Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/912

 

 

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-д холбогдох 2306058620242 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

....тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ....... дүүргийн .... дугаар хороо, ..... булангийн ... дүгээр хэсэг, 0000 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын гарашид хууль бусаар нэвтэрч хохирогч Ч.М-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгсэл, приүс 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан “Хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 18 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-ас 4,299,000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.М-д 2,299,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д  2,000,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие “Андууд” нэртэй авто засварын газрыг Мтой хамтран ажиллуулдаг байсан. Мтой сарын цалин 1.5 сая төгрөгийн тохиролцон 2023 оны 10, 11, 12 сарын цалин болох 4.5 сая төгрөгийг авалгүй ажиллаж байсан. Цалингаа авъя гэхэд “хүлээж бай, би чамд нэг машин бодсон байгаа” гэдэг байсан. Засварын газрын түлхүүр нэг хувь надад байдаг байсан. Би М-оос шинэ он гарлаа, мөнгө цаас хэрэгтэй байна гэхэд М надад приус-20 машинаа ав гэж хэлсэн. Би засварын газраас машиныг авч Ө гэх хүнд 2 сая төгрөгөөр зарсан. Тухай хэрэг цагдаагийн газар шалгагдаж байх үед Ө нь 2 сая төгрөгөө авъя гэсэн. Би мөнгийг чинь өгнө гэхэд Ө надад хэлэхгүйгээр миний өөрийн мэдлийн хашаанаас 5 ханатай гэрийг минь буулган авч явсан байсан. Одоо хүртэл уг гэр Ө-д байгаа юм. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна, хохирлыг бүрэн төлж барагдуулна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 10 дугаар талд хулгайд алдагдсан гэх 0000 ААА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Нэт” ХХК гэсэн техникийн тодорхойлолт авагдсан ба хаяг нь Хөвсгөл мөрөн 07 Баянцагаан гэсэн байдаг. Өөр техникийн тодорхойлолт хэрэгт авагдаагүй болохоор автомашины өмчлөгчийг “Нэт” ХХК гэж үзэхэд хүрч байна.

Хавтаст хэргийн 32 дугаар талд хохирогч Ч.М-ийн “...Алдагдсан эд зүйл нь болох 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоогоос 20 хоногийн өмнө зарын дагуу холбогдож хувь хүнээс 3.800.000 төгрөгөөр худалдаж авсан...”, мөн хохирогч Ч.М-ийн эхнэр болох гэрч Д.У-ийн “...манай нөхрийн засварлаж байсан 0000 ААА улсын дугаартай саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл байхгүй болсон байсан...” /хх 34/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ч.М нь хувь хүнээс худалдаж авсан бол тээврийн хэрэгслийг яагаад өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй болон яагаад компанийн нэр дээр байгаа эсэхийг тодруулсан зүйлгүй байна. Мөн эхнэр Д.У-ийн мэдүүлгээс үзэхэд Ч.М нь уг автомашиныг засварлаж байсан болох нь тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд хулгайд апдагдсан гэх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хохирогч гэх Ч.М биш бөгөөд энэхүү нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүйгээс болж шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн Б.Г нь /шүүхийн хурлын тэмдэглэлд авагдсан/ хэлэлцүүлэгт: Улсын яллагдагчаас та учруулсан хохирлоосоо нөхөн төлсөн зүйл байгаа юу гэсэн асуултад “нөгөө ах эгч хоёр надаас 5 ханатай гэр авсан. Тэгээд хохирогч нараас хэдэн төгрөгийн хохирол гарсан бэ гэхэд 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэж хэлсэн. Хохирогч ах чи ажил төрлөө хийгээд байж бай, ахад нь гэр нь байж байг, би бороо усанд норгохгүй хураагаад байлгаж байя, мөнгөө өгөөд гэрээ аваарай гэсэн гэжээ. Хохирогч нь дээрх 5 ханатай гэрийг хохиролд тооцож авсан уу гэдэг нь тодорхойгүй, мөн уг гэр нь хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн гээд мөрдөн шалгах ажиллааны асуудал гарч байх тул хохирлын тооцоог нэг мөр болгох үүднээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь шударга болно хэмээн үзэж байна. Мөн энэ талаар хохирогч гэх Ч.М-оос тодруулаагүй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгч Б.Г-ын үйлдсэн гэх гэмт хэргийн гэм буруутай үйлдэл дээр маргахгүй бөгөөд зөвхөн хохирлын тооцоо болон хохирогч зөв тогтоогдсон эсэх дээр гомдолтой байна. Хохирлын тооцоо үнэн зөв гарсан тохиолдолд миний үйлчлүүлэгч Б.Г-д халдаах ял өөрчлөгдөх боломжтой болж хөнгөрөх тул давж заалдах шатны шүүх энэ тал дээр анхаарч өгнө үү.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Хэрэв анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд эдгээр асуудлууд яригдаагүй. Түлхүүр ямар замаар очсон талаар шүүгдэгч “би ууж сууж байхдаа авчихсан юм аа” гэдэг. Мөн тэрээр “Тухайн үедээ мөнгө байхгүй, цалингаа өгөхгүй болохоор нь би эд зүйлүүдийг нь авсан” гэж анхан шатны шүүх хуралдааны явцад ярьсан байдаг. Эхнэр нь “засаж байсан машиныг хулгайлсан”, нөхөр нь “миний худалдаж авсан машиныг хулгайлж авсан” гэж мэдүүлсэн гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд приус 20 маркийн машин хуучин, сэлбэгт очиж байгаа нь гэхэд 3,800,000 төгрөг болох талаар тодорхой танилцуулсан. Хуучин сэлбэгт авсан машинаа сэлбэж байсан гэдгийг хохирогч мэдүүлэгтээ дурдсан. “Цоож, цуурга эвдсэн ул мөр байхгүй. Заавал цоож, цуурга эвдсэн байхыг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж байна” гэж тайлбарлаж байна. Гэтэл түлхүүр тааруулж орсон үйлдэл нь хууль бусаар нэвтэрч орсон үйлдэл бөгөөд шөнийн цагаар, хохирогчийг байхгүй үед агуулах руу нэвтрэх ёсгүй байсан гэж үзэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Б.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ....... дүүргийн .... дугаар хороо, ..... булангийн ... дүгээр хэсэг, 0000 тоотод үйл ажиллагаа явуулах авто засварын газрын гаражид нууцаар нэвтэрсэн, гаражид байсан 0000 ААА улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл, приус 20 загварын 1500 багтаамжтай мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-10/,

гаражаас Б.Г тээврийн хэрэгслийг авч явж байгааг нотолж буй камерийн бичлэг /хх-ийн 11-24/,

хохирогч Ц.Мийн: “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед ажлаа хийж дуусаад гарашаа цоожлоод түлхүүрийг нь эхнэр Уугантуяад өгөөд ээжийнхээ гэрт хонохоор явсан. Би ээжийнхээ гэрт 3 хоноод өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ирээд, эхнэр бид хоёр гараш дотор байсан төмөр ачуулах гээд ирсэн, миний засварлаж байсан 0000 ААА  улсын дугаартай худалдан авсан саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Бас гараш дотроос өөр засварлаж байсан приус-20 загварын тээврийн хэрэгслийн мотор 1 ширхэг, цахилгаан мотор алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 31-32/,

гэрч С.Э-ын: “...2023 оны 11 дүгээр сарын дундуур манай танил Б.Г гэдэг залуу манай гэрт ирсэн. Тухайн үед Б.Г нь ...“Надад мөнгөний хэрэг гарлаа чи энэ хоёр багажийг хямдхан авах боломж байна уу” гэж асуусан. ...би Б.Г-ын авч ирсэн цахилгаан дрилл, импактыг нийлүүлээд 60.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /хх-ийн 36-37/,

иргэний нэхэмжлэгч Д.Ө-гийн: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед үл таних нэг эрэгтэй хүн миний өөрийн ажиллуулдаг авто засвар дээр ирээд “надад нэг приус-20 загварын автомашин байна, та 4,500,000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхэд нь би тухайн автомашиныг асааж үзэн шалгахад асуудалтай “засвар хийх юм зөндөө байна, би чиний хэлсэн үнээр худалдан авах боломжгүй, харин 2.000.000 төгрөгөөр худалдан авах боломжтой” гэхэд тухайн хүн надад зөвшөөрсөн. Тэгээд би тухайн хүн рүү мөнгө шилжүүлэх гэхэд “надад утас болон виза карт байхгүй, бэлнээр аваад өг” гэхээр нь би бэлнээр 2,000,000 тоолоод өөрт нь хүлээлгэн өгсөн. ...” /хх-ийн 41-42/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн БЗДЗ-23-714 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 44-46/,

Б.Г-ын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хэрэг болсон өдрөөс 3, 4 хоногийн өмнө М ахтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт явж байх үедээ гарашных нь түлхүүрүүдээс 1 ширхэг түлхүүр авсан байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-д шилжих шөнө М ахын гараш дээр очоод 0000 ААА  улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загварын автомашиныг асаах гэтэл асахгүй байхаар нь зам дээр гараа өргөж машин зогсоож жолоочоос нь бензин гуйгаад машинаа холбож асаагаад Цайз захын тийшээ явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...мөнгөлөг саарал өнгийн Тоёота приүс-20 загварын тээврийн хэрэгсэл, цахилгаан дрилл, импакт...”  /хх-ийн 75-80/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-ын авто засварын газрын гаражид шөнийн цагаар, эзэнгүй байхад нь нэвтрэн орж, гараж дотор байсан 0000 ААА  улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс-20 загварын тээврийн хэрэгсэл, 1500 багтаамжтай машины мотор 1 ширхэг, хайшин мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан ба шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын “...хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээ 2 жилийн хугацаагаар хорих болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь “...7,785,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл, 81,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан дрилл, 132,000 төгрөгийн үнэлгээ бүхий импакт...” /хх-ийн 75-80/ зэргийг хохирогч Ч.М-ид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн БЗДЗ-23-714 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 44-46/-ээр үнэлэгдсэн  “...66,000 төгрөгөөр тасдагч, 120,000 төгрөгөөр зүлгэгч...” зэрэг багаж хэрэгслийг Ц.М-д эргүүлэн өгсөн, эдгээрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулж яллах дүгнэлт үйлдээгүй байх тул шийтгэх тогтоолоор Б.Г-аас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос 186,000 төгрөгийг хассан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад оруулахаар шийдвэрлэв.    

Шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс магадлал гарсан 2028 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 81  хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,  

3 дахь заалтын “...4 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж,

6 дахь заалтын “...шүүгдэгч Б.Г-аас 4,299,000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.М-д 2,299,000 төгрөг, ...” гэснийг “...шүүгдэгч Б.Г-аас 4,113,000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.М-д 2,113,000 төгрөг, ... ” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэсэгчлэн хангасугай.    

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ