| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06966/И |
| Дугаар | 102/ШШ2024/05748 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/05748
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/05748 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ************ -ны нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***************** холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар үйлчилгээний зардал төлбөр 335 254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************,
хариуцагч *************** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар үйлчилгээний зардал төлбөр 335 254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Т************ийнх 2021 оны 1 дүгээр сараас эхлэн СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 331,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 335,254 төгрөгийн төлбөр байгаа. Манайх ************** СӨХ-г 2023 оны 11 дүгээр сард хүлээж авсан. Хүлээж авахад маш их өртэй байсан.Оршин суугчид нь мөнгөө өгөхгүй, СӨХ-ны дарга нь мөнгөө төлж чадахгүй орхиж явсан. Хорооноос манайхыг аваач гэсний дагуу манайх хүлээж аваад, хуучин өр төлбөрийг нь төлж барагдуулсан. Т.************ нь 2021 оноос хойш дундын эд хөрөнгийг ашиглаж байсан тул дундын өмчлөлийн төлбөрөө төлөх нь зүйтэй. Иймд хариуцагч Т.************ээс 335,254 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа: ...намайг 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрөө төлөөгүй гэж байна. Өмнөх захирал нь үйл ажиллагаа явуулахгүй, мөнгийг нь аваад алга болсон. Цэвэрлэгээ үйлчилгээ байхгүй, оршин суугчид өөрсдөө цэвэрлэгээ хийгээд явж байсан. Дундын өмчлөлийн ус дулаан нь орон сууц нийтийн аж ахуйн конторт харьяалагдана, цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй байж бид мөнгө төлөх ёсгүй. Иргэд бидний эрх ашгийг хэн хамгаалах вэ. Орцны цонх хагарсан, цэвэрлэгээ үйлчилгээ байхгүй, засвар үйлчилгээ байхгүй байсан үеийн төлбөрийг төлөх нь зөв үү. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/
2023.10.13 №3 СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 4 дүгээр тал/
Төлбөрийн баримт /хэргийн 5 дугаар тал/
2024.10.24-ний ************** СӨХ-өөс ****************олгосон итгэмжлэл /хэгийн 6 дугаар тал/ зэрэг баримтууд,
5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 10 дугаар тал/
хариу тайлбар /хэргийн 14 дүгээр тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хариуцагч нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрөө төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2023 оны 11 сараас 2024 оны 11 сар дуустал хугацааны 331 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 335 254 төгрөг болсныг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... энэ СӨХ 2023 оны 11 сараас эхлэн үйл ажиллагаа явуулсан, өмнөх СӨХ үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн “**************” Сууц өмчлөгчдийн холбоо 2009 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 125 тоот гэрчилгээ аван үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч ************** СӨХ Баянгол дүүргийн 10, 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах ***************байрыг хариуцан СӨХ-ны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, СӨХ-ны захирлаар ************* томилогдсон, СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор засвар үйлчилгээний үнэ тарифийг 2021 онд 12 700 төгрөг, 2023 оны 11 сард 25 000 төгрөг, 2024 оны 10 сард 28 000 төгрөгөөр тогтоосон, хариуцагч Т.************ Баянгол дүүргийн ************** тоот орон сууцны сууц өмчлөгч мөн эсэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4. Хариуцагч буюу сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй байна.
5. Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2021 оны 01 сараас 2023 оны 10 сар дуусталх хугацааны орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөр 335 254 төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, банкны төлбөрийн нэхэмжлэх баримтуудаар тогтоогдож байна.
6. Хариуцагч ... сүүлд байгуулагдсан СӨХ 2023 оны 11 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүнээс өмнө үйл ажиллагаа эрхлээгүй, СӨХ ажиллаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, их бохир эмх цэгцгүй байранд амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг баримт сэлт хүсэлт гаргаагүй.
7. Хэрэгт авагдсан баримтаар ************** СӨХ 2009 онд байгуулагдсан, 2023 оны 10 сарын 13-ны өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар ************* томилсон үйл баримт тогтоогдож байгаа ба энэ нь ************** СӨХ гүйцэтгэх захирал томилогдох хүртэл үйл ажиллагаа явуулаагүйг нотлохгүй.
8. Иймд хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
9. Нэхэмжлэгчийн шаардах эрх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 335 254 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 540 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Т.************ээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 335 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**************” СӨХ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 540 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ