйл явдлын талаар мэдэх гэрчүүд болно. Гүйцэтгэгч энэхүү асуудлыг зураг төсөл гүйцэтгэгч болон бусад хүмүүстэйгээ ярилцаад эргээд хариу хэлье гэдэг хариу өгсөн. 2024 оны 12 сарын 20-ны өдөр .........5 дугаарын утсаар менежертэй холбогдоход оны дараа асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө гэсэн хариу өгсөн. 2025.01.04-ний өдөр 86861215 дугаарын утсаар дахин холбогдоход хохирлыг чинь барагдуулахгүй, шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн хариу өгсөн. Гүйцэтгэгч Ю ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс 4,24 м.кв талбай дутуу буюу гэрээний үүрэгт бүрэн гүйцэт, зохих ёсоор биелүүлээгүй биет байдлын доголдолтой ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн байна. Энэ нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул доголдлын хэмжээнд хувь тэнцүүлэн гэрээний төлбөрийг бууруулж зөрүү төлбөр болох 16,112,000 төгрөгийг Ю ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж бичгээр тайлбар ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгчээс
- Ю ХХК-н А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Орон сууцны барилгын доторх сууцны талбайд хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамт
- М корпараци ХХК-ны тэмдэг бүхий утасны ярианы дэлгэрэнгүй билл
- Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл
- Үйлчилгээний талбайн барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, биелэлтийн хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж А аймгийн Э сумын 3 дугаар баг Ж.. гудамж ........ тоот хаягт байрлах сууц буюу маргаан бүхий сууцны талбайн хэмжилт хийлгэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Ю” ХХК холбогдуулан худалдан авах гэрээний үүрэг 16,112,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг багасгаж шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр буюу 34,57м.кв хэмжээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 15,694,000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Гүйцэтгэгч Ю ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс 4,24 м.кв талбай дутуу буюу гэрээний үүрэгт бүрэн гүйцэт, зохих ёсоор биелүүлээгүй биет байдлын доголдолтой ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн байна. Энэ нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул доголдолын хэмжээнд хувь тэнцүүлэн гэрээний төлбөрийг бууруулж зөрүүг Ю ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг талаар тайлбар татгалзал ирүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
- Үйлчилгээний талбайн барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, “Ю” ХХК-н А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Орон сууцны барилгын доторх сууцны талбайд хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлт, А аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг шинжээчийн дүгнэлт зэргээр нэхэмжлэгч Э.Э нь “Ю” ХХК-тай Үйлчилгээний талбайн барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлсэн, харин хариуцагч “Ю” ХХК нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, биет байдлын доголдолтой хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Э нь 38.70 м.кв талбайн үнэ болох 147,060,00 төгрөгийг шилжүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр буюу 34.57 м.кв талбайн хэмжээгээр тооцож зөрүү болох 15,694,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч багасгасан байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ю” ХХК-аас 15,694,000 гаргуулан нэхэмжлэгч Э.Энхбаярт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,510 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул шүүхээс хангаж шийдвэрлэсэн хэмжээгээр буюу хариуцагч хариуцагч “Ю” ХХК-аас 236,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Ю” ХХК-аас 15,694,000 /арван таван сая зургаан зуун жаран ерэн дөрвөн мянга/ гаргуулан нэхэмжлэгч Э.Эт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Ю” ХХК-аас 236,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид дээрх хугацаанд гардуулах, гардуулах боломжгүй бол 7 хоногийн дотор хүргүүлж, хүргүүлснийг гардан авсанд тооцохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР