Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 215/МА2022/00005

 

Х.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд оршин суух, ДН750407... регистрийн дугаартай, О овгийн Х.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэл түүний үндэслэл агуулга:

 

Нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлдээ: Миний бие 2006 оноос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... дугаар сургуульд бага ангийн багшаар томилогдож ажиллаж байсан бөгөөд 2019 оны 4 дүгээр сараас өөрийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Миний бие боловсролын байгууллагад нийт 15 жил багшилж ирсэн. Гэтэл 4 дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ч нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны Б/59 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдэж, намайг ажлаас чөлөөлөгдсөн учир ажил хийлгэхгүй гэсэн. Тухайн тушаалын үндэслэл дээрээ намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэжээ. Миний хувьд сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрлөх эрхэд халдаж, улмаар багш миний хувьд энэ жил 2 дугаар ангийг хариуцаж байсан бөгөөд манай ангийн хүүхдүүдийн эрх ашгийг бас хөндөж, хохироож байгаад гомдолтой байна. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын Б/59 тоот Х-ын Д-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургууль нь хариу тайлбартаа: Х-ын Д нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тус сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн.

1. Бага боловсролын багш Х.Д нь байгууллагын дотоод журмын 8.2.1-т заасан боловсролын баримт бичгийг цаг тухайд нь хөтлөөгүй хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах бууруулах үйлдэл гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон.

2. Бага боловсролын багш Х.Д нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2 дахь заалтыг давтан зөрчсөн.

3. Багш Х.Д дүнг буруу бичсэн 7А ангийн 21 суралцагчийн хувийн хэргийг Боловсрол соёл урлагийн газарт захиалга өгсөн боловч хуулийн хугацаа болоогүй тул нөхөн бичилт хийгдээгүй хүлээгдэж байгаа болно гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О овгийн Х-ын Д-ын хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн нэхэмжлэгч Х.Д өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00554 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургууль нь хариу тайлбартаа ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Ажилтан Х.Д нь 2021 оны 08 дугаар сарын 13, 16, 17-ны өдөр ажил тасалсан, сурагчийн хувийн хэргийн дүн буруу бичсэн гэсэн 2 зөрчлийг гаргасан талаар дурьджээ.

Эхний зөрчлийн хувьд анхан шатны шүүх дүгнэлт гаргахдаа Х.Д нь 8 дугаар сарын 13, 16, 17-ны үед Хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш байна гэж үзсэн.

Мөн ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц ажил тасалсан үйл баримтад бус боловсролын баримт бичгийг буруу хөтөлсөн үйл баримтад тулгуурласан. Тухайн зөрчил хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж тус тус дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. /гомдлын дээрх хуулийн заалттай холбоотой үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлана./ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2, 5.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1, 8.2.2 дахь заалтыг үндэслэн бага ангийн багш Х.Д-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргажээ.

 

Х.Д “...Миний хувьд сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрлөх эрхэд халдаж улмаар миний хариуцаж байсан 2 дугаар ангийн хүүхдүүдийн эрх ашгийг бас хөндөж, хохироож байгаад гомдолтой байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч тушаалынхаа үндэслэлийг: Багш Х.Д нь байгууллагын дотоод журамд заасан боловсролын баримт бичгийг цаг тухайд нь хөтлөөгүй, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах бууруулах үйлдэл гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг давтан зөрчсөн буюу 2021 оны 8 дугаар сарын 13, 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан гэжээ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан гэх зөрчлийн үндэслэл, шалтгааныг шалгаад нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа нь тус сургуулийн нийт багш нарын төрийн албанд ажилласан хугацаанаас үл хамааран ажлын 48 хоног байна.

 

 Х.Д нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бус 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан учраас ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.1.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурваас дээш өдөр ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш бөгөөд хоёр өдөр ажил тасалсан гэж үзэх уг зөрчилд сахилгын өөр шийтгэл ногдуулах нь зохистой байжээ гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөх гол үндэслэлээ болгосон боловсролын баримт бичгийг буруу хөтөлсөн гэх үйл баримт нь тухайн ажилтны  хөдөлмөрлөх явцдаа талууд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажил үүрэгтэй холбоотой заавар, журмыг зөрчсөн эсэх, мэргэжил, ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шалгаж, зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт хуульчлан заажээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь багш Х.Д нь сурагчдын хувийн хэргийг удаа дараа шаардсан боловч сургалтын менежерт өгөөгүй учраас шалгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад боловсролын баримт бичгийг цаг тухайд нь хөтлөөгүй, хуурамчаар хөтлөх, гадагш гаргах, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээр ахиулах бууруулах үйлдэл гаргасан нь тогтоогдсон ... учраас ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

 

  Нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийн улмаас урьд нь захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байхад ажил олгогчоос дахин энэ сахилгын зөрчилд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан байна.         

   Нэхэмжлэгч Х.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан тус сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 дугаар тушаалыг гаргахдаа захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон талаар уг тушаалд тусгасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс, ямар нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгааг хариуцагчаас тус тус асууж тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг хөндөхгүй.

 

   Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд оролцогчид нь нотлох баримт бүрдүүлэх боломжоор тэгш хангагдаагүй байдгийг анхаарч хэргийн оролцогчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлөөр хангасан байх нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэж үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

 

Гэтэл Х.Д-д сахилгын шийтгэл оногдуулсан тус сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тушаалын үндэслэл тодорхойгүй нэхэмжлэгч, хариуцагч нар өөр өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд тухайн шийтгэлийг оногдуулах шийдвэр гаргасан захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлсон байж болохоор байх тул энэ талаарх шаардлагатай нотлох баримтыг гаргах боломжийг зохигчид олголгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

 

Энэ нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр суурь баримтлах ерөнхий шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотой энэхүү маргааны үйл баримт нь зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын төдийгүй тухайн сургуульд суралцаж байгаа зарим суралцагчдын эрх ашиг, сонирхолд хамааралтай байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх нотлох баримтыг цаг хугацаа, үйл баримттай харьцуулан үндэслэл бүхий үнэлж, дүгнээгүй тохиолдолд маргааны зүйл, бодит байдал, талуудын мэтгэлцээнээр бодитой тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж буйг заахаар зохицуулжээ.

 

Шүүхийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай.

 

Эдгээр нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй  болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 133/ШШ2021/00554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.Б

 

           ШҮҮГЧИД                          Ч.Э

 

                                                                     Т.Ж