Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                              Прокурор Б.Мандалмаа

                              Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

                              Нарийн бичгийн дарга П.Батцагаан нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/133 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Г.Б-д холбогдох эрүүгийн 2326002400190 тоот хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл ***, *** хамт *** *** дүүргийн *** дугаар хорооны *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овгийн Г.Б /РД: ***/

Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн зарын групп гэсэн фейсбүүк цахим хаягт “*** сумын ***-р багт 2 айлын хашаа зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Д.Г-ийг төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс өөрийн Хаан банкны харилцах *** тоот дугаарын дансыг ашиглан 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овгийн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн газрын бичиг баримтыг шилжүүлж авах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Г нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2.т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2326002400190 дугаартай шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 169 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 133 дугаартай цагаатгах тогтоолоор “...шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл хохирогч Д.Г-ийг хуурч, түүнийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн Г.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Цагаатгах тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс ...Д.Г нь 2021 оны 9 дүгээр сард 1 айлын газрыг авахаас татгалзаж, 1 айлын газрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөгийг шилжүүлж худалдан авсан болох нь хохирогч Д.Г, гэрч Д.Э, Т.Ш, Г.Б, У.Д нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Засаг даргын *** дугаартай албан бичиг, хохирогч Д.Г-ийн Хаан банкны *** тоот дугаарын дансны хуулга зэргээр нотлогдож тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд ...шүүгдэгч Г.Б-ийн үйлдэлд хохирогч Д.Г-ийг хуурч, түүнийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б, хохирогч Г нь нар нь газар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Д.Г нь 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо тухайн газартаа амьдарч багаа, шүүгдэгч Г.Б нь хүнд өвчний учир хэвтэрт орж, хөдөлмөрийн чадвараа алдаж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсны улмаас газрын гэрчилгээг барьцаанаас чөлөөлж шилжүүлж чадалгүй удаашруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, хохирогч Д.Г нарын хооронд иргэний эрх зүйн маргаан үүссэн байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл ...шүүгдэгч Г.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан, түүнд бусдыг залилах санаа зорилго анхнаасаа байсан гэж үзэх үндэслэлгүй юм...” гэж худалдан авсан газрын гэрчилгээг шилжүүлэхгүй гэж маргаагүй зэргээс дүгнэхэд залилах гэмт хэргийн сэдэлт санаа, зорилго тогтоогдоогүй, гэмт хэргийн субьектив шинж хангагдаагүй гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь: Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Г-ийн “...Би 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн зарын групп дээр 10-р багт 2 айлын хашаа зарна гэсэн зарын дагуу холбогдож, нэг залуу болон тухайн залуугийн ээж гэх нэг эмэгтэй яриад тухайн хүмүүсээс 1 айлын газрыг авахаар тохиролцсон юм. Тэгээд тухайн холбогдсон хүмүүс хотод байна гэсэн тул гэрээ хэлцэл хийж чадаагүй, мөн би Төв аймгийн *** суманд ажлаар явахаар болоод тухайн хүмүүстэй утсаар ярилцаж байгаад хашааг нь заалгаж очоод үзээд үнэ хөлсөө ярилцахад 5,000,000 төгрөг гэхэд нь тухайн хүмүүсээс дансыг нь аваад 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 10 дугаар сард тухайн хашаа зарсан залуу, ээж гэх нэг эмэгтэй хүнтэй ирээд үдээс хойш бичиг баримтыг чинь шилжүүлнэ, хажуу талын хашааг чинь зарчихлаа утсаар ярингуут хамт бичиг баримтаа шилжүүлье гээд би хүлээж байтал гар утас нь холбогдохоо болиод ахиж яриагүй. Тэгтэл 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай охин Га эхнэр бид хоёрыг Улаанбаатар хотод байхад над руу залгаад нэг настай эгч хүн дагуулж ирээд манай хашааг зарна гээд хашааны бичиг баримт үзүүлээд байна гэхээр нь би Улаанбаатар хотоос ирээд цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна. .. Тухайн үед авахаар тохиролцож 5 сая төгрөг шилжүүлсэн хашаа нь Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багийн ***-р гудамжны *** тоотод байрлалтай хашаа юм. Уг хашааны талыг нь өөр хүнд зарчихсан байсан. Тэгээд тэр айл нь дундуур тасалгаа хийгээд одоо амьдарч байгаа манай хашаа хоёр тал болсон. Хашааны бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлээд өгөх юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Д.Э-ийн “... Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт *** айлын газар манай аав Д гэдэг хүний нэр дээр байсан. Манай аав тухайн үед манай ах Г-ийн хоёр хүүхэд болох Б, Ба хоёрын нэр дээр болгон өгч байсан. Тухайн үед Б бид хоёрт мөнгөний хэрэг гараад Ш гэх хүнд барьцаанд тавьж мөнгө зээлсэн. ... манай ахын охин болох Б нь нэг айлын газраа миний нэр дээр шилжүүлээд зээл авчихъя гэж бид хоёр хоорондоо тохиролцоод миний нэр дээр тухайн газрыг 1,500,000 төгрөгийн барьцаанд тавиад би 1,000,000 төгрөгийг нь аваад манай дүү Б 500,000 төгрөгийг авч байсан. Мөнгө зээлсний дараа төлж чадахааргүй болохоор нь Ш гэх хүнд барьцаалсан газраа зараад мөнгийг нь гаргаад авчих гээд би зээлсэн 1,000,000 төгрөгөө Б-д өгсөн. Тухайн газар нь миний нэр дээр байгаагүй. Б бид хоёрт мөнгө хэрэгтэй байсан болохоор барьцаанд тавьж мөнгө зээлэх гэж миний нэр дээр шилжүүлж байсан. Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт байх миний нэр дээрх газрыг Б бид хоёр мөнгө зээлэх гэж миний нэр дээр шилжүүлж байсан. Тухайн газрыг миний нэр дээр шилжүүлсэн гэж Б-ийн ээж Д мэдэж байгаа. Тухайн газар нь одоо миний нэр дээр байгаа, ямар нэгэн хүнд худалдан борлуулаагүй. ...Ба нь надтай хамт тухайн газрыг миний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьж байсан. Б-ийн төрсөн дүү юм. Би Ба гэх хүнд миний нэр дээр шилжүүлсэн Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт байрлах газрыг худалдан борлуулаагүй. .. Миний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьсан талаар Ба-ийн ээж болон Б нар мэдэж байгаа мэдсээр байж өөр хүнд зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн газрыг барьцаанд тавьсан мөнгийг нь Б-д буцаан өгч байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч Т.Ш-ын “... Би 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Э гэх эмэгтэйгээс Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багийн *** тоотод байрлалтай гэрчилгээний *** дугаартай нэгж талбарын *** дугаартай, улсын бүрттэлийн *** дугаартай гэр бүлийн хэрэгцээний 523,57 мкв хэмжээ бүхий газрыг барьцаанд авч 2,000,000 төгрөг өгч байсан. Тухайн Э гэх эмэгтэй одоо болтол мөнгийг минь өгөөгүй, хүүг нь ч өгөөгүй. Би байнга л мөнгө гэж ярьж байсан. Сүүлд 2015 онд мөнгийг чинь өгч чадахгүй та өөрөө наад газраа ав, би хотод байна гэж хэлээд холбоо тасарсан. Харин 2023 оны 6 дугаар сарын сүүлээр надаас нэг хүн хашаа  газар асуухаар нь би тухайн хүнд надад нэг газар байгаа чи очоод буугаад хашааг нь өөд нь татаад байж бай гэж хэлээд явуултал нөгөө хашаанд чинь айл байна гэхээр нь өөр хүн ашиглаж байгаа гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас хуудас/, Д.Г-ийн Хаан банкны харилцах *** тоот дугаарын дансны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр *** тоот дугаарын дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ..” зарлагын баримтын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-р хуудас/, Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5540/281 дугаартай "... Г.Б нь Хаан банкны *** тоот харилцах данстай ба гэрийн хаяг: Өвөрхангай аймгийн *** сумын ***-р баг, *** Утас: ***./ гэсэн лавлагаа /хх-ийн 18-р хуудас/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн “... 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г.Б-д бэлэглэсэн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Д.Э өмчилсөн...” гэсэн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ /хх-ийн 15-р хуудас/,

Хохирогч Д.Г-ийн өгсөн “...хажуу талын хашааг чинь зарчихлаа утсаар ярингуут хамт баримт бичгээ шилжүүлье гээд, би хүлээж байтал гар утас нь холбогдохоо болиод ахиж яриагүй. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Д.Э-ийн “Ба надтай хамт тухайн газрыг миний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьж байсан, Б-ийн төрсөн дүү юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г-ийн өгсөн “... Г.Б нь уг газар нь эгчийн нэр дээр байсан газар гэдгийг хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэргээр үгүйсгэгдэж, эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь Г.Э-ийн өмчлөл эзэмшилд тухайн газар шилжсэн, барьцаанд тавьсан байсныг мэдэж байсан, мөн өөрийн өмчлөл эзэмшлийн газар биш гэдгийг мэдсээр байж фэйсбүүк зарын группд зар оруулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг бусдын мэдэлд шилжүүлэх, зарж захиран зарцуулах эрхийг олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд “Залилах” гэмт хэргийн обьектив талын шинж болох бусдад бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл, мөн уг гэмт хэргийн субьектив талын шинж болох гэм буруугийн санаатай бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийн өмнө бий болсон гэж үзэхээр байна.

Тухайлбал: Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 3-н жил 2 сар гаруйн хугацаанд ямар нэгэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөх, хариу төлбөр хийх талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй болох нь үйл баримтаар нотлогдож тогтоогдсон. Мөн тухайн газрын гэрчилгээ нь Ш гэх хүний барьцаанд байгаа нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд дээрх үйлдлийг энэ хугацаанд хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сард мэс засалд орсон, 2022 оны 10 сард Өвөрхангай аймагт ээжийн хамт ирж газар шилжүүлэн зарсан үйл баримт зэргээс дүгнэлт хийхэд шүүхийн дүгнэсэн ...хөдөлмөрийн чадвараа алдаж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, гэрчилгээг барьцаанаас чөлөөлж шилжүүлж чадаагүй удаашруулсан нөхцөл байдал тогтоогдож байна... гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдал, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад нийцэхгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь тухайн газрын гэрчилгээг хохирогч Д.Г-т буцаан олгох боломжгүй нөхцөл байдал үүссэнээс одоог хүртэл 3-н жил 2 сарын хугацаанд гэрчилгээг шилжүүлээгүй нь тус газрын гэрчилгээ нь барьцаанд тавигдаж, Ш гэх хүний эзэмшилд шилжсэнтэй холбоотой байна.

Цаашид эрх шилжүүлэх нөхцөл байдал биелэгдэх боломжгүй байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Б нь бусдын өмчлөл эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч Д.Г-ийг хуурч, өөрийн өмчлөл эзэмшлийн газар гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн зарын групп гэсэн фейсбүүк цахим хаягт “*** сумын ***-р багт 2 айлын хашаа зарна” гэсэн зар байршуулж, өөрийн 1 айлын газрыг зарж борлуулсан, Г.Э-ийн 1 айлын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг бусдын өмчлөл эзэмшил, барьцаанд байгааг мэдсээр байж хохирогч Б.Г-ийг хуурч, төөрөгдөлд оруулан түүнд 5,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, өөрт хариуцуулан өгөөгүй эд хөрөнгийг бусдын мэдэлд шилжүүлэх, зарж захиран зарцуулах эрхийг олж авсан, одоог хүртэл бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байгаа нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, уг гэмт хэрэг мөн гэж дүгнэхээр байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг нь хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч Г.Бгийн гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж хуулиар хамгаалагдсан бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд шударгаар ял шийтгэл оногдуулах үүрэгтэй.

Гэтэл шүүх энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэждүгнэх үндэслэл болж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Мандалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн зарын группт фэйсбүүк цахим хаягт *** сумын *** дугаар багт 2 айлын хашаа зарна гэсэн зарыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэн Д.Г-ийг төөрөгдөлд оруулж, хуурч түүнээс өөрийн хаан банкны харилцах *** тоот дугаарын дансыг ашиглан 5-н сая төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Г.Б нь Э-ийн өмчлөл, эзэмшилд тухай газар шилжсэн, мөн барьцаанд тавьсан байсныг урьдаас мэдэж байсан. Мөн өөрийн өмчлөлийн газар биш гэдгийг мэдсээр байж фейсбүүк зарын группт зар оруулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Г-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 5-н сая төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Учир нь шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэгт “уг газар нь манай өвөөгөөс өвлөгдөж үлдсэн газар байгаа юм. Манай өвөө амьд байхдаа надад хэлэхдээ уг газрыг миний нэр дээр байдаг гэж хэлж байсан. Уг газрын гэрчилгээ манай ээж, аавд байдаг байсан. Би уг гэрчилгээг харж байгаагүй. Миний нэр дээр 2 газар байдаг гэж бодож байсан. Тэгсэн сүүлд нэг айлын газар манай эгч Б-ийн нэр дээр байдаг байсныг мэдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Д.Э-ийн мэдүүлэгт “ Г.Б нь уг газрыг миний нэр шилжүүлж барьцаанд тавьж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Г.Б-н мэдүүлэгт тухайн газрыг мэдэхгүй. Миний нэр дээр өвөө шилжүүлсэн, би мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Д.Э-ийн мэдүүлэгт “надтай хамт уг газрыг миний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр Г.Б уг газрыг анхнаасаа Д.Э-ийн нэр дээр байсныг мэдсээр байж фейсбүүк зарын группт зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч хохирогчоос 5000000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байгаа. Мөн гэрч Б болон Э нар нь Цоодол гэх хүнд Б-ийн газрын гэрчилгээний нэрийг Э-ийн нэр дээр шилжүүлж  барьцаанд тавьсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн Д сум хөгжүүлэх сангаас Г.Б-н нэр дээр байсан газрыг 2013 онд барьцаанд тавьчихсан гэж Г.Б-д хэлсэн байдаг. Үүнийгээ шүүгдэгч Г.Б нь мэдүүлсэн. Г.Б-н ээж анхнаасаа энэ газрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж Д, Г.Б нар нь хохирогчтой 2023 оны 03 дугаар сард уулзаж тохиролцон 5000000 төгрөгөөр уг газрыг зарсан байгаа. Үүнийг хохирогчийн мэдүүлэгт “Би 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн зарын групп дээр 10-р багт 2 айлын хашаа зарна гэсэн зарын дагуу холбогдож, нэг залуу болон тухайн залуугийн ээж гэх нэг эмэгтэй яриад тухайн хүмүүсээс 1 айлын газрыг авахаар тохиролцон мөнгөө шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байгаа. Тухайн газрыг барьцаанд тавьсныг мэдсээр байж хохирогчтой холбогдож Г.Б-н хамт 5000000 төгрөгийг шилжүүлж авсан байгаа юм. Тэгэхээр анхнаасаа үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан гэдгийг мэдэж байсан үзэж байгаа. Мөн ямар ч хүн үл хөдлөх хөрөнгөө зарлаа гэхэд шалгана, үл хөдлөх зарах гэж байхад тухайн газрыг барьцаанд тавьсан байгаа гэдгийг мэдсээр байж хэлэхгүй байна гэж байхгүй юм. Тэгэхэд 3 дугаар сард хамтдаа хохирогчтой холбогдоод ярилцаад 5000000 төгрөгийг авчихсан байгаа нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх Г.Б-н үйлдэл нь анхнаасаа хохирогчийг хуурч бусдын эзэмшил, өмчлөлийн газар гэдгийг мэдсээр байж хохирогчийг хуурч өөрийн эзэмшлийн газар гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэх үндэслэл тогтоогдож байгаа.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ, уг гэмт хэргийг буцааж төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг. Шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд болон гэм буруутай эсэхэд харьцуулан судлахад шүүгдэгчийн өвөө нь өөрийн нэр дээрх 2 газраа Г.Б болон Б нарт шилжүүлэн өгсөн. Г.Б нь өөрийн нэр дээрх газраа худалдахаар 2021 оны 03 дугаар сард зарын группт 2 хашаа зарахаар зар байршуулсан. Зарын дагуу Д.Г гэх хүн холбогдож 2 газрыг авахаар тохиролцож 1 газрыг 5000000 төгрөгөөр авахаар мөнгийг шилжүүлж авсан. Үүний дагуу газрыг шилжүүлэх гэтэл уг газрын нэг нь Г.Б-н авга эгч Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр байгаа талаар олж мэдсэн. Энэ талаар Д.Г-т хэлэхэд би эгчийн чинь нэр дээр байгаа газрыг авмаар байна. Дараа нь шилжүүлээд өгчих гэдэг зүйл ярьсан нь үйл баримтаар тогтоогддог. Энэ нь гэрч Д-ийн мэдүүлэгт “Д.Г гэдэг хүн Б-ийн нэр дээрх газрыг авмаар байна. Энэ газар нь тэгшхэн газар байна” гэж хэлж байсан. Тэгээд Б-ийн газрыг авсан гэдэг мэдүүлэг байгаа. Гэрч Б-ийн мэдүүлэгт “Д.Г гэх хүн нь Г.Б-аас газар авахаар болоход Г.Б нь манай эгчийн нэр байдаг газар юм байна. Дөнгөж сая мэдлээ гэж хэлэхэд нь дараа нь шилжүүлээд өгчих, би энэ газрыг авмаар байна” гэж хэлээд Э-ийн нэр дээр байдаг газрыг авсан. Д.Г нь миний газар болохыг мэдэж байсан гэсэн Б-ийн мэдүүлэг байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Д.Г нь газрын үнэ болох 5000000 төгрөгийг Г.Б руу шилжүүлээд уг газрыг Д.Г рүү шилжүүлэх иргэний эрх зүйн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Учир нь тухайн газар авсан 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хохирогч Д.Г гэдэг хүн уг газрыг ашиглаж байгаа нь Д.Г-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Бусдын эд хөрөнгө, түүний эзэмшил, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн санаа зорилго, гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэх үеийн байдлаараа залилах гэмт хэрэг нь иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг. Энэ байдлаар иргэний хууль тогтоомжоор гэрээний биелэлтийн байдлаар мэдээлэл солилцож харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас маргаан үүсэж, өөрөөр хэлбэл гэрээний эрх зүйн эрсдэлийг биелүүлэх гэж үздэггүй. Залилах гэмт хэргийн шинж болох хуурч мэхлэх, итгэл эвдэх, бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж түүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг түүнтэй холбоотой шинэ баримтыг худалдан авагчид хүлээлгэн өгөөд худалдагчид тохирох үнийг төлдөг. Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл, ноцтой нөхцөл байдлын улмаас хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл зэрэг хэлцлээс үүссэн маргаан нь шунахайн сэдэлтэй, бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших эрхийн хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар олж авах санаа зорилгыг агуулдаггүй учраас гэмт хэрэгт тооцдоггүй. Бусдын эд хөрөнгийг залилан хийх гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэхдээ хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар санаа зорилго байсан эсэх талаар шалган тогтоодог. Шүүгдэгч Г.Б-н хувьд газрын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй удсан шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой. 2021 оны 8 дугаар сард эрүүл мэндийн байдал муудаж ясны сүрьеэ гэдэг өвчин нь оношлогдсон. Улмаар хэд хэдэн удаагийн хагалгаанд орж нурууны хэд хэдэн үеэ авахуулсан. Хэвтэрт орж хүндэтгэх үзэх шалгаан үүссэн. Үүнийг амбулаторийн карт, хавдар өвчин судлалын үндэсний төвийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн тухайн газрыг шилжүүлээд өгье гэхээр тухайн нэр дээр байдаг авга эгч Э гэдэг хүн олддоггүй, хаана байгаа нь мэдэгддэггүй тухайн барьцаанд тавьчихаад өгдөггүй асуудал үүссэний улмаас удааширсан байдаг. Шүүгдэгч Г.Б, Д.Г нарын хооронд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр худалдах худалдан авах ажиллагаа явагдсан буюу газрыг худалдсан гэж үзэж Г.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилсан, бусдыг залилах анхнаасаа залилах санаа зорилго анхнаасаа байсан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй учир хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/133 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Анхан шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг тогтоогоогүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг шалгаж тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/133 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/133 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.