Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 66

 

2018 оны 04 сарын 12 өдөр                       2018/ШЦТ/66                                Хэрлэн сум

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0054/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         А.Уламбаяр,

Улсын яллагч                                           Я.Сансар,

Хохирогчийн өмгөөлөгч                                       Д.Оюунцэцэг,

Хохирогчийн төлөөлөгч                                       С.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      С.Нарангэрэл,

Шүүгдэгч                                                   Ц.Ө нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Маапанбаагийн Б, Эвтэн овогт Цогтоогийн Ө нарт холбогдох 201723000063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1989 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Эвтэн овогт Цогтоогийн Ө /РД: /

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-14 тоотод оршин суух, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан /2018 оны 04 дүгээр сарын 03-нд нас барсан/ Боржигон овогт Маапанбаагийн Б /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Ц.Ө М.Б нар нь 2017 оны 02 дугаар сарын 08-09 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Нартын энгэр” гэх газраас иргэн З.Цэндийн 2 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 05 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боржигон нутаг” ХХК хүнсний дэлгүүрийн цонхоор буюу, орон байранд нэвтэрч, дэлгүүрээс эд зүйлс хулгайлж 3.337.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч З.Цэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08-09-нд шилжих шөнө миний хонгор азаргатай адуунаас хул халзан зүсмийн морь, дэлдэн чихтэй улаан хээр зүсмийн морь нийт 2 тооны морь маань бэлчээрээсээ алдагдсан энэ талаар манай адуучин Батбилэг надруу утсаар залгаж хэлсэн бөгөөд би тухайн үед Улаанбаатар хотод байсан  ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ-ийн 61-63 хуудас/

Хохирогчийн төлөөлөгч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боржигон нутаг” ХХК-д нягтлан бодогч хийдэг юм. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байхад ойролцоогоор 08 цаг 05 минутын орчимд манай компаний харуул Энхбаяр нь надруу утсаар залгаж яриад манай компаний дэлгүүрт хулгай орсон болохыг надад хэлсэн... манай супермаркетийн бараануудын зарим нь газарт унаж асгаран эмх цэгцгүй болчихсон байсан бөгөөд супермаркетийн ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхны жижиг салхивчаар нь хулгай орсон байдалтай байсан юм. Уг асуудлаас болж манай компаний супермаркет нэг бүтэн өдөр супермаркетаа хааж тооллого явуулж ямар эд зүйлс алдагдсан болохыг нэг бүрчлэн тоолж,...алдагдсан эд зүйлсээ үнэлгээний компаниар үнэлүүлсэн байгаа уг үнэлгээгээрээ алдагдсан эд зүйлсээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ-ийн 49-51/

Гэрч Б.Золсумъяагийн мөрдөөн байцаалтанд өгсөн: “…Тэгээд би өөрийн хариуцсан цахилгаан барааны лангуун дээрээ ирэн лангуунаас маань ямар нэгэн бараа алдагдсан эсэхийг шалгаж бараануудаа нэг бүрчлэн тоолж бүртгэхэд нийт 2 ширхэг нөүтбүүк компьютер алдагдсан байсан бөгөөд уг алдагдсан хоёр ширхэг нөүтбүүк компьютерийн маань хажуу талд байсан Dell cor i3 брендийн нөүтбүүк компьютерийг маань газарт унагаасан бололтой дэлгэцийг нь хагалчихсан байсан…” гэсэн мэдүүлэг /2-р Хх-ийн 82-83 хуудас /

Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “....супермаркет дээрээ очиход ...хамгийн зүүн талын лангууны бараанууд нь унаж задран эмх цэгцгүй байдалтай болчихсон байсан бөгөөд мөн уг лангууны зүүн талын вакум цонхны шил нь хагарч жижиг поорчиг нь онгорхой байсан...гадаа гараад гадна талаас нь уг вакум цонхоо харахад уг вакум цонхны маань гаднах хамгаалалтын төмөр нь бас эвдэрчихсэн байхаар нь уг онгорхой байсан жижиг салхивчаар хулгай орсон байна гэж үзээд яаралтай ,цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2-р Хх-ийн 84-85 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2-р Хх-ийн 23 хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2-р Хх-ийн 24-28 хуудас/

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р Хх-ийн 29 хуудас/

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р Хх-ийн 30 хуудас/

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №076 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р Хх-ийн 89 хуудас/

Сэжигтэн Ц.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Б бид хоёр хамтдаа хулгай хийе гэж ярилцаж тохироод явж бэлчээрт байсан адуунаас Б 2 морь уургалж бариад би ногтлоод бид хоёр гэр лүүгээ буцсан. Маргааш нь ажиллаад мөн өөрийн адуунаас нэмж нэгийг ажиллаад дээрх морьдын махыг хотод авчирч “Хүчит шонхор” захад ченжид өгсөн мөнгөөрөө өр ширээ дарж, үлдсэнээрээ гэр орондоо хэрэгтэй зүйл авсан...” гэсэн мэдүүлэг /1-р Хх-ийн 147-148 хуудас /

Сэжигтэн М.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Цогзолмаа эгчийн адууг малладаг, 2017.02.08-нд хүү Ө нь портер машинтай ирсэн. Ө надад хоёулаа оройхон адуунд явъя, адуу хулгайлъя гэхээр нь би зөвшөөрсөн. Бид хоёр орой болонгуут нэг, нэг морь унаад гэрээс баруун урагш нилээн яваад “Нартын энгэр” гэх газарт хэсэг адуутай таарсан. Бид хоёр морь авахаар болоод би уургалж бариад ногтлоод Ө хөтлөөд гэр лүүгээ явсан. Хэний адуу болохыг мэдээгүй, өглөө нь ажиллаад махыг нь Өын машинд ачиж өгсөн би ямар нэг мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг /1-р Хх-ийн 123-125 хуудас/

“....Би 2017 оны 05 дугаар сарын 21-ний орой Түмэндэмбэрэл бааранд орж архи, пиво ууж байгаад орой 00 цагийн үед баар хаахаар нь гарсан. Тухайн үед их согтсон байсан. Тэгээд Хэрлэн сумын 3 дугаар багт байдаг хүмүүсийн хэлдгээр нутгийн дэлгүүрийн цонхны төмөр хөөлтын эвдэж дотогш орж хулгай хийсэн. Тухайн үед би тамхи, нөүбүүк зэрэг эд зүйлс аваад Хэрлэн сумын 4 дүгээр багт байдаг ээжийнхээ хашаанд нуусан. 1 хоногийн дараа цагдаад баригдаад хулгайлсан эд зүйлсээ хураалгасан ...” гэсэн мэдүүлэг /2-р Хх-ийн 128-129 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ө, М.Б нар 2017 оны 02 дугаар сарын 08-09 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг “Нартын энгэр” гэх газраас иргэн З.Цэндийн 2 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч З.Цэнд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоодож байгаа ба дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн боловч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа бөгөөд уг үйлдэлд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч М.Б нь давтан үйлдэлээр 2017 оны 05 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Боржигон нутаг” ХХК хүнсний дэлгүүрийн цонхоор буюу, орон байранд нэвтэрч, дэлгүүрээс эд зүйлс хулгайлж 3.337.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Мөнхцэцэг, гэрч Б.Золсумъяа, С.Энхбаяр нарын мэдүүлэг, эд хөрөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №076 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь түүний ар гэрийнхнээс ирүүлсэн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Цэндэд 3.000.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Ц.Ө хохирогчийн 5058154572 дугаартай дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны 2018 оны 03 дугаар сарын 16-ны 1968723 дугаар орлогын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба хохирогчоос алдсан малынхаа хойноос эрж хайсан, цагдаагийн байгууллагад дуудагдсан зардал гэж нэхэмжилсэн нийт 748.600 төгрөгийн шууд бус зардлыг шүүгдэгч Ц.Ө нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Харин Боржигон нутаг ХХК-д нийт 3.925.150  төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Б нь нас барсан, түүний хувь ногдох хөрөнгө тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХнь:

1. Шүүгдэгч Эвтэн овогт Цогтоогийн Ө, Боржигон овогт Маапанбаагийн Б нарыг хамтран бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Маапанбаагийн Быг давтан үйлдэлээр, орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Өыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгүүдэд зааснаар гэмт хэргийн хор уршгийг 2018 оны 06 дугаар сарын 30-ны дотор арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Өоос 748.600 төгрөгийг гаргуулж хохирогч З.Цэндэд олгож, Боржигон нутаг ХХК-ны нэхэмжлэсэн 3.925.150  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Ц.Мөнхбод нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Б нь 33 хоног цагдан хоригдсон, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хьюндай портер маркын автомашин болон хонгор зүсмийн сартай зуузай тамгатай морь, шарга морьдыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Мөнболдод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ