Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 775

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б овогтой Згийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: “...Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, бүртгэхийг даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б овогтой З би Б дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 23 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэх хүсэлтээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, хуулийн хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр багтаан 350 хүний дэмжсэн гарын үсэг цуглуулан, 9 дүгээр сарын 03-ны өдөр бүрдүүлсэн бусад баримт бичгийн хамт тус дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Гэтэл материалтай маань танилцаад 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б дүүргийн Сонгуулийн хорооны 38 дугаар тогтоолоор Б.З намайг Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4.а, 158.1.1.ё-д заасныг тус тус зөрчсөн буюу хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, гарын үсэг хуурамчаар үйлдсэн, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулсан, 158.1.1ё гэсэн сонгуулийн тухай хуульд байхгүй заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн юм.Тиймээс Б.З би Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйл 111.1-д заасны дагуу “Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл /цаашид “өргөдөл” гэх/ гаргах эрхтэй” гэж заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн Сонгуулийн хороонд  өргөдөл гаргаж өгсөн юм. Б дүүргийн Сонгуулийн хороо өргөдлийг минь хүлээн авч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр хүсэлтийг минь хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэр гаргаж, гаргасан техникийн алдаагаа залруулсан тогтоол гаргаж өгсөн юм. Би дээрх гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Б.З миний бие хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй бөгөөд энэхүү тогтоолыг үндэслэлгүй, баримт нотолгоогүй, хуулийн заалтуудаа үнэн зөв хэрэглээгүй, иргэнийг гүтгэж сонгох, сонгогдох эрхийг нь хууль бусаар хязгаарласан, ноцтой зөрчил гаргасан тогтоол болсон тул энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнийг дараах тайлбараар нотолно. Тайлбар: 

 1. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 буюу хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй.  Б.З би Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу буюу “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн заалтыг үндэслэн 2016 оны 8  дугаар сарын 31-ний өдрийн дотор хуульд заасан хугацаанд багтаан гарын үсэг цуглуулсан. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу цуглуулсан 350 хүний гарын үсэг болон он, сар, өдрөөр нотлогдоно. Мөн гарын үсэг цуглуулах явцад хийгдсэн миний өөрийн гар утасны бичлэг дээрх нотлох баримтаар тус тус нотлогдоно. Гэтэл Б дүүргийн Сонгуулийн хорооны 4 ажилтнаас асуухад ямар ч баримт нотолгоогүйгээр зарим иргэнлүү түүврийн аргаар утасдаж асуухад тухайн хугацаанд зураагүй гэж хэлсэн гэх шалтгаанаар намайг хууль зөрчсөн гэж үзсэн. Утасны цаанаас ямар иргэн тэгж худлаа мэдүүлсэнийг надад хэлээгүй бөгөөд би хуулийн хугацаандаа гарын үсэг цуглуулсан учир зөвхөн утасны яриаг үндэслэн энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэх нь өөрөө хууль бус юм. Иймээс энэ заалтыг цэвэр гүтгэлэг гэж үзэж байна. 

 2. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4а буюу Гарын үсэг хуурамчаар үйлдэх гэх асуудлын тухайд: Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйл 158.1.4 дэх заалтаар “Бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсэг цуглуулахдаа дор дурьдсан зөрчлийг гаргасан бол

158.1.4.а. Гарын үсэг хуурамчаар үйлдэх

158.1.4.б. хуурч мэхлэх

158.1.4.г. эд мөнгөөр татах

158.1.4.д. сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах

158.1.4.ё. энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” бол бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэж заасан байгаа. Б.З миний бие сонгогчдын дэмжсэн гарын үсэг цуглуулах явцдаа нэг ч хүний гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй. Дэмжсэн гарын үсгийг тухайн иргэн дэмжсэний үндсэн дээр өөрөөр нь зуруулж авсан болно. Би ийм зөрчил гаргаагүй байхад яагаад ингэж үзсэнийг асуухад Б дүүргийн сонгуулийн хорооны Нарийн бичгийн дарга Ч.М энэхүү үндэслэлээ тайлбарлахдаа бусдыг төөрөгдүүлэн гарын үсэг зуруулсныг хуурамч гарын үсэг гэж үзнэ гэж тайлбарласан. Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасан зөрчлүүд дунд бусдыг төлөөлүүлэх нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэх заалт байхгүй бөгөөд өөрсдийн алдаагаа тайлбарлахдаа хуулийг өөрөөр тайлбарлаж байгаа нь ноцтой зөрчил юм. “Бусдыг төлөөлүүлэх-Хуурамч” гэдэг үгс ижил утга агуулдаггүй. Бусдыг төлөөлүүлэх гэдэг нь тухайн иргэн зөвшөөрсөн тул хэн нэгэн төлөөлөх, харин хуурамч гэдэг бол худал гэсэн утгыг агуулдаг байтал хуулийн заалтыг эрх бүхий этгээд өөрийн дураар мушгин гуйвуулан тайлбарлаж, үүнийгээ үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм. Харин Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэг УИХ-ын сонгуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.6-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” бол бүртгэхээс татгалзана гэж заасан байна. Үүнээс үзэхэд энэ 2 ойлголт нь өөр ойлголт бөгөөд үүнийг хуульд тодорхой заасан байна. Иймээс би гарын үсгээ хуулийн дагуу цуглуулсан гэдэг нь гарын үсэг зуруулсан нотлох баримтаар нотлогдож байхад, Б дүүргийн Сонгуулийн хороо шалгах явцдаа ямар ч баримт нотолгоогүйгээр намайг хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэж үзжээ. Тиймээс хууль зөрчсөн гэх энэхүү заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. 

3. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.д буюу сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах

Б дүүргийн сонгуулийн хороо УК регистерийн дугаартай буюу 1998 оны 10 дугаар сарын 17-нд төрсөн иргэн Н.г сонгуулийн эрхгүй этгээд гэж үзсэнээ мэдэгдсэн. Гэтэл сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх заалтаар “Энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно” гэж заасан байна. Үүнээс үзэхэд иргэн Н.г нь Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн эрхтэй болно. Б.З би яагаад энэ үндэслэл нь бүртгэхээс татгалзах үндэслэл вэ? гэж сонгуулийн хорооны ажилтнуудаас асуухад “Гарын үсэг зуруулах үед насанд хүрсэн байх ёстой. Хуулиндаа тэгж заасан байгаа” гэж хэлсэн. Үүнээс болон өмнөх заалтуудаас үзэхэд Сонгуулийн хорооны эрх бүхий этгээдүүд хуулиа мэдэхгүй, уншаагүй өөрсдийн дураар тайлбарлаж иргэдийг хохироож байна. Тиймээс хуульд заасан энэ заалт зөрчигдөөгүй учир 158 дугаар зүйлийн 158.1.4.д-г зөрчсөн гэж үзсэн нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, Б дүүргийн сонгуулийн хорооны гаргасан зөрчил байна. Ийм үндэслэлгүй заалтаар иргэнийг буруутгаж буй үйлдэлтэй санал нийлэхгүй байна. 

4. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.ё гэсэн заалт Сонгуулийн тухай хуульд байхгүй. Сонгуулийн хорооны ажилтнууд хуулиа мэдэхгүй, баримт нотолгоогүй шийдвэр гаргаж сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох  эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг болон үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. 

Шийдвэрлэх асуудал: Б.З би хуулийн дагуу бүх үйл ажиллагааг явуулж 201-ээс багагүй хүний дэмжсэн гарын үсгээ баталгаажуулахын тулд эрсдэлийн тооцон 149 хүний гарын үсэн илүү цуглуулсан тул намайг дээрх үндэслэлгүй заалтуудаар бүртгэхээс татгалзах боломжгүй юм. Хэдэн хүнрүү утасдаж асуугаад баримт нотолгоогүйгээр зөрчил илэрлээ гэж үзэн бусад 300 гаруй хүний дэмжсэн гарын үсгийг огт хүчингүй гэж үзэх нь дэмжиж гарын үсэг зурсан иргэд болоод, үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг маань хууль бусаар хязгаарласан шийдвэр болсон тул Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн №38 дугаар тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №49 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү ” гэв.

Хариуцагч Б дүүргийн Сонгуулийн хороо шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт нь болох Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.”, 158 дугаар зүйлийн 158.1.1 “хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй”, 158.1.4.а “гарын үсэг хуурамчаар үйлдэх”, 158.1.4-д “сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах”, 158.1.4.ё “энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэж заасныг үндэслэн Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 23 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн иргэн Бгийн Зг бүртгэхээс татгалзсан байна. Тус бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй болох нь дараах байдлаар тодорхойлогдоно.

1. Бие даан нэр дэвшигчийн хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлийн хувьд: Сонгуулийн тухай хуульд зааснаар бие даан нэр дэвшигч нь хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.”, 156 дугаар зүйлийн 156.1-д “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 157 дугаар зүйлийн 157.3-д “Бие даан нэрээ дэвшүүлэгч нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ” гэж заасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоол “Сум, дүүргийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”-ын 2 дугаарт зааснаар санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон байна. Үүнээс үзэхэд бие даан нэр дэвшигч нь хуульд зааснаар 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний хооронд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 17.00 цагаас өмнө заасан баримт бичгийг биечлэн ирүүлэхээр байна. Нэхэмжлэгч Б.З нь тус заалтыг зөрчиж, дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн 349 сонгогчийн бүртгэлээс 1 сонгогч 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зуруулсан нь дэмжигч, сонгогч Б.Лтэй 9 холбоглож лавлахад хийсэн тэмдэглэлээр нотлогдоно. 

2. Гарын үсэг хуурамчаар үйлдэх гэсэн үндэслэлийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулахыг ойлгодог. Нэхэмжлэгч нь сонгогчдын гарын үсгийг өөрсдөөр нь зуруулж авсан гэх боловч нотлох баримтаар дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа юм. Тухайлбал нэр бүхий иргэдтэй /*******,*******,*******,*******,*******, , , , Г.Н, , , , , / 11-******* дугаарын утсаар холбогдож, нэр дэвшигчийг дэмжиж гарын үсгээ зурсан эсэхийг лавлахад дэмжиж гарын үсгээ зураагүй гэсэн бөгөөд хороонд тайлбараа бичгээр гаргаж өгөхийг хүсэхэд сүүлд гаргаж өгсөн болно. 

3. Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах гэсэн үндэслэлийн тухайд: Сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах гэж арван найман насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн чадамжгүй буюу сонгуулийн эрх бүхий иргэн гэж үзэхгүй этгээдийг дэмжигч сонгогчоор бүртгэж, түүгээр гарын үсэг зуруулсан байхыг хэлдэг. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “сонгогч” гэж сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ гэж заасан ба үүнээс үзэхэд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэхэд 18 нас хүрсэн байх иргэнийг ойлгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч нь насанд хүрээгүй этгээдээр гарын үсэг зуруулсан нь Б.С УК******* регистертэй, Ч.Ж ИЭ регистерийн дугаартай байгаагаар нотлогдож байна. 

4. Сонгуулийн тухай хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан маягтын дагуу үнэн зөв бөглүүлээгүй. Үүнд регистерийн дугаар буруу бичигдсэн 71, нэр давхардсан 4, оршин суугаа хаягаа буруу болон дутуу бичсэн 62 дэмжигч-сонгогч байна. Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38, 9 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын хувьд 38 дугаар тогтоолд 158.1.4.ё гэж үндэслэхийг 158.1.1.ё гэж бичсэн байсан тул залруулга хийсэн байна. Ингэж залруулга хийсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Б.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өчигдрийн гаргасан нотлох баримттай танилцсан. Тухайн хорооны бүртгэлтэй зарим нэг  тоотууд нь зөрж байгаа юм. Нэг тоо болон үсгийн алдааг зөрчил гэж үзэх нь зөв эсэхийг, надаас шалтгаалахгүй тухай иргэний бичсэн алдаа гэж үзээд хүчингүйд тооцох нь хуулийн үндэслэлтэй юу?  

Зохин журмын дагуу биш, дутуу, хүчингүй гэж үзсэн гарын үсгийн тоог 350 хүний материалтай тулгаж хасаж, үлдэж буй гарын үсэг нь 201 хүнээс дээш гарч байгаа тул хуульд нийцэж байна гэж үзэж, шийдэж өгөөч гэж хүсэж байна. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримттай 350 хүний материалийг би өөрөө тулгаж шалгахад яг хаяг дээр байгаа хүмүүс байгаа юм. Гэтэл хаягаа алдаатай, дутуу бичсэн гэх үндэслэлээр эдгээр хүний гарын үсгийг хүчингүйд тооцож байна. Энэ нь үндэслэлгүй байгаа тул дээрх тоог хасаж тооцож өгнө үү. Өөр дүүргийн хүмүүс сонгогч биш тул хасагдана. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн хороон дээр бүртгэлтэй иргэдийг хүчинтэй гэж тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Сүүлд ирсэн 350 хүний дэлгэрэнгүй бүртгэлийг Б дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн 35 хуудас бүхий сонгогчийн гарын үсэг зуруулсан баримттай тулгаж үзээд хаяг зөрүүтэй гэж үзсэн хүмүүсийнх нь тухайн хороон дээр хамааралтай иргэнийг нь үнэн зөв гэж үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. А, Б гээд хоёр номертой мөртлөө иргэний үнэмлэх дээрх хаягт 61а, 61б гэсэн хаягтай. Газар дээр нь очвол харагдана. Сонгуулийн ерөнхий хорооны батлагдсан маягтын дагуу бөглүүлэх ёстой гэж. Маягтын дагуу бөглүүлэхэд ямар дутагдал гарч байна гэхээр тэмдэгтийн багтаамжгүй байдал үүссэн зүгээр тоотоо бичих гэх мэт. Нэг гэр бүлийн хүмүүс нэг дор бичээд хаяг адилхан гэсэн тэмдэглэгээ хийгээд утсаа бичсэн байхад хаягын зөрчилөөр тооцож байгаа юм. Хаяг регистер дугаар нь байхад багтаагүй улмаас тоотоор бичсэнийг зөрчил гэж авч үзэх боломжгүй юм. Үнэхээр би дэмжиж байна гээд гарын үсэг зурчихаар Сонгуулын хорооноос ч юмуу, төрийн албанд ажилдаг ажилтаныг утсаар дарамталдаг гэж иргэд хэлж байгаа. Иргэд энэ талаар айдастай байдаг учраас хаяг бичих дээр үсэг дутуу бичих асуудал үүсдэг. Тийм учраас нэгд нэгэнгүй тулгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Өмнөх гаргасан баримт дээр юу зөрж байгаа нь мэдэгдэхгүй регистер дугаар буруу, хаяг буруу гээд тулгаж үзэхээр тулгах боломжгүй мэдээлэл байсан учраас яг юу зөрж байгааг тодруулж өгөөч гээд регистер дугаар, хаяг бүтнээр нь гаргаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан гэтэл тулгах мэдээлэл байгаагүй учраас дахин хүсэлт гаргасны үндсэн дээр дэлгэрэнгүй мэдээлэл өчигдөр ирсэн байгаа. Шалгаж үзэхэд огт зөрчилгүй хаягийн бүртгэл байна. Тэгэхлээр зөрчилтэй гэж үзсэн хүмүүсийг дахиж шалгуулах хүсэлттэй байна.

Хуульд заасан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн нэг үндэслэл байсан 2016 оны 8 дугаар сарын 31-ны өдөр он сартайгаа өгсөн баримт байгаа бөгөөд тус баримтаар нотлогдож байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гарын үсэг зурсан хүн байна гээд утсаар яриад бичиг бичүүлээд авсан байгаа юм. Үүнээс харахад хуурамчаар нотлох баримт үйлдэж байна гэж үзэхээр байгаа юм. Би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэг ч хүний гарын үсэг цуглуулаагүй байтал гүтгэж байна. Яаж нотлохын гэсэнд нэг хүнрүү ярьсан чинь тэгж хэлсэн гэж байгаа. Энийг нотлох баримт гэж үзэх үү. н.А гэдэг хүний бичсэн нотлох баримт байна тоонд оруулаад хассан. Энэ дээр ямарч гарын үсэг байхгүй н.Алтанцэцэг нөхрийнхөө өмнөөс гарын үсэг зурсан болно гэсэн. Мөн батлагдсан маягтын дагуу бөглүүлээгүй гэж байгаа хаягийн зөрчил нь батлагдсан маягтын дагуу бөглүүлээгүй гэдэг заалтанд хамрагдахгүй байгаа юм. Яагаад гэхээр маягтын дагуу бөглүүлсэн нэрээ бичээд утсыг нь бичсэн гэтэл цаанаас нь нотлох баримт гаргаж өгж байгаа гээд ямарч алдаагүй юмыг хүртэл хаягийн зөрчил гэж бичсэн зүйл байгаа болохоор нотлох баримтыг шинжлэн судлаж байх явцад алдаа гарч байна гэж үзэж байна. Гарын үсэг зурсан иргэдтэй утсаар холбогдоход зурсан гэж хариу хэлж байгаа. Хаягийн зөрчил гэдэг нь сонгогчийн гарын үсэг зуруулсантай тооцоход ямар хамааралтай байгаа вэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Хариуцагч Б дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүрдүүлэх маягт баримт бичгийн хуульд зааснаар батална гэсэн заалт байгаа. Үүний дагуу Сонгуулийн хороо хавтаст хэрэгт авагдсан 261 тогтоолын хавсралтаар сонгогч дэмжигчийн гарын үсэг цуглуулах маягтыг баталсан. Үүний талаар сургалт хийсэн. Бие даан нэр дэвшихээ илэрхийлж  байгаа хүн өөрөө үнэн зөв эсэхээ батлах ёстой. Иргэд нэг дугаар зөрүүлж хэлж байгаа нь алдаа юм гээд өөр ийм хэргээр гурван шатны шүүхээс шийдвэр гарсан байгаа. Энэ маягтын дагуу үнэн зөв бөглөх ёстой гэж үзэж байна. Бид Улсын бүртгэлийн ерөнхий газар буюу Монгол Улсын нэгдсэн мэдээллийн сангаас шүүлгэж үздэг. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу 349 сонгогч дэмжигчийн гарын үсгийг тулгаж үзэх нь зүйтэй гэж үзсэний дагуу шүүлгэсэн. Үүнийг Улсын бүртгэлийн байгууллагаас нь  шалгасан байгаа. Үүнд бид тайлбар өгөх нь зохимжгүй гэж үзэж байна. Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн чиглэл, нэр дэвшиж байгаа иргэн өөрөө итгэл үнэмшилтэй үнэн зөв бөглөх ёстой гэдгийг сайн тайлбарлаж өгөх ёстой. Үүнийг нэр дэвшигч өөрөө хариуцаж ажиллах шаардлагатай. Аливаа Сонгуулийн байгууллагууд байнгын болон байнгын бус гэж байгаа. Байнгын бус үйл ажиллагаагаар дандаа төрийн албан хаагч оруулсан байгаа. Дээд шатны Сонгуулийн хорооны байгууллага нь нэр цохоод томилдог тийм байгууллага. Төрийн жинхэнэ албан хаагч  айдас гэж тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Түрүүний шүүх хурал дээр нэг бүрчлэн шалгаж байгаад ер нь бүгдийг нь шалгуулъя гэсэн. Улсын бүртгэлийн байгууллагын Монгол улс нэг л бүртгэлийн мэдээллийн сантай энэ мэдээллийн сан дээрээс бид шүүлгэж авъя, албан бичгээр авъя, улсын байцаагч нар хууль зөрчөөд ямар нэгэн атхаг санаа агуулаад нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл болоогүй гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулин дээр санал авах сонгуулийн хороо нь өөрөө хэрхэн яаж ажиллахыг дэлгэрэнгүй тусгасан нэг бүрчлэн болон тусгайлан үйлчилж тухайн иргэдээс лавлагаа авч болно, хяналтын байгуулгаас мөн үүрэг болгож мэдээлэл лавлагаа авч болно гэж заасны дагуу ажилсан. Б дүүргийн Сонгуулын хороонд ирүүлсэн Б.Зг түүврээр шалгахад энэ нь зөрчил гэж заагдсан буюу нэр дэвшихээс татгалзах үндэслэл илэрсэн. Үүний дагуу дэлгэрэнгүй шалгасны үндсэн дээр ийм асуудал үүсэж байна. Бид хэн нэгнийг хасъя гэсэн бодол байхгүй. 153 зөрчил гэдэг бол огт гарын үсэг зураагүй 201-ээс доошгүй хүнээс 264 хүн нь үнэн зөв бөгөлсөн байх ёстой ... үнэн зөв мэдээлээгүй гэж тус шийдвэрт байгаа ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.З нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан дагуу Нийслэлийн Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 23 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр холбогдох материалыг бүрдүүлэн 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлснийг дүүргийн сонгуулийн хороо нягтлан шалгаж, Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.4.а, 158.1.4.д, 158.1.1.ё-г тус тус зөрчсөн гэж үзэж 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 38 дугаар тогтоол гарган бүртгэхээс татгалзжээ. Сонгуулийн байгууллагын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрөн Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан эрхийнхээ хүрээнд  иргэн Б.Згаас 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг Б дүүргийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19 тоот албан бичгээр өргөдөл гаргагчид хариуг өгсөн байна.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.З нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол болон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг  тус тус хүчингүй болгох, бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын хүрээнд маргаан бүхий захиргааны акт болох Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 38 дугаар тогтоол болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 49 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянавал:

1. Сонгуулийн тухай хуулийн  158 дугаар зүйлийн 158.1.1 “хуульд заасан хугацаанд нэр 

дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дэмжигч сонгогч Б.Лтэй 9 дугаарын утсаар холбогдож лавлахад “Б.Зг дэмжиж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан” гэх тайлбараар нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй болох нь нотлогдож байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.” гэж заасан байх бөгөөд заасан хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 350 хүний гарын үсэг цуглуулсан байхад сонгуулийн байгууллага баримт нотолгоогүйгээр зарим иргэдрүү түүврийн аргаар утасдаж тухайн хугацаанд гарын үсэг зураагүй гэж хэлсэн гэх шалтгаанаар хууль зөрчсөн гэж үзэж байгаад гомдолтой байна гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасанчлан дүүргийн Сонгуулийн хороо нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүврийн аргаа тулгаж, нягтлан шалгах бүрэн эрхтэй байх бөгөөд тус  шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс тавьсан хүсэлтийн дагуу Б.Зг дэмжиж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан гэх Б.Лтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхийг хариуцагчид даалгасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд шүүхээс шаардсан баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан “...шүүхэд гаргасан ...хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ... үүрэг”-ээ биелүүлээгүй байх тул бие даан нэр дэвшигч Б.Зг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан зөрчлийг гаргасан гэх үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заажээ.

2. Сонгуулийн тухай хуулийн  158 дугаар зүйлийн 158.1.4.а “гарын үсэг хуурамчаар 

үйлдсэн” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...нэхэмжлэгч нь сонгогчдын гарын үсгийг өөрсдөөр нь зуруулж авсан гэх боловч *******,*******,*******,*******,*******, , , , , , , , , , Э.М******* нарын нэр бүхий иргэдтэй 11-******* дугаарын утсаар холбогдож, нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурсан эсэхийг лавлахад дэмжиж гарын үсэг зураагүй гэсэн бөгөөд сонгуулийн хороонд тайлбараа бичгээр гаргаж өгөхийг хүсэхэд сүүлд гаргаж өгсөн...” нь нэр дэвшигчийн гаргаж өгсөн баримт дээрх гарын үсэг хуурамч болохыг нотлож байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй, тухайн иргэн дэмжсэний үндсэн дээр өөрөөр нь зуруулж авсан, өөрсдийнхөө алдаагаа тайлбарлахдаа хуулийг өөрөөр тайлбарлаж байна. Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.6-д “бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан” бол бүртгэхээс татгалзана” гэж заасан хэдий ч мөн хуулийн 129.3-т заасанчлан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо хуульд заасан тооноос доошгүй бол бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болох ёсгүй гэж маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д .“гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах, сонгуулийн эрхгүй хүмүүсээр гарын үсэг зуруулахыг” ойлгоно хэмээн заасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд Б дүүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 23 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч Б.Згийн дэмжигч сонгогчийн бүртгэлийн 211-т гарын үсэг зурсан гэх ,  65-т гарын үсэг зурсан гэх , 162-т гарын үсэг зурсан гэх , 163 -т гарын үсэг зурсан гэх Г.Н, 240-д гарын үсэг зурсан гэх*******, 81-т гарын үсэг зурсан гэх*******, 82-т гарын үсэг зурсан гэх*******,123-т гарын үсэг зурсан гэх , 137-д гарын үсэг зурсан гэх*******, 164-т гарын үсэг зурсан гэх *******, 169-т гарын үсэг зурсан гэх , 344-т гарын үсэг зурсан гэх , 197-д гарын үсэг зурсан гэх Э.М*******,119-т гарын үсэг зурсан гэх Л.Отгонцэцэг, 256-т гарын үсэг зурсан  гэх нар нь нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зураагүй болох нь Б дүүргийн Сонгуулийн хорооноос түүврийн аргаар явуулсан нягтлан шалгах ажиллагааны явцад дээрх иргэдтэй утсаар ярьсан тэмдэглэл болон дээрх иргэдээс сонгуулийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн тайлбараар, мөн нэр дэвшигчийг дэмжиж жагсаалтын 196-д гарын үсэг зурсан иргэн Д.Алтанцэцэг нь нөхөр Э.М*******ын өмнөөс дэмжиж гарын үсэг зурсан гэх тодруулга зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. 

Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч Б.З нь надаас шалтгаалахгүй тухайн иргэний бичсэн алдааг зөрчил гэж үзэж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах нь буруу тул Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 -т заасан зарчмыг баримтлан зөрчилтэй гарын үсгийг нийт гарын үсгээс хасаж, үлдсэн хэмжээгээр нь бүртгэх ёстой гэж тайлбарлаж байх боловч Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйл нь тус хуулийн “Улсын их хурлын сонгууль” гэсэн Арванзургадаар бүлэгт тусгагдсан төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын их хурлыг сонгон, байгуулахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ болохоос бус Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлд нэрлэн заасан 4 хэлбэрийн сонгуулийн аль алинд  нь хамаарах, нийтлэг шинжтэй зохицуулалт биш байна. 

3. Сонгуулийн тухай хуулийн  158 дугаар зүйлийн 158.1.4-д “сонгуулийн эрхгүй этгээдээр 

гарын үсэг зуруулсан” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...Б.Згийн ирүүлсэн материалыг шалгахад гарын үсэг зурах үед насанд хүрээгүй 3 иргэн гарч ирсэн. Үүнээс нэг иргэн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрэхээр байгаа. Үлдсэн хоёр насанд хүрээгүй этгээдээр гарын үсэг зуруулсан нь Б.С УК******* регистртэй, Ч.Ж ИЭ регистрын дугаартай байгаагаар нотлогдож байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...би өөрийнхөө тухай гудамжинд яваад өөрийн биеэр танилцуулаад зөвшөөрсөн иргэдээр гарын үсэг зуруулсан. Н.Ж гэдэг насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж зуруулсан юм биш. Тухайн хүнээс асууж тайлбарласны үндсэн дээр зуруулсан юм. Би эдгээр хүмүүсийг танихгүй, албан ёсны шалгах ямарч нөхцөл боломжгүй цуглуулж явдаг. 349 хүнээс өөр хорооны өөр иргэд байгаа нь хуулиараа надад санал өгөх эрхгүй этгээд учраас хасаж тооцох нь зүйтэй гэж бодож байгаа. Энэ хороонд бүртгэлтэй, үнэхээр дэмжээд зурсан сонгогч 201 хүн бүгдийг нь тооцож өгөөч гэж хүсэж байна...” гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман нас хүрсэн, иргэний  бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9. “Энэ хуулиар тогтоосон насанд хүрсэн гэдгийг сонгуулийн санал авах өдөр тухайн насанд хүрсэн, эсхүл түүнээс дээш настай байхыг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс Б дүүргийн Сонгуулийн хороонд ирүүлсэн бие даан нэрээ дэвшүүлэгч Б.Згийн дэмжигч сонгогчийн бүртгэлийн 48-д гарын үсэг зурсан Ч.Ж нь ИЭ дугаартай регистртэй, тус бүртгэлийн 297-д гарын үсэг зурсан Б.С нь УК******* дугаартай регистртэй болох нь сонгогч дэмжигчдийн гарын үсэг бүхий нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд нягтлан шалгаж, мэдээлэл зөрүүтэй иргэдийн нэрсийг хүргүүлэх тухай Нийслэлийн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/1246 дугаар албан бичгээр нотлогдож байна. 

Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч Б.З нь насанд хүрээгүй иргэдээр гарын үсэг зуруулсан явдлаа тухайн үед шалгаж, тогтоох боломжгүй байсан гэх үндэслэлээр тайлбарлаж байх боловч Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3-т заасанчлан нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа хууль дээдлэх, шудрага ёсыг сахих зарчимыг баримтлах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 264 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн .... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн ... дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч ....-ийн дэмжигч сонгогчийн бүртгэл” маягтад заасанчлан “...маягтаар цуглуулсан дэмжигч сонгогчдын бүртгэл үнэн зөв болохыг баталж” гарын үсгээ зурж буйн хувьд тухайн гарын үсэг зурж буй иргэдийн биеийн байцаалтыг нягтлан үзэх үүрэгтэй байжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан.

4. Сонгуулийн тухай хуулийн  158 дугаар зүйлийн 158.1.4.ё “энэ хуульд заасан бусад 

шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд: Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...нэхэмжлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос батлагдсан маягтын дагуу үнэн зөв бөглүүлээгүй. Регистрийн дугаар буруу бичигдсэн 71, нэр давхардсан 4, оршин суугаа хаягаа буруу болон дутуу бичсэн 62 дэмжигч сонгогч байснаар нотлогдож байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...Сонгуулийн ерөнхий хорооноос батлаж өгсөн маягтын нүд жижиг, хэдхэн тэмдэгт бичээд дүүрч байсан тул иргэд аргагүй эрхэнд товчлол хэрэглэх, гэр, хаалганы дугаараа бичих зэргээр маягтыг бөглөж гарын үсэг зурж байсан. Үүнийг зөрчилд тооцох үндэслэлгүй. Мөн Улсын бүртгэлийн газраас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт дээр хаяг зөрчилтэй 88, регистр дугаар зөрчилтэй 58, нэр давхардсан 9, хаягийн бүртгэлгүй 7 нийт 153 хүн болж байна. Тэгэхээр энэ 349 иргэнээс 153 хүнийг хасаад үлдсэн иргэдээр нь миний бүртгэлийг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан “Нийслэлийн Б дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 23 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч Б.Згийн дэмжигч сонгогчийн бүртгэл”-ийг нэг бүрчлэн шалгах явцад гарын үсэг зурсан дэмжигч сонгогчдийн зүгээс тухайн мэдээлэл оруулах нүдний хэмжээнээс хамааран адилтгах тэмдэглэл хийх, хаягаа бүрэн бус бичсэн зэрэг тохиолдол цөөнгүй тохиолдсон ч уг жагсаалт дээрх зөрчлийг бүхэлд нь Нийслэлийн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8/1246 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн дэмжигч сонгогчдын улсын бүртгэлд бүртгэгдсэн үндсэн мэдээлэлтэй тулгах явцад тогтоогдсон хаягийн зөрчилтэй 88, регистрийн дугаар зөрүүтэй 58 иргэдийн асуудалтай холбож тайлбарлах нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн хурлын сонгууль” гэсэн арван наймдугаар бүлгийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а, 158.1.4.д, 158.1.4.ё -д заасан эдгээр зөрчилд тооны шалгуурыг хуульчлан заагаагүй, нэр дэвшигчээс ирүүлсэн нийт дэмжигч сонгогчийн нэрийн жагсаалтаас зөрчилтэй гарын үсгийг хасаж, хүчинтэй гарын үсгийн тоог үндэслэн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтад бүртгэх эрхийг сонгуулийн байгууллагад зөвшөөрсөн, эрх олгосон хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийн Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 38 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

5. Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 49 дүгээр тогтоолыг хүчингүй

болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д ”Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй”  заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Б дүүргийн Сонгуулийн хороо нь өөрийн гаргасан  2016 оны 38 дугаар тогтоолын үндэслэлд дурьдсан “158.1.1.ё” гэсэн заалтыг “158.1.4.ё” гэж өөрчилж, уг тогтоолд өөрчлөлт оруулж, энэ тухайгаа нэхэмжлэл гарагчид мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

  Иймд Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг  тус тус хүчингүй болгож, бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4.а,  158.1.4.д, 158.1.4.ё -д заасныг тус тус үндэслэн Б дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Б дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг  тус тус хүчингүй болгож, бүртгэхийг даалгуулах тухай”  нэхэмжлэгч Б.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА