Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 215/МА2022/00003

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2021/00573 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 5 дугаар баг, Алтайн-Оргилд оршин суух Х овгийн Д.А-ийн /РД: ДИ691112.../ нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга: Д овогтой А миний бие 1969 оны 11 дүгээр сарын 12-нд Тонхил сумд төрсөн. Миний бие 1988 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байна. 1998 онд Р.Н-той /ДИ720401.../ гэр бүл болж өнөөдрийг хүртэл мал маллаж байна. 2019 онд 50 нас хүрч 2020 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарч тэтгэвэр авч эхэлсэн. Гэвч 2021 оны 04 дүгээр сард нийгмийн даатгалаас тэтгэврийг зогсоож 2013-2019 онд мал бүхий өрхөөр малын А дансанд бичигдсэн байна гэсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ хүмүүс өөрсдөө малчин гээд мал хариулж байгаад 2017, 2019, 2012-2015 онуудад тэтгэвэрт гарах гээд шимтгэл төлж байсан. Тэтгэвэрт гарсны дараа танайх мал бүхий өрх байсан байна. Үүнийгээ тогтоолгож ир гээд албан ёсны шийдвэр байхгүй амаар яриад тэтгэврийг нь зогсоочихсон. Дансанд тэтгэвэр ороод байдаг боловч ашиглаж болохгүй гээд байгаа учраас шүүхэд хандсан гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Х овгийн Д.А-ийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ий давж заалдах гомдлын агуулга: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2021/00573 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтуудыг иж бүрнээр олон талаас авч үзээгүй. Малын А дансыг тухайн үед бичиж алдаа гаргасан хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж хохирох учиргүй гэж үзэж байна. Иймд миний энэхүү хүсэлтийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

1.Хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл:

 

Хүсэлт гаргагч Д.А нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн: 2012-2017 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Р.Н, Д.А нарыг 1998 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөг хүртэл хамтын амьдралтай байгааг тогтоож шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 254 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн архивын тасгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1044 дугаартай “...Тус аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин, өрхийн тэргүүлэгч Р.Н-ийн мал маллаж байсан хугацаа /1998-1999, 2001-2011 он/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар үнэлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг судлаад хүсэлт гаргагч Д.А нь Р.Н-той хамтын амьдралтай болох нь тогтоогдож байх боловч 2013-2019 оны Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, тооллогын баримтад малчин өрх бус мал бүхий өрх гэж тэмдэглэгдсэн, уг хугацааны малын А дансанд малчдын тоо 0 гэж, зөвхөн малын тоо бүртгэгдсэн байна.

 

Р.Н, Д.А нар нь 2009 оноос хойш мал аж ахуйгаа өөрсдөө гардан эрхлээгүй байна гэж дүгнэн Д.А 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Хүсэлт гаргагч иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.1.6-д заажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багт мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг дээрх нотлох баримтуудыг үндэслэн бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

 

Хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь нотлох баримтуудыг иж бүрнээр нь олон талаас нь судалж үзээгүй, малын А дансыг тухайн үед буруу бичиж алдаа гаргасан хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж хохирох ёсгүй гэж үзэж байна гээд: 1.Малын “А” данс

 2.Малчин мэргэжлийн үнэмлэх

 3.Малчин өрхөд өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх гэрчилгээ

 4.Багийн даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг судалж үзэхийг хүсчээ.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “Малчин өрх” гэж малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг хэлнэ гэж заажээ.

 

Хүсэлт гаргагч нь 2013, 2014, 2015, 2017 онуудад нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн, өөр ажил хийж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй нь мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлж орлого олж байгаагүйг нотлож байна.

 Мөн Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Малчин мэргэжлийн үнэмлэхийг Д.А-д олгосон, Тонхил сумын “Алтайн-Оргил” багийн “Хүйтэн хүүшийн улаан толгой” гэх өвөлжөөний зориулалттай газрыг 2007 оноос хойш 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, мал тооллогын “А” дансаар 2013 онд 81 толгой, 2014 онд 89 толгой, 2015 онд 73 толгой, 2016 онд 56 толгой, 2017 онд 75 толгой, 2018 онд 79 толгой, 2019 онд 66 толгой мал тус тус тоологдсон байгаа болон сумын Засаг даргын Тамгын газар, гэрч нарын тайлбар зэргээр Д.А нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг нь давхар нотлож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 133/ШШ2021/00573 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.А Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Алтайн-Оргил” багт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагч Д.А төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.Э

 

                 ШҮҮГЧИД                          Ш.Б

 

                                                                   Т.Ж